Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00866

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00866

 

Н ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/00943 дугаар шийдвэртэй

Н ХЗХ-ны нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Д, Д.А нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 101 157 303 төгрөг, нотариатын зардал 20 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, түүний өмгөөлөгч Б.Пүрэвдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч иргэн Ж.Д, Д.А нар нь манай Н ХЗХ-той 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ2019100210618 тоот зээлийн гэрээг байгуулан 100 000 000 төгрөгийг сарын 2,99 хувийн хүүтэйгээр зээлсэн. Гэрээний хавсралт 1-д заасан графикийн дагуу 12 сарын хугацаанд хувааж хуваарийн дагуу буцаан төлөхөөр зөвшөөрсөн. Хариуцагч нар нь уг зээлийн барьцаанд өөрсдийн өмчлөлийн орон сууц болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 000дугаар байр, 556 тоот хаягт байршилтай 130.9 мкв орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж барьцааны БГ2019100210618 тоот гэрээг байгуулан М-1510991 дугаартай барьцаалбарыг үйлдэн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хариуцагч нар нь зээл авснаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон үндсэн төлбөрт 47 100 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулалгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Д, Д.А нараас зээлийн гэрээний 2.2, 2.6 болон 3.2.1-т заасны дагуу үндсэн төлбөр дээр хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон авах эрхтэй. Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 76 595 638 төгрөг, хуримтлагдсан хүү 20 978 846 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 582 818 төгрөг, нийт зээлийн төлбөр 101 157 303 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу мөн зээлийн гэрээний 2.11-т заасны дагуу нотариатын зардал 20 000 төгрөгийн хамт хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаанд барьцаалсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 000дугаар байр, 556 тоот хаягт байршилтай 130.9 м.кв орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулж өгнө үү.

