Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 10

 

 

 

Х.Д, Х.Б нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн

тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан   шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 126 дугаар шийдвэртэй,

Х.Д, Х.Б нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Б, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А.Н, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.М нарт холбогдох Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Б-ын 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Х.Д, Х.Б нарын гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А.Нын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1268 дугаар төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч нарын Х.Д, Х.Б нарын банк дахь харилцах дансыг битүүмжилсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Мын 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 8/7 дугаар гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Ө-гийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 04а/2695 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Д.Б, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Д.Б, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Б, Х.Д нар анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Б 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсаар Х.Д, Х.Б нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг гаргажээ. Уг саналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А.Н хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1268 дугаар тогтоолоор Х.Д, Х.Б нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийг заасан байхад ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс чухам ямар үндэслэлээр Х.Д, Х.Б нарын гадаад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь тодорхойгүй байна. Засгийн газар, Улсын Онцгой комссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдалд цар тахлын улмаас улсын хил хаагдсан хэдий боловч уг нөхцөл байдал арилсан тохиолдолд Х.Д, Х.Б нар гадаад зорчих эрхээ эдлэх боломжгүй байгаа нь хүний эрхийн зөрчилтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, эдгээрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргах эрхтэй. Гэтэл Х.Д, Х.Б нарын гадаад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг ерөнхий шийдвэр гүйцэтгэгч гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх түхай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасны дагуу урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх боломжгүй гэж үзэн шүүхэд гомдол гаргав. Иймд Х.Д, Х.Б нарын Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарт холбогдох гомдлын шаардлагыг ханган шийдвэрлэхийг хүсье. Мөн Х.Д, Х.Б нар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 878, 885 дугаар шүүгчийн захирамжаар Хас банкинд төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ Х.Д, Х.Б нар биелүүлсээр ирсэн, биелүүлсээр ч байгааг Хас банк болон шийдвэр гүйцэтгэгч нар сайн мэдэж байгаа. Х.Д, Х.Б нар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг нэг дор бүгдийг нь төлөх бодит боломжгүй. Хэрэв нэг дор ийм их мөнгө олдог бол банкнаас зээл авах ямар ч шаардлагагүй. Банк зээл олгох ч шаардлагагүй. Ийм байхад шийдвэр гүйцэтгэгчээс үлдэгдэл төлбөрийг төлөх хугацааг богино тогтоож, улмаар банк дахь харилцах дансыг битүүмжилсэн ажиллагаа явуулснаар Х.Д, Х.Б нарын шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломж, нөхцөлийг алдагдуулж байна. Тухайлбал Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч болон тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч нар нь Х.Д, Х.Б нарын банк дахь дансыг битүүмжилсэн ажиллагаа явуулахдаа хуулиар тогтоосон үндэслэл, журмыг зөрчсөөр байна. Х.Д, Х.Б нар Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Мын 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 06/04 дүгээр "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол"-ын 1 дэх заалт болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга Ч.Ө-гийн 2020 оын 6 дугаар сарын 30-ны өдрийн 04а/2008 дугаар "Гомдолд хариу өгөх тухай" албан бичгийг хүчингүй болгуулахаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлэхээр байхад шийдвэр гүйцэтгэгч Д.Б нь гомдол гаргагч бидний данс битүүмжилсэн ажиллагаа явуулсан нь эрх зүйн зөрчилтэй. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор Х.Дгийн хүсэлтийг хангаж, шийдвэр гүйцэтгэгч Д.Б-г татгалзан гаргасан байхад тэрээр дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.9-т заасныг зөрчиж байна. Бид шийдвэр гүйцэтгэгч болон ахлах шийдвэр гүйцэтгэгч нарын шийдвэр, үйл ажиллагааг эс зөвшөөрч ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс бидний гомдлыг тогтоол гарган шийдвэрлэх байтал албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасныг зөрчиж байна. Иймд Х.Д, Х.Б нарын Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарт холбогдох гомдлын нэмэгдүүлсэн шаардлагыг ханган шийдвэрлэхийг хүсье” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Х.Д, Х.Б нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, дараах тайлбарыг гаргаж байна. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 878 дугаар шийдвэрээр Х.Д, Х.Б нараас 108.031.921 төгрөгийг, мөн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 885 дугаар шийдвэрээр Х.Д, Х.Б болон Б ХХК-аас 108.154.721 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор тус тус шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Х.Д, Х.Б нар нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үүргийг 3.5 жилийн хугацаанд биелүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д "Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй...", төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхээр заасныг үндэслэн төлбөр төлөгч Х.Д, Х.Б нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь хуульд нийцсэн тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Мөн төлбөр төлөгч Х.Дгийн гаргасан 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх албанд хандаж гаргасан "шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа ёс зүйгүй харилцаа үүсгэн дарамталсан, гомдол хянан шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай" гомдлыг хянаж, шийдвэр гүйцэтгэгч ёс зүйн зөрчил, асуудал тогтоогдоогүй талаар 2020 оны 04а/2008, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан гомдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаар 2020 оны 04а/2695 дугаар албан бичгүүдээр тус тус гомдол гаргагчид хариу өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1093 дугаар тушаалаар Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа А.Нын чөлөөтэй байх хугацаанд тус албаны Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Ч.Ө түр орлон гүйцэтгүүлсэн болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д "Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй...", төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхээр заасныг үндэслэн төлбөр төлөгч Х.Д, Х.Б нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь хуульд нийцсэн, төлбөр төлөгч нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, ажиллагаанд саад учруулах зорилгоор тус Ерөнхий газарт үндэслэлгүй гомдлыг удаа дараа гаргаж, улмаар шүүхэд үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Б, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.М нар давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 126 дугаар шүүхийн шийдвэрээр Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа А.Нын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1268 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Х.Д, Х.Б нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг 59 дүгээр зүйлийн 59.1.1-д эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөөхөөс санаатай зайлс хийсэн мөн зүйлийн 59.1.2-т хөрөнгөө нуун дарагдуулсан мөн зүйлийн 59.1.3-д төлбөр төлөхөөс зайлс хийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэж тус тус заасан үндэслэлээр 50 сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийг шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж болохоор хуульчилсан. Дээрх хуулийн заалтад заасан чухам ямар үндэслэлээр Х.Д, Х.Б нарын гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн нь тодорхойгүй, тогтоолдоо үндэслэлээ тодорхой заагаагүй гэх үндэслэлээр тогтоолыг хүчингүй болгосон нь гэжээ.

