Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00859

 

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00859

 

 

Ч.Д-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/00639 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Д-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.Д-, А.Б- нарт холбогдох

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 35 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П, хариуцагч З.Д-, өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нэргүй шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие З.Д-тэй танилууд юм. Их ашигтай сүлжээний бизнес байна, мөнгийг чинь өсгөөд өгье гэж санал болгосон. З.Д-т итгээд тэр бизнест орохоор болж хүнээс мөнгө зээлж З.Д-т 6 удаагийн гүйлгээгээр түүний Хаан банкны 5006326500 тоот данс руу өөрийн ХААН банкны 5032190065 тоот данснаас 2018 оны 8 дугар сарын 02-ны өдөр 5 000 000 төгрөг, 4 000 000 төгрөг, 2018 оны 8 дугар сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 3 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 6 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн. Мөн З.Д- нь над руу залгаад нөгөө мөнгөө энэ данс руу хийгээрэй манай нөхрийн данс гээд хаан банкны 5006329501 тоот эзэмшигч А.Б- гэсэн данс руу хийчих гэсний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 12 000 000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн. Ингээд би З.Д-т 35 000 000 төгрөг өгсөн. Ашиг гэж нэхсэн боловч нэг ч төгрөг өгөхгүй болохоор нь мөнгөө нэхэж утсаар ярихад удахгүй өгнө гэдэг байсан ч өгөөгүй. Мөнгөө нэхээд мессеж бичдэг байсан. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн З.Д-ээс 23 000 000 төгрөг, А.Б-аас 12 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд, А.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Д- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ч.Д-тай Юнисити компанид ажиллаж байхдаа танилцсан. Би Файвиндс күэстраворлд сүлжээнд Ч.Д-г урьж оруулаагүй нь үнэн, мөнгийг чинь өсгөөд өгье гэж хэлээгүй. Би энэ компанид хөрөнгө оруулахаар судлахад 13 хорооллын Ногоон төгөл хотхонд оффис нөхрийнхөө ББСБ-тай хамтран түрээсэлсэн Файвиндс компанийг сурталчлан ухуулж сургалт явуулж олон хүнийг сургалтдаа хамруулан ажилладаг байсныг мэднэ. Ч.Д-г өөрийнх нь найз М.Энхцэцэг энэ сүлжээнд оруулж мөнгө болон Дархан дахь үл хөдлөх хөрөнгийг нь авсан. Ч.Д- намайг гүтгэж байна. Намайг энэ сүлжээнд оруулсан М.Энхцэцэг, С.Батцэцэг нар 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэхэд олон улсын карттай болоод өөрийн акаунт дээрх мөнгийг монгол мөнгө болгон татаж авч эхэлнэ, тэрнээс өмнө хөрөнгө оруулалт ихээр хийгээд амжаарай гэж ятгасан, тухайн үед их итгэчихсэн байсан учир нөхрийн ах А.Хишигбатаас 15 000 000 төгрөгийг 7 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй, Вишнфанд ББСБ-аас 2 970 000 төгрөгийг 24 сарын хугацаатай З хувийн хүүтэй тус тус зээлэн, ээж н.Пэлжидмаагаар 5 418 800 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай авахуулж, унаж байсан Приус 20 маркийн авто машинаа 7 000 000 төгрөгт зарна, нийт 30 000 000 төгрөг бүрдүүлэн энэ сүлжээнд хөрөнгө оруулалт хийж залилуулан хохирогч болоод байна. М.Энхцэцэг, С.Батцэцэг нарт холбогдуулан би өөрөөсөө гадна арваад хохирогч хүмүүсийн нэгтгээд Баянгол дүүргийн цагдаагийн 1 хэлтэст хандан компани, хүмүүст гомдол гаргасан. Тухайн үед энэ компанийн данс байгаагүй дотоод гуйвуулгаараа монголчууд өөрсдийн акаунт дээр харагдаж буй мөнгөөр л бүх хүмүүсээ гишүүнчлэлд нэгтгэн оруулж байсан. Хугацаа өнгөрсөн ч нөгөө карт нь гардаггүй олон шалтгаанаар хойшлуулснаар зээлсэн мөнгө нэхэгдэж эхэлсэн, намайг энэ сүлжээнд урьсан М.Энхцэцэг нартай очиж уулзаад мөнгөө авъя гэхэд манай багийн Ч.Д-тай очоод уулз түүнд евро их хэрэгтэй байгаа та 2 бие биедээ тус болох хэрэгтэй гээд өрөөнөөс гаргасан. Би 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Ч.Д-тай уулзан Файвиндс компанийн акаунтаар цугларсан еврог хямдаар тооцон худалдаж авах уу, надад монгол мөнгө хэрэгтэй байна гэхэд, тэгье надад их хэрэгтэй байгаа чамаас 1 000 төгрөгөөр тооцон аваад багийн хүмүүстээ 3 000 ханшаар борлуулахад их ашигтай санал байна гэж зөвшөөрөн, бид харилцан зөвшөөрч тухайн үед евроны ханш 3 000 төгрөгөөр тооцогдсоныг надаас 1 000 төгрөгөөр тооцон над руу 14 000 000 төгрөг шилжүүлэн худалдан авалт хийсэн. Би тухайн үеийн дотоод шилжүүлгээр нь 15 000 еврог Ч.Даариймаагийн акаунт руу цахим мөнгийг дотоод гүйлгээгээр шилжүүлэн өгсөн. Хэсэг хугацааны дараа 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Ч.Д- залган хямд евро хэрэгтэй байна надад ашигтай байна, би чам руу 12 000 000 төгрөг шилжүүлье гэхээр нь миний интернэт банк блоклосон, өдөр болъё гэхэд Ч.Д- нь би нөхөртөө хэлээгүй байгаа болохоор н.Мөнгөнөөг /Дариймаагийн нөхөр/ ирээгүй байгаа дээр чам руу гялс мөнгө хийчихье гэж яаруулсан. Тэгэхээр нь би манай нөхрийн данс руу хийчих гээд наан банкны 5006329501 дансыг өгсөн. Мөн надад багахан л евро цугласан байна хямд евро зарна гэсэн хүмүүс бол фэйсбүүк дээр харагдаж байсан гэхэд Ч.Д- чи надад олоод өгөөч гэсэн. Би асууж өгье гээд фэйсбүүкээр танилцсан н.Адъяагаас асуутал заръя гэсэн. Би 5560090614 н.