Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 97

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагч Гадаад харилцааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Ш.У нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0962 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Гадаад харилцааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Б.А-ийн нэхэмжлэлтэй, Гадаад харилцааны сайд, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0962 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 22 дугаар зүйлийн 22.1, 22.7, 23 дугаар зүйлийн 23.1, 32 дугаар зүйлийн 32.1, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Б.А-ийн овог, нэр, регистрийн дугаартай 8369988 тоот иргэний үнэмлэх олгосон үйлдлийг, 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Иргэний бүртгэл, мэдээллийн төвийн гадаад паспортын байцаагч н.Батмөнх болон ахлах байцаагч нарын Б.А-ийн регистрийн дугаартай хуурамч үндэсний гадаад паспорт олгосон үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Иргэний бүртгэл мэдээллийн хяналтын улсын байцаагч н.Отгонжаргалын 2010 оны 76 тоот захиргааны акт, Б.А-т захиргааны шийтгэл ногдуулсан 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 41787 тоот шийтгэврийг, улсын бүртгэлд Б.А-ийг хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорт гэсэн мэдээлэл оруулсан үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн мэдээллийн сангаас бүрэн устгахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, 3 дахь хэсгийг тус тус баримтлан Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа элчин сайдын яамны консулын ажилтны 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б.А-ийн овог, нэр, регистрийн дугаартай иргэний үнэмлэх, гадаад паспортыг цоолсон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, Дипломат албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.5-д заасныг тус тус баримтлан Гадаад харилцааны сайдад эрх зүйн дипломат аргаар нэхэмжлэгч Б.А-ийн эрхийг хамгаалахыг даалгаж,

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг тус тус баримтлан “Гадаад харилцааны сайд хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Гадаад харилцааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мдавж заалдах гомдолдоо: “ ...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болжээ. Шүүгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн захиргааны маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий шийдвэр гаргаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль болон бусад хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газар шаардлагатай тохиолдолд дипломат, албан, энгийн гадаад паспорт, Монгол Улсад буцах үнэмлэх олгох, хугацааг сунгах, хүчингүй болгох эрхтэй” гэж заасны дагуу иргэн Л.А-д буцах үнэмлэх олгож, хуурамч паспортыг цоолж буцаан олгосон. Энэ нь иргэн Л.А-ийн дахин тухайн хуурамч паспортыг ашиглах боломжгүй болгож, мөн хуулийн дагуу “хүчингүй болгох” эрхээ хэрэгжүүлсэн явдал юм. Түүнчлэн энэ нь дахин гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөлийг устгаж буй үйлдэл байсаар байтал шийдвэрийн 14 дүгээр хуудасны 7 дугаар догол мөрөнд дурдсаны дагуу “Хуулиар олгогдоогүй эрх эдэлсэн үйлдэл” хууль бус гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Тухайн иргэн Бүгд Найрамдах Солонгос улсын Гадаадын иргэний эрх зүйн асуудал эрхэлсэн байгууллагад бүртгэгдэж, улмаар тухайн байгууллагаас Л.А, Б.А нарт тус бүрийн 5 жилийн Бүгд Найрамдах Солонгос улсын хилээр нэвтрэхийг хориглосон шийдвэр гаргасан байдаг. Бүгд Найрамдах Солонгос Улсын эрх бүхий байгууллагаас ямар шийдвэр гаргах нь тухайн байгууллагын эрх хэмжээний асуудал тул бидний шийдвэрээс болоод ийм шийдвэр гаргахад хүргэсэн гэх үндэслэл болохгүй.

Мөн энэ  нь Улсын Дээд Шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны 119 дүгээр хяналтын тогтоолоор “буцах үнэмлэх олгосон нь хууль бус гэж тогтоох боломжгүй байна” гэж тогтоогдсон байдаг. Түүнчлэн иргэний үнэмлэхийг цоолсон үйлдэл хийгээгүй байхад тогтоох хэсгийн 3 дугаар хэсэгт “иргэний үнэмлэх, гадаад паспортыг цоолсон” гэж огт нотлох баримтаар тогтоогдоогүй зүйл дурджээ.

Монгол Улсаас өөр оронд суугаа Консулын газар өөрийн орны буцах үнэмлэх авах хүсэлт гаргасан иргэний эрх, үүргийг хамгаалах, өөрийн оронд буцах боломжоор хангах үүрэгтэй. Эх орондоо буцсанаар тухайн иргэнд хариуцлага тооцох эсэх асуудал Монгол улсын хууль тогтоомжоор шийдэгдэх тул тухайн иргэнийг буцааж, зохих байгууллагаар шийдвэрлүүлэх боломжийг мөн олгож байгаа явдал мөн.

Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, бодит шийдвэр гаргахын оронд хуулийг буруу тайлбарлан алдаатай шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасныг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/03428 дугаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 3 дахь хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.  

