Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 489

 

 

Х.Батбаярт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Дамбадаржаа,

Ялтан Х.Батбаярын өмгөөлөгч Л.Амартогос,

Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг  даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын сарын 13-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Х.Батбаярын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201526021796 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

      Чонос овогт Хөнхөрийн Батбаяр, 1965 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд төрсөн, эрэгтэй, 51 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Олимп хотхоны “Хүчит бамбай” харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажиллаж байсан, ам бүл 1, Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн Хайлсаат туулын 1 дүгээр гудамжны 8 дугаар байрны 12 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 64 дүгээр байрны 3 дугаар орцны подвальд түр оршин суудаг,

Булган аймгийн шүүхийн 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 5/8 таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар 1 жил 6 cap хорих ялаар,

1994 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн шүүхийн 1998 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 118 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 2 жил 9 capын хорих ялаар,

Төв аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 9 capын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:ГЭ65042411/,

 

Х.Батбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 10 дугаар гудамжны 59 тоотод Х.Оюунчимэгийн гэрт ирж “хутгална, гэрийг нь шатаана” гэж хашгирч, гар утас руу нь залган айлган сүрдүүлж олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлэн танхайрсан,

2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Х.Оюунчимэгийн цагдаагийн байгууллагад өгсөн дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч цагдаагийн ахмад Э.Удаанжаргал, цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Г.Тулга нарыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байгааг мэдсээр байж хүч хэрэглэн эсэргүүцэж хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн Г.Тулгын хэвлийн баруун ар хэсэгт нэг удаа хутгалж биед нь “хэвлийн баруун ар талд хэвлийн хөндий рүү нэвтэрч элэгний 5 дугаар сегментийг гэмтээсэн хатгагдсан шарх, ар нуруунд шарх” бүхий хүнд зэргийн гэмтэл, Э.Удаанжаргалын биед “шуу, өвдөгт зулгаралт, гуянд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Х.Батбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Батбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэнээс бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Х.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 6 capын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 capын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Х.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 capын хорих ялд мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 capын хугацаагаар баривчлах ялыг багтааж, Х.Батбаярын биечлэн эдлэх ялыг 5 жил 1 capын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Х.Батбаярын биечлэн эдлэх 5 жил 1 capын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Х.Батбаярын цагдан хоригдсон 226 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Х.Батбаяраас гэм хорын хохиролд 622.000 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 5 дугаар байрны 16 тоотод оршин суух хохирогч Г.Тулгад /РД:ЧН86071712/ олгож, хохирогч Х.Оюунчимэг, Э.Удаанжаргал нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,
Х.Батбаяртай холбоотой иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг
дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт
зааснаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Батбаярт цагдан хорих таслан
сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Х.Батбаяр давж заалдах гомдолдоо: “...Миний бие гэмт хэрэгт холбогдсон өдрөөс хойш 8 сар гаруй хугацаанд цагдан хоригдож байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч Наранбаатар нь хохирогч Тулга, Удаанжаргал нартай албан тушаал болон хамт ажилладаг байдлаа ашиглан хуйвалдаж, миний эсрэг худал мэдүүлэг өгч, цагдаагийн нэр төрийг бамбай болгон ашиглан хууль бус үйлдэл хийж байна. 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд Наранбаатар, Удаанжаргал нарыг биечлэн оролцуулж, мэтгэлцэх хүсэлт гаргасан боловч тэд шүүх хуралдаанд оролцоогүй. Наранбаатар нь будлиан хутгаж, Удаанжаргал намайг худал гүтгэн мэдүүлэг өгч хууль бус үйлдлүүд хийсэн учир мөрдөн байцаалтын ажиллагааг шинээр эхлүүлж, Цагдаагийн мөрдөн байцаах газрын онцгой субъектын Эрүүгийн хэргийн мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаах ажиллагааг дахин явуулах хүсэлтээ 2015 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 01 цаг 40 минутад мөрдөн байцаагч Наранбаатарт хэлсэн. Гэвч уг гэмт хэрэг манай харъяалалын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэх үндэслэлээр байцаалт өг гэсэн. Би хохирогчийн биед гэмтэл учруулсандаа гэмшиж байцаалт өгсөн. Гэхдээ Наранбаатарыг хохирогч нартай хуйвалдан үгсэж, хууль бус үйлдэл хийнэ гэж бодоогүй. Цагдаагийн албан хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх байх гэж бодсон. Миний бие эрдэнэт хүний биед хутга, мэс ашиглан гэмтэл учруулсан үйлдэлдээ маш их гэмшиж байгаа бөгөөд хохирогч миний амь насанд аюул учруулаагүйд баярлаж байдаг. Иймд хэргийг үнэн зөв шудрагаар шийдвэрлүүлэх хүсэлтийг минь хүлээн авч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

