Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 259

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Идэр, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

иргэдийн төлөөлөгч Н.Хоньчин,

улсын яллагч Г.Цогтгэрэл,

шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч Ц.Гүенбат,

хохирогч О.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Г холбогдох эрүүгийн 201525022065 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 36 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, хэрэгт холбогдох үедээ ИНЕГазарт аюулгүй байдлын шалгагч ажилтай байсан, ам бүл 2, 6 настай хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 82 дугаар байр 39 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Американ дэнж 44/6 дүгээр байрны 38 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, регистерийн дугаартай, Боржигон овогт П Г.

 

Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч П.Гнь давтан үйлдлээр 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “С.Баярцогт гишүүний туслах байгаа юм, манай дарга Дорнодод наадам зохион байгуулах гэж байгаа юм 2 автомашин авна” гэж хохирогч О.Б-өөс 132.145.000 төгрөгийн үнэ бүхий Ланд крузер-200 маркийн автомашиныг 140.000.000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “...Гадаад хэргийн яаман дээр гадаадын зочдыг хүлээж авах машин хэрэгтэй байна...” гэж хохирогч Б.Э-ын эзэмшлийн 32.000.000 төгрөгийн үнэ бүхий 31-21 УНС улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг 45.000.000 төгрөгөөр тооцож, худалдах худалдан авах гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар тус тус залилан мэхэлж нийт 164.145.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Г мэдүүлэхдээ: Өмнөх шүүх хуралдаанд болсон асуудлыг тодорхой ярьсан тул нэмж ярих зүйл байхгүй. Хүмүүсийг залилах санаа зорилго байгаагүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Б мэдүүлэхдээ: 2015 оны 08 дугаар сард Б.Э эхлээд надтай уулзсан. “Машинаа өгөх үү” гэхээр нь би “найдвартай бол өгье” гэсэн. П.Г тэр өдөр 2 удаа надтай ирж уулзсан. Манай хамаатны ахын нэр дээр машин бүртгэлтэй байсан тул нотариат оролгүй эзэмшлийг нь шилжүүлсэн. П.Г надад “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Б Дорнод аймгийн Тамсаг орчмын газарт БНХАУ-н иргэдтэй наадам хийх гэж байгаа тул машин хэрэгтэй байна, та хүмүүст битгий хэлээрэй, 7 хоногийн дотор мөнгийг чинь өгнө” гэж хэлсэн. Мөнгийг “С.Б гишүүн Засгийн газраас гаргаж өгнө” гэсэн ч сүүлдээ “төсвөөс өгнө, төсөв хэлэлцэж байгаа тул батлагдахаар нь өгнө” гэдэг болсон. Би машинаа зарсан зөрүү 27.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний машины үнэлгээ 132.000.000 төгрөг гэж гарсан. Би засвар хийгээд 105.000.000 төгрөгөөр зарсан тул зөрүүг нэхэмжилнэ. Мөн өмгөөлөгчийн замын зардал болох 1.071.200 төгрөгийг нэхэмжилнэ. Өөр гомдол, саналгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Б /1хх-ийн 68-69, 2хх-ийн 214/, Б.Энхбаяр /1хх-ийн 65-66/, гэрч Д.Сүхболд /1хх-ийн 75/, Д.Лхагвадорж /1хх-ийн 76/, Б.Батаа /2хх-ийн 215/ нарын мэдүүлэг, П.Г яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 141-142/, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /1хх-ийн 13/, П.Г, О.Б нарын машин шилжүүлэхээр тохиролцсон баримт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 14-16/, эд зүйлд үзлэг хийж хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 247/, хохирлын мөнгө хураан авсан тухай тэмдэглэл /2хх-ийн 25, 145/, “Вендо” ХХК-ийн автомашины үнэлгээний дүгнэлт /2хх-ийн 2-5, 134-135, 138/, тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах тухай гэрээний хуулбар /2хх-ийн 51/, П.Г-н хувийн байдалтай холбоотой баримт буюу иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 152/, П.Г ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 153/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 158/, П.Г нь ХАС, Кредит, Чингис Хаан, Капитрон банкинд данс эзэмшдэггүй болохыг мэдэгдсэн албан бичгүүд /1хх-ийн 187, 195, 209, 215/, ХААН банк дахь данс хаагдсан тухай албан бичиг /1хх-ийн 210/, Шүүх сэтгэц эмгэг судлалын №1098 тоот дүгнэлт /1хх-ийн 228/ зэрэг болно.

