Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 655

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч Н.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны гуравдугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.А 

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Хариуцагч: Гадаад харилцааны сайдад тус тус холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучин нэрээр/ нь 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Боржигон овогт Б.Аийн овог, нэр, регистрийн дугаартай /ТБ 72011061/ ДА 8369988 тоот иргэний үнэмлэх олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучин нэрээр/ 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Иргэний бүртгэл мэдээллийн төвийн гадаад паспортын байцаагч Л.Батмөнх болон ахлах байцаагч нарын Б.Аийн овог нэр регистрийн дугаартай /ТБ72011061/ Л.Агийн зурагтай хуурамч үндэсний гадаад паспорт олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Оын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний бүртгэл мэдээллийн хяналтын улсын байцаагч н.Отгонжаргалын 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 76 тоот захиргааны акт, 2011.05.24-ны өдрийн цуцалсан шийдвэр, 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0041787 тоот шийтгэвэр, Улсын бүртгэлийн цахим санд Б.А намайг хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн худал мэдээлэл оруулсан үйлдлийг бүхэлдээ илт хууль бус болохыг тогтоолгох, Боржигон овогт Б.Аийн овог нэр, регистрийн дугаартай үндэсний гадаад паспортыг хүчингүй болгох, 40000 төгрөгийг буцаан олгох,Улсын бүртгэлийн мэдээллийн цахим сангаас Б.А хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн худал мэдээллийг бүрэн устагахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт /хуучин нэрээр/ даалгуулах, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суугаа элчин сайдын яамны консулын ажилтны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б.Аийн овог, нэр, регистрийн дугаартай /ТБ72011061/ иргэний үнэмлэхийг хайчилж, цоолж Л.Ад буцаан олгосон үйлдлийг бүхэлдээ илт хууль бус болохыг тогтоолгох, Гадаад хэргийн яамны сайдын  хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Гадаад хэргийн сайдад нэхэмжлэгчийн Бүгд Найрамдах Солонгос Улсад зөрчигдсөн нэр төр, алдар хүндийг сэргээх, зорчих эрхийг сэргээх, сурч боловсрох эрхийг дипломат аргаар сэргээхийг даалгуулах, Гадаад харилцааны яамны 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн К/17-254, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн К/18-785 тоот захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин, иргэдийн төлөөлөгч Л.Т, нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагч Гадаад харилцааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Ш.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А-ийн овог нэр, регистрийн дугаартай иргэний үнэмлэх архивд үзлэг хийхэд олдоогүй. Гэвч түүнийг ашигласан Ариунзаяад олгосон байцаагч Л.Б нь гэрчийн мэдүүлгээр тийм иргэний үнэмлэх байсан гэдгийг нотолж байгаа учраас гэрчийн мэдүүлэгт үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Мөн 76 тоот захиргааны акт хэрэгт авагдсан учраас үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах нь зүйтэй. 76 тоот захиргааны актыг гаргахдаа 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 9 сарын хугацаатайгаар надад Монгол улсын иргэн хувийн хэргээр гадаад улсад зорчих цагаачлах эрхийн шийдвэр гаргасан байсан. Тухайн үед энэ шийдвэрийг огт танилцуулаагүй. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр анх удаа олж мэдсэн. 2018 оны 08 дугаар сард шүүхэд нотлох баримт ирүүлэхэд анх удаа харж байна. Энэ шийдвэрийг гаргахдаа хуульд байхгүй үндэслэлээр буюу бусдад санаатайгаар баримт бичгээ ашиглуулж иргэний үнэмлэх, гадаад паспорт гаргуулсан гэсэн үндэслэл нэмж торгосон байгаа нь хууль бус гэж үзэж байна. Захиргааны журмаар арга хэмжээ авахдаа тухайн үеийн миний хүчин төгөлдөр ДА8398568 гэсэн тоот иргэний үнэмлэхийг нь хурааж авч 9 сар түдгэлзүүлж байгаад тухайн актыг гаргасан. Миний хүчин төгөлдөр иргэний үнэмлэхийг үндэслэж 76 тоот актыг гаргасан нь иргэн, хуулийн этгээдийг хуульд заасан үндэслэлгүйгээр торгосон нь хууль бус гэж үзэн энэ актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 5/245 тоот Нийслэлийн прокурорын хариу мэдэгдэх хуудас дээр Б.Аийн гадаад паспортын зөрчлийг зөвтгөх, хилийн хоригийг цуцлуулах тухай асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаанаас болсон тул энэ асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт өөрт нь хандаж шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн. 

