Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 760

 

Г.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ж.Бат-Эрдэнэ,

Хохирогч Ц.С, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн,

Шүүгдэгч Г.Нын өмгөөлөгч П.Баасанжав,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 750 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 22 дугаартай эсэргүүцлээр Г.Нод холбогдох эрүүгийн 201625022079 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Н нь 2015 оны 7 дугаар сард хохирогч Ц.Сд “төмрийн баяжмал худалдан авах Хятад хүн олоод өгвөл зарсан төмрийн баяжмалын 1 тонн тутмаас 1.5 ам.долларыг өгнө” хэмээн хуурамч мэдээллээр төөрөгдөлд оруулж, 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх” гэрээг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Замын цагдаагийн газрын ойролцоо байрлах “Бигом Чойр” ХХК-ийн оффист байгуулан удаа дараагийн үйлдлээр нийт 114.177.136 төгрөгийг итгэл эвдэн, хуурч мэхлэх аргаар залилан авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав шүүхэд гаргасан хүсэлтдээ “...Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр буюу хэрэгт нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаагүй, мөрдөн байцаалт нэг талыг барьж явуулсан, Г.Нын эрх ашиг ноцтойгоор зөрчигдсөн. Энэ үндэслэл нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. С.Эрхэмбаяр “...Г.Нтой хэрэлдэж муудалцаад гарсан гэсэн ба Г.Н Ц.С эгчээс байнга мөнгө авч байсан, Ц.С эгч хохирсон гэж бодож байна. ...” /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/ гэж өөрт огт хамааралгүй асуудал мэтээр мэдүүлжээ. Гэтэл С.Эрхэмбаяр хохирогч Ц.Сгийн дүү Отгонбаатартай хамт БНХАУ-д очиж хүдэр авах компанитай уулзаж гэрээ байгуулсан, мөн хохирогч Ц.С зуучлалын гэрээг тухайн үед компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Эрхэмбаяртай байгуулсан байна. Мөн Ц.Сгийн гаргаж өгсөн хохирлын тооцоо /хавтаст хэргийн 28 дугаар хуудас, хүснэгтийн 38 дугаар мөр/ хохирогчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 148 дугаар хуудас/, С.Эрхэмбаяр БНХАУ-д очсон байхдаа Мандуул гэх хүнээс 24.000 юань буюу 8.800.000 төгрөг авсан талаар мэдүүлжээ. Үүнээс үзэхэд хүдэр ачих ажлыг гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Эрхэмбаяр хариуцан ажиллаж байсан нь нотлогдож байна. С.Эрхэмбаяр нь Г.Наранбаярт мэдэгдэхгүйгээр Ц.С, Мандуул нараас мөнгө авсан, мөн “Тахь хавтаг” ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн дагуу ачуулах ёстой хүдрийг дур мэдэн Өвөр Монголын “Хуа Жөн” компанид зарахаар гэрээ байгуулж, урьдчилан 30.000.000 төгрөгийг хувийнхаа дансаар авсан байсан зэрэг шалтгаанаар ажлаас халсан. Энэ гэрээ хэргийн 23 дугаар хуудсанд авагдсан байдаг. С.Эрхэмбаярын Өвөр Монголын “Хуа Жөн” компаниас авсан мөнгөнөөс 10.000.000 төгрөгийг Г.Наранбаяр компаниасаа төлсөн баримт байдаг. Иймд түүнээс гэрээг хэрхэн байгууласан, авсан мөнгөө юунд зарцуулсан болохыг тодруулж байцаах шаардлагатай. Хэрэв компаний ажилд зарцуулсан бол санхүүгийн баримтыг авч ирж тооцоо хийсэн байх ёстой. Г.Н нь Ц.Сг залилсан гэх үйлдлийг нотлуулахын тулд түүнтэй хувийн харилцааны талаар маргаантай хүмүүсийг байцааж, Г.