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 271 дүгээр зүйлийн 271.3.5 дахь заалтыг дурьдаж гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тогтоол гаргасан бөгөөд үндэслэлийг нь шийдвэр гүйцэтгэгч тогтоон ахлах шийдвэр гүйцэтгэгчээр хянуулан газар хэлтсийн даргаар уламжпуулан шийдвэрлүүлэн ажилласан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд 59.1- д тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй ...,төлбөр төлөхөөс санаатай зайлс хийж, өөрийн дансаар орсон орлого, зарлагаа мэдэгдэхгүйгээр захиран зарцуулсан, орлогоосоо Шүүхийн шийдвэрийн төлбөрт өөрийн санаачлагаарай төлбөр хийгээгүй, оршин суугаа хаягнаасаа хөдөө ажпаар явж байгаагаа мэдэгдээгүй зөрчлүүдийг удаа дараа гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж байсан.

Нотлох баримтаар төлбөр төлөгч Х.Д, Б ХХК нарын 2020 оны 04 дүгээр сарын 22- ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хооронд дахь дансны хуулгаар 201.360.283 төгрөгийн гүйлгээ орж гарсан нь тогтоогдож мөн Бэлбулаг супермаркет дэлгүүрийн пос машины орлогын гүйлгээ өөр хүний дансаар орж байгаа нь Хаан банкны 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 5800/19/21 тоот албан бичгээр тус тус нотлогдож байна.

Төлбөр төлөгч Х.Д. Х.Б нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь тэдний эрхийг зөрчсөн асуудал биш бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Шүүхийн шийдвэр биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх, бүртгэл хөтлөх журамд тус тус түр сэргээж болохоор маш тодорхой зааж өгсөн нь тэдний эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна.

Мөн Шүүхийн шийдвэрт 92 тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Б-г шийдвэр гүйцэтгэгх ажиллагаанаас татгалзан гарсан тухай тогтоол хүчинтэй хэвээр байхад гүйцэтгэх баримт бичгийг дахин шийдвэр гүйцэтгэгч, Д.Бд шилжүүлж, тухайн шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Х.Д, Б ХХК-ийн данс битүүмжпэх ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй байна гэж үзжээ.

2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 05/02 дугаар тогтоолоор Д.Баттулгыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас татгалзан гаргаж 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор 95 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.С шилжүүлсэн боловч 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдөр Г.С-аас дахин татгалзах хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийг 25.1 дэхь заалтыг баримтлан 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 06/01 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн гүйцэтгүүлэхээр 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Б-г дахин томилсон бөгөөд түүний дараа 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Б 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төлбөр төлөгч нарт эрх үүрэг тайлбарлан хугацаатай мэдэгдэл хүргүүлж 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44, 50, 86 дугаар зүйлүүдийг тус тус үндэслэн төлбөр төлөгч нарын банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжилсэн ажиллагаа явуулсан нь хуульд нийцэж байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19 ын өдрийн 126 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд хэрэгсэггүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Х.Д, Х.Б нараас Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Д.Б, ахлах шийдвэр гүйцэтгэгч С.М, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А.Н, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Ө нар нь иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу явуулаагүйгээс төлбөр төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул уг хууль бус ажиллагаануудыг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч тал давж заалдах гомдол гаргажээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 878 дугаар “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай" шүүгчийн захирамжаар “иргэн Х.Д, Х.Б нар нь 108.031.921 /нэг зуун найман сая гучин нэгэн мянга есөн зуун хорин нэг/ төгрөгийг Хас банкны Увс салбарт төлөхөөр тохиролцсон талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч Хас банкны Увс салбар 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүсэлт гаргасныг тус шүүхийн 2018 оны 4 дугаар сарын 13-ны өдрийн 865 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэн, мөн өдөр 98 тоот гүйцэтгэх хуудас,

мөн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 885 дугаар “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай" шүүгчийн захирамжаар “Бэл Булаг” ХХК нь Хас банкны Увс аймаг дахь салбарт 108.154.721 /нэг зуун найман сая нэг зуун тавин дөрвөн мянга долоон зуун хорин нэг/ төгрөг төлөхөөр тохиролцсон талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн, уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч Хас банкны Увс салбар хүсэлт гаргасныг тус шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэн, мөн өдөр 66 дугаар гүйцэтгэх хуудас тус тус олгогдсон байна.

