Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00898

 

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00898

 

 

 

Э.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 182Ш2021/00527 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.Э-ийн нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох

Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг, 136 дугаар байрны 09 тоот хаягт байрлах, 69.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийнн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Э- өөрийн охин Э.Цэлмүүний хамт МИК ОССК ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Э.Э- Дорноговь аймаг, Замын-Үүд, нэгдүгээр баг, 8 дугаар хэсэг, 136 дугаар байр, 09 тоот хаягт байршилтай, 69.5 м.кв орон сууцыг МИК ОССК ХХК-аас 40 500 000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон. Гэрээ байгуулах үед уг үл хөдлөх эд хөрөнгө нь МИК актив нэг ТЗК ХХК-ийн өмчлөх эрхтэй хөрөнгө байсан ба 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 19/19 дугаартай төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор тус хөрөнгийг худалдан борлуулах эрхийг МИК ОССК ХХК-д олгосон байдаг.

Э.Э-, Э.Цэлмүүн нар орон сууцны үнийг бүрэн төлж тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Орон сууцыг худалдан авахдаа МИК ОССК ХХК болон МИК Актив нэг ТЗК ХХК-с улсын бүртгэлийн лавлагаа гаргуулж, хөрөнгийн эрхийг шалгахад ямар нэг барьцааны эрх бүртгэлгүй, МИК актив нэг ТЗК ХХК-н өмчлөх эрхтэй байсан болно. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр уг орон сууцыг төлбөр төлөгч АССЭ ХХК-д холбогдох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөрт тооцон албадан дуудлага худалдаанд 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад оруулах болсныг мэдэгдсэн. Учир нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5859 дугаартай захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нарын өмчлөлийн орон сууцыг битүүмжилж, хураан авч ийнхүү албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон байжээ. Улмаар анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан боловч зарагдаагүй. Иймд орон сууцыг төлбөр авагчид санал болгох ажиллагааг явуулах гэж байна. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш учир орон сууцыг битүүмжлэх тогтоолын хуулбар байхгүй, шийдвэр гүйцэтгэгчээс авах боломжгүй байна.

Иймд төлбөр төлөгч АССЭ ХХК-д холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн жагсаалтаас Э.Э-, Э.Цэлмүүн нарын өмчлөх эрхтэй Ү-0714002382 улсын бүртгэлийн дугаартай, Дорноговь аймаг, Замын-Үүд, нэгдүгээр баг, 8 дугаар хэсэг, 136 дугаар байр, 09 тоот хаягт байршилтай, 69.5 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг хасч өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5859 дугаартай захирамжаар АССЭ ХХК 752 502 630 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд орон сууцыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар зохигчид эвлэрсэн. Манай байгууллагаас Дорноговь аймгийн улсын бүртгэлийн хэлтэст 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар албан бичгээр дээрх орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгээр Төрийн банкинд 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр барьцаат зээлийн гэрээгээр үүрэг оногдуулсан тул захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж хариу ирүүлсэн. Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгч АССЭ ХХ-ийн гүйцэтгэх захирал В.Ганзоригт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Дорноговь аймаг Замын-Үүд сум, Нэгдүгээр баг 7-р хэсэг 136 дугаар байрны 01, 05, 09, 10, 18, 21, 23, 24, 27, 28 тоот хаягт байрлах, 10 ширхэг орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор барьцаалан хурааж, талуудаас санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж, зах зээлийн үнэлгээг Сэлэнгэ-Эстимэйт ХХК-аар үнэлүүлэхэд 10 орон сууцыг 520 028 460 төгрөгөөр үнэлсэн тухай тайлан, мэдэгдлийг албан бичгээр талуудад мэдэгдсэн Дээрх хөрөнгүүдийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан. Төрийн банкны үүргийн гүйцэтгэлд 2012 онд барьцаалбар бүртгэгдсэн, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шүүгчийн захирамж 2014 онд гарсны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримтлан НШШГГ-т холбогдох Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг, 136 дугаар байрны 09 тоот хаягт байрлах, 69.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Э.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 сарын 13-ны өдрийн 181/ШЗ2020/13214 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дүгээр зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Э.Э-ийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэрхэн олж авсан талаарх баримтыг тал бүрээс нь бодитойгоор, ач холбогдолтой талаас нь бүрэн үнэлээгүй. Иргэн Э.Э- өөрийн охин Э.Цэлмүүний хамтаар "МИК актив нэг ТЗК" ХХК-с эрх олгосноор "МИК ОССК" ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр эрхийн улсын бүртгэлийн Ү-0714002382 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан. Дорноговь аймгийн бүртгэлийн хэлтсийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 691 дугаар албан бичигт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ... 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 115 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр Э.Э-, Э.Цэлмүүн нарын өмчлөлд тус тус бүртгэсэн. Өнөөдрийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгөд үүрэг ногдуулсан тухай хэлцэл бүртгэгдээгүй мөн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн болон уг эд хөрөнгийг битүүмжилсэн тухай бүртгэл бүртгэгдээгүй гэсэн хариуг ирүүлсэн байна. Иймд иргэн Э.Э-, Э.Цэлмүүн нарын өмчлөлийн орон сууцанд аливаа барьцааны эрх бүртгэгдээгүй ба энэхүү эрх шилжиж ирсэн гэх үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр хариуцагч эрхийн улсын бүртгэлийн Ү-0714001871 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг дурдсан байх боловч уг үл хөдлөх хөрөнгө нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж буй нэхэмжлэгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0714002382 дугаартай орон сууцад ямар хамааралтай болох талаар тайлбар гаргаж, нотлох баримтаар нотлоогүй юм. Гэвч шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал нотлогдоогүй байхад Эрхийн улсын бүртгэлийн Ү-0714001871 дугаарт бүртгэгдсэн, 808,8 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн... дотор нь нэхэмжлэгч Э.Э-, иргэн Э.Цэлмүүн нарын өмчлөх эрхтэй болсон 09 тоотын орон сууц багтсан нь хэргийн оролцогчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдсон хэмээн дүгнэж хэргийг хянан шийдвэрлэсэн. ... Тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 527 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 6 дахь нүүрний 3-6 дахь догол мөрт Даргалагчаас нэхэмжлэгч, хариуцагч талд ярьсан зүйлтэй нь холбоотойгоор нөгөө талаас асуух асуулт байна уу, Асуулт байхгүй хэмээн асуулт байгаа эсэхийг асуусан мэтээр бодит байдалд нийцэхгүй агуулга тусгагдсан байсан.... Нэхэмжлэгч тал шүүх хуралдааны тэмдэглэл гарсан даруйд нь танилцах хүсэлтээ 3 дугаар сарын 03-ны өдөр шүүгчийн туслахад мэдэгдсэн ... 3 дугаар сарын 15-ны өдөр асуухад гарсан гэсэн тул даруй ирж танилцсан. Энэ талаар тайлбарлаж тэмдэглэлд өөрчлөлт оруулах хугацаа сэргээлгэх хүсэлтээ утсаар ярьсан дуудлагын түүхийн хамт хавсаргаж шүүхэд өгөх гэсэн боловч хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдгээ амаар тайлбарласан. Иймд бид 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны бичлэг болон утасны дуудлагын түүхийг энэхүү давж заалдах гомдолд хавсаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Э.Э- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-0714002382 дугаарт бүртгэгдсэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг, 136 дугаар байрны 09 тоот хаягт байрлах, 69.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

 

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэйн зэрэгцээ мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг холбогдох байгууллагуудаас гаргуулах хүсэлт гаргах эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Н.Энхчимэг, Э.Цэлмүүн нарын өмчлөлийн Ү-0714002382 улсын бүртгэлийн дугаартай болон АССЭ ХХК-ийн өмчлөлийн Ү-0714001871 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн хувийн хэргийг бүхэлд нь Дорноговь аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүгч 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШЗ2021/002126 дугаар захирамжаар...өөрөө олж авах боломжгүй гэх үндэслэл болохгүй... гэсэн дүгнэлт хийж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн шүүхэд хүсэлт гаргаж нотлох баримт бүрдүүлэх эрхийг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасыг тус тус зөрчсөн байна. / хх-ийн 150 /

 

Маргаж байгаа орон сууцны талаар Дорноговь аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс иргэн Э.Э-т 2020 онд эрхийн улсын бүртгэлийн Ү-0714002382 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд үүрэг ногдуулсан тухай хэлцэл бүртгэгдээгүй... гэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2016 онд ...Ү-0714001871 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд барьцаат зээлийн гэрээ бүртгэгдсэн ... гэх зэргээр өөр өөр хариуг өгсөн байна.

 

Нэхэмжлэгч нарын өчмлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0714002382 дугаартай орон сууц нь АССЭ ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0714001871 дугаартай, 808.8 м.кв талбай бүхий барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгөнд багтаж байгаа эсэх, тэдний өмчлөх эрх Ү-0714001871 дугаартай улсын бүртгэлээс салгаж бүртгэл хийгдсэн эсэх, ийнхүү салгаж бүртгэхдээ барьцаалагч Төрийн банкнаас зөвшөөрөл авсан эсэх асуудлаар дүгнэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан дээрх хүсэлт нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэснээс давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 182Ш2021/00527 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