Нын хувийн байдлыг залилагч, үл бүтэх этгээд гэж нотлох байдлаар нотлох баримтуудыг цуглуулсан. Энэ нь дээр дурьдсан С.Эрхэмбаярын мэдүүлэг болон Ц.Отгонбаатарын “...Эрхэмээ болон хамт ажилладаг хүмүүсээс асуухаар сүүлийн үед шүүх, цагдаагаар явдаг болсон гэж хэлсэн...” /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна. Тухайн үед компаний хувьдаа эзэмшигч нарын хооронд маргаантай асуудлууд гарч, энэ нь хуулийн байгууллагаар шалгагдаж, маргаан шийдвэрлэгдсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн маргаан шийдвэрлэгдэж, одоо компанийн дийлэнх хувьцааг Г.Н эзэмшиж үйл ажиллагаагаа сэргээн явуулж эхэлж байна. “Тахь хавтаг” ХХК, “Er lian tian lei yi xian gong si” компаний хооронд 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүдэр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба энэ гэрээний дагуу “Тахь хавтаг” ХХК нь  “Бигом чойр” ХХК-иас хүдэр худалдаж авахаар болсон. Энэ гэрээний дагуу компаниас 5 вагон буюу 320.750 тонн хүдэр ачуулсан боловч энэ хүдрийн мөнгө төлөгдөөгүй байгаа. Энэ гэрээ болон гэрээний дагуу ачуулсан хүдрийн талаарх баримтууд хэрэгт авагдаагүй байдаг. Г.Н хохирогч Ц.Сгаас мөнгө авсан хоорондын тооцоо байгааг хүлээн зөвшөөрдөг. Энэ талаараа ч тооцоо нийлсэн баримт дээр бичиж өгсөн. Гэтэл Г.Ноос хохирогч Ц.Сд мөнгө шилжүүлсэн баримт тооцоог гаргуулж аваагүй, зөвхөн хохирогчийн гаргаж өгсөн баримтуудаар хохирлыг тооцож байгаа нь мөрдөн байцаалт нэг талыг барьж явуулсан гэж үзэх үндэслэл болж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасны дагуу хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг гаргаж байна.” гэжээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж, өмгөөлөгч П.Баасанжавын хүсэлтэд дурдсан асуудлуудыг мөрдөн байцаалтад шалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Иймд дээр дурдсан асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Г.Нод холбогдох эрүүгийн хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Бат-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн дээрх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д заасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх тухай хүсэлт гэж ойлгох боловч яг ямар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх талаар нэгтгэн дүгнэвэл гэрч Г.Эрхэмбаяр 30.000.000 төгрөг авсан, түүнийг юунд зарцуулсан болохыг асуух, тэрээр уг хэрэгт хамааралтай эсэхийг шалгах. Яллагдагч Г.Нын хувийн байдлыг шалгуулах, түүнийг гэрээний дагуу ажиллаж байсан болохыг тогтоогоогүй. Хохирлын тооцоог бодитой гаргаагүй гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү гэсэн хүсэлт гаргажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд дээрх үндэслэлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоосон нь дараах нотлох баримтуудаар нотлогддог. Үүнд: Гэрч Г.Эрхэмбаяр 30.000.000 төгрөг авсан. Түүнийг юунд зарцуулсан болохыг асуух, тэрээр уг хэрэгт хамааралтай эсэхийг шалгах талаар: хохирогч Ц.Сгийн “...Наранбаяртай хамтарч ажилладаг Эрхэмбаяр надтай тааралдахдаа Наранболд таниас эхэлж авсан 30.000.000 гаруй төгрөгийг аваад утсаа салгаад алга болчихсон гэж хэлсэн. Солонго гэх эмэгтэй “Бигом Чойр” ХХК-д 1 сарын хугацаанд нягтлангаар ажиллаж байхдаа таны өгсөн мөнгийг Наранболд зарцуулах зүйлдээ зарцуулсан гэж бодож байна уу гэж хэлж байсан. ...