Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2016/01279

 

Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/04585 дугаар шийдвэртэй,              

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1550 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч : Жи Мобайл ХХК,

Хариуцагч : Д.Магсар,

Нэхэмжлэлийн шаардлага: 210.000 төгрөг гаргуулах  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингэсийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингэс, хариуцагч Д.Магсар, нарийн бичгийн дарга И.Хажидмаа  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Магсар нь манай компанитай 2015.01.20-ны өдөр “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” 1188545 дугаартай  гэрээг  нэг  жилийн хугацаатай байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш Д.Магсар нь 5 сарын хугацаанд 100.000 төгрөг төлж, үндсэн төлбөрөөс үлдэх 140.000 төгрөгийг төлөөгүй байна.  Иймд Д.Магсараас 140.000 төгрөг, гэрээний 5.3-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги 70.000 төгрөг нийт 210.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Жи мобайл ХХК-тай гэрээ хийгээгүй. Энэ төхөөрөмжийг ашиглаж чадахгүй, өндөр настны тэтгэврээр амьдардаг. Миний бичиг баримтыг ашиглаад 3 сарын мөнгө Жи мобиал ХХК-нд төлсөн байдаг. Би энэ мөнгийг төлж чадахгүй. Гэрээ дээрхи гарын үсэг минийх биш байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 102/ШШ2016/04585 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-г баримтлан Д.Магсараас 210.000 төгрөг гаргуулж Жи Мобайл ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 1550 дугаартай магадлал гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний  хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул  Д.Магсараас 210.000 төгрөг гаргуулах Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Жи Мобайл ХХК-иас хариуцагч Д.Магсартай 2016.01.29-ний өдөр холбогдсон тайлбараас үзвэл /хх 9/ хариуцагч уг төхөөрөмжийг авсан нь нотлогдож байгаа. Хариуцагч өөрөө хүнд авч өгсөн талаар тайлбарласан байдаг. Хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд Жи Мобайл ХХК-тай гэрээ байгуулаагүй, төхөөрөмжийг хүлээн аваагүй, миний гарын үсэг биш гэх боловч  шүүхэд ямар нэг баримт гаргаж өгөөгүй, өөрийн гаргасан тайлбараа нотолж чадаагүй. ИХШХШТХ-ийн 25.1.1-д зааснаар тайлбар, татгалзлаа өгөөгүй ба 25.1.3-т зааснаар өөрийнх нь гарын үсэг биш гэж үзсэн бол шинжээч томилуулах боломж байсан боловч хэрэгжүүлээгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ :

Жи мобайл ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1188545 дугаартай “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээг үндэслэн Д.Магсараас MP10+ маркийн, MH 01 8763 сериал дугаартай, 44ED5702AFA8 МАС дугаартай, 240.000 төгрөгийн үнэтэй, интернет төхөөрөмжийн үлдэгдэл үнэ 140.000 төгрөгийг, алданги 70.000 төгрөгийн хамт нийт 210.000 төгрөг гаргуулахыг шаардсан, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэлийг бүрэн хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. 

Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлох баримтаас үзвэл Жи мобайл ХХК нь хариуцагчаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардсан боловч энэ нь баримтаар нотлогдоогүй байна. 

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар Жи мобайл ХХК нь MP10+ маркийн, MH 01 8763 сериал дугаартай, 44ED5702AFA8 МАС дугаартай интернет төхөөрөмжийг нэхэмжлэлийн үндэслэл болсон 2015 оны 1188545 дугаар гэрээний дагуу Д.Магсарт хүлээлгэн өгсөн нь тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна. Худалдах, худалдан авах болон зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, харин худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг худалдагчид төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд худалдагч нь эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн тохиолдолд хэлэлцэн тохирсон үнийг төлөхийг худалдан авагчаас шаардах эрхтэй юм. 

Хариуцагч нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг байгуулснаас хойш нийт 100.000 төгрөг төлсөн гэх боловч энэ тухай баримт хэрэгт байхгүй тул Д.Магсар эд хөрөнгийг хүлээн авч, төхөөрөмжийн үнийн зарим хэсгийг төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 243, 262 дугаар зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1550 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Жи мобайл ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 6.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