Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00882

 

 

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00882

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/00646 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч Г ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК, Г ХХК-ийн хооронд 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Тус гэрээний хавсралтад зааснаар гадна болон дотор цахилгаан хангамжийн ажил, телефон холбооны, компьютерийн сүлжээ, хяналтын камер суурилуулах ажил, аянга зайлуулагч, газардуулгын ажил гэсэн 5 төрлийн ажил гүйцэтгэхээр талууд тохиролцсон.

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрээнд заасан ажлын үр дүнг хүлээлгэж өгөх ёстой байсан. Ажил хүлээлцэхдээ талууд тэмдэглэл үйлдэж, үүгээр гэрээний үр дүнг тооцно гэсэн нөхцөл заасан бөгөөд гэрээний нийт үнэ 9 000 000 төгрөг ба урьдчилгаанд 4 000 000 төгрөг өгч, үлдэгдэл мөнгийг захиалагчид ажлыг хүлээлгэн өгснөөр төлбөр авах талаар гэрээнд заасан.

Зохигчдын хооронд байгуулагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний 1 дүгээр зүйлд ажил гүйцэтгэх гэрээний зүйл, түүний үр дүн, чанар гэсэн ойлголтуудыг тодорхойлсон. Бүх ажил стандартын дагуу явагдах ёстой. Гэхдээ ямар стандартыг баримтлан ажиллах талаар гэрээнд нарийвчлан тусгаагүй.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож, гэрээний хавсралтад заасан 5 ажлын үр дүнгийн талаар Дархан дулааны цахилгаан станц төрийн өмчит компанийн лабораториор дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлт нь Улаанбаатар төмөр зам ХНН-ийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлтээс эсрэг буюу Ашиглах боломжтой гэх дүгнэлт байдаг. Энэ талаар гэрчээс мэдүүлэг авахад 10 Ом байна, 4 Ом байх ёстой, гэхдээ ашиглах боломжтой, боломжгүй талаар мэдэхгүй гэж мэдүүлсэн.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ гэрээгээр тохирсон 5 ажлаас 1 ажил нь шаардлага хангахгүй гэж тайлбарладаг. Хариуцагчийн татгалзал болох доголдолтой барааг нийлүүлсэн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Мөн хариуцагчийн гаргаж өгсөн баримтууд нь ажил хүлээлцсэн акт, тэмдэглэлтэй зөрдөг. Гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч компани гүйцэтгээгүй учир үлдэгдэл 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгтэй барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний 1.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч Т ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр гадна болон дотор цахилгаан хангамжийн ажил, телефон холбооны, компьютерын сүлжээ, хяналтын камер суурилуулах ажил, аянга зайлуулагч, газардуулгын ажлуудыг нийт үнийг 9 000 000 төгрөгийн өртөгтэйгээр хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож, урьдчилгаа 4 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Т ХХК-д шилжүүлсэн.

Гэтэл нэхэмжлэгч Т ХХК-ийн хийж гүйцэтгэсэн аянга зайлуулагч, газардуулгын ажил нь чанарын шаардлага хангахгүй талаар Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Дархан өртөөний 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 72/466 дугаар албан бичигт дурдсан ба уг бичигт 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ЭХУХ-ын 1 дүгээр ангийн өндөр хүчдэлийн туршилтын лабораторийн хийсэн шалгалтаар тус барилгын өргөтгөлийн газардуулга тэнцээгүй, дээрх ажлууд хийгдэж, зөрчлийг арилгасны дараа барилгыг байнгын ашиглалтад хүлээн авахад татгалзах зүйлгүй болно гэж дурдсаныг Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтэст хүргүүлсэн.

Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтсээс манай компанитай уулзаж ажлын доголдлыг арилгах шаардлага тавьсан. Бид дээрх албан бичгийг нэхэмжлэгчид өгч, яаралтай засаж сайжруулахыг шаардахад нэхэмжлэгч Т ХХК-ийн захирал Д.Б нь ажлаа сайжруулахгүй зугтаагаад, олдохгүй байсан. Т ХХК-ийн захирал Д.Б нь насаараа Дархан-2 өртөөний холбоонд ажилласан тул бид ажлын туршлага, чадвартай гэж итгэж ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч нь 3 метр ухаж, газардуулагчийг гагнаж хийх ёстой байтал 70 см ухаж газардуулагч хийсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 350 дугаар зүйлийн 350.1, 350.1.6, 350.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь хийсэн ажлынхаа доголдлыг өөрийнхөө зардлаар засаж, сайжруулах үүрэгтэй байтал үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХХК-иас барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 95 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Гэтэл анхан шатны шүүхээс нотлох баримтыг дутуу үнэлж, буруу дүгнэлт хийж, шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Тоноглолын газардуулгын эсэргүүцэл хэмжсэн протокол /хх-7х/ 89 дүгээр баримтыг ажил гүйцэтгэгч нь өөрөө төлбөр төлж хийлгэсэн баримт бөгөөд энэ баримтыг үйлдэхэд хариуцагчийн төлөөлөл байгаагүй, тухайн баримтыг хариуцагчид хүлээлгэн өгөхөд нь гарын үсэг зурж хүлээн авсан.