Урандарь гэх эмэгтэй бас тэдний компанид ажиллаж байгаад гарсан гэх. ...” /хавтаст хэргийн 157 дугаар хуудас/, гэрч Наранмандулын “...2015 оны 7 дугаар сард би Г.Нын компаниас төмрийн баяжмал худалдан авахаар тохиролцон гэрээ байгуулахаар болсон бөгөөд уг гэрээг 2015 оны 7 дугаар сард Эрээн хотод Эрхэмбаяр гэдэг хүн ирж Наранболдын өмнөөс гэрээ байгуулж байсан. Уг гэрээнд манай тал ямар нэгэн урьдчилгаа өгөхгүй гэж тохирсон. ...Г.Нын компаниас нийт 2 удаа төмрийн баяжмал явуулж байсан бөгөөд хамгийн анх 2015 оны 10 дугаар сард 10 вагон буюу 670-680 орчим тонн, 2 дахь удаа ойролцоогоор 750 тонн буюу 12 вагон төмрийн баяжмал, хамгийн сүүлд 5 вагон буюу 300 гаруй тонн зэргийг тус тус шилжүүлсэн бөгөөд эхлээд 140.000 юань, 2 дахь удаа 150.000 юанийг тус тус Г.Нын компаний данс руу шилжүүлсэн. ...” /хавтаст хэргийн 110 дугаар хуудас/, гэрч С.Эрхэмбаярын “...Г.Н нь өөрөө Бигом ХХК-д ажиллах санал тавьсан. 2015 оны 3 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад цалин мөнгө өгөхгүй болохоор ажлаасаа гарсан. ...2015 оны зун Соёлмаагийн дүү Отгонбаатар Соёлмаа эгчийг бид хоёр дээр авч ирж танилцуулсан. Тухайн үед Отгонбаатар, Соёлмаа нар Бигом ХХК-ний боловсруулсан төмрийн баяжмалыг Хятад талын хүмүүст зарж өгөх ажлыг зуучилж, зарсан төмрийн хүдрийн 1 тонн дутмаас 1 ам.долларын урамшуулал авахаар тохиролцсон. ...Удалгүй Отгонбаатар бид хоёр Хятадад очоод Мандуул гэх хүнээр дамжуулан нэг Хятад хүнтэй төмрийн баяжмал нийлүүлэх гэрээ хийгээд Монголд ирсэн. ...Мөнгө байхгүй тул Соёлмаа эгчээс ямар нэгэн хүүгүй мөнгө зээлж, олсон ашгаасаа Соёлмаа эгчийн мөнгийг өгөхөөр тохиролцсон. ...Миний хувьд Урандарийн дансаар авсан 36.000.000, сүүлд тогны мөнгө гэж авсан 30.000.000 гаруй төгрөгийг мэдэж байна. ...” /Хавтаст хэргийн 160 дугаар хуудас/, гэрч М.Солонгын “...2015 оны сүүлээр нягтлан бодогчоор ороод 2016 оны 1 дүгээр сард цалин өгөхгүй байсан тул ажлаасаа гарсан. ...Соёлмаа гэх хүн намайг ажиллаж байхад Наранболд захиралд мөнгө өгөөд байдаг байсан. ...Уг мөнгө нь дансаар ордоггүй байсан тул ямар учиртай мөнгө болохыг мэдэхгүй. ...Мөнгөний зарцуулалтын талаар ганцхан Наранболд захирал мэдэх байх. Би мэдэхгүй. ...” /Хавтаст хэргийн 161-162 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд, 2015 оны 8 дугаар сарын 24-ний “Тахь хавтаг” ХХК-иас 5.000.000 төгрөг Т.Урандарийн дансанд шилжүүлсэн баримт, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 31.000.000 төгрөг мөн шилжүүлсэн баримт /хавтаст хэргийн 31, 33 дугаар хуудас/, хохирогч Ц.Сгаас мөнгө шилжүүлсэн баримтууд /хавтаст хэргийн 50, 51, 52 дугаар хуудас/, хохирлын тооцоо /хавтаст хэргийн 167-168 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар гэрч Г.Эрхэмбаяр нь хохирогч Ц.Сгаас мөнгө авч, бусдыг залилан мэхлэх гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдоогүй. Яллагдагч Г.Н нь хохирогч Ц.Сгаас авсан мөнгийг зөвхөн өөрөө захиран зарцуулсан, мөн БНХАУ-ын иргэн, хэрэгт гэрчээр асуугдсан Наранмандул нь 24.000 юань буюу 8.800.000 төгрөгийг Г.Нын компанийн данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул хэрэгт С.Эрхэмбаярыг татах үндэслэлгүй юм.  

