Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 272

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч: Ш.Баярбилэг /томилолтоор/,

Нарийн бичгийн дарга: Н.Номинчимэг,

Шүүгдэгч: Н.Э, түүний өмгөөлөгч Б.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Эд холбогдох эрүүгийн 201701000041 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Э.

 

Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Яллагдагч Н.Э нь 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны
09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг
дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын авто зогсоолд өөрийн
эзэмшлийн 86-88 УНЛ улсын дугаартай “Форше” маркийн тээврийн хэрэгсэл дотор
Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай
конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын
агууламжтай 0,1 грамм “шавар” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг
худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ: Ийм хэрэгт холбогдсондоо би гэмшиж байна. Би Оросуудтай машин дотроо тамхи татсан нь миний буруу. Гэмшиж байна. Харин машин дотор тамхи хадгалсныг би мэдээгүй. Надад тийм зүйл байхгүй. Гэхдээ энэ талаар намайг буруутгаж байгаа бол би буруугаа хүлээж байна. Яг үнэндээ би машинд тийм зүйл байсныг мэдэхгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Гэхдээ намайг буруутай гэж байгаа бол би буруугаа хүлээж байна гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 10-12/, цүнхэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 14-15/, хүний биед үзлэг хийх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 16-19/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1хх-ийн 30-31/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 34/, гэрч Г.Бумцэрэн /1хх-ийн 35/, Э.Од /1хх-ийн 36/, З.Заяахүү /1хх-ийн 37/, Б.Янжиндулам /1хх-ийн 234-238/, Б.Мөнхжаргал /1хх-ийн 239-240/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8284 дугаартай дүгнэлт /1хх-ийн 41-43/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 957 дугаартай дүгнэлт /1хх-ийн 63-64/, шинжээч Д.Золзаяагийн мэдүүлэг /1хх-ийн 74/, Н.Эийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 114-122, 225-228/, Н.Эийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 138-155/, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 10/1-1-537 дугаартай албан бичиг /1хх-ийн 159-161/, мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 232-233/, Зэрлэг олсны ургамлын тархацын талаарх материал /1хх-ийн 245-246/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд, ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Н.Э нь 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны
09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт
байрлах “Улаанбаатар” их дэлгүүрийн зүүн талын авто зогсоолд өөрийн
эзэмшлийн 8688 УНЛ дугаартай “Форше” маркийн тээврийн хэрэгсэл дотор
Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай
конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9” тетрагидроканнабинолын
агууламжтай 0,1 грамм “шавар” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг
худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8284 дугаартай дүгнэлтэд /1хх-ийн 41-43/: “…1.2.3.4 Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Шавар мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цаасанд боодолтой бор хүрэн өнгийн шавар мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. “Э” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-ын агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. “2 давхар мөнгөлөг цаас” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 2 ширхэг мөнгөлөг цааснаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрэхгүй байна” гэснээр,

 