Уг баримтын дагуу нэхэмжлэгчийн хийсэн ажлыг Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт хүлээлгэн өгөхөд УБТЗ-ын ЭХУХ-ын 1 дүгээр ангийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн өндөр хүчдэлийн туршилтын лабораторийн хийсэн шалгалтаар тус барилгын өргөтгөлийн газардуулга тэнцээгүй юм.

Гэтэл анхан шатны шүүхээс Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Цахилгаан туршилт, тохируулгын лабораторийн дүгнэлт нь цаг хугацааны хувьд дээрх туршилт хийгдсэнээс хойш 1 жил сарын дараа буюу 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хийгдсэн туршилтын лабораторийн дүгнэлт байна гэж цаг хугацааны хувьд буруу дүгнэлт хийсэн.

Ажил гүйцэтгэгчийн гаргаж өгсөн Тоноглолын газардуулгын эсэргүүцэл хэмжсэн протокол нь 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хүчинтэй байсан ба хүчинтэй хугацааны дотор буюу 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр УБТЗ-аас газардуулгыг шалгасан. Ажил гүйцэтгэгч нь хийсэн ажлаа хүлээлгэн өгөх үед илрээгүй, хүлээлгэн өгсний дараа илэрсэн алдаа, доголдлыг хариуцахгүй, засаж сайжруулахгүйгээр хөлсөө бүрэн авч болохоор шүүхээс хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Иргэний хуулиар болон талуудын хооронд байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч Т ХХК нь захиалагч Г ХХК-ийн өмнө хийсэн ажлынхаа үр дүнг хариуцахаар зохицуулсан атал анхан шатны шүүхээс ажил гүйцэтгэгч Т ХХК-ийн хийсэн ажлыг гуравдагч этгээдийн өмнө захиалагч Г ХХК нь бүрэн хариуцахаар илт хариуцагчийг буруутгаж, доголдолтой ажил гүйцэтгэсэн Т ХХК нь захиалагч Г ХХК-ийн өмнө ямар ч хариуцлага хүлээхгүйгээр төлбөр мөнгөө бүрэн барагдуулж авахаар хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Нэхэмжлэгч Т ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил нь гуравдагч этгээдийн шаардлагаар доголдолтой болох нь хэрэгт цутларсан баримтаар нотлогдож байхад нотлох баримтыг үнэлэхгүй, туршилт хийлгэх тухай хүсэлт гаргахад хүлээж авахгүй, гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүй хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч Т ХХК нь Дархан-2 өртөөний өргөтгөлийн барилгын ажлын хавсралтад дурдсан гадна болон дотор цахилгаан хангамжийн ажил, телефон холбооны, компьютерын сүлжээ, хяналтын камер суурилуулах ажил, аянга зайлуулагч, газардуулгын ажлыг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 12 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэж, акт үйлдэж хүлээлгэж өгөх, захиалагч Г ХХК нь ажлын хөлсөнд 9 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна. /хх5-6 дах тал/

 

Анхан шатны шүүхийн зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Г ХХК нь гэрээгээр тохиролцсоны дагуу барилгын ажлын нийт өртөг болох 9 000 000 төгрөгөөс урьдчилгаанд 4 000 000 төгрөгийг Т ХХК-д төлсөн, гэрээгээр тохиролцсон нэр бүхий 5 төрлийн ажлаас дотор болон гадна цахилгаан хангамжийн ажил, телефон холбооны, компьютерын сүлжээ, хяналтын камер суурилуулах ажлын чанарын талаар талууд маргаагүй. Харин аянга зайлуулагч, газардуулгын ажлын чанарын шаардлага хангасан эсэх талаар зохигчдын хооронд маргаан үүссэн байна.

 

Хариуцагч Г ХХК нь Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгтэй 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр АҮГ/18/048 дугаар барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний зарим зүйл болох Дархан-2 өртөөний өргөтгөлийн барилгын угсралтын ажил, 50 м3 бохирын цооног, гадна цахилгааны ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд дээрх ажлаас 5 нэр бүхий ажлыг хийж гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгч Т ХХК-тай гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт нийцсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хийж гүйцэтгэсэн аянга зайлуулагч, газардуулгын ажлыг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь тоноглолын газардуулгын эсэргүүцэл хэмжсэн 89 дүгээр тэмдэглэлээр тогтоогдсон /хх-7 дах тал/ тул Т ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг Г ХХК-иас шаардах эрхтэй байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 4.4-т гүйцэтгэсэн барилгын ажилд гэмтэл согог илэрвэл ажил хүлээн авсанаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж тохирсон байна. Хариуцагч Г ХХК нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнд заасан гомдлын шаардлага гаргах баталгаат хугацааны дотор гомдлын шаардлага гаргаагүй тул ажлын хөлсийг төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байна.

 

Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч саатуулах барих боломжгүй. Иймд анхан шатны шүүх хариуцагч Г ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Хариуцагч нь Т ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил нь гуравдагч этгээдийн шаардлагаар доголдолтой болох нь хэрэгт цутларсан баримтаар нотлогдож байхад нотлох баримтыг үнэлэхгүй, туршилт хийлгэх тухай хүсэлт гаргахад хүлээж авахгүй, гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүй хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан боловч дээрх гомдлын үндэслэлд дурдсан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/00646 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