Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00825

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00825

 

 

 

А.А-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/00628 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.А-н нэхэмжлэлтэй хариуцагч БХЗХТБАА-д холбогдуулан гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Би 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр АБХК-аас өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг 3 дугаар хороо,  тоот хашаа байшинг барьцаалан 02 тоот гэрээний дагуу 4 000 000 төгрөг, мөн 22хххх улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүрэг, тоотод байх 8 нэрийн дэлгүүр барьцаалан 02 тоот гэрээний дагуу 8 000 000 төгрөг тус тус зээлсэн. Гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас АБХК шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 602 дугаартай шүүхийн шийдвэр гарч, 15 169 200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2005 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 135 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дээрх обьектуудыг хураан авч битүүмжлэн акт үйлдсэн.

Гэтэл 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдэл ирсэн. Одоо болтол өөрийгөө өртэй гэдгийг мэдээгүй явж байсан. АБХК-ийн эрх хүлээн авагчийн харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дахин Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагчаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг татсан. Төлбөр авагч АБХК нь Монгол банкнаас ирүүлсэн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б-10/164 тоот албан бичгээр эрх хүлээн авагчийн хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болж хуулийн этгээдийн хувьд татан буугдсан тухай албан бичиг ирсэн. Мөн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн эд хөрөнгийн одоогийн өмчлөгч Д.Д-г гэрчээр оролцуулж мэдүүлэг авахад тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг АБХК-аас худалдан авч, төлбөрийг АБХК-д төлсөн гэж мэдүүлдэг. Нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгөөрөө төлбөрийг бүрэн төлсөн байж 17 жилийн турш өр төлбөртэй хэвээрээ байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 602 дугаар шийдвэрээр А.А-гээс 15 169 200 төгрөгийг гаргуулан АБХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 41 дүгээр тушаалаар Банкны эрх хүлээн авагч томилогдсон Х, З,  А банкны нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичгийн нийслэлд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах харьяалалыг тус албанд тогтоосны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Маргаан бүхийн үл хөдлөх хөрөнгөд ажиллагаа явуулахад дээрх хаяганд оршин суугч Д.Д-н эхнэр Н.Ө нь энэ хашаа байшинг банкинд барьцаалаад хураагдах гэж байхад нь 2007 онд А.Аээс худалдаж авсан талаар тайлбар өгдөг. Мөн төлбөр төлөгч А.А нь барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн  тоот хашаа байшинг 2007 онд иргэн Д.Д-той худалдах-худалдан авах гэрээ байгуулан шилжүүлэн төлбөрөөс 4 500 000 төгрөгийг тушааж, үлдэгдэл 10 969 200 төгрөг байгаа талаар төлбөр авагч АБХК-ийн албан тоотоор тогтоогдож байна. Түүнчлэн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэгдэлд А.А нь төлбөрөөс 4 500 000 төгрөг төлсөн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй талаар тайлбар өгөөд байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Банкны тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.А-н шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч А.А-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би  улс руу гарч 13 жил амьдарч байгаад 2018 онд эх орондоо эргэж ирэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 10 969 200 төгрөгний өр төлбөртэй байна гэсэн мэдэгдэх хуудас ирсэн. НШШГГ БХЗХТБАА-д төлбөрийг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн талаар тайлбарыг өгөхөд тус албанаас 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр эд хөрөнгө битүүмжилсэн актыг хүчингүй болгосон, таны үл хөдлөх эд хөрөнгө иргэн н.Дондовдоржийн нэр дээр 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр худалдах-худалдан авах гэрээгээр шилжсэн байна гэх тайлбар өгсөн. Тус худалдах-худалдан авах гэрээг би өөрөө хийгээгүйг нотлох баримтын хамт тус албанд мөн шүүхэд гаргаж өгсөн.

Би дээрх байгууллагуудад холбогдуулан гэм хорын хохиролд 10 969 200 төгрөг гаргуулахаар 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад Монгол банкнаас 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Б-10/164 тоот апбан бичгээр А эрх хүлээн авах ажиллагааг 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болсонд тооцож, Монгол банкны ерөнхийлөгчийн 2015 оны А-67 дугаар тушаапаар банкны эрх хүлээн авагчийг тус өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, АБХК нь хуулийн этгээдийн хувьд татан буугдсан болохыг мэдэгдсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн одоогийн өмчлөгч Д.Дг гэрчээр оролцуулан мэдүүлэг авахад, А-аас тус хөрөнгүүдийг авсан болох нь түүний мэдүүлгээр тогтоогдсон.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан, мөн шүүхээс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1554 дугаартай магадлал гаргасан. Тус магадлалд мөн АБХК-ийн эрх хүлээн авагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж хуулийн этгээдийн хувьд татан буугдсан тул иргэний хэргийн хариуцагч байх эрх зүйн үндэслэлгүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Түүнчлэн, НШШГГ-ын ажлыг албаны ахлах гүйцэтгэгч Б.Б, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.1.8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулахаар гомдол, нэхэмжлэлийг шат дараалан гаргасан.