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанд судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч П.Г нь  “С.Б гишүүний туслах байгаа юм, манай дарга Дорнодод наадам зохион байгуулах гэж байгаа, 2 автомашин авна…”, “...Гадаад хэргийн яаман дээр гадаадын зочдыг хүлээж авах машин хэрэгтэй байна...” гэх зэргээр зохиомол байдлыг зориуд бий болгож, иргэдийг төөрөгдүүлэн, итгүүлэн үнэмшүүлж, “зээлээр автомашин худалдан авах”  нэрийдлээр иргэний эрх зүйн хуурамч харилцаа үүсгэн эд хөрөнгийг аваад, гэрээний үүргээсээ зайлсхийн хариу төлбөрийг хийхгүй, үүргийг гүйцэтгэхгүй санаа зорилго агуулан 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт О.Б-өөс 132.145.000 төгрөгийн үнэ бүхий “Ланд крузер-200” маркийн автомашиныг , 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт Б.Э-ын эзэмшлийн 32.000.000 төгрөгийн үнэ бүхий 3121 УНС дугаартай “Лексус-470” маркийн автомашиныг залилан авч, нийт 164.145.000 төгрөгийн хохирлыг бусдад учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.Б /1хх-ийн 68-69, 2хх-ийн 214/: “... 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр манай найз Б.Энхбаяр П.Г гэдэг хүнийг над дээр дагуулж ирээд “манай найз байгаа юм, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт даргын туслах хийдэг юм” гэсэн. П.Г нь “би С.Б гишүүний туслах байгаа юм, манай дарга Дорнодод наадам зохион байгуулах гэж байгаа тул 2 автомашин авна. Эхлээд урьдчилаад 1 машин аваад Дорнод руу явуулна. Одоо таньд өгөх мөнгө манай даргад байхгүй. Наадам дөхчихсөн учраас эхлээд нэг машиныг аваад явуулж байя” гэж хэлсэн. Надаас миний зарж байсан саарал өнгөтэй 2015 оны 07 дугаар сард орж ирсэн Монгол улсад яваагүй, 5 километртэй, Ланд Крузер-200 маркийн автомашиныг 140.000.000 төгрөгөөр тооцож зээлээр худалдан авахаар тохиролцож зээлийн гэрээ хийж “2015 оны 08 дугаар сарын 25-ны дотор бүх мөнгийг өгнө” гэж хэлээд даргын жолооч гээд нэг танихгүй залууг дуудаж ирээд П.Г тэр хоёр унаад явсан. Ингээд хугацаа болоод би П.Гс мөнгөө нэхэхэд “Төсвийн байнгын хороо хуралдаад төсвөөс мөнгө орж ирэхээр мөнгийг чинь өгнө. Би өөр машин наадам руу явуулсан. Таны машин засгийн газрын автобаазад байгаа. Хөдлөөгүй яг хэвээрээ байгаа. Засгийн газрын үйлчилгээнд явуулахаар болсон тул түр хүлээж бай” гэж хэлсэн. Тэр үед бас яг төсөв хэлэлцэж байсан учраас би итгээд хүлээсэн. 2015 оны 11 дүгээр сарын 12, 13-ны өдөр 9111-тэй дугаараас над руу нэг танихгүй хүн яриад “П.Г гадаад улс руу ажлаар явсан 11 дүгээр сарын 20-ны өдөр ирээд таны мөнгийг гаргаад өгнө. Бүх зүйл болчихсон” гэж хэлсэн…” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Э /1хх-ийн 65-66/: “... 2015 оны 07 сард “Цирк” дээр П.Г “машин авна” гээд явж байхад нь тааралдсан. П.Г хэлэхдээ “гадаад хэргийн яаманд Ази номхон далайг хариуцсан дарга хийж байгаа, С.Б гишүүний багт ажилладаг гэж хэлсэн. П.Г надаас “машин авна” гээд явж байсан. Би машинаа өөр хүнд зарчихсан юм. Тэгсэн чинь 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр П.Г над руу яриад “С.Б гишүүн Дорнод аймагт наадам хийх гэж байгаа. Хоёр ширхэг машин шаардлагатай байна. 10 хоногийн дараа мөнгийг нь өгнө” гэсэн. Би П.Г О.Б уулзуулаад 10 хоногийн дараа мөнгө төгрөгөө авахаар тохиролцоод Ланд Крузер-200 маркийн дугааргүй шинэ автомашиныг 140.000.000 төгрөгөөр авахаар болж гэрээ хийгээд машинаа худалдахаар тохиролцож О.Б машинаа өгөөд явуулсан. 2-3 хоногийн дараа П.Г яриад “машин чинь төрийн автобаазад байгаа. Наадамд өгч явуулаагүй, өөр газраас машин өгч явуулсан, төсвөөс мөнгө гарахаар мөнгийг нь өгнө” гэж хэлсэн. Тэгээд өдийг хүртэл П.