Яллагдагч Г.Нын хувийн байдлыг шалгуулах, түүнийг гэрээний дагуу ажиллаж байсан болохыг тогтоогоогүй гэх заалтын хувьд хавтаст хэргийн материалыг шинжлэн судлахад яллагдагч Г.Нын хувийн байдлыг хангалттай шалгасан гэж үзэж байна. Тухайлбал: Г.Нын ял шийтгэл эдэлсэн эсэхийг шалгасан /хавтаст хэргийн 83 дугаар хуудас/, Г.Н нь арилжааны банкинд данс эзэмшдэг эсэхийг шалгасан /хавтаст хэргийн 84-86 дугаар хуудас/, Г.Нын нэр дээрх хуулийн этгээдийн улсын бүртгэл байгаа эсэх, мөн “Бигом Чойр” ХХК-ийн хуулийн этгээдийн татвар төлөгдөж байсан эсэх лавлагаа авах тухай /хавтаст хэргийн 87 дугаар хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хавтаст хэргийн 88 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 89 дүгээр хуудас/, нийгмийн даатгал төлж байсан эсэх лавлагаа /хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/, “Бигом Чойр” ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа авах /хавтаст хэргийн 98 дугаар хуудас/, “Бигом Чойр” ХХК гаалиар төмрийн баяжмал гаргаж байсан эсэх лавлагаа, түүний хариунууд /хавтаст хэргийн 100-102 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр Г.Нын хувийн байдал бусад нөхцлийг хангалттай шалган тогтоосон. Хохирлын тооцооны хувьд хохирогч Ц.Сгийн мөрдөн байцаалтад удаа дараа өгсөн мэдүүлгүүд /хавтаст хэргийн 69, 147, 157 дугаар хуудас/ болон 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Тахь хавтаг” ХХК-иас 5.000.000 төгрөг Т.Урандарийн дансанд шилжүүлсэн баримт, 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 31.000.000 төгрөг мөн шилжүүлсэн баримт /хавтаст хэргийн 31, 33 дугаар хуудас/, хохирогч Ц.Сгаас мөнгө шилжүүлсэн баримтууд /хавтаст хэргийн 50, 51, 52 дугаар хуудас/ дээр тулгуурлан хохирлын тооцоог гаргасан /хавтаст хэргийн 167-168 дугаар хуудас/. Мөн хохирлын талаар яллагдагч Г.Н “...2016 оны 4 дүгээр сард Ц.Стай тооцоо нийлсэн актын хуулбар хавтаст хэрэгт хавсаргагдсан байгаа ба уг тооцоо нийлсэн акт дээр дэлгэрэнгүй байгаа. ...” /хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн нь хэргийн мөрдөн байцаалтын шатанд хохирлын тооцоог хохирогч, яллагдагч нарын баримтанд тулгуурлан гаргасан болох нь тогтоогддог. Түүнчлэн хохирлын тооцоог бодитой гаргаагүй гэж үзвэл шүүх хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, санхүүгийн баримтыг нотлох баримт мөн эсэхийг нэг бүрчлэн шинжлэн судлуулж тооцоог гаргах боломжтой бөгөөд энэ нь хэргийн нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэл биш гэж үзэж байна. Хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх зүйлд зааснаар буцаасан нь яг ямар үндэслэлээр буцааж байгааг дурьдаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамж нь “хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэсэн үндэслэлийн аль болохыг дурьдаагүй байна. Иймд Г.Нод холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай шүүгчийн захирамжийг  хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ц.Сгийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн захирамж ойлгомжгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хуулж бичсэн. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа үндэслэлээ тодорхой заагаагүй. Ийм учраас уг шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гараагүй гэж үзэж байна. Хэргийг мөрдөн байцаалтад буцаах гэсэн өмгөөлөгчийн хүсэлт нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Г.