Дулмаа гэсэн данс руу 7 425 000 төгрөгийг өөрийн данснаас 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлсэн. Үлдсэн 4 575 000 төгрөгт өөрийн акаунт дээр хуримтлагдаж байсан еврог 300 төгрөгөөр тооцон 15 250 еврог, нийтдээ 31 750 еврог Дариймаагийн акаунт руу цахим мөнгийг дотоод гүйлгээгээр шилжүүлэн хийж зарсан. Хэсэг хугацааны дараа 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ч.Д- залгаж евро авмаар байна би урьдчилгаа 3 000 000 төгрөг хийе, надад зээлээр өгчих гэсэн би зөвшөөрч түүний акаунт руу 30 000 еврог дотоод гүйлгээгээр шилжүүлэн өгсөн. Ингэхдээ н.Адъяагаас дахин 320 000 төгрөгт евро худалдан авсан. Ч.Д- 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үлдэгдэл 6 000 000 төгрөгийг хийсэн. Би Ч.Д-г хууран мэхлэх, хохироох санаагүй, дээрх компанид болон биднийг оруулсан хүмүүст итгэж байсан ба тухайн үед компанийн сайтууд бүрэн ажиллаж бидний акаунт дээр их хэмжээний хөрөнгө оруулалтын ногдол ашиг 7 хоног болгон тасралтгүй ирсэн, монгол карт гарна гэж итгүүлсэн учир хийсэн. Хэн нэгнийг би энэ сүлжээнд оруулж байгаагүй. Ч.Д- надаас хямд өртгөөр тооцон евро худалдан авч ашигласан шалтгаан нь хүмүүст энэ компанийг сурталчилж гишүүнчлэл үүсгэдэг, түүнд ашиг сайтай учир ашигтай ажиллаж болох юм байна гэж бодсон. Би Дариймааг хүчилж дарамтлаагүй, өөрөө надтай наймаалцах журмаар тохиролцон бүх үйлдлийг хийсэн. Бид энэхүү компанид итгэснээс болж хэцүү байдалтай байгаа, найз нөхдийн харилцаагүй болсон. Би 35 000 000 төгрөгийг төлөх чадамжгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 заасныг баримтлан үндэслэлгүй хөрөнгөжсөн Мянган овогтой Зинамидирийн Даваадэлгэрээс 23 000 000 төгрөг, Боржигин овогтой Арслангийн Батсайханаас 12 000 000 төгрөгийг тус тус гаргуулан, Яж авга овогтой Чигэстэйн Дариймаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 333 000 төгрөгийг орлогод үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч З.Д-ээс 272 950 төгрөг, хариуцагч А.Б-аас 60 050 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч З.Д-, өмгөөлөгчийн хамт давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээ их ашигтай сүлжээний бизнес байна, мөнгийг чинь өсгөөд өгье гэж хэд хэдэн удаа санал тавиад мөнгө шилжүүлэн авсан гэж тайлбар гаргадаг боловч энэхүү тайлбараа шүүхэд баримтаар нотлоогүй, нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж хариуцагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр тухайн мөнгийг хариуцагч нарт шилжүүлэн өгсөн гэх үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэн няцаагдаагүй байхад анхан шатны шүүх зохигчдийн нэг талын гаргасан тайлбарыг нөгөө талын гаргасан тайлбараас илүү үнэн зөв гэж үзэх байдлаар нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх энэ хэрэгт хамааралгүй баримт буюу хариуцагч З.Д-ээс С.Батцэцэгт залилуулсан гэх гомдлыг Хан-уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шалгаж буй талаарх албан бичгийг шууд нотлох баримтаар үнэлж хууран мэхэлсэн нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт тус тус заасантай нийцээгүй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн өөрийнх нь Хаан банкны дансны хуулгаар 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн Хаан банкны 5032190065 тоот дансанд евронд янжинлхам-с хаанаас 150999 Янжинлхам Отгонбаяр гүйлгээний утгаар 10 800 000 төгрөгийн орлого орж ирсэн байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэгч хариуцагчаас гадна өөр хүмүүсээс цахим мөнгө буюу евро худалдан авч, худалдаж байсан болохыг нотолдог. Нөгөөтэйгүүр хариуцагчаас шүүхэд Ч.Д-г сүлжээнд урьж оруулаагүй, нэхэмжлэгч өөрөө маш олон хүнийг урьж оруулж байсан, элсэж орсон хүмүүст зарж ашиг олох зорилгоор надаас хямдаар евро худалдан авч байсан гэж шүүхэд тайлбар гаргадаг бөгөөд өөрийн тайлбар, татгалзлын үндэслэл түүнтэй холбоотой баримтыг нотлох зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нэхэмжлэгчийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хүсэлтийг хангаж хариуцагчид өөрийн татгалзал, тайлбарыг нотлох боломж олгоогүй, хариуцагчийн шүүхэд мэтгэлцэх эрхийг хязгаарласан атлаа хариуцагч нь нотлох баримтаа гаргаагүй, нотлоогүй гэж дүгнэсэн нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ч.Д- нь хариуцагч З.Д-, А.Б- нарт холбогдуулан 35 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч З.Д-ийн ХААН банкин дах 5006326500 дугаартай дансанд 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 5 000 000 төгрөг, 4 000 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 3 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 6 000 000 төгрөг тус тус нэхэмжлэгч Ч.Д-гийн 5032190065 дугаартай данснаас, хариуцагч А.Б-ы ХААН банкин дахь 5006329501 дугаартай дансанд 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 12 000 000 төгрөг нэхэмжлэгч Ч.Д-гийн 5032190065 дугаартай данснаас тус тус шилжсэн, нийт 35 000 000 төгрөгийн гүйлгээ зохигчдын хооронд хийгдсэн үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч тал өөрийн болон нөхрийн дансаар мөнгө хүлээн авсан дээрх үйл баримтын хувьд маргаагүй, харин ...бид харилцан зөвшөөрч цахим мөнгө буюу евро худалдан авалт хийж мөнгө шилжүүлсэн... гэсэн үндэслэл заан маргасан.