Г “сангийн яаман дээр мөнгө гарахыг хориглочихсон, одоо их хурал хэлэлцэж байгаа” гээд хойшлуулсаар байдаг байсан. П.Г өөрөө түрүүлж бид хоёр луу ярьж мөнгө удаж байгаа учир шалтгаанаа байнга хэлдэг байсан. Тийм болохоор бид итгээд яваад байдаг байсан. 2015 оны 10 дугаар сарын 01-нд П.Г “гадаад хэргийн яаман дээр гадаадын зочдыг хүлээж авах машин хэрэгтэй байна” гэж хэлээд миний зарж байсан манай дүү Цогтбаярын нэр дээрх миний эзэмшлийн “Лексус 470” 31-21 УНС улсын дугаартай автомашиныг 45.000.000 төгрөгөөр тооцож худалдан авахаар тохиролцож би түүнд машинаа өгсөн. 7-10 хоногийн дараа 10.000 ам.долларыг П.Г уулзаж машиныхаа мөнгөнөөс тооцож авсан. Гэтэл П.Г надтай 2015 оны 10 дугаар сарын 10-ны хавьцаа уулзахдаа “би машины чинь дугаарыг 13-13 УНЯ улсын дугаартай болгочихсон” гэж хэлсэн. Би түүнээс “яаж эзэмшигчийнх нь оролцоогүйгээр дугаар сольж гэрчилгээ авдаг юм бэ” гэж асуухад “Зам, Тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргыг таньдаг юм аа, тэгээд түүнтэй ярьж байгаад сольчихсон юм” гэж хэлсэн. Ингээд өдийг хүртэл П.Г “машин чинь засгийн газрын автобаазад байгаа, очоод үзэж болно, эсвэл очоод машинаа авчих, тэгээд өөр дээрээ байлгаж бай” гэж хэлдэг байсан ...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.С /1хх-ийн 75/: “…13-31 УНЯ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашин бол манай П.Г ахын автомашин байгаа юм. Ойролцоогоор 1 сарын өмнө манай гэрийн гадаа машин нь байгаад байсан юм. П.Г ахын өмгөөлөгч гээд нэг хүн надад уг машины түлхүүрийг 1 сарын өмнө авчирч өгөөд П.Г ах чинь хэрэгт холбогдоод цагдан хоригдсон, тийм учраас түлхүүрийг нь чамд өгч байна гэсэн. Би байрны гадаа байж байгаад эд зүйл нь алдагдчихаж магадгүй гээд түүнийг Ганпүрэв гэдэг ахынхаа хашаанд аваачиж тавьсан байсан. Тэгсэн чинь өчигдөр машиныг цагдаагийн газар аваачиж хүнд нь өгөх шаардлагатай гэж Г ах хэлсэн. Тэгээд би машиныг нь авчирч өгч байгаа юм ...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Л /1хх-ийн 76/: “... П.Г 2015 оны 09 сард байхаа яг он сарыг нь сайн санахгүй байна, дизель хөдөлгүүртэй, хар саарал өнгийн Ланд-200 маркийн автомашинтай ирээд “би энэ машины мөнгийг нь дараа өгөхөөр зээлээр таньдаг ахаас авсан юм. Одоо мөнгийг нь өгч дийлэхгүй байна. Надад бол арай үнэтэй байна. Би арай хямдхан машин олж авна. Та 2015 оны 10 сард өгөхөөр энэ машиныг худалдаж авах уу” гэж хэлсэн. Тухайн үед авсан хүнийхээ нэрийг надад хэлж байсан. Би нэрийг нь одоо санахгүй байна. Би мөнгийг нь байж байгаад өгөх юм бол худалдаж авъя гээд авахаар болоод машиныг хүлээн авч өөрийнхөө гэрийн грашид тавьчихсан байсан. П.Г 11 сар дөнгөж гараад алга болчихсон. 2015 оны 12 сарын 09-ний өдөр Ганзориг өөрөө над руу яриад би хэрэгт холбогдож цагдан хоригдсон байна аа, наад машиныг чинь нөгөө зээлээр худалдаж авсан эзэн нь авахаар болсон, буцааж өгөх хэрэг байна, тань руу эзэн нь яриад авах байх гэсэн. Тэгээд би өнөөдөр буюу 2015 оны 12 сарын 10-ны өглөө Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст ирж хүсэлт гаргаж машиныг авчирч өгсөн юм ...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад П.Г яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 141-142/: “... Би Б.Э гэдэг хүнтэй Иргэний нисэхийн ерөнхий газарт ажиллаж байхдаа танилцаж байсан. Би 2015 оны 08 дугаар сарын эхээр “Аса” циркийн автомашин зардаг зогсоол дээр лизингээр автомашин худалдаж авах гээд сонирхож яваад хуучин хамт ажилладаг байсан Б.Э тааралдсан. Б.Э “Аса” циркийн ард талын зогсоол дээр автомашин хувиараа зардаг юм. Би Б.