Иймд 2016 оны 02 сарын 16-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан боловч энэ асуудлыг шийдвэрлээгүй, хариу өгөөгүй учраас энэ үйлдлүүдийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Надад хуурамч иргэний үнэмлэх гадаад паспорт байхгүй байхад улсын бүртгэлд одоог хүртэл байдаг, үүнийг устгахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсад зөрчигдөж байгаа сурч боловсрох эрхийг сэргээж өгнө үү гэж Боловсрол соёл, шинжлэх ухааны яамд гаргасан. 2018 оны 05 дугаар сард Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас миний сурч боловсрох эрхийг сэргээх шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан гэвч Бүгд Найрамдах Солонгос Улсад виз мэдүүлэхээр та үүнийгээ цагдаагийн байгууллагад хандаж шийдвэрлүүл, энэ асуудал манай байгууллагын харьяалан шийдвэрлэх асуудал биш байна гэж 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хариу өгсөн. Үүний дараа хүний эрхийн үндэсний комиссод хандсан тэд энэ асуудлыг шийдвэрлэх байгууллага нь Гадаад харилцааны яам байна гэсэн. Гадаад харилцааны яамд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байна. Хүний эрхийн үндэсний комисс Б.Аийн сурч боловсрох эрхийг сэргээлгэхээр Гадаад харилцааны яамд шилжүүлсэн боловч одоог хүртэл хариу өгөхгүй байгаа нь илт хууль бус болохыг тогтоолгох, мөн Бүгд Найрамдах Солонгос Улсад зөрчигдсөн ажил хэргийн болон иргэний нэр хүнд сурч боловсрох эрхийг сэргээлгэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б 2018 оны 10 дугаар  сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч тодорхойлох эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. Үүнийг шүүхийн зүгээс хүлээж авахаас татгалзах үндэслэл байхгүй. Зарим нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээж авахаас татгалзан байсан. Үүнд гомдол гаргаж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд мэдэгдэж хүлээж авах нь үндэслэлтэй юм гэж шийдвэрлэсэн. Прокурорын байгууллагаас энэ бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан, хуурамч бичиг баримт ашигласан байна гэсэн дүгнэлт гаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон иргэний үнэмлэх, гадаад паспорт нь илт хууль бус байсан гэдгийг тогтоосон шийдвэр гараагүй. Хэдийгээр прокурорын байгууллага ингэж дүгнэсэн ч гэсэн тухайн бичиг баримтыг олгосон үйлдлийг хууль бус гэж тооцсон шийдвэр байхгүй учраас үүнийг гаргуулъя гэсэн. Энэ нь Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчих эрхийг сэргээлгэхэд ач холбогдолтой. Бүгд Найрамдах Солонгос Улсаас виз олгохыг татгалзахдаа танд ийм сөрөг мэдээлэл байна гэсэн үндэслэлээр татгалзсан байдаг. Захиргааны байгууллагын хууль бус шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн эрхийг шууд бусаар буюу гадаад улсад зорчих эрхийг зөрчиж байгаа учраас энэ зөрчлийг арилгах шаардлагатай гэж үзэж байна. Тухайн маргаж байгаа хэм хэмжээний акт нь өөрөө нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх, ашиг сонирхолд шууд бус үр дагавар үзүүлсэн буюу гадаад улсад зорчих эрх нь шууд хаагдсан гэж үзэхгүй учраас шууд үр дагавар үзүүлсэн гэж үзэх боломжгүй. Харин тухайн актууд нь Бүгд Найрамдах Солонгос Улс нэхэмжлэгчид виз олгохгүй байх үндэслэл болж байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг шууд бусаар зөрчсөн гэж үзэх боломжтой юм. Бүгд Найрамдах Солонгос Улс нь бие даасан улс учраас та бүхэн надад виз олгох ёстой гэж маргах боломжгүй. Одоогийн байдлаар нэхэмжлэгчид эрхээ сэргээлгэх ганц боломж нь шүүхэд хандаж маргах гэж үзэж байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд Б.А хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорт ашигласан гэдэг мэдээлэл нь одоог хүртэл байгаа. Хүчингүй болгож цуцалсан боловч мэдээлэл нь устаагүй. Энэ нь иргэний хувийн байдалд сөргөөр нөлөөлөх мэдээлэл агуулж байна гэсэн үг юм. Захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндэд хандсан байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Хэдийгээр хүчингүй болсон ч гэсэн тодорхой хугацааны дараа өөр улсад зорчих виз мэдүүлэхэд хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорт ашиглаж байсан гэдэг мэдээлэл нь сөргөөр нөлөөлөх боломжтой. 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд нь ороод харахад энэ хүн хуурамч бичиг баримт ашигласан гэсэн тодорхойлолт түүх байгаад байна гэсэн үг. Иймд энэ мэдээллийг устгуулахаар даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагад байгаа” гэв.

