Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00860

 

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00860

 

 

 

Ү.Т-гийн  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2021/00799 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ү.Т-гийн нэхэмжлэлтэй, Ц.Ц-т холбогдох

Тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ү.Т-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү.Т- миний бие 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Landrover маркийн Range Rover загварын хар өнгөтэй 0004 УНӨ улсын дугаартай автомашиныг хууль ёсоор эзэмшдэг. Гэтэл уг автомашиныг Д.Болд гэдэг хүн зээлийн барьцаанд Ц.Ц-ын бодит эзэмшилд миний зөвшөөрөлгүйгээр шилжүүлсэн байна. Уг автомашины хууль ёсны өмчлөгч гэдгээ хавтаст хэрэгт нотлох баримтаар Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа болон тухайн үед эзэмшигч хэрхэн шилжсэн талаарх баримтыг хавсаргасан. Мөн фидуцийн гэрээг нотлох баримтаар хэргийн материалд хавсаргасан. Уг фидуцийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан. Гэтэл автомашины хууль бус эзэмшигч болох хариуцагчаас хуульд заасан үндэслэл бүхий ямар нэгэн нотлох баримтыг хэргийн материалд хавсаргаагүй. Хариуцагч талын шүүхэд гаргасан мэдүүлэг, тайлбар зөрүүтэй байдаг. 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ц.Ц- маргаан бүхий автомашиныг өөрийн эзэмшилдээ авсан гэдэг нь худал юм. Магадгүй хариуцагч Ц.Ц-ын хувьд эрх ашиг нь хохирсон зүйл байгаа бол тухайн асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой. Ц.Ц- надад хэлэхдээ би шүүхэд гомдол гаргахгүй, яагаад гэвэл Хасуу цамхаг ХХК-иас хангалтай зүйл авсан гэж надад хэлж байсан. Би араас нь дагаж байгаад ажлын газрыг нь олж уулзахад Д.Болд бид хоёр гэр бүлийн найзууд, би Д.Болдоос олон удаа тусламж авч байсан. Би найзтайгаа холбоотой асуудлаар хэзээ ч шүүхэд хандахгүй. Гэхдээ бидний хооронд хэдэн төгрөгийн төлбөрийн асуудал байдаг. Чи харин шүүхэд хандаад авбал авахгүй юу гэж хэлж байсан. Иймд хариуцагч Ц.Ц-ын хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгслийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ц.Ц- нь уг тээврийн хэрэгслийг хууль бусаар эзэмшээгүй. Учир нь маргаан бүхий автомшин болох 0004 УНӨ улсын дугаартай Range rover маркийн автомашин нь анх Ч.Батсайхан гэх хүний өмчлөлд байсан. Ч.Батсайхан нь Могул скай ХХК-иас Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Могул таун хотхон 2с байрны 204 тоот орон сууцыг захиалан бариулахаар захиалгын гэрээг 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан. Захиалгын гэрээний төлбөрт уг маргаан бүхий машиныг шилжүүлсэн. Ийнхүү Могул скай ХХК автомашины өмчлөгч болсон бөгөөд Ц.Ц- нь Могул скай ХХК-иас уг автомашиныг худалдан авсан бөгөөд өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа болно. Энэ үйл баримт нь Ч.Батсайхан болон Могул скай ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр, тооцоо нийлсэн акт, талуудын байгуулсан гэрээ зэргээр нотлогддог. Ц.Ц- нь 2008 оноос эхлэн Могул скай ХХК-д мөнгө зээлддэг байсан. 2011 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээгээр Могул скай ХХК нь Ц.Ц-аас 88 000 ам.долларыг 18 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Ц.Ц- нь үндсэн зээл болон зээлийн хүүг Могул скай ХХК-иас нэхэмжилсэн боловч зээлийн хүүг төлөөгүй. Харин Могул скай ХХК-иас зээлийн төлбөрт 0004УНҮ улсын дугаартай range rover автомашиныг тооцож шилжүүлэх саналыг гаргасан. Тухайн саналыг Ц.Ц- хүлээн авч талуудын хооронд автомашиныг төлбөрт тооцож авах харилцаа үүссэн. Ц.Ц- нь 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэл өөрийн бодит эзэмшилд машиныг байлгаж байгаа бөгөөд уг автомашины өмчлөгч нь мөн. Энэ үйл баримт нь Н.Дэлгэрсайхан болон Д.Болд нарын гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Ц.Ц-ын зүгээс уг автомашины өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг удаа дараа шаардаж байсан. Гэвч Могул скай ХХК-иас ямар ч асуудалгүйгээр өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгнө гэсэн хариуг өгсөн боловч өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй. Талуудын хооронд тохиролцсон 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тохиролцоог 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр бичгээр баталгаажуулж тооцоо нийлсэн актыг үйлдсэн. Тус тооцоо нийлсэн актаар Могул скай ХХК-иас Ц.Ц-т төлөх 125 372 ам.долларын үнийн дүнд 0004УНҮ улсын дугаартай range rover маркийн автомашиныг тооцож шилжүүлж авсан талаар талууд харилцан тохиролцож гарын үсэг зурсан байдаг. Тиймээс Ц.Ц- нь маргаан бүхий автомашиныг өөрийн эзэмшилдээ шилжүүлэхдээ 125 372 ам.долларыг өнөөдрийн Монгол банкны ханшаар шилжүүлэн авахад 357 234 752 төгрөгт тооцож авсан гэдгийг нотлох үйл баримт байдаг. Энэ баримт нь ямар нэгэн хуурамч нотлох баримт биш, тиймээс Ү.Т-гийн Ц.Ц-ыг Могул скай ХХК болон ах, дүү танил талаа ашиглан уг автомашиныг авах гэж байна гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд маргаан бүхий автомашины өмчлөгч нь Ц.Ц- мөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан 0004 УНӨ улсын дугаартай, SALLMAMH4BA357501 арлын дугаартай, Landrover маркийн Range rover моделтай, хар өнгийн автомашиныг хариуцагч Ц.Ц-ын хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Ү.Т-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ц-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ү.Т-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2020/15556 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар авсан арга хэмжээ нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "...зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Ү.Т- гаргасан боловч фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах агуулга бүхий шаардлага гаргаагүй байна" гэж дүгнэсэн. Шүүхийн дүгнэлтээс үзэхэд фидуцийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Гэвч тус иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь "тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай" байтал шүүх дүгнэлт хэсэгтээ зөвхөн фидуцийн гэрээ болон "Хасуу цамхаг" ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа зэргийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Хасуу Цамхаг ХХК болон Ү.Т- нарын хоорондын фидуцийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар дүгнэн, тус гэрээг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Хариуцагч талын зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчээс фидуцийн гэрээний 2, 4-т заасны дагуу нэхэмжлэгч нь өөрөө эд хөрөнгийг ашиглахыг зөвшөөрсөн, мөн эд хөрөнгийг хэний эзэмшилд үлдээх эсэх талаар харилцан тохиролцсон зүйл байгаа эсэхийг тодруулахад тохиролцсон зүйл байхгүй болохыг нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн асуултын шатанд тайлбарласан байдаг. Гэвч шүүхээс дээрх нөхцөл байдлыг тодорхой болгоогүй. Хариуцагч талын дээрх гэрээний 2 болон 4 дүгээр зүйлд заасан нөхцөлийг нотлох баримт шинжлэн судлах шат дээр шинжлэн судлуулсаар байтал нотлох баримтын хүрээнд авч дүгнэлгүй зөвхөн фидуцийн гэрээний 1 дүгээр зүйлд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх гэрч Д.Болдын мэдүүлгийг нотлох баримтаар шинжлэн судалсаар байхад үнэлэлгүй, хариуцагчийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйгээс тухайн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