Энхбаярт “Сэлэнгэ аймагт нутгийн зөвлөлийн наадам болох гэж байгаа. Би түүнд нь 2 машин зээлээр худалдаж авах сонирхолтой байна. Гэхдээ 1 машин худалдаж авъя. Мөнгийг нь дараа нь өгье” гэж хэлж машин авахаар тохирсон. Тэгээд Б.Э танил О.Б гэдэг хүний зарж байсан хар саарал өнгийн, Дизель мотортой, Ланд Крузер-200 маркийн автомашиныг 7 хоногийн хугацаатай 140.000.000 төгрөгөөр бодож зээлээр худалдаж авахаар тохиролцож, гараар автомашин зээлээр худалдах худалдан авах гэрээ бичиж худалдан авсан. Тухайн үед би 2 шил пиво уучихсан байсан учраас өөрийн дүү Сүхболдоор машинаа унуулж авч яваад гэрийнхээ гадаа аваачсан. Би Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөлийн гишүүд “наадамд хүмүүст бэлэглэх шинэ автомашин зээлээр худалдан авах хэрэгтэй байна” гэхээр нь “автомашин зээлээр авах ажлыг зохицуулъя” гээд Б.Э дээр очиж уулзсан. Автомашин худалдан авчихаад Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөлийн хүмүүст автомашиныг өгөх гэтэл тэдгээр хүмүүс “машин хэрэггүй болсон” гэсэн. Би машиныг нь О.Б ахад буцааж өгөх гээд “таны автомашиныг наадамд өгөхөө больчихсон. Та автомашинаа авах уу, мөнгөө авах уу” гэхэд О.Б ах “нэгэнт зарагдчихсан юм чинь боломжтой болохоороо мөнгөө өгчих” гэж хэлсэн. Тэгээд би автомашины мөнгийг өгөхөөр болсон. … Би О.Б ахад С.Б гишүүний туслах гэж хэлээгүй зүгээр “С.Б гишүүнийг таньдаг” гэж ярьж байсан. Түүнийг буруугаар ойлгосон юм шиг байна. Дорнод аймгийн наадам гэж ярьсан зүйл байгаагүй. Сэлэнгэ гэдгийг буруу ойлгосон юм шиг байна. Б.Э би “бизнесийн ажлаар гадаад, дотоодын хүмүүстэй уулзахад машин хэрэгтэй байна. Эхлээд тал мөнгийг нь өгөөд дараа нь тал мөнгийг нь өгье” гэж хэлээд тохиролцож худалдан авсан. Тухайн үед Б.Эн надаас “чи ямар ажил хийж байгаа юм бэ” гэж асуусан. Тухайн үед нь би “би гадаад хэргийн яаманд Азийн газрын даргаар ажиллах талаар хөөцөлдөж байгаа бүтэх эсэхийг нь мэдэхгүй байна” гэж ярьж байсан. Түүнийг “ажилд орсон” гэж ойлгосон юм шиг байна. … Би Б.Э зарж байсан “Лексус” маркийн 31-21 УНС улсын дугаартай автомашиныг “бизнесийн ажлаар гадаад дотоодын хүмүүстэй уулзахад ийм машин хэрэгтэй байна” гээд 45.000.000 төгрөгөөр урьдчилгаа 20.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг нь 2015 ондоо багтааж өгнө гэж тохиролцон худалдаж авсан. Тэгээд мөнгийг нь өгөх гэж байтал цагдан хоригдоод өгч чадаагүй юм …” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Б /2хх-ийн 215/: “... Манай хамаатны дүү болох О.Б нь гадаад улсаас автомашин оруулж ирж худалдаалдаг бизнес эрхэлдэг юм. “Гадаад улсаас автомашин өөрийнхөө нэр дээр оруулж ирэх гэхээр татвар нь арай өндөр байдаг учраас таны нэр дээр нэг автомашин оруулаад ирье” гээд надаас гуйхаар нь би зөвшөөрч энэ автомашин миний нэр дээр орж ирсэн байгаа юм. Тэрнээс биш автомашин бол миний автомашин биш. Манай дүү О.Б өөрөө мөнгөөрөө захиж оруулж ирсэн автомашин байгаа юм ...” гэх мэдүүлэг болон Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /1хх-ийн 13/, П.Г О.Б нарын машин шилжүүлэхээр тохиролцсон баримт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 14-16/, эд зүйлд үзлэг хийж хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 247/, хохирлын мөнгө хураан авсан тухай тэмдэглэл /2хх-ийн 25, 145/, тээврийн хэрэгслийн бүртгэх маягт /2хх-ийн 32/, “Вендо” ХХК-ийн автомашины үнэлгээний дүгнэлт /2хх-ийн 2-5, 134-135, 138/, тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах тухай гэрээний хуулбар /2хх-ийн 51/ зэргээр хангалттай тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч П.Г-г хэрэг хариуцах чадвартай болохыг Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоосон болно. /1хх-ийн 228/