Прокурор Н.Дамбадаржаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Батбаяр нь давж заалдах гомдолдоо “мөрдөн байцаагч, цагдаагийн албан хаагч нар нэг байгууллагад ажилладаг тул хуйвалдаж миний эсрэг нотлох баримт бүрдүүлсэн” гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Мөрдөн байцаагч хуульд заасны дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулж, хохирогч, гэрчээс мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд албаны үйл ажиллагаа гэж заасан байдаг. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийг цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гэж ойлгож болох тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Ялтан Х.Батбаярын өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтны гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд тусгайлан гаргах саналгүй байна...”гэв.

ХЯНАВАЛ:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын сарын 13-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангажээ.

 

1. Х.Батбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 10-59 тоотод Х.Оюунчимэгийн гэрт ирж “хутгална, гэрийг нь шатаана” гэж хашгирч, гар утас руу нь залган айлган сүрдүүлж олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Г.Тулгын “...2015 оны 10 дугаар сарын 29-ний орой 20 цагт Удаанжаргалын хамт Тайшир-112 чиглэлийн хөдөлгөөнт эргүүлийн жолооч цагдаагаар ажилд гарсан. 20 цаг 06 минутад Тайшир-10-аас Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 11 дүгээр гудамжны 59 тоотод хамтран амьдрагчаа хутган барин айлган сүрдүүлээд байна гэсэн дуудлага ирсэн...” /хх-18-19/,

Хохирогч Э.Удаанжаргалын “...2015 оны 10 дугаар сарын 29-ний орой 20 цагаас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл Тайшир-112 чиглэлд Г.Тулгын хамт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр болсон. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 20 цаг 10 минутад Тайшир-10-аас Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 11 дүгээр гудамжны 59 тоотод “согтуу хүн танхайраад байна” гэх дуудлагын дагуу дуудлага өгсөн хүн рүү холбогдоход нэг эмэгтэй “ээжтэй маань хамтран амьдарч байсан хүн одоо очлоо гээд бид нарыг дарамтлаад байна, их сонин хүн байгаа юм” гэж хэлэхээр нь “одоо очоогүй байна уу, бид нар давхар дудлагатай байна. Хэрвээ наад хүнээ ирэх юм уу, ойр орчимд чинь харагдах юм бол бидэнд мэдэгдээрэй” гэж хэлсэн...” /хх-22-24/,

Гэрч Х.Оюунчимэгийн “...2015 оны 10 дугаар сарын 29-нд Батбаяр залгаад “хаана байна, би ажлаа тараад Даваа гэх залуутай хамт ганц юм хувааж уугаад гэр лүүгээ явж байна, чи ажлаа тараад над руу залгаарай” гэсэн. 17 цагийн үед ажлаа тараад залгахад согтуу байсан ба би танайд очиж чадахгүй гэхэд уурлаж “тэгвэл би танайд очиж хүүг чинь хутгалж, гэр орныг чинь шатаана, намайг яахыг хараарай” гээд занаад байсан. Би айгаад утсаа салгасан. Тэгтэл дахин дахин залгаад байхаар нь утсаа авахгүй байсан ба 19 цагийн орчим дүү Мөнгөнчимэгийн гэрт байхад дахин залгасан. Мөнгөнчимэг утас аваад “цагдаад мэдэгдэнэ” гээд утсаа салгасан. Орой гэртээ байж байтал дахиад залгаад байхаар нь утсаа аваагүй. Гэнэт гэрийн гадаа ирчихсэн намайг гараад ир гээд байсан. Манай хүү Ариунболд “гараад уулзах уу” гэхээр нь хүүгээ гаргахгүй хориод байж байтал “цагдаа дуудсан уу” гээд хашаан дотор ороод ирчихсэн орилоод байсан...” /хх-27-29/,

Гэрч Х.Мөнгөнчимэгийн “...эгчийн утас руу хамтран амьдарч байсан Х.Батбаяр чөлөө зайгүй залгаад байсан. ...эгч өөрөө утсаа аваад ярихад Х.Батбаяр “цагдаа нараа дуудаж байгаарай, очиж байна шүү” гэж хэлсэн байсан. Бид эгчийн гэрт очоод хаалгыг нь дотор талаас нь цоожлоод сууж байтал удалгүй Х.Батбаяр ирээд гэрийн хаалга болон гэр лүү өшиглөөд яндан руу юм шидээд байсан...” /хх-32-33/,