Монгол банкны ерөнхийлөгч Төв банкны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эрхийнхээ хүрээнд 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн тушаал гаргаж АБХК-ийн эрх хүлээн авагчийг ажиллагааг дуусгавар болгож, хуулийн этгээдийн хувьд татан буугдсан болохыг тодорхойлсон байна. Тус шүүхийн шийдвэр нь өмнө гарсан хоёр шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй үгүйсгэсэн байна. Төлбөр төлөгч А.А 13 жилийн турш өр төлбөртэй явж, эд хөрөнгөөрөө хохирсон байгаа байдлыг шүүх харгалзан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч БХЗХТБАА-д холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсонд тооцуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 4 500 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 10 969 200 төгрөгийн өр байгаа гэж маргасан. /хх 1-2,40/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ төлбөр авагч татан буугдсан, шаардлага гаргах эрх залгамжлагчид шилжээгүй, барьцаа хөрөнгөөр төлбөрөө төлсөн гэж тодорхойлжээ./хх 52-53/

 

Хэрэгт нэхэмжлэгч нь 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр АБХК-аас өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо,  тоот хашаа байшинг барьцаалан 02030090 тоот гэрээний дагуу 4 000 000 төгрөг, мөн 22ххх улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүргийн  тоотод байрлах 8 нэрийн дэлгүүр барьцаалан 02тоот гэрээний дагуу 8 000 000 төгрөг тус тус зээлсэн үйл баримт талуудын тайлбар, бичгийн баримтаар авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01366 дугаар шийдвэрээр тогтоогдсон. /хх 44-46, 48-50/

АБХК-ийн нэхэмжлэлээр 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 602 дугаартай шүүхийн шийдвэр гарч, 15 169 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2005 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 135 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн хураан авч акт үйлдсэн үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй. /хх 8/

 

Шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 41 тоот тушаалаар Банкны эрх хүлээн авагч томилогдсон Х  банкны нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичигт нийслэлд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах харьяаллыг Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд тогтоожээ. /хх 41/ Талууд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон эсэх, шаардлага эрх залгамжлагчид шилжсэн эсэхэд маргаантай байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах юм. Тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.1.8-д тус тус зааснаар төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн, төлбөр авагч-хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих боломжгүй, эсхүл шаардлагыг эрх залгамжлагчаар гүйцэтгүүлэх боломжгүй болсон бол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцохоор байна.

Хэрэгт татан буугдсан АБХК дахь банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцох тухай Монгол банкны Ерөнхийлөгчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ний өдрийн А-66 тоот тушаал авагджээ. /хх 20/ Уг тушаалд АБХК нь 2008 онд төлбөрийн чадваргүй болсны улмаас Банкны тухай хуулийн дагуу татан буугдаж банк эрх хүлээн авагч томилогдсон бөгөөд банкны эрх хүлээн авах ажиллагаа дуусгавар болсон гэж заажээ.

Банкны тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт Монголбанк банкны эрх хүлээн авагчийн тайланг хэлэлцэн баталж, банкны эрх хүлээн авах арга хэмжээг дуусгавар болгосон бол энэ тухай шийдвэрийг холбогдох шүүхэд хүргүүлж, олон нийтэд мэдээлж банкийг хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасуулах хүсэлтийг эрх бүхий байгууллагад хүргүүлнэ. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дах хэсэгт Энэ хуулийн 74.2 дах хэсэгт заасны дагуу олон нийтэд мэдээлснээр банкны эрх хүлээн авагчийн банк, банкийг татан буулгах үйл ажиллагаатай холбоотой үүрэг дуусгавар болно гэж заасан.

Банкны эрх хүлээн авагчийн банк, банкийг татан буулгах үйл ажиллагаатай холбоотой үүрэг дуусгавар болсон байх бөгөөд гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжсэн талаархи баримтыг хариуцагч талаас гаргаагүй байна.

Анхан шатны шүүх нь Банкны тухай хуульд заасан нарийвчилсан зохицуулалтыг Иргэний хуулийн ерөнхий зохицуулалттай хольж буруу хэрэглэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр шаардах эрхийг залгамжлан авах этгээд байхгүй, үйл ажиллагаа нь дуусгавар болсон учраас холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/00628 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.А-н нэхэмжлэлийг хангаж, түүнд холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсонд тооцсугай. гэж,

 

2 дах заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ад олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ш.ОЮУНХАНД