Дээрх шүүхийн 98, 66 тоот гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 19210178, 19210179 дүгээр тогтоолоор иргэн Х.Д, Х.Б нарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байх бөгөөд улмаар ахлах шийдвэр гүйцтгэгчийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 6/01 дугаар тогтоолоор дээрх хоёр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг нэгтгэн гүйцэтгэхээр шийдвэрлэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагджээ.

Шийдвэр гүйцэтгэгч нь аливаа үйл ажиллагааг явуулахдаа хуульд заасан үндэслэл, журмыг баримтлан, оролцогч талуудын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан эрхээ эдлэх боломжийг бүрдүүлж, явуулах үүрэгтэй.

Гэтэл Х.Д, Х.Б нарт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн хэрэгт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, төлбөр төлөгч талуудын эрхийг зөрчсөн байна.Тухайлбал:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэл, журмыг тодорхойлсон бөгөөд 59.1-д “тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах 3 үндэслэлээр буюу эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй үндэслэлээр түдгэлзүүлж болохоор заажээ.

Гэтэл Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Б нь төлбөр төлөгч Х.Д, Х.Б нар төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр тэдгээрийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг гаргаж, уг саналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А.Н хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1268 дугаар тогтоолоор Х.Д, Х.Б нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүй, шийдвэр гүйцэтгэгчийн санал болон, саналыг шийдвэрлэсэн ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлд шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах эрхийн актын хэлбэр, түүнд тавигдах шаардлагын талаар тусгасан ба хуулийн 12.2.5, 12.2.6-д шийдвэр гүйцэтгэгч нь тогтоол гаргахдаа түүний хууль зүйн үндэслэл, тогтоол гаргах асуудлын агуулга зэргийг тусгахаар заасан ба төлбөр төлөгч Х.Д, Х.Б нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гүйцэтгэгчийн санал болон түдгэлзүүлсэн тогтоолд төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх хуульд заасан аль үндэслэл бий болсон, өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан 3 үндэслэлийн аль, аль үндэслэлээр түдгэлзүүлэх шийдвэр гаргаж буй нь тодорхой тусгагдаагүй. Хэдийгээр төлбөр төлөгч нар гүйцэтгэх баримт бичигт тусгагдсан төлбөрөө бүрэн гүйцэт төлөөгүй, үлдэгдэл төлбөрийн хэмжээ нь мөн хуулийн 59.1-т заасан “тавин сая төгрөгөөс дээш үнийн дүн”-тэй байгаа боловч энэ нь төлбөр төлөгч нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэл биш болно.

2. Увс аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.М шүүхийн 98, 66 тоот гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 19210178,19210179 дүгээр тогтоолоор иргэн Х.Д, Х.Б нарт холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж, 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Бд хуваарилсан байна.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Х.Д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-т заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч Д.Б-г шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргасан байна.

Увс аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.М төлбөр төлөгч Х.Дгийн хүсэлтийг хянан үзэж, хүсэлтийг хангаж, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 05/01 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэгч Б.Баттулгыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас татгалзан гаргаж, төлбөр төлөгч нарт холбогдох гүйцэтгэх баримт бичигтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 95 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.С шилжүүлснээр 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Б төлбөр төлөгч Х.Д, Х.Б нарт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг цаашид үргэлжлүүлэн гүйцэтгэх хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч С.М 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 6/01 дүгээртэй, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн гүйцэтгэх тогтоолоор төлбөр төлөгч Х.Д, Х.Б нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах шийдвэр гүйцэтгэгчээр дахин 92-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Баттулгыг томилсон нь хуульд нийцээгүй, өөрөөр хэлбэл төлбөр төлөгчдийн шийдвэр гүйцэтгэгчээс татгалзан гаргах үндэслэл арилаагүй, мөн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн өмнө нь гаргасан татгалзал шийдвэрлэсэн тогтоол хүчин төгөлдөр байхад дахин томилсон нь хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд шийдвэр гүйцэтгэгч Д.Б-ын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр өдөр гаргасан төлбөр төлөгчдийн арилжааны банкин дахь харилцах болон хадгаламжийн дансуудыг битүүмжлэх шийдвэр нь хууль бус байна.

Иймд төлбөр төлөгчдийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох тухай гомдол үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд шүүхийн шийдвэр өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 126 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.М, Д.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.     

Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 126 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.М, Д.Б нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.М, Д.Б нарын давж журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                            Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                                               Л.АЛТАН

                                                                                         Н.МӨНХЖАРГАЛ