Хариуцагч талаас Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар хүү тогтоогоогүй байна гэж маргаж байна. Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2015 оны 10 сарын 23-ны өдрийн тогтоолын 1.3-т шуурхай зээлийн хүүг тогтоосон. Хүүг тогтоохдоо 2,99-2,69 хувь, хугацаа 12 сар, зээлийн хэмжээ 100 000 000 төгрөг гэж тогтоосон. Үүнийг өнөөдрийг хүртэл мөрдөж байгаа. Мөн тухайн өдөр гүйцэтгэх захирлын хүү тогтоосон тушаал гарсан. Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолд эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүг тогтоосон байдаг. 1 дүгээр заалтад шуурхай зээл, түншлэлийн зээл, цалингийн зээлүүдийн ерөнхий нөхцөлийг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолд заасны дагуу цаашид мөрдсүгэй гэж заасан. Хуульд заасны дагуу хүүг тогтоож, хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулж, хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулсан. Нэмэгдүүлсэн хүүний асуудал ярьж байна. Зээлийн гэрээний 2.6-д Зээлдэгч нь энэхүү гэрээний 2.1.3-т заасан хугацаанд зээл, зээлийн хүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээлийн гэрээг ноцтой зөрчсөнд тооцох ба хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн гэрээний 2.1.1-т заасан зээлийн хүү болон уг хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөхөөр талууд тохиролцсон. 2.1.3-т зээлийн төлбөр, хүүг төлөх графикт хугацааг энэхүү гэрээний хавсралт 1-ээр тодорхойлно гэж заасан. Хавсралт 1-т эргэн төлөгдөх график гаргаж, төлөх огноог зааж өгсөн. Хадгаламж зээлийн хоршоо зөвхөн гишүүддээ зээл олгоно гээд гишүүнчлэлийн асуудал ярьж байна. Гишүүн болоогүй хүнд зээл олгож хууль зөрчсөн гэж тайлбарлаж байна. Тэргүүлэгчдийн хурлын 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолд хавсралт 1-т заасан нэр бүхий гишүүдийг гаргасан хүсэлтийн дагуу шинээр гишүүнээр элсүүлэхийг зөвшөөрсүгэй гэж дурдсан байдаг. Энэ хавсралтад Ж.Д, Д.А нарын нэр байдаг. Он дарааллын асуудал ямар учиртай вэ гэхээр хүсэлт дээр он сар өдөр байхгүй байгаа. 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр анкет, өргөдөл, хүсэлтүүдээ өгсөн. Мөн өдөр 1701 дугаартай тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор гишүүнээр элсүүлсэн. Улмаар хариуцагч нар гишүүний хувь хөрөнгөө 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр тушаасан, энэ өдрөө зээлийн гэрээ байгуулж, зээлийн гүйлгээг 2019 оны 9 дүгээр сарны 10-ны өдөр шилжүүлсэн. Хууль зөрчсөн асуудал огт байхгүй. Гишүүний хувь хөрөнгө оруулсан өдрөөс хойш ийм хугацаанд зээлийн гэрээ байгуулна гэж заасан байдаг. Хариуцагч талаас шуурхай зээлийн журам дээр хүү тогтоогоогүй гэсэн асуудал ярьж байна. Шуурхай зээлийн журамд ямар хүмүүс зээл авах вэ, ямар шаардлага тавигдах вэ, ямар материал бүрдүүлэх вэ гэдгийг зааж өгсөн. Шуурхай зээлийн журмын 2.5-д шуурхай зээлийн хүү тогтмол байна, 2.5.2-т шуурхай зээлийн хүү, хүүний хувь хэмжээ, бүтээгдэхүүний тогтоох ёстой гэж заасан. Бүтээгдэхүүний тогтоол гэдэг нь тэргүүлэгчдийн зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хүү тогтоосон тогтоол юм. Шуурхай зээлийн журмын 3.1-т зээл хүсэгч нь дараах үндсэн шаардлагыг хангасан байна. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод байнга оршин суух хаягтай, эрх зүйн бүрэн чадамжтай байна гэх мэт шаардлагуудыг заасан байна. Ийм учраас Н ХЗХ нь хуулийн хүрээнд хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Тэргүүлэгчдийн зөвлөл нь дараах бүрэн эрхтэй байна, 35.1.4-т хадгаламж, зээлийн журмыг батлах, хүүг тогтоох гэж заасан. Тухайн жилийн эсхүл тодорхой хугацааны зээлийн бүтээгдэхүүн, түүний нөхцөл, хүү, шимтгэлийг хадгаламж зээлийн хоршооны тэргүүлэгчдийн зөвлөл батлах ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгч болон хариуцагч нарын байгуулсан зээлийн гэрээнд дурдсан 2,99 хувь гэсэн хүүгийн хэмжээг тэргүүлэгчдийн зөвлөлөөс баталж тогтоогоогүй байна. Хүү тогтоосон нь тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасныг зөрчсөн буюу зөвхөн гүйцэтгэх захирал өөрөө дур мэдэн тогтоосон байгаа учраас тогтоосон хүү нь хүчин төгөлдөр бус болох нь харагдаж байна. Хэргийн материалд авагдсан баримтаас харах юм бол 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шуурхай зээлийн хүү 2,99-2,69 хувь, эргэлтийн зээл 2,69-2,19 хувь гэж хэлбэлзэх байдлаар тогтоогдсон. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шуурхай зээлийн хүүг 2,69-2,19 гэж тогтоосон. Үүнээс хойш тогтоосон тогтоол, шийдвэр огт байхгүй байна. Миний ойлгосноор одоо хүчин төгөлдөр байгаа шуурхай зээлийн хүүгийн хэмжээ тэргүүлэгчдийн зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор тогтоосноор 2,69-2,19 байх ёстой гэж харж байна. Гэтэл гүйцэтгэх захирал нь хариуцагч нартай гэрээ хийхдээ тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоол болон Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасныг зөрчиж зээлийг хүүг 2,99 хувиар тогтоосон байгаа учраас хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тэргүүлэгчдийн зөвлөлийн хурал болж, 08 дугаар тогтоол гарсан гэж байгаа боловч, энэ тогтоолоор зээлийн хүүг тогтоосон тэмдэглэл байхгүй байна. Тийм учраас зээлийн хүүг тогтоогоогүй гэж харж байна. 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 8 дугаар тогтоолоор шуурхай зээлийн журмыг баталсан. Тухайн журам дээр хүүгийн хэмжээний талаар огт дурдаагүй байдаг. Тийм учраас тогтоол болон журмаараа хүү, шимтгэлийн нөхцөлөө батлаагүй юм байна, хамгийн сүүлд баталсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоол нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоол байна, энэ тогтоолын дагуу хүүгийн хэмжээ 2,69-2,19 хувь байгаа юм байна, 2,99 болгож нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Мөн зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн хувьд хууль зөрчсөн буюу талууд тохиролцсон юм уу гэдэг асуудлаар хууль зүйн дүгнэлт хийхэд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.6-д зээлдэгч энэхүү гэрээний 2.1.3-т заасан хугацаанд буюу 1 жилийн хугацаанд зээл, зээлийн хүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээлийг гэрээг ноцтой зөрчсөнд тооцох ба хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн гэрээний 2.1.1-т заасан хүүг болон уг хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл харилцан тохиролцоно гэж заасан байна. Энэ заалтын агуулгаас харахад нэмэгдүүлсэн хүүг 12 сарын хугацаа дууссаны дараа тооцохоор талууд тохиролцсон байна. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс нэмэгдүүлсэн хүүг хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр гэрээний хугацаа дуусахаас өмнө тооцсон нь үндэслэлгүй байна. Гэрээний 2.6-д заасан заалт нь гэрээний хугацаа дууссаны дараа нэмэгдүүлсэн хүү тооцож авах, 3.1.3-т заасан заалт нь график зөрчигдөх юм бол нэмэгдүүлсэн хүү тооцож авах ийм зөрчилтэй заалтууд байна. Хуульд заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлээд нэмэгдүүлсэн хүүг тооцож болно гэж тохиролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй учраас нэмэгдүүлсэн хүүг тооцож авах хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч гэрээний заалтаа зөрчиж, гэрээний хугацаа дуусахаас өмнө нэмэгдүүлсэн хүүг төлсөн төлбөрөөс нь хасаж үндсэн төлбөрийг ихэсгэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17.1-т Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно, 18 дугаар зүйлийн 18.1-т хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд дор дурдсан зүйлийг хориглоно: 18.1.2 гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татах гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар Н ХЗХ-д гишүүнээр элссэн үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолоор баталсан шуурхай зээлийн журмын 1.4.1-т зээл хүсэгч гэж хоршоонд зээлийн хүсэлт гаргасан бөгөөд хоршоотой хамтран ажиллах гэрээ байгуулсан хуулийн этгээдэд тогтвор суурьшилтай ажиллаж буй хоршооны гишүүн үндсэн ажилтан, албан хаагчдыг гэж ойлгохоор тодорхойлсон. Гэтэл хариуцагч нар нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан хуулийн этгээдэд ямар нэгэн байдлаар ажил, албан тушаал эрхэлдэггүй. Тухайн хуулийн этгээдийн үндсэн ажилтан, албан хаагч биш. Зээл олгосон процесс нь шуурхай зээлийг журмын 1.4.1-т заасныг зөрчсөн байгаа учраас гишүүний бүртгэл болон зээл олгох үйл ажиллагааны журам зөрчсөн гэдэг нь өөрсдийнх нь гаргаж өгсөн баримтаас харагдаж байна. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 2.1-т тэргүүлэгчдийн зөвлөл нь гишүүдийн бүртгэлийг хөтөлж хадгалах ба түүний үнэн зөвийг хариуцаж, гарсан өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд хороонд мэдэгдэнэ гэж заасан. Нэхэмжлэгч талаас хариуцагч нарыг гишүүнээр элсүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч бүртгэл хийгээгүй гэдэг нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн тэргүүлэгчдийн тогтоол болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. 2017 оноос хойш гишүүний бүртгэл хийгдээгүй бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гишүүнээр элссэн бүртгэл хороонд хийгдээгүй, хороонд мэдэгдсэний үндсэнд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгдээгүй байгаа учраас хариуцагч нарыг тухайн хадгаламж зээлийн хоршооны гишүүн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Улсын бүртгэл үнэн зөв байх ёстой. Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдсэний дараа бүртгэл хийсний дараа хорооны гишүүн болно. Энэ ажиллагаа хийгдээгүй байхад зээлийн гэрээ байгуулсан нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасан хориглох зүйлд нь хамаарч байна. Мөн тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Тухайн иргэн хоршоонд гишүүнээр элсэх хүсэлтээ гаргаад хөрөнгөө нийлүүлсний үндсэнд тэргүүлэгчдийн зөвлөл хуралдаад тогтоол гаргаж, уг тогтоолоо Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж бүртгүүлэх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан баримтад 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хувь нийлүүлсэн хөрөнгөнд хариуцагч нар 1000 төгрөг төлсөн. Хариуцагч нарын хоршоонд элсүүлэх хүсэлт огноо, дугааргүй байгаагаас үзвэл дараа нь нөхөж хийсэн болох нь харагдаж байгаа юм. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу хоршоонд элсэн хүсэлтийг тэргүүлэгчдийн зөвлөлд гаргах ёстой. 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 1000 төгрөг тушаагаад гишүүнээр элсэх хүсэлтээ өгсөн байхад 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр буюу 4 хоногийн өмнө тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоол гарсан байдаг. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд тэргүүлэгчдийн зөвлөл гишүүнээр элсүүлэх өргөдлийг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1.2, 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.2, 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байгаа учраас хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл, 56.1.8-д заасан хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй хэлцэл байгаа учраас тус хэлцлийн дагуу шаардах боломжгүй. Хариуцагч нар зээл авсан бөгөөд 47 100 000 төгрөгийн төлөлт хийсэн. Энэ талаар талууд маргаагүй. 100 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэл байхгүй. Харин үндэслэлгүй хөрөнгөжсөн учраас 100 000 000 төгрөгөөс төлсөн 47 100 000 төгрөгийг хасаж үлдэх төлбөрийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар шийдвэрлүүлэх хууль зүйн боломжтой байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2 удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, анх шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийн үнийн дүн 86 260 405 төгрөг байсан. Гэтэл шүүх хуралдаан хойшлох бүрт нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх байдлаар явсаар өнөөдрийн байдлаар 101 157 303 төгрөг болсон. Шүүх хуралдааныг нэг удаа товлоход нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн, гардуулах ажиллагаа хийгээд дараагийн шүүх хуралдаан ороход дахин нэхэмжлэлийг шаардлагаа ихэсгэсэн. Ийм байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч нарын эрх ашигт сөргөөр нөлөөлсөн үйл явдал болсон. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хариуцагч Ж.Д, Д.А нараас 52 900 000 /тавин хоёр сая есөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н Хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 48 277 303 /дөчин найман сая хоёр зуун далан долоон мянга гурван зуун гурван/ төгрөгт холбогдох хэсэг, үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204103210 дугаарт бүртгэгдсэн, 000750794 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 000дугаар байр, 556 тоот хаягт байршилтай, 130,9 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 589 253 төгрөг, 70 200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ж.Д, Д.А нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 422 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н Хадгаламж зээлийн хоршоонд олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Аанхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 болон 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасан зээлийн гэрээ үүссэн байна хэмээн зөв тодорхойлсон боловч Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцэхгүй байна. Учир нь, шүүхийн шийдвэрийн 7 болон 8-р талд ...хариуцагч нарыг Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт ажил, мэргэжил нэгтэй, нэг байгууллагын ажилчид эсхүл нэг дүүрэг, худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг, үйл ажиллагааны чиглэл адил нийгэмлэг, холбоонд гишүүнчлэлтэй /шашин, нийгмийн, хоршооллын, ажил, хөдөлмөрийн, эсхүл боловсролын бүлэг зэрэг/, нэг аймаг, хот, дүүрэгт амьдардаг хүмүүс хадгаламж зээлийн хоршоог байгуулж гишүүн байх боломжтойг заасан...гээд дээр дурдсан аль нөхцөлийн үндсэн дээр Ж.Д, Д.А нарыг гишүүнээр элсүүлсэн нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн байна. Гэтэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Н ХЗХ нь Улаанбаатар хотод оршин суудаг албан ёсны хаягтай иргэн бүр хоршоонд гишүүнээр элсэх, зээл авах зэрэг хоршооны эрх эдэлж үүрэг хүлээх боломжтой байдаг энгийн зохицуулалтыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Шүүхийн шийдвэрийн 8-р талд Хэрэгт нотлох баримтаар авагдсан Н ХЗХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээнд хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр сүүлийн байдлаар хийлгэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ж.