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Ш.У нар давж заалдах гомдолдоо: “...Улсын бүртгэлийн цахим санд иргэн Бүжинлхамын Алтанцэцэг нь ТБ72011061 регистрийн дугаарт бүртгэлтэй бөгөөд 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тухайн үед хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Д.О нь “Монгол улсын иргэний гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг түдгэлзүүлэх” журмын 1-д “Хуурамч, бусдын паспорт, баримт бичиг ашигласан ... гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ”, мөн журмын 2 дахь хэсгийн 6-д “хуурамч, ... гэснийг нотлох баримт. Дээрх материалыг бүрдүүлсний үндсэн дээр ... хяналтын улсын байцаагч Монгол Улсын иргэний гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг түдгэлзүүлсэн эсэх талаар шийдвэр гаргуулна” гэснийг тус тус үндэслэн хяналтын улсын байцаагчийн 76 тоот шийдвэр гаргасан байна. Энэ нь зөвхөн шинээр гадаад паспорт авах бүртгэлд хамаарах болно.

Иргэн Б.А-т олгогдсон хуурамч гэх 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн E228795 дугаар үндэсний энгийн гадаад паспортыг Иргэний бүртгэлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэний бүртгэлийн ажилтан иргэний бүртгэлд хийсэн бичилтийг хүчингүй болгох тухай шүүхийн, эсхүл хяналтын улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн иргэний бүртгэлд хийсэн бичилтийг хүчингүй болгоно” гэж заасны дагуу хүчингүй болгож, мэдээллийн сангаас хасч, зөрчлийг арилгасан байна. Мөн иргэн Б.А-ийн гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр цуцалсан байна.

Нийслэлийн Прокурорын газрын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 123 тоот прокурорын тогтоолд “Л.А нь Б.А-ийн нэртэй гадаад паспортыг ашиглаж Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн” гэх мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсугай гэжээ.

Иргэн Б.А нь Иргэний бүртгэлийн тухайн хуулийн 22 дугаар зүйлийн 22.7 дахь хэсэгт иргэний үнэмлэх бусдад шилжүүлэх, барьцаалах, санаатайгаар гэмтээхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0962 дугаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэгт заасныг эс зөвшөөрч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг 1, 2 дахь хэсгийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг дутуу цуглуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүй хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд,

1. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Б.А-ийн овог, нэр, регистрийн дугаартай 8369988 тоот иргэний үнэмлэх олгосон эсэх үйл баримтыг нотлох баримт хангалттай хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүхээс “Улсын бүртгэлийн байгууллагаас худал мэдээлэлд үндэслэн, мэдээллийн үнэн зөвийг шалгах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Л.А-д олгосон нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4153 дугаар шинжээчийн дүгнэлт, иргэн Л.А-ийн Тагнуулын ерөнхий газарт 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлгүүд, иргэн Л.А-ийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлгүүдээр 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэний үнэмлэх авахад бөглөдөг тусгай маягтыг Б.А, Л.А нарын хэн нь ч бөглөөгүй болох нь тус тус нотлогдож байна” гэж дүгнэсэн нь буруу байна.

Учир нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4153 дугаар дүгнэлтэд “Монгол Улсын  үндэсний гадаад паспорт, гадаадад зорчих зөвшөөрөл авах мэдүүлэг” буюу 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгогдсон Е-228795 дугаартай үндэсний энгийн гадаад паспорт авах мэдүүлэгт зурагдсан гарын үсэг нь Л.А, Б.А нарын гар бичвэртэй тохирохгүй байна гэж дүгнэснээс биш Б.А-ийн овог, нэр, регистрийн дугаартай 8369988 тоот иргэний үнэмлэх авахад бөглөсөн тусгай маягтад шинжилгээ хийж, дүгнэлт гаргаагүй, Л.А-ийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотлогдоогүй байхад анхан шатны шүүхээс уг баримтыг үндэслэсэн нь буруу байна.

2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгогдсон Е-228795 дугаартай үндэсний энгийн гадаад паспорт авах мэдүүлэгт “Иргэний үнэмлэхийн дугаар ДА8369988” гэж бичигдсэн хэдий ч үнэхээр ийм иргэний үнэмлэх байдаг эсэх нь тодорхойгүй, хэрэв байдаг бол тухайн иргэний үнэмлэхийг авахад бүрдүүлсэн баримт, бөглөсөн маягтыг цуглуулаагүй, дээрх баримтыг авах талаар албан бичгүүд явуулсан байх боловч баримтуудыг аваагүй, шаардлагатай бол Улсын бүртгэлийн төв архивт үзлэг хийх, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст байж болохоор бол тухайн орон нутгийн шүүхээр даалгавар гүйцэтгүүлэх, хэрэв ийм иргэний үнэмлэх хэвлэгдсэн бол хэзээ хэвлэгдсэн болохыг тодруулах зэргээр шүүх нотлох үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй атлаа энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Тодруулбал, уг иргэний үнэмлэх гарсан эсэхийг хөдөлбөргүй тогтоосны дараа тухайн үнэмлэхийг олгосон үйлдэл нь хууль бус байсан эсэхийг дүгнэх боломж бүрдэх юм.