 

Хохирогч нар шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар П.Г үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлдэг (мөрдөн байцаалтад П.Г нь “Би С.Баярцогт гишүүнийг таньдаг гэж ярьж байсан…Гадаад хэргийн яаманд Азийн газрын даргаар ажиллах талаар хөөцөлдөж байгаа, бүтэх эсэхийг мэдэхгүй” гэж ярьж байсныг буруугаар ойлгосон юм шиг байна” гэж мэдүүлж байсан, энэ байдлууд нь хохирогч нарыг огт болоогүй зүйлийг зохиож ярьсан гэж үзэхгүй болно) бөгөөд тэдэнд учирсан хохирлыг мэргэжлийн хөрөнгийн үнэлгээний байгууллага тогтоосон, автомашинууд “Засгийн газрын авто баазад” бус өөр хүмүүсийн эзэмшилд байсныг гэрч нар мэдүүлж байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч нараас “…зээлээр автомашин худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээрх иргэний эрх зүйн харилцаа байсан, залилан мэхэлж, үүргээ биелүүлэхгүй байх санаа зорилго байгаагүй…“ гэсэн боловч шүүх П.Г-ийн “автомашин зээлээр худалдаж авах” нэрийдлээр бусдыг залилсан үйл ажиллагаанд дараах байдлаар дүгнэлт хийж шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын дүгнэлт, мэдүүлэгт няцаалт өгсөн болно.