Д, Д.А нарыг хоршооны гишүүнээр элсүүлсэн бүртгэл хууль ёсны дагуу хийгдсэн гэх тайлбарыг гаргаж байгаа боловч уг тайлбараа хуульд заасны дагуу нотлоогүй мөн Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалтыг дурдан Ж.Д, Д.А нарыг хоршооны гишүүнээр элсүүлэх шийдвэр 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гарсны дараа 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хоршоонд оруулах хувь хөрөнгө болох 1000 төгрөгийг тушаасан нь ... хоршооны гишүүнээр элсүүлэх талаарх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэжээ. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээрх улсын бүртгэлийн гэрчилгээг зөвхөн нэхэмжлэгчийг шүүхэд төлөөлөх итгэмжлэлтэй холбогдуулан гаргаж өгсөн болохыг тайлбарлаж анхан шатны шүүх хуралдааны явцад уг асуудал яригдсан болон өмнө уг асуудлаар талууд маргаагүй тухай тайлбарлаж сүүлд хийгдсэн нэмэлт өөрчлөлт бүхий улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөх боломжтой болохоо тайлбарласан боловч шүүхээс анхаарч үзээгүй. Мөн Н ХЗХ-ны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.4-т Хоршоонд гишүүнээр элсүүлэх шийдвэрийг Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаас гаргаснаас хойш 5 хоногийн дотор гишүүн хувь хөрөнгөө Хоршоонд бэлнээр оруулсан байна гэж заасан байдаг бөгөөд Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан заалтыг хэрэгжүүлж ажилласан байдаг. Анхан шатны шүүх уг асуудлыг шүүх хуралдааны явцад огт тодорхой болголгүй хэт нэг талыг барьж үнэлэлт, дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгчийн хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээ, зээлийн үйл ажиллагааг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл, зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж дүгнэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон нь үндэслэлгүй юм. Учир нь, Улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 17 дугаар тогтоолын 5.6-д Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан байгаа нь үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл, зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн Улсын дээд шүүхийн 17 дугаар тогтоолын 6.1-д Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэснийг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сонирхогч этгээд нэхэмжлэл гараагүй тохиолдолд тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй гэж ойлгоно гэж тайлбарласан байх ба хариуцагчийн зүгээс зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргаагүй байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэнд тус тус гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн хангагдаагүй үлдсэн хэсэг болох хүү, нэмэгдүүлсэн хүүний нийлбэр 48 277 303 төгрөг, нотариатын зардал 20 000 төгрөг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н ХЗХ нь хариуцагч Ж.Д, Д.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 76 595 638 төгрөг, зээлийн хүү 20 978 846 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 582 818 төгрөг нийт 101 157 303 төгрөг, нотариатын зардал 20 000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Н ХЗХ нь Ж.Д, Д.А нартай 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ2019100210618 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 100 000 000 төгрөгийг, 30 хоногийн 2,99 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн, мөн барьцааны гэрээг байгуулж хариуцагч нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 000дугаар байр, 556 тоот хаягт байршилтай, 130.9 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан байна. /хх-14-16, 17-20/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...хариуцагч нар Н ХЗХ-нд гишүүнээр элссэн үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч тал хариуцагч нарыг гишүүнээр элсүүлсэн талаарх бүртгэлийг хийлгээгүй, гүйцэтгэх захирал хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулахдаа Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасныг зөрчиж, зээлийн хүүг 2,99 % гэж тогтоосон учраас хүчин төгөлдөр бус, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Ж.Д, Д.А нар нь Н ХЗХ-д гишүүнээр элсэх хүсэлтийг гаргасан, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гишүүнээр элсэх хураамж 1000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ. Харин хариуцагч нарын гаргасан хоршооны гишүүнээр элсэх хүсэлтүүдэд огноо бичигдээгүй байна. /хх.25, 27, 30/