Нод холбогдох хэрэгт дурдагдсан баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн. Г.Н нь хохирлын тооцооны талаар баримтаа мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гаргаж өгөөгүй. Энэ ажиллагаа заавал мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдох шаардлагагүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Г.Н хохирлын тооцооны баримтыг гаргаж өгөх боломжтой гэж үзэж байна. 30.000.000 төгрөгийг авсан нь энэ хэрэгт хамааралгүй. Ц.Сгийн “Тахь хавтаг” ХХК-тай гэрээ байгуулсан ажиллагаа нь БНХАУ-ын “Er lian tian lei yi xian gong si” компанитай баяжмал нийлүүлэхээр гэрээ байгуулсан Г.Эрхэмбаярын асуудал Ц.Сгийн “Тахь хавтаг” ХХК-тай хамааралгүй бөгөөд 30.000.000 төгрөгийг Г.Эрхэмбаяр, Г.Н хоёрын хоорондын компаний асуудал байхад энэ хэрэгтээ холбож хүсэлт гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хувийн харилцаа муутай хүмүүсийг гэрчээр асуусан нь хувийн байдлыг дордуулсан мэтээр яллах талыг хэт барьсан мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрдүүлсэн гэсэн хүсэлт байдаг. Гэтэл гэрчүүд Г.Эрхэмбаяр, нягтлан Солонго нараас асуухаас өөр аргагүй. Асуух шаардлагатай байсан. Энэ ажиллагаа хийгдэх шаардлагатай учир мөрдөн шалгах ажиллагааны үед асуулгахаар хүсэлт гаргасан. Харин харилцаа муутай хүмүүсийг байцуулсан гэж үзвэл өөрийн талд мэдүүлэг өгөх гэрчүүдийн мэдүүлгийг авахуулах боломж байсан. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр гэрчүүд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Энэ үүргийн дагуу хууль сануулж, мэдүүлэг авсан. Хэрвээ Г.Н болон түүний өмгөөлөгч холбогдох баримтуудыг гаргаж өгсөн байхад мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд уг баримтыг аваагүй бол хууль бус ажиллагаа явагдсан гэж үзэх байсан. Гэтэл энэ талаар гомдол гаргасан баримт байхгүй. Энэ талаар дурдаагүй байдаг. 5 вагон баяжмалын асуудлыг ярьсан. Энэ 5 вагон баяжмалыг хавтаст хэргийн 69-71 дүгээр талд авагдсан Ц.Сгийн гаргаж өгсөн хохирлын баримтад 5 вагон баяжмалыг хасч тооцсон. Г.Ноос Ц.С авахгүй гэсэн. Яагаад гэхээр 5 вагон баяжмалын мөнгийг авч чадахгүй, сүүлдээ эхний өгсөн баяжмалынхаа мөнгийг авч чадахгүй болохоор Соёлмаа энэ 5 вагон баяжмалыг гаргаад таны мөнгийг бүхэлд нь буцааж өгнө. 3, 4 удаагийн үйлдлээр мөнгийг нь авчихсан байсан учраас сүүлийн вагоныг Ц.С өөрийн компаний нэрээр явуулъя гэсэн. Ингээд 5 вагон баяжмалаа БНХАУ руу гаргасан боловч гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүй учраас манай улсын нутаг дэвсгэр дээр байна гэсэн Наранмандуулын мэдүүлэгт байдаг. Тэгээд Ц.С 5 вагон баяжмалын мөнгийг авчихаад надад өгөөгүй. Үүнээс болоод баяжмалыг гаргах боломжгүй болсон гэж хэлдэг. Шүүгдэгч гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй ч гэсэн худал мэдүүлэг өгсөн. Хэргийн бодит байдалтай нийцэх ёстой. Өөрөөр хэлбэл 5 вагон баяжмал нь БНХАУ-н нутаг дэвсгэрт байгаа. Хэн нэгэн рүү шилжүүлээгүй болох нь Наранмандуулын мэдүүлгээс харагддаг. Хохирлын баримтыг Г.Н гаргаж өгөөгүй шалтгаан нь энэ хэргийг удаашруулах зорилго байсан байна гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Ц.С “тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй”гэв.