 

2. Нэхэмжлэгч Б.А-ээс “Иргэний бүртгэл мэдээллийн хяналтын улсын байцаагч н.О-ын 2010 оны 76 тоот захиргааны акт, Б.Ат захиргааны шийтгэл ногдуулсан 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 41787 тоот шийтгэврийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор шүүхэд нэхэмжлэл гаргасан, анхан шатны шүүхээс “2010 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хяналтын улсын ахлах байцаагч Д.О 76 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Б.А-ийг хуурамч иргэний үнэмлэх ашигласан гэх шалтгаанаар хориг тавьж гадаадад зорчих эрхийг нь хязгаарлаж байжээ”, “Нэхэмжлэгч Б.А-ийг бусдад бичиг баримтаа ашиглуулсан гэсэн үндэслэлээр 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 0041787 дугаар шийтгэврийн хуудас бичиж 40.000 төгрөгөөр торгожээ” гэж дүгнэсэн байх боловч дээрх 2010 оны 76 тоот захиргааны акт болон 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0041787 дугаар шийтгэврийн хуудас нь хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актууд хэрэгт авагдаагүй байхад тэдгээрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй байхад шүүх энэ талаарх шаардлагыг эцэслэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй атал нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн маргаан бүхий актуудыг хэрэгт нотлох баримтаар цуглуулаагүйн улмаас уг захиргааны актууд гарсан эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал бий болгосноос гадна шүүхээс хэргийн оролцогчийн тайлбарт үндэслэн үйл баримтыг тогтоож, хэрэгт авагдаагүй баримтад үндэслэн шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг зөрчсөн байна.

 

3. Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр нь хэргийн оролцогчдод ойлгомжтой, биелэгдэх боломжтой байхаас гадна тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх хэрхэн сэргэж байгаа нь тодорхой байх ёстой.

Гэтэл нэхэмжлэгч Б.А-ээс шүүхэд Гадаад харилцааны сайдад холбогдуулан “хилийн чанадад зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо эрх зүйн дипломат аргаар хамгаалахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэлийн үндэслэлээ  тайлбарлахдаа өөрийнх нь ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хилийн чанадад буюу аль улсад, хэрхэн зөрчигдсөн, зөрчигдсөн гэх эрх, ашиг сонирхлоо ямар аргаар, хэрхэн хамгаалуулахыг хүсч байгаа талаар тодорхойлоогүй байхад анхан шатны шүүх энэ байдлыг тодруулалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй, биелэгдэх боломжгүй болгожээ.

 

4. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаар “Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суугаа элчин сайдын яамны консулын ажилтны 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б.А-ийн овог, нэр, регистрийн дугаартай иргэний үнэмлэх, гадаад паспортыг цоолсон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэжээ. Гэтэл хэрэгт Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суугаа элчин сайдын яамны ямар албан тушаалтан цоолсон болох, ийнхүү цоолсон нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хэрхэн зөрчсөн, Б.А-ийн овог, нэр, регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг цоолсон эсэх, хэрэв цоолсон бол иргэний үнэмлэхийг цоолж устгах эрх Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суугаа элчин сайдын яамны ажилтанд олгогдсон байдаг эсэх, буцах үнэмлэх олгоход иргэний үнэмлэх цоолж устгах шаардлага байсан эсэх талаарх баримтыг цуглуулаагүй байна.

 

5. Гаргавал зохих акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч нь эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтан биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд захиргааны зохих акт гаргахыг захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгаж шийдвэрлэх нөхцөл бүрддэг онцлогтой.

Гэтэл анхан шатны шүүх Гадаад хэргийн сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн атлаа Гадаад харилцааны сайдад эрх зүйн дипломат аргаар Б.А-ийн эрхийг хамгаалахыг даалгахаар шийдсэн нь ойлгомжгүй байсныг дурдах нь зүйтэй.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгч Б.А-ээс анхан шатны шүүхэд 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр[1] болон 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр[2] тус тус хүсэлт гаргасан байхад тухайн хүсэлтүүдийг огт шийдвэрлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасан нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Тэрчлэн шүүх 2005-2012 оны хооронд болсон үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэхдээ 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэсэн, маргаан бүхий актуудыг ямар учраас “утга агуулгын илэрхий алдаатай” гэж үзсэн болох, актуудын аль хэсэг нь яг ямар илэрхий алдаатай байсан талаар дүгнээгүй, ингэж үзсэн үндэслэл нь тодорхой бус байсныг анхаарвал зохино.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0962 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

            ШҮҮГЧ                                                                    Г.БИЛГҮҮН

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 167 дугаар хуудас

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 189-190 дүгээр хуудас