Мөн Н ХЗХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээнд 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэл сүүлийн байдлаар бүртгэгдсэн байх бөгөөд хариуцагч Ж.Д, Д.А нарыг хоршооны гишүүнээр элсүүлсэн бүртгэл хийгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. /хх.8-9/

Анхан шатны шүүх Н ХЗХ нь Ж.Д, Д.А нарыг гишүүнээр элсүүлсэн нь тодорхойгүй гэж дүгнэн зохигдын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг нэхэмжлэгч байгууллага Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-т заасан үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж, зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус учир барьцааны гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь хууль зүйн үндэслэл муутай болжээ.

Хэрэгт авагдсан Н ХЗХ-ны Тэргүүлэгчдийн хурлын 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 17/01 дугаартай тогтоолоор Ж.Д, Д.А нарыг хоршооны гишүүнээр элсүүлсний дараа 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн хорооны 1002-19/185 дугаартай шийдвэрээр 100 000 000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэж, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ж.Дгийн данс руу 100 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул хоршоо гишүүддээ зээл олгосон гэж үзнэ. /хх.21, 133-134, 137, 138/

Учир нь, Н ХЗХ-ны 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлын 17/01 тоот тогтоолоор хариуцагч Ж.Д, Д.А нарын хүсэлтийг үндэслэн тус хоршооны гишүүнээр элсүүлсэн, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 2.1-т Тэргүүлэгчдийн зөвлөл нь гишүүдийн бүртгэлийг хөтөлж хадгалах ба түүний үнэн зөвийг хариуцаж, гарсан өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд хороонд мэдэгдэнэ гэж заасан заалтыг нэхэмжлэгч байгууллага биелүүлээгүй нь хариуцагч нарыг тус хоршооны гишүүн бус гэж үзэх үндэслэл болохгүй юм. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой юм. /хх.28-29, 133-135/

Иймд талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Дээрх гэрээнүүдийн дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн авсан асуудлаар зохигчид маргаагүй байна. Зээлдүүлэгч байгууллага нь зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т Тэргүүлэгчдийн зөвлөл нь хадгаламж, зээлийн журмыг батлах, хүүг тогтоох бүрэн эрхтэй байна гэж заасан байна.

Хэрэгт 2015, 2016 оны Н ХЗХ-ны Тэргүүлэгчдийн хурлын тогтоол авагдсан, Н ХЗХ-ны Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот тогтоолоор ...Эргэлтийн хөрөнгийн зээлийн хэмжээ ӨХ 30%, хүү сарын 2,69%-2,19%, 1,59% байна, хугацаа 24 сар хүртэл байна гэж тогтоожээ. /хх.108, 114/ Дээрх хугацаанаас хойш зээлийн хүүг тогтоогоогүй байх тул дээрх тогтоолыг үндэслэн хариуцагчийн авсан 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний хүүг 1,59%-иар тооцож гаргуулах боломжтой гэж үзлээ. Учир нь Н ХЗХ нь хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээний хүүгээ ...30 хоногийн 2,99% ... гэж тогтоосон нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасныг зөрчсон хэдий ч энэ нь хүүгийн талаар огт тохиролцоогүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Давж заалдах шатны шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан зээл, зээлийн хүүг төлөх хуваарь, Ж.Дгийн Н ХЗХ-ны дансанд зээл төлсөн талаарх зээлийн дансны хуулгуудыг тус тус үндэслэн хариуцагч нарын төлсөн үндсэн зээл, зээлийн хүүг графикийн дагуу нэг бүрчлэн /зээлийн хүүг 1,59%/ тооцож /үндсэн хүүд төлсөн илүү төлөлтийг үндсэн зээлийн үүргээс хасч тооцсон/ хариуцагч нар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 68 616 898 төгрөг төлөх үүрэгтэй байна. Тодруулбал, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үндсэн зээлд 5 807 370 төгрөг, зээлийн хүүд 4 382 211 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үндсэн зээлд 4 968 302 төгрөг, зээлийн хүүд 5 189 600 төгрөг, 2019 он 12 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээлд 9 908 253 төгрөг, 202 358 төгрөг, хүүд 88 926 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр үндсэн зээлд 2 518 076 төгрөг, хүүд 2 444 350 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүүд 1 185 722 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 9 579 405 төгрөг тус тус төлсөн тул үндсэн зээл 55 577 664 төгрөг, зээлийн хүү 11 136 767 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 902 467 төгрөг нийт 68 616 898 төгрөг болж байна

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Д, Д.А нараас 68 616 898 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХЗХ-д олгосон өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэ лдэхүүн тогтов.

Нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх боловч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зээлийн хүүг тооцох үндэслэлгүй байна. Учир нь, талуудын хооронд гэрээний үүргийн биелэлттэй холбоотой эрх зүйн маргаан үүсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд хүү тооцон нэхэмжлэх үндэслэлгүй байна гэж үзэв.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Н ХЗХ-ны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан шаардлагыг хангаж, хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/00943 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Д, Д.А нараас 68 616 898 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХЗХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 32 540 405 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан дээрх үүргийг хариуцагч хариуцагч Ж.Д, Д.А нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл тэдний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 000дугаар байр, 556 тоот хаягт байршилтай, 130,9 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг 3 гэж 3 дахь заалтыг 4 гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...422 450... гэснийг ...501 034.... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талын төлсөн 469 537 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Ц.ИЧИНХОРЛОО