Шүүгдэгч Г.Нын өмгөөлөгч П.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн хувьд мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргасны дагуу шүүх хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан. Г.Н Ц.Стай огт тооцоо байхгүй, эд зүйлийг нь аваагүй гэж хэлдэггүй. Бид хоёрын хооронд өглөг авлага байгаа, тооцоо нийлсэн баримт байгаа. Гагцхүү мөрдөн байцаалтын шатанд уг тооцоог хэрхэн тооцсон байдалд эргэлзээ төрсөн учраас уг хүсэлтийг гаргасан. Тухайлбал хавтаст хэргийн 28 дугаар талд тооцоо нийлсэн баримт байдаг. Үүнд Мандуул, Г.Эрхэмбаяр нарын хооронд 8.800.000 төгрөг өгч, авсан гэсэн баримт байдаг. Үүнийг юун баримт вэ гээд үзэхээр Соёлмаа 24.000 юань буюу 8.800.000 төгрөгийг авсан гэдгийг Мандуул миний өмнөөс Г.Эрхэмбаярт өгсөн гэдгийг мэдүүлдэг. Гэтэл Мандуулаас мэдүүлэг авахдаа энэ талаар тодруулж асуугаагүй. Үүнийг зайлшгүй тодруулах шаардлагатай. Г.Эрхэмбаяр 8.800.000 төгрөгийг Г.Нод өгөөгүй. Энэ талаар өөрт нь хэлээгүй, энэ талаар яригдахаар би мэдэж байна гэдэг. Хохирлын тооцоогоор хэрэг бүрэн нотлогдсон гэдэг. Хавтаст хэргийн 167-168 дугаар талд авагдсан хохирлын тооцоог хэн гаргаж, ямар нотлох баримтыг үндэслэсэн эсэх нь тодорхойгүй, гарын үсэггүй байдаг. Мөн прокурорын эсэргүүцэлд, мэдүүлгээр нийт хохирол тогтоогддог гэдэг. Гэтэл 2 талын өглөг авлагын талаар маргаад, зарим вагон ачуулсан тооцоо ирээгүй, хавтаст хэргийн 28 дугаар талд тооцоо нийлсэн актын 1, 18 дугаар мөрөнд 39.000.000 төгрөг гэснийг тодруулах гээд тодруулагчаар тодруулсан байдаг. 2015 оны 10 дугаар сарын 14-нд шилжүүлсэн 1.000.000 төгрөгийн шилжүүлгийн баримтыг үзэх гэж Г.Н бичиж өгсөн байдаг. Урд хүдрийг хүлээж авсан баримтуудыг тулгаж, эргэж тооцоо нийлье. Тооцоо нийлсэн тохиолдолд татгалзах зүйлгүй гэсэн байдаг. Санхүүгийн асуудлын хувьд тооцоо байгаа учраас эдгээр асуудлыг тодруулах шаардлагатай. Прокурор хэлэхдээ санхүүгийн асуудлыг шүүхийн шатанд судлаад өгсөн авсан эсэхийг тооцох ёстой гэж хэлээд байна. Гэтэл энэ нь боломжгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд баримт бичгийн нотлох баримтад хэрхэн тооцох вэ, гэтэл энэ баримт бичгийг үнэн зөвийг баталгаажуулан ирүүлсэн тохиолдолд нотлох баримтаар үнэлнэ гэсэн. Гэтэл уг нотлох баримтуудад банкны баримт зэргийг баталгаажуулсан баримт байгаа эсэх асуудал юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлд нотлох баримтыг хүлээн авч тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргана гэж заасан. Энэ талаар баримтыг хэрэгт хавсаргаагүй учраас хохирлыг тооцсон баримтуудаар хэргийг шийдвэрлэх боломжгүй. Огт аваагүй гэсэн зүйл байхгүй. 2 талыг байлцуулан нэг мөр болгож, хэргийн бодитой байдлаар тогтоох шаардлагатай. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Г.Нод холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэж үзэв.