Нэхэмжлэгч Ү.Т- нь хариуцагч Ц.Ц-т холбогдуулан 0004 УНӨ улсын дугаартай, SALLMAMH4BA357501 арлын дугаартай, Landrover маркийн Range rover моделтай, хар өнгийн автомашиныг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардлага гаргах өмчлөгч нь мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхийг хэнээс хамааралгүйгээр ямар нэгэн хууль болон гэрээний хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх этгээд байх учиртай.

Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар нэхэмжлэгч Ү.Т- нь автомашины эзэмшигчээр бүртгэгдсэн байх боловч тэрээр Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар фидуцийн гэрээний дагуу хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авсан байна.

Фидуци нь мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой, энэ зорилгоор хөдлөх хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, хэрэв үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүрэг хүлээх талаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт тодорхойлжээ. Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар фидуци дуусгавар болохыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан байна. Гэрээний дагуу эд хөрөнгийг биет байдлаар хүлээлгэн өгөх үүргийг гэрээний үүрэг гүйцэтгэгч тал хариуцна.

 

Хариуцагч Ц.Ц- нь фидуцийн гэрээний тал биш байх тул нэхэмжлэгчийн өмнө эд хөрөнгийг шилжүүлж өгөх үүрэгтэй этгээд биш байна. Нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг жинхэнэ өмчлөгчөөс авч, өмчлөгч болсон гэх баримт үгүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан хууль бус эзэмшигчээс хөрөнгөө шаардах эрхтэй өмчлөгч биш байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/00120 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 790 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2017/00848 дугаартай тогтоолоор Хасуу цамхаг ХХК-аас 158 550 000 төгрөгийг гаргуулж, Ү.Т-д олгохоор шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон, байх боловч уг мөнгөн хөрөнгийг фидуцийн зүйл болох эд хөрөнгөөр тооцож үүргийг дуусгавар болгох талаар ямар нэгэн шүүхийн шийдвэр гараагүй.

 

Зээлийн гэрээний үүргийг хангах фидуцийн зүйл болох автомашиныг шилжүүлэх үүргийг хүлээсэн этгээд хэн болох, нэхэмжлэгч нь маргаж байгаа автомашиныг биетээр шилжүүлэх үүргийг гэрээний дагуу нөгөө талаас шаардах эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг тодруулсны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.

 

Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн алдааг залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2021/00799 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