Гурав. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Ш.У нар 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2005 онд олгосон гадаад паспорт нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан иргэний үнэмлэх болон журамд заасан баримт бичгийн дагуу олгогдсон. 2010 онд Б.А өөрөө гадаад паспорт авахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан. Тухайн үед нэхэмжлэгчийн зурагтай гадаад паспорт хэвлэгдсэн байсан учраас хяналтын байцаагчид шалгуулсан. Хяналтын байцаагч шалгаж өөрийн эрх хэмжээний хүрээнд хориг тавьж Тагнуулын ерөнхий газарт 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нэр бүхий этгээд бусдын бичиг баримтыг ашигласан байна гэсэн албан тоот явуулсан. Нийслэлийн прокурорын газраас 2005 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 123 тоот тогтоолоор Б.А гэж хүний нэрээр иргэний үнэмлэх, гадаад паспортыг хадам эгч болох Л.А гэж хүн ашигласан байна гэдгийг тогтоосон. Л.Ад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж түүнийг байцаасан бөгөөд байцаалтын тэмдэглэл дээр Л.А “... Би Б.Аийн бичиг баримтыг ашигласан. Түүнийхээ хэрээр би Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж байх хугацаандаа чадах хэрээрээ тусалж байсан гэсэн байдаг. Тус нотлох баримтыг үндэслэн 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Б.Аийн бичиг баримтад хориг тавьсан. Бидний тавьсан хориг нь дотоодын хориг бөгөөд дахин гадаад паспорт авах эрхийг нь л хорьсон. Хилээр нэвтэрч гарах тохиолдолд хориг тавиагүй. Б.Аийн нэр дээр тавьсан хоригоо цуцалж, хуурамч гадаад паспортыг мэдээллийн санд хүчингүй төлөвт оруулсан. Б.А дахин гадаад паспорт авсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын зүгээс Б.Аийн гадаад улсад зорчих эрхийг нь хаасан, эрх ашгийг нь хөндсөн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Дөрөв. Хариуцагч Гадаад харилцааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Аийн гадаад паспортыг ашигласан Л.А хууль бусаар Бүгд Найрамдах Солонгос Улсад амьдарч байгаад баригдаж Элчин сайдын яаманд ирэхдээ би өөрөө Л.А гэхдээ би Б.Аийн гадаад паспортыг ашиглан энд ирсэн. Одоо яах вэ? гэж үнэнээ хэлсэн байдаг. Тухайн үед 2006 оны Засгийн газрын 181 тоот тушаалаар Энгийн паспорт олгох, буцах үнэмлэх олгох журам гэж байсан. Буцах үнэмлэх олгохдоо цээж зураг, мэдүүлэг, өргөдөл, төлбөр төлсөн баримт, иргэний үнэмлэх гэсэн 5 төрлийн бичиг баримт шаарддаг. Тухайн үед манай консулын ажилтан шалгахад тухайн 05 бичиг баримт байсан гэвч Б.Аийн эрх ашгийг хамгаалах хүмүүнлэгийн үүднээс тухайн бичиг баримтыг хайчилж өөрт нь буцааж өгсөн байдаг. 2 төрлийн бичиг баримт өгсөн бөгөөд Л.Агийн нэрээр буцах үнэмлэх өгсөн нөгөөх нь Б.Аийн гэсэн гадаад паспортыг хайчилж өгсөн. Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газрын мөрдлөг болгодог байсан тухайн заавар дээр хүчингүй болсон бичиг баримтыг баруун дээд буланг хайчилж юм уу, цоолж өгдөг байсан. Тухайн ажилтан зааврынхаа дагуу ажилласан. Тухайн үед Сөүл дэх элчин сайдын яамны ажилтан өөрийнхөө ажил үүргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлсэн. Ийм тохиолдолд бид журмаа баримталж ажиллана. Мөн Б.А нь 2017 онд шинээр гаргаж өгсөн гадаад паспортаар 22 улсад визгүй зорчих эрхтэй. Тагнуулын ерөнхий газраас хилийн хоригийг 2 жилийн хугацаатай тавьсан байсан. Та заавал Бүгд Найрамдах Солонгос улс уруу биш өөр бусад улс уруу зорчиж үзсэн үү? Бүгд Найрамдах Солонгос улс хилээр оруулах эсэхээ өөрсдөө шийднэ. Бид энэ хүнийг хилээр оруулаач ээ гэж шаардах эрхгүй. 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хар тамга дарсан байгаа. Тухайн хар тамга дарагдсан иргэний эрх нь Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас тухайн иргэний эрхийг сэргээсүгэй гэсэн тушаал гарсны дараа эрх нь дахин сэргэдэг. Энэ эрх нээгдсэн эсэхийг 10 дугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсын Хууль зүйн яамны Цагаачлалын албанд Бүжинлхамын Алтанцэцэгийн эрх албан ёсоор сэргээгдсэн байна уу? Сэргээгдсэн бол ямар тушаалаар хэзээ сэргээгдсэн байна вэ? гэсэн албан бичиг явуулсан. Одоо хүртэл тус албан бичгийн хариу ирээгүй байна” гэв.

