Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 65

 

2018 оны 01 сарын 24 өдөр                   Дугаар 221/МА2018/0065                          Улаанбаатар хот

        

О ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, хариуцагч Т.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0876 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч О ХХК-ийн давж заалдах гомдлоор, О ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.А, Т.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0876 дугаар шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 35 дугаар зүйлийн 35.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан О ХХК-ийн нэхэмжлэлээр Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.А, Т.Б нарт холбогдуулан гаргаснаар Татварын улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 210022520 дугаар актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч О ХХК давж заалдах гомдолдоо: “”Орчлон констракшн” ХХК нь 2009 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Монгол шуудан банк ХХК-тай “Арматур зээлээр худалдан борлуулах гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу Монгол шуудан банк ХХК нь арматурыг НӨАТ тооцсон дүнгээр манай компанид нийлүүлэхээр заасан байдаг. Улмаар талууд энэхүү гэрээний үүргийн зөрчлөөс болж шүүхээр маргасан байдаг ба шүүхийн маргааны явцад 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 01 тоот “эвлэрлийн гэрээ” байгуулж, уг гэрээнд Монгол шуудан банкны эрх залгамжлагч болох Хадгаламж банк НӨАТ татвар болох 69563170 төгрөгийн НӨАТ-ын падааныг Орчлон констракшн ХХК-д шилжүүлэхээр заасан болно. Шүүхийн маргааны хүрээнд ийм байдлаар буюу Хадгаламж банк НӨАТ-ын падааныг О ХХК-д шилжүүлэхээр шийдэгдсэн, улмаар Хадгаламж банк НӨАТ төлөгч биш учраас өөрийн холбоо хамаарал бүхий охин компаниас НӨАТ-ын падаан бичиж өгөхөөр харилцан тохиролцож хэлцэл хийж протокол үйлдсэн. Улмаас “Хүслэнт хулан” ХХК-иас НӨАТ-ын падаан авчирч өгсөн билээ. Энэ авсан НӨАТ-ын баримтыг хүлээсэн үүргийнхээ дагуу Татварын ерөнхий газарт тайлагнасан.

“Хүслэнт хулан” ХХК-ийн падаан нь “хуурамч” гэдгийг бид мэдээгүй, бүр мэдэх ч боломжгүй бөгөөд манайхаас татварын албаны цахим систем тайланд тухайн нэмэгдсэн өртгийн падааныг шивж оруулахад шууд бүртгэгдэж, тухайн компанийн нэрээр оруулахад хүлээн авч байсан нь татварын хэлтэст бүртгэлтэй падаан гэдгийг харуулж байсан. Энэ тохиолдолд татварын алба, хэлтэс буюу төрийн эрх бүхий байгууллага буруутай буюу хуурамч падааныг системдээ бүртгэснээр татвар төлөгч аж ахуйн нэгжийг хохироох үндэслэлийг бий болгосон хэрэг юм.

...”Орчлон констракшн” ХХК нь татварын орлогоо үнэн зөв тодорхойлоогүй, нуун дарагдуулсан, нягтлан бодох бүртгэлээ буруу ташаа хөтөлсөн, татвараас зайлсхийсэн зэрэг асуудал байхгүй. О ХХК-ийн зүгээс НӨАТ шингэсэн үнийг Хадгаламж банкинд төлсөн хирнээ дахин НӨАТ төлж байгаа нь нэг борлуулалт дээр давхар татвар төлж байгаа асуудал юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0876 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.А, Т.Б нар нь О ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр татварын улсын байцаагчийн 210022520 дугаар актаар “... 632 392 454 төгрөгийн арматурыг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш “Монгол шуудан банк” ХХК-иас худалдан авсан атлаа “Хүслэнт хулан” ХХК-иас худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд төлөх татвараас 63 239 254 төгрөгийн татварыг хасч тайлагнан төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан” гэх зөрчил тогтоон, нөхөн татвар төлүүлэхээр шийдвэрлэсэн, О ХХК-иас уг актыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлээ “...“Хадгаламж банк” ХХК /“Монгол шуудан банк” ХХК-ийн эрх хүлээн авагч/ нь нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн дүнгээр төлбөрөө нэхэмжилж авсан учир үнийн дүнтэй тэнцэх падааныг өгөхөөр тохиролцсон. Энэ дагуу “Хүслэнт хулан” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг өгсөн ба уг падааныг бүртгэлд шивж оруулахад Татварын ерөнхий газарт бүртгэлтэй, хүчин төгөлдөр, хүлээн зөвшөөрөгдсөн падаан байсан тул тайландаа оруулсан, дээрх падааныг хуурамч, жинхэнэ эсэхийг манай компани хариуцах үндэслэлгүй” гэж тодорхойлсон, хариуцагч нараас “...нэхэмжлэгч О ХХК нь “Монгол шуудан банк” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш гэдгийг эхнээсээ мэдэж байсан... “Хүслэнт хулан” ХХК-ийн үйлдсэн падаан нь хуурамч болохыг тогтоосон... падааныг борлуулалт хийх бүрт бичиж олгох ёстой байтал хуульд заасан хугацаа өнгөрсний дараа нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийж байгаа нь татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй гэдэг нь харагдаж байна” гэж тус тус маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч О ХХК-ийн “Хадгаламж банк” ХХК-тай 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Авлага барагдуулах гэрээ”-ний дагуу “Хадгаламж банк” ХХК нь 69 563 170 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг О ХХК-д шилжүүлэхээр тохиролцсоны дагуу “Хадгаламж банк” ХХК нь “Хүслэнт хулан” ХХК-иас авсан 007485999 тоот, 007485996 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг О ХХК-д шилжүүлж, уг падаануудыг үндэслэн нэхэмжлэгч О ХХК нь 2012 оны 04 дүгээр сарын 25, 30-ны өдрүүдэд нийт 632 392 454 төгрөгийн бараа материал худалдан авсан гэж нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусган тайлагнасан байх бөгөөд “Хүслэнт хулан” ХХК-ийн дээрх падааныг хуурамч болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон, нэхэмжлэгчээс эдгээр үйл баримттай маргаагүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр  зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ гарсан нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцох юм.

Гэтэл нэхэмжлэгч О ХХК нь “Хүслэнт хулан” ХХК-иас 632 392 454 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг огт худалдан аваагүй, тухайн компанитай эрх зүйн харилцаа үүсгээгүй, 63 239 254 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг “Хүслэнт хулан” ХХК-д төлөөгүй атлаа дээрх хий бичилттэй падааныг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогоо бууруулсан нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй байгаагаас гадна Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар төлөгч нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгч О ХХК-ийг арматур хэн нэгнээс худалдаж аваагүй гэж дүгнээгүй, харин арматур худалдан авахдаа борлуулагчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь санхүүгийн баримтаар нотлогдоогүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу албан татварыг хасч тооцохгүй, энэ үндэслэлээр гаргасан маргаан бүхий акт хуульд нийцсэн гэж үзсэн болно.

Хэдийгээр анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч 2010-2012 оны үйл баримтад 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдаж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг баримтлан хэргийг шийдвэрлэсэн, тэрчлэн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт утга найруулгын хувьд алдаатай байх тул залруулсан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0876 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 35 дугаар зүйлийн 35.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан О ХХК-ийн Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.А, Т.Б нарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 210022520 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

            ШҮҮГЧ                                                                      Г.БИЛГҮҮН