Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2019/0070/З |
Дугаар | 217 |
Огноо | 2019-06-17 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 217
"А м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт
малтмал, газрын тосны газрын Кадастрын
хэлтсийн даргад холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч:Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэрийн “А м” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0131 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0241 дүгээр магадлал,
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Дийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0131 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “А м” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэрийн “А м” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0241 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0131 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэрийн “А м” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мгийн давж заалдах гомдлыг хангасан.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0241 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Нэхэмжлэгч компани нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг Алтангадас нэртэй 368.53 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ-014063 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, мөн алдангийн хамт бол мөн оны 5 дугаар сарын 25-ны дотор Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна” заасны дагуу төлөх үүрэг хүлээсэн. Гэтэл 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ашигт малтмалын хайгуулын ХВ-014063 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрт 890,000 төгрөг тушааж, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7-д заасныг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэн шийдвэрлэсэн.
5. Харин магадлалд хуулийг буруу тайлбарлаж дүгнэхдээ ... “захирал Б.Т нь эмнэлгийн магадалгаа, гадаад паспортын хуулбар зэрэг баримтуудыг хавсарган хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлбөр хоцроосон тул бүртгэж өгөх тухай 22 дугаартай хүсэлтийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүргүүлсэн. Хариуцагчаас 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 7/3261 тоотоор ээлжит жилийн төлбөрийг хугацаандаа төлбөр төлсөн баримтаа ирүүлэх, хэрэв ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахыг мэдэгдсэн. Үүнээс хойш 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төлбөр төлсөн баримттай хэргийн оролцогч маргаагүй байна ...” гэж хэт өрөөсгөл дүгнэсэн. Угтаа бол дээр дурдсан хуулийн хугацаанд төлөөгүй 6 хоног хоцроон төлж хуулийн хугацаа хэтрүүлсний улмаас захиргааны байгууллага төлбөрийг бүртгэх боломжгүй болж маргаан үүсэж шүүхээр хянан шийдвэрлүүлсэн байдаг. Гэтэл гол маргааны үйл баримтыг хэргийн оролцогчид маргаагүй гэж үндэслэлгүй дүгнэсэн.
6. Мөн магадлалд “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаа хэтэрсэн хоног буюу боломжит хугацааг 6 хоногоор хэтрүүлсэн нь зөвтгөх үндэслэл болохгүй ч мөн хуулийн 56.1.2-т заасан ... хуулийн урьдчилсан нөхцөл буюу зөрчил арилснаас хойш 2 сар 10 хоног өнгөрсний дараа маргаан бүхий акт болох 577 дугаар шийдвэрээр цуцалсан захиргааны акт хууль бус хариуцагчийн үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий байх 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцээгүй” гэж илтэд хууль зөрчин эрх үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийг зөвтгөх байр сууринаас үзэж харин хариуцагчийг буруутган Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлаж, хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэрлээгүй хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн байна.
7. Магадлалд шийдвэрийг буруутгахдаа захиргааны байгууллагын нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан өдөр нэхэмжлэгч хуулийн этгээдийн “тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдсөн” бодит нөхцөл байдал бий болсон байгааг анхааралгүй, захиргааны шийдвэрийн үндэслэл нь бодит нөхцөл байдалд тохироогүй, хэргийн нөхцөл өөрчлөгдсөн байгаад дүгнэлт хийгээгүй зөвхөн хуульд заасан хугацаанаас өмнө төлбөр төлөх байсан, алданги төлөх 30 хоногийг хэтрүүлж төлбөр төлсөн үйл баримтыг дүгнэж, маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн дүгнэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгасан байна.
8. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан ... хуулийг” хэрэглэх гэж заасны дагуу маргааныг нарийвчлан зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн байдаг. Мөн магадлалд нэхэмжлэгч хуулийн этгээдийн “тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдсөн” бодит нөхцөл байдал бий болсон байгааг анхааралгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй үндэслэлгүй дүгнэсэн байна.
9. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
11. Нэхэмжлэгч “А м” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэсний дагуу 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд ...” гэсний дагуу цаад тал нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны дотор төлөх үүрэгтэй байжээ.
12. Гэвч нэхэмжлэгч компани нь хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр буюу хуульд заасан боломжит хугацааг 6 хоногоор хэтрүүлж төлсөн, харин үүнээс хойш бүтэн 2 сар 17 хоногийн дараа хариуцагчаас маргаан бүхий акт болох Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэрийг гаргаж, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмыг зөрчсөн, иймд хууль бус талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй юм.
13. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэснийг уг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан захиргааны шийдвэр гарах хүртэл тусгай зөвшөөрөл эзэмшигчээс төлбөрийг төлөөгүй байх тохиолдолд хэрэглэх нь хуулийн зорилгод болоод тухайн үндэслэлээр гарах захиргааны актын зорилгод илүү нийцнэ гэж тайлбарлахаар байна.
14. Нөгөөтэйгүүр, хэрэв хариуцагч нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлэн төлсөн гэж буруутгаж байгаа бол тэрээр өөрөө Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хугацаа дуусмагц цуцлах үүргээ хэрэгжүүлэх ёстой /боломжтой/ байсан. Гэтэл бодит байдал дээр төлбөр төлөгдөж, зөрчил арилснаас хойш бүтэн 2 сар гарны дараа “тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй” гэх үндэслэлээр цуцалсан хариуцагчийн шийдвэрийг зөвтгөх боломжгүй юм.
15. Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Угтаа бол ... 6 хоног хоцроон төлж хуулийн хугацаа хэтрүүлсний улмаас захиргааны байгууллага төлбөрийг бүртгэх боломжгүй болж маргаан үүсэж шүүхээр хянан шийдвэрлүүлсэн байдаг” гэсэн үндэслэлийг хяналтын гомдолдоо дурдсан байх ч /Тодорхойлох хэсгийн 6/ энэ нь дээр дурдсанчлан тухайн үйл баримтаас хойш 2 сар хагасын дараа гарч буй маргаан бүхий актын цаг хугацаагаар үгүйсгэгдэж байна.
16. Иймд, уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-9-д заасан “давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан, хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн” гэсэн агуулгатай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
17. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0241 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