Гэрч О.Ариунболдын “...миний ээж Оюунчимэг ажлаа тараад орж ирээд хамтран амьдрагч залуутайгаа утсаар хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би гар утсыг нь аваад түүнтэй ярихад “та нар цагдаагаа дуудаад байж байгаарай” гэж хэлсэн. ...Төд удалгүй хашаан дотор согтуу хүн ороод ирчихсэн манай хаалгыг нүдээд яндан руу чулуу шийдээд байсан. Ээж хаалгаа битгий тайлаарай гэсэн...” /хх-34-35/,

Насанд хүрээгүй гэрч О.Ариунзулын “...19 цагийн үед ээж залгаад “Батбаяр ах чинь согтуу явж байна, намайг дуудсан. Ээж нь очихгүй гэсэн чинь гэр лүү чинь явж байна, Ариунболд ахыг чинь ална гээд байна. Өөрт нь хутга байгаа шүү, ээжийгээ очтол гэрээ дотроос нь түгжээд байж байгаарай” гэж хэлсэн. Батбаяр ах очиж байна гэхэд ээж цагдаа дуудлаа гэхэд “цагдаагаа дууд” гэсэн. Намайг ээж цагдаа руу дуудлага өг гэхээр нь цагдаар руу “манай ээжтэй хамтран амьдарч байсан Батбаяр согтуу ирээд агсам тавиад ална гэж айлгаад байна” гэж дуудлага өгсөн. Батбаяр ах ээжийг “гараад ир” гээд орилоод байсан...” /хх-40-41/ гэх мэдүүлгүүдээр,

2. 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Х.Оюунчимэгийн цагдаагийн байгууллагад өгсөн дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч цагдаагийн ахмад Э.Удаанжаргал, цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Г.Тулга нарыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байгааг мэдсээр байж хүч хэрэглэн хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, Г.Тулгын хэвлийн баруун ар хэсэгт хутгалж биед нь “хэвлийн баруун ар талд хэвлийн хөндий рүү нэвтэрч элэгний 5 дугаар сегментийг гэмтээсэн хатгагдсан шарх, ар нуруунд шарх” бүхий хүнд зэргийн, Э.Удаанжаргалын биед “шуу, өвдөгт зулгаралт, гуянд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Г.Тулгын “...Бид дуудлага өгсөн хаягаар очоод дотогш онгойдог хаалгаар эхлээд Удаанжаргал ороод араас нь би алхтал гэнэт нурууны баруун доод хэсэг рүү юмаар цохих шиг болоод халуу дүүгээд явчихаар нь эргээд хартал 160 см орчим өндөртэй хар бараан өнгийн хувцастай залуу гартаа хутга бариад зогсож байсан. Удаанжаргал түүн рүү ойртоод очиход хутгаа бариад дайрсан. Удаанжаргал хутгыг нь булаах гэтэл тэрээр эсэргүүцэл үзүүлээд хутгаараа сийчээд байсан. Тэгтэл Удаанжаргал хутгатай гарыг нь цохиод тавиулах гээд чадалгүй газарт хальтарч унасан. Тэгтэл тэр хүн хашаанаас гараад уруудан урагшаа гүйгээд явсан. Биднийг хашаанд ороход хүн байгаа үгүй нь мэдэгдээгүй. Нэг мэдэхэд араас цохих шиг болсон. Би нохой дайрлаа гэж бодсон...” /хх-18-19/,

Хохирогч Э.Удаанжаргалын “...эхний хоёр дуудлагаа шалгаж дуудлагаа хаачихаад байж байтал дуудлага өгсөн охин над руу утсаар яриад “нөгөө хүн гадаа ирсэн, яндан руу чулуу шидээд, гаднаас гэр шатаана” гээд байна гэхээр нь 2-оос 3 минутын дараа очиход жалганы баруун талын хаалгагүй онгорхой хашааны хажууд машинаа тавиад буухад ойр орчимд хүн харагдаагүй. Тэгээд би түрүүлээд хашааны хаалгаар ороод миний хойноос Г.Тулга дөнгөж хоёр алхаад “ёоё” гэхээр нь эргээд хартал хашаан дотор Г.Тулга нуруугаа барьчихсан “намайг хутгалчихлаа” гэж хэлтэл цаанаас нь бараан өнгийн өмдтэй, дээгүүрээ нимгэн хувцастай туранхай зүс таних эрэгтэй /өмнө нь 2 удаа эрүүлжүүлэгдэж байсан/ гартаа хутга барьчихсан над руу алхаад “бүгдийг чинь ална” гээд алхахаар нь би ухраад хашааны хаалган дээр очиход над руу тулж ирээд хутгатай гараараа над руу савахаар нь би зүүн гараараа хутгатай гарын шуу хэсэг рүү нь цохьсон чинь гутал хальтраад хойшоо саваад өнхөрч машины хойд хэсэгт унахад нөгөө хүн хажуугаар гараад зугтаасан. Тулга хашаанаас гарч ирээд “би хутгалуулчихлаа” гээд гарч ирэхээр нь хүрэмийг нь сөхөөд хартал хувцас нь нил цус болсон байсан...” /хх-22-24/,

Гэрч Х.Оюунчимэгийн “...Охин маань цагдаа руу залгахад “ирж байна” гэсэн. Удалгүй охин цагдаатай утсаар ярихад “манай цагдааг хутгалчихлаа та нар гараад ир” гэсэн...” /хх-27-29/,

 

Гэрч З.Оюунцэцэгийн “...цагдаагийн алаг машин гэрэл нь анивчаад ирж байхаар нь сонирхоод хараад зогсож байтал манай баруун урд талд байдаг онгорхой хаалгатай хашаа руу алаг тэрэгнээс буусан бараан хувцастай хоёр хүн онгорхой хаалга руу ороод 1-2 минут болоод хаалгаар гэнэт хоёр хүн гүйгээд гараад ирсэн. Урд талд нь гүйж явсан хар хувцастай хүн дөнгөж гарч ирээд газар өнхөрөөд машиныхаа хойд талд унасан. Араас нь гарч ирсэн шар эрээн хувцастай хүн урагшаа гүйгээд явсан. Газар унасан хар хувцастай хүн босч ирээд машиныхаа хаалгыг татаад байсан. Би согтуу хүнийг түлхээд унагаасан юм болов уу гэж бодсон...” /хх-30-31/,

Гэрч Х.Мөнгөнчимэгийн “...Бид хаалгаа тайлахгүй байж байтал цагдаагийн машины дуут дохио дуугараад цагдаа ирж байх шиг байсан. Тэгтэл өөр хүний хоолойгоор хашааны үүд хавиас “хөөе та нар хүрээд ир” гээд орилоод байсан. Тэгэхээр нь бид нар хаалгаа тайлаад гартал нэг цагдаа хашаан дотор гэрэл тусгаад юм хайж байсан. Бид нарт машины түлхүүр хайлцаад өгөөч, нөгөө хүн чинь манай цагдааг хутгалчихаад зугтаачихлаа гэж хэлсэн. Харин хутгалуулсан гэх цагдаа хашааны гадаа гэдсээ дараад тонгойгоод зогсож байсан...” /хх-32-33/,

Гэрч О.Ариунболдын “...Тэгээд бид нар гэртээ байж байтал ээжэй утсаар ярьсан цагдаа “гараад ир, энэ хүн чинь хамт явж байсан цагдааг хутгалчихлаа” гэсэн...” /хх-34-35/,

Гэрч У.Ууганбаярын “...зуухныхаа үнсийг асгах гээд гэрээсээ гартал  нэг эрэгтэй дээд айлын үүдэнд байх амбаарын хаалгыг тогшоод зогсож байсан. Тэгээд үнсээ асгах гээд явж байтал нөгөө эрэгтэй хашааны хаалгаар гарсан. Намайг эргээд гэр лүүгээ орох гэтэл нөгөө эрэгтэй буцаад манай дээд айл руу явсан. ...30 гаран минутын дараа дээд айлын эмэгтэй хоёр дүүгээ дагуулаад “хаалгаа битгий тайлаарай, манайд ирдэг хүн цагдаа хутгалчихаад явчихлаа” гэж хэлээд дүү нараа үлдээгээд явсан...” /хх-36-37/,

Насанд хүрээгүй гэрч О.Ариунзулын “...дахин цагдаа руу залгаад “нөгөө хүн чинь ирчихлээ” гэхэд “одоо очлоо” гэсэн. Цагдаагийн машины дуу гараад ирж байгаа сонсогдсон ба чимээгүй байгаад байхаар нь дахин залгахад “нөгөө хүн чинь манай цагдааг хутгалчихлаа, та нар гэрээс гараад ир” гэсэн. Биднийг гарахад нэг цагдаа нь машинаа тулаад зогсож байсан ба цус гарсан харагдсан...” /хх-40-41/,