 

Зохигчдын хоорондын мөнгө хөрөнгийн гүйлгээ евро худалдан авав , евро, тооцоо нийлэв гэсэн гүйлгээний утгатай хийгдсэн, нэхэмжлэгчийн ...их ашигтай сүлжээний бизнес байна, мөнгийг чинь өсгөөд өгье гэж санал болгосон... гэсэн тайлбар, хариуцагчийн ...тухайн мөнгөөр нь евро авч, Ч.Даариймаагийн аккаунт руу цахим мөнгийг дотоод гүйлгээгээр шилжүүлсэн , ...энэ компанийн данс байгаагүй өөрсдийн аккаунт дээр харагдаж буй мөнгөөр л бүх хүмүүсээ гишүүнчлэлд нэгтгэн оруулж байсан... гэх зэргээр тайлбар гаргаснаас үзэхэд зохигчдын хооронд цахим мөнгөний арилжаа хийх эрх олгогдсон гэж үзэх боломжгүй байна.

Мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх үйл ажиллагаа нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.9-д зааснаар Монголбанкны зөвшөөрлөөр хийгдэх үйл ажиллагаа бөгөөд тухайн үйл ажиллагааг эрхлэхэд хуулиар тогтоосон шаардлагууд тавигддаг болохыг уг хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг.

 

Гэтэлд хариуцагч нь цахим мөнгө худалдах эрхтэй этгээд биш байх тул талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Ийм учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх тул З.Д-ээс 23 000 000 төгрөг, А.Б-аас 12 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Д- нь буцаан шаардах эрхтэй гэсэн шүүхийн дүгнэлт зөв болно.

Нэхэмжлэгчийн бусдаас евро нэртэй цахим мөнгө худалдан авч, худалдаж байсан эсэх нь хүчин төгөлдөр хэлцэл биш тул уг хэлцлийг хийсэн эсэх нь энэ хэрэгт ач холбогдолгүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгыг шүүхийн журмаар гаргуулах тухай хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхисон нь буруу биш байна.

Харин анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн тухай маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд буруу байсныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж байгаа бөгөөд харин давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч болон хариуцагч А.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Д-, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/00639 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 59 дүгээр зүйлийн 59.1 гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 333 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