Шинжээч Д.Золзаяагийн /1хх-ийн 74/: “... Хүний шээсэнд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн тохиолдолд хэдэн цаг хадгалагдах ёстой гэсэн тодорхой заасан хугацаа байхгүй. Тухайн хүний идэж, уусан зүйл, унтаж амарч байгаа, бие организмын онцлог, биеийн эсэргүүцэл зэргээс шалтгаалан харилцан адилгүй байх боломжтой. … Бодисыг шинжлэхдээ хроматографи масс спектрометр багаж ашиглан явуулдаг учир илүү өндөр нарийвчлалтай үр дүн гарч “Дельта-9 тетрагидроканнабинол” илэрлээ гэж бичигддэг. Харин шээсэнд шинжилгээ хийхдээ чанарын аргаар шинжилдэг тул зөвхөн “тетрагидроканнабинол” гэж бичдэг. Гэсэн ч “Дельта-9 тетрагидроканнабинол” болон “тетрагидроканнабинол” нь ижил төрлийн бодисууд юм …” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Бумцэрэнгийн /1хх-ийн 35/: “... Од, Э 2 “Плихановын” сургуульд хамт сурч байсан болохоор хажуу талын ширээн дээр ганц 2 Орос хүн харагдсан шиг санагдаж байна. Гэхдээ хурим эхлэхэд ойр хавьд Орос хүмүүс харагдаагүй боловч нилээн сүүлээр хажуу ширээнд 2 Орос ирээд суучихсан байсан. Хэд хэдэн удаа хамт гарч тамхи татсан. Надтай хамт гарч тамхи татах үед Э өөр хүмүүстэй тааралдаагүй. Харин надаас тусдаа ганцаараа гарахдаа хэнтэй тааралдаж юу болсныг мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Одын /1хх-ийн 36/: “... Би энэ жил буюу 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр эхнэр Даваажаргалтайгаа гэр бүлээ батлуулж, Чингис зочид буудлын 2 давхрын “Хаан заал” нэртэй ресторанд хуримаа хийсэн. Хуримандаа 2 талын ах дүү, хамаатан садан, найз нөхдүүд гээд урьдчилсан тооцоогоор 280-аад урилга тараасан бөгөөд хуримын үйл ажиллагаад 240 орчим зочид хүрэлцэн ирсэн. Бидний урилга явуулсан зочид дунд гадаад хүн байгаагүй. Хуримын үйл ажиллагаа дуусах дөхөөд найр задгайрсан байхад 10 жилд сурч байхдаа танилцаж байсан “Жуковт” амьдардаг байсан Орос 2 залуу ороод ирчихсэн надад баяр хүргэж байсан. Би тэр 2-т урилга өгөөгүй боловч Чингис зочид буудалд тухайн өдөр олон хурим найр болж байсан болохоор намайг хуримаа хийж байхыг хараад орж ирсэн юм шиг байна лээ. Жоохон сууж байгаад гараад явсан байсан. Багадаа Стар, Саша гэж дууддаг байсан 2 залуу байсан. Одоо хэн гэж дууддаг, хаана ямар ажил төрөл эрхэлж амьдарч байгаа талаар мэдэхгүй. Би хуримаа өөрөө зохион байгуулсан. Тэр 2 хүн ирчихсэн байсан болохоор асууж, тухтай ярилцах завдал гараагүй ...” гэх мэдүүлэг болон Н.Эийн унаж явсан 8688 УНЛ дугаартай “Форше” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 10-12/, Н.Эийн биед үзлэг хийх тухай тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 16-19/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 34/, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай Мөрдөн байцаагчийн даалгавар, мөрдөн байцаагчийн тэмдэглэл /1хх-ийн 156-157/, Эрүүгийн цагдаагийн албаны Гүйцэтгэх ажлын хэлтсийн 3 дугаар тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 10/1-1-537 дугаартай албан бичиг /1хх-ийн 159-161/ зэрэг нотлох баримтуудаар мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн шээснээс илэрсэн болон тээврийн хэрэгсэл дотороос хураагдсан бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн  2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис мөн болохыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээч тогтоосон, шүүгдэгч дээрх хориглосон бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хэрэглэж, тээврийн хэрэгсэл дотороо хадгалж байсныг дээрх нотлох баримтууд нотолсон байна. Ийм учраас шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Хувь хүний хувьд сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд шүүгдэгч Н.Э зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл дотор сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар байлгасан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Ийнхүү дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хөдөлбөргүй тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн зохицуулалтын хүрээнд шүүгдэгч Н.Эд холбогдох хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд Н.Эд сэтгэцэд нөлөөлөт бодисыг өгсөн гэх “Саша, Стар” гэгч этгээдүүдийг олж тогтоон, энэ хэрэгт холбогдуулан шалгах нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд онц ач холбогдолгүйгээс гадна дээрх этгээдүүд Н.Эийн тээврийн хэрэгсэл дотор “шавар” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг “орхиж явсан байж магадгүй” гэсэн сэжиг, таамаглалд хөтлөгдөн уг асуудлыг шалгах шаардлагагүй. Үүнээс гадна шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн” асуудлаар маргаагүй бөгөөд шүүхээс “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” зохицуулалтыг хэрэглэхийг хүссэнийг тэмдэглэж байна. 

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Н.Эийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол үгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 давхар мөнгөлөг өнгийн тугалган цаас, цаасанд боосон бор өнгийн 0,05 грамм жинтэй “шавар” гэх мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис (анх хураан авахад 0,1 грамм байсан нь шинжилгээнд өгөхөд 0,05 грамм нь хорогдсон) зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн “Форше” маркийн 8688 УБЛ дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                                                                                     

            1. Шүүгдэгч Харз овогт Нансанжавын Эийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эийг хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э 55 /тавин тав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Н.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 давхар мөнгөлөг өнгийн тугалган цаас, цаасанд боосон бор өнгийн 0,05 грамм жинтэй “шавар” гэх сэтгэцэт нөлөөт бодис зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасныг баримтлан “Форше” маркийн 8688 УБЛ дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