 

Шүүгдэгч П.Г Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Улсын их хурлын гишүүн (асан) С.Б  туслах, Гадаад хэргийн яаманд огт ажилладаггүй  байсан бөгөөд өөрийгөө “С.Б-тын туслах, дарга Дорнод аймагт наадам зохион байгуулах гэж байгаа, үүний тулд 2 автомашин авна… Гадаад хэргийн яаманд гадаадын зочдыг хүлээж авах машин хэрэгтэй…Мөнгийг дараа нь өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, иргэдэд амлалт өгч “зээлээр худалдан авсан” автомашины мөнгөө эргүүлэн төлөх санхүүгийн боломжгүйгээ мэдсээр байж бусдын эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авч захиран зарцуулж байгаа нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх зорилгогүйгээр тэдгээрийн эд хөрөнгийг авч байгаа буюу бусдыг залилсан үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.

 

Шүүгдэгч П.Г огт болоогүй, бодит бус асуудлын үр дүнгийн талаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч, төөрөгдүүлэн эд хөрөнгийг нь  бодитой бус үйл ажиллагаанд зориулан “зээлээр” авч байгаа нь залилж бусдын эд хөрөнгийг авах гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байгаа болно.

 

Мөн П.Г нэгэнт залилан авсан эд хөрөнгийг цааш Д.Л чухам ямар байдлаар шилжүүлэн өгсөн нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй. 

П.Г “С.Б гишүүний туслах …” гэх ойлголтыг Б.Э-раар дамжуулан О.Б-д төрүүлсэн. Залилангийн гэмт хэргийн хамтран оролцогч бус зуучлагч нь гэмт этгээд талдаа хууртагдаж хохирогч талыг бусдын үгээр хуурч хохирогч, залилагч хоёрын шинжийг үйлдлээрээ зэрэг хадгалж байдаг тул түүний субьектив санаа зорилгод тулгуурлан хэргийн хамаарлын талаар дүгнэлт хийх учиртай. Энэ тохиолдолд П.Г, О.Б нарыг зуучилсан Б.Э-ын сэдэлт, зорилго болон эд хөрөнгийн хохирсон байдалд дүгнэлт хийхэд тэрээр О.Б-ийг залилсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

П.Г “О.Б-д автомашиныг буцаан өгөх гэхэд тэрээр заавал мөнгийг авна гэсэн” хэмээн хохирогчийн мэдүүлгийг илт гуйвуулсан бөгөөд  О.Б-ийн “мөнгийг авна” гэж хэлэх болсон гол үндэслэл нь П.Г “…төсвөөс мөнгө орж ирэхээр мөнгийг чинь өгнө, өөр машин наадам руу явуулсан, таны машиныг засгийн газрын үйлчилгээнд явуулах болсон…” гэх зэргээр хэлж төөрөгдөлд оруулснаас үүдэлтэй болохыг тэмдэглэж байна.