Х.Батбаярын сэжигтнээр өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хамтран амьдрагч Оюунчимэг нь хоногоор яваад ирэхэд нь “яасан бэ” гэхэд “ажлынхаа хүмүүстэй архи уугаад тасарчихсан байна” гэж хэлсэн. Би хүнтэй унтсан байна гэдгийг нь мэдсэн. Гэхдээ хэнтэй гэдгийг нь мэдээгүй, надаас нуугаад байсан. Хэн юм бол гэж бодож байгаад цагдаа байх гэж хардсан. Намайг согтуу очно гэхэд цагдаа дуудна гэсэн. Тэгээд би дотроо нөгөө цагдааг нь ирнэ байх гэж бодоод дуудлагаар ирсэн цагдааг нь хашаагаар ороод ирэхээр нь өөрт байсан эвхдэг хутгаараа эхний залууг бөөрнийх нь дээгүүр дотроос нь гадагш сэжиж хутгалсан. Дараагийнх нь залууг татахаар нь хашааны хаалгаар хөөж гаргаад араас нь мөр юм уу эгэм хэсэг рүү нь нэг удаа хатгасан. Тэгээд хашаанаас гараад гудамж уруудан зугтсаар Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 64 дүгээр байрны 3 дугаар орцны подвальд байрлах хөлсний байрандаа орж хувцасаа сольж гарах гэж байгаад цагдаа нарт баригдсан...” /хх-70/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 15756 дугаар шинжээчийн “...Тулгын биед хэвлийн баруун ар талд, хэвлийн хөндий рүү нэвтэрч элэгний 5 дугаар сегментийг гэмтээсэн хатгагдсан шарх, ар нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 дэх хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” /хх-43/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 15629 дугаар шинжээчийн “...Удаанжаргалын биед шуу, өвдөгт зулгаралт, гуяанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэссэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” /хх-45/ гэх дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-2/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-11/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-8-11/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14-15/, шүүх сэтгэц эмгэг судлалын 972 дугаар дүгнэлт болон хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгажээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгасан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Х.Оюунчимэгийн цагдаагийн байгууллагад өгсөн дуудлагаар цагдаагийн алба хаагч ахмад Э.Удаанжаргал, цагдаа жолооч ахлагч Г.Тулга нар хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцдаа Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 403 дугаар зүйлийн 403.6.6 дахь хэсэгт “Дуудлага мэдээллийн дагуу хэргийн газар хүрэлцэн ирмэгц хэргийн газрын хил хязгаарыг тогтоон хамгаалалтад авч, хойшлуулшгүй ажиллагаа явуулж эхэлнэ.”, 403.6.7 дахь хэсэг “Ажил, үүрэг гүйцэтгэх хугацаанд дуудлага өгсөн иргэн, гэрч, хохирогч, сэжигтэн, холбогдогч болон бусад иргэдтэй харьцахдаа “Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт”-ыг мөрдөж ажиллана.”, 403.6.8 дахь хэсэг “Гэмт хэрэг, зөрчлийн дуудлагад очсон үед жолооч цагдаа нь эргүүлийн ахлах болон офицерын удирдлагаар зөвхөн туслах үүрэгтэй ажиллана.”  гэсэн журмаар хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад нь санаатайгаар саад хийж, тэдний биед хүнд, хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Түүнчлэн энэ хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон, анхан шатны шүүх ялтны гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн түүний мэдүүлгийг үндэслэл болгоогүй, хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үнэлж, бусад нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол үндэслэлтэй юм.

Мөрдөн байцаалтын шатанд ахмад Э.Удаанжаргал, цагдаа жолооч ахлагч Г.Тулга нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлд заасан “худал мэдүүлэг өгөх” тухай хууль сануулан байцаалт авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэх үндэслэлгүй байх тул ялтан Х.Батбаярын  “...мөрдөн байцаагч Наранбаатар нь хохирогч нартай хуйвалдан үгсэж, хууль бус үйлдэл хийсэн тул хэргийг үнэн зөв, шудрагаар шийдвэрлэж өгнө үү...” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Ялтан Х.Батбаярын цагдан хоригдсон хоногийг тооцож үзэхэд 2015 оны 10 дугаар  сарын 30-наас 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 227 хоног цагдан хоригдсон байх тул үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын сарын 13-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

5 дахь заалтын “... 226 хоног ...” гэснийг “... 227 хоног ...” гэж өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, ялтан Х.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧИД                                           Б.ЗОРИГ

 

                                                                                    Н.БАТСАЙХАН