Тав. Иргэдийн төлөлөөгч 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргасан дүгнэлтдээ: “Хуульд зааснаар хэргийг шийдвэрлэж өгнө үү. Тусгайлсан санал байхгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын /хуучин нэрээр/ 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Боржигон овогт Б.Аийн овог, нэр, регистрийн дугаартай /ТБ 72011061/  ДА 8369988 тоот иргэний үнэмлэх олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучин нэрээр/ 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Иргэний бүртгэл мэдээллийн төвийн гадаад паспортын байцаагч Л.Батмөнх болон ахлах байцаагч нарын Б.Аийн овог, нэр, регистрийн дугаартай /ТБ72011061/ Л.Агийн зурагтай хуурамч үндэсний гадаад паспорт олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Оын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний бүртгэл мэдээллийн хяналтын улсын байцаагч н.Отгонжаргалын 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 76 тоот захиргааны акт, 2011.05.24-ны өдрийн цуцалсан шийдвэр, 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0041787 тоот шийтгэвэр, Улсын бүртгэлийн цахим санд  Б.А намайг хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн худал мэдээлэл оруулсан үйлдлийг бүхэлдээ илт хууль бус болохыг тогтоолгох, Боржигон овогт Б.Аийн овог нэр, регистрийн дугаартай Үндэсний гадаад паспортыг хүчингүй болгох, 40000 төгрөгийг буцаан олгох,Улсын бүртгэлийн мэдээллийн цахим сангаас Б.А хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн худал мэдээллийг бүрэн устгахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суугаа элчин сайдын яамны консулын ажилтны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б.Аийн овог, нэр, регистрийн дугаартай /ТБ72011061/ иргэний үнэмлэхийг хайчилж, цоолж Л.Ад буцаан олгосон үйлдлийг бүхэлдээ илт хууль бус болохыг тогтоолгох, Гадаад хэргийн яамны сайдын  хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Гадаад хэргийн сайдад нэхэмжлэгчийн Бүгд Найрамдах Солонгос Улсад зөрчигдсөн нэр төр, алдар хүндийг сэргээх, зорчих эрхийг сэргээх, сурч боловсрох эрхийг дипломат аргаар сэргээхийг даалгуулах” гэж тодохойлж байгаад нэхэмжлэлийн шаардлагаа “Гадаад харилцааны яамны 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн К/17-254, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн К/18-785 тоот захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгуулах” гэж нэмэгдүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд “Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэн Б.Аийг иргэний үнэмлэхээ хууль бусаар бусдад ашиглуулан хуурамч энгийн гадаад паспорт гаргуулсан гэж үзэж, түүний гадаадад зорчих эрхэд хязгаарлалт тавьснаар нэхэмжлэгч Бүгд Найрамдах Солонгос Улсын хил нэвтрэх эрхгүй болсон” үйл баримт болжээ.