Г.Нод холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэлүүдээс гадна дараах ажиллагааг хийх нь зүйтэй.

Прокурор яллах дүгнэлтдээ “Г.Н нь 2015 оны 7 дугаар сард хохирогч Ц.Сд “төмрийн баяжмал худалдан авах Хятад хүн олоод өгвөл зарсан төмрийн баяжмалын 1 тонн тутмаас 1.5 ам.долларыг өгнө” хэмээн хуурамч мэдээллээр төөрөгдөлд оруулж, 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх” гэрээг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Замын цагдаагийн газрын ойролцоо байрлах “Бигом Чойр” ХХК-ийн оффист байгуулан удаа дараагийн үйлдлээр нийт 114.177.136 төгрөгийг итгэл эвдэн, хуурч мэхлэх аргаар залилан авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэж дүгнэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1.5-д Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ ... зэргийг мөрдөн байцаалтын явцад нотолно” гэж заажээ.

Харин яллах дүгнэлтээс үзвэл, Г.Н нь хэзээ, хаана, хэдэн удаагийн үйлдлээр, хэрхэн яаж Ц.Сгаас хэдэн төгрөг авсан үйл баримтыг тодорхой дүгнэлгүйгээр Замын цагдаагийн газрын ойролцоо байрлах “Бигом Чойр” ХХК-ийн оффист байгуулан удаа дараагийн үйлдлээр нийт 114.177.136 төгрөгийг залилан мэхлэж авсан гэжээ.

Иймд яллах дүгнэлтийг хуульд нийцүүэн үйлдэх.

Прокурор яллах дүгнэлтэд “Г.Н нь 2015 оны 7 дугаар сард хохирогч Ц.Сд “төмрийн баяжмал худалдан авах Хятад хүн олоод өгвөл зарсан төмрийн баяжмалын 1 тонн тутмаас 1.5 ам.долларыг өгнө” хэмээн хуурамч мэдээллээр төөрөгдөлд оруулж, 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх” гэрээг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Замын цагдаагийн газрын ойролцоо байрлах “Бигом Чойр” ХХК-ийн оффист байгуулан удаа дараагийн үйлдлээр нийт 114.177.136 төгрөгийг итгэл эвдэн, хуурч мэхлэх аргаар залилан авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэснээс үзэхэд “Бигом Чойр” ХХК нь төмрийн баяжмал худалдаж, худалдсан төмрийн баяжмалын 1 тонн тутмаас 1.5 ам.долларыг Ц.Сд өгөхөөр амлаж, зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулжээ.

Энэ нөхцөл байдлаас үзэхэд, Г.Н нь Ц.Сгаас мөнгө авахдаа хувийнхаа хэрэгцээнд зориулан авсан эсэх, эсхүл “Бигом Чойр” ХХК-ний санхүүгийн хэрэгцээнд зориулан авсан эсэх нь тодорхой биш байх тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, бодитой дүгнэлт хийх нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдлуудыг тодруулсны дараа мөрдөн шалгах ажиллагааны үр дүнтэй холбоотой бусад ажиллагааг хийх.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 750 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 22 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.