 

Прокуророос шүүгдэгч П.Г-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тодорхойлж өгчээ.

 

Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

 

2002 оны Эрүүгийн хуульд заасан онц хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр “бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэрэгт оногдуулах ял, эрүүгийн хариуцлага 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн “залилах” гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл, агуулгад  хөнгөрч орсон байх тул П.Г үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар нийцүүлэн зүйлчлэхээр шүүх шийдвэрлэв. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзнэ.

 

Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч П.Г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь хохирогч нарын автомашиныг буцаан өгсөн тул түүнийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч О.Б “132.145.000 төгрөгийн үнэ бүхий “Ланд крузер-200” маркийн автомашиныг П.Г-оос буцаан авч зарахдаа 105.000.000 төгрөгөөр зарсан тул зөрүү (алдагдал) 27.000.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэв.

 

Хохирогчийн гаргаж өгсөн “Тодорхойлолт” (2хх-ийн 180) гэх баримтад үндэслэн дээрх хохирол төлбөрийг шийдвэрлэх боломжгүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.

 

Харин хохирогч нь холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлсний эцэст (тухайлбал 105.000.000 төгрөгийг орлого олсон, холбогдох татвар төлсөн г.м) иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Мөн хохирогч О.Б “Өмгөөлөгчийн орон нутгаас нисэх онгоцоор ирж, очих зардалд төлсөн 1.071.200 төгрөгийг нэхэмжилнэ” гэв.

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж өмгөөлөгчийн хөлсний талаар заажээ.

 

Хохирогч өмгөөлөгчийн унааны зардалд төлсөн хөлсийг байцаан шийтгэх ажиллагааны зардал эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул дээрх 1.071.200 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч П.Г учруулсан хохирлыг төлсөнийг   хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлыг төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (1нэгж=1000 төгрөг) торгох ял шийтгэхээр тогтов.

 

Мөрдөн байцаалтад П.Г-ийн “О.Б, Б.Э нарыг залилсан” үйлдэлд тусд нь эрүүгийн хэрэг үүсгэхгүйгээр уг үйлдлийг 201525022065 дугаартай хэрэгт хамтад нь шалгаж, прокуророос яллахаар дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчихгүй болно. Нэгэнт шүүгдэгч П.Г 201525022065 дугаартай эрүүгийн хэрэгт 37 хоног цагдан хоригдсон тул түүний цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, торгох ялаас хасах нь зүйтэй.

 

Шүүх П.Г эрхэлсэн ажилгүй, бага насны хүүхэдтэй, тодорхой нэр хөрөнгөгүй зэрэг байдлыг харгалзан үзэж торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 6 хуудас баримт энэ хэрэгт хавсаргагдан үдэгдсэнийг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Прокуророос шүүгдэгч П.Г-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.  

 

2. Шүүгдэгч Боржигон овогт П.Г-ийг  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-ийг  10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-ийг 37 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, оногдуулсан 10.000.000 төгрөгийн  торгох ялаас 555.000 төгрөгийг хассугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-ийг  9.445.000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-ийг  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 6 хуудас баримт энэ хэрэгт хавсаргагдан үдэгдсэнийг дурдсугай.

 

8. Шүүгдэгч П.Г- нь хохирогч О.Б., Б.Э нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

9. Хохирогч О.Б “зөрүү алдагдал 27.000.000 төгрөгийн” холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлсний эцэст  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, түүний нэхэмжлэлээс “өмгөөлөгчийн унааны зардалд төлсөн” 1.071.200 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Г-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                                   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ

       ШҮҮГЧИД                                     Х.ИДЭР

                                                                                             Б.ДУЛАМСҮРЭН