Нэхэмжлэгч тал “... би хэзээ ч хэнд ч санаатайгаар өөрийн овог, нэр, регистрийн дугаараа ашиглуулж байгаагүй байхад энэ хэргийн улмаас Бүгд Найрамдах Солонгос Улсаас миний тухайн улсад зорчих эрхийг хязгаарлаж,  захиргааны байгууллага хууль бусаар надад хилийн хориг тавьснаас үүдэж миний сурч боловсрох эрх зөрчигдөж, гадаадад зорчих эрхээ эдлэж чадахгүйд хүрсэн” гэж, хариуцагч тал “... тухайн үед Б.Аийн овог, нэр, регистрийн дугаартай өөр хүний зурагтай энгийн гадаад паспортаар өөр этгээд гадаадад зорчсон үйлдэл тогтоогдсон тул Б.Аийн гадаадад зорчих эрхийг хязгаарласан боловч одоо байгууллагын цахим бүртгэлээр дээрх хоригийг цуцалсан” гэж тус тус маргаж байгаа болно.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэлээ.

1. “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Боржигон овогт Б.Аийн овог, нэр, регистрийн дугаартай /ТБ 72011061/ ДА 8369988 тоот иргэний үнэмлэх олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Б.Аийн овог нэр, регистрийн дугаартай Л.Агийн зурагтай хуурамч ДА8369988 тоот иргэний үнэмлэх, Е серийн 0228795 тоот энгийн гадаад паспорт олгож, түүнийг ашиглан удаа даргийн давтан үйлдлээр хууль бусаар хил нэвтэрсэн Л.Агийн үйлдэлд Эрүүгийн хуулийн зохих зүйл ангиар сэжигтнээр татаж, шалгаж, Л.Аг гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон болох нь хэрэгт авагдсан Ерөнхий прокурорын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1/599 тоот тогтоолоор нотлогдоно. Мөн хариуцагч Гадаад хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Солонгос улс дахь манай консулын ажилтан  Л.Ад буцах хуудас олгохдоо зохих журмын дагуу хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспортыг дахин ашиглахаас сэргийлж цоолж буцаан олгосон ...”, Л.Агийн “... Б.Аийн нэр дээр өөрийн зурагтай иргэний үнэмлэх гаргуулан авч гадаад паспорт гаргуулсан. Иргэний үнэмлэх, гадаад паспортыг би хаясан ...” гэсэн мэдүүлгээр Б.Аийн овог, нэр, регистрийн дугаартай /ТБ 72011061/  ДА 8369988 тоот иргэний үнэмлэх олгосон бөгөөд түүнийг Л.А хаясан үйл баримтууд тогтоогдож байна. 

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-д “бүртгэл үйлдэхэд шаардлагатай баримт бичгийн бүрдэл, тэдгээрийн үнэн зөвийг шалгах үүрэгтэй”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Монгол Улсын иргэний үнэмлэх нь тус улсын иргэн мөн болохыг батлан гэрчлэх баримт бичиг болно ...”, 22.7-д “Иргэний үнэмлэхийг бусдад шилжүүлэх ... хориглоно”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэний баримт бичгийг иргэний биечлэн гаргасан өргөдлөөр ... тухайн иргэний оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан дахин олгож болно” гэж тус тус заажээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4153 дугаар шинжээчийн дүгнэлт, иргэн Л.Агийн Тагнуулын ерөнхий газарт 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлгүүд, иргэн Л.Агийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлгүүдээр 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэний үнэмлэх авахад бөглөдөг тусгай маягтыг Б.А, Л.А нарын хэн нь ч бөглөөгүй болох нь мөн иргэн Б.Аийн мэдээлэл бүхий иргэн Л.Агийн зурагтай иргэний үнэмлэхийг Б.А өөрөө өргөдөл гаргаагүй байхад Улсын бүртгэлийн байгууллага нь худал мэдээлэлд үндэслэн, мэдээллийн үнэн зөвийг шалгах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Л.Ад олгосон байх ба иргэн Л.Агийн эзэмшиж буй түүний зурагтай иргэн Б.Аийн мэдээлэл бүхий иргэний үнэмлэх хуурамч болохыг эрх бүхий байгуллага тогтоосноор уг иргэний үнэмлэхийг хүчингүй болгож, мэдээллийн сангаас хассан байх тул шүүхээс илт хууль бус болохыг дахин тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

2. “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучин нэрээр/  2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Иргэний бүртгэл мэдээллийн төвийн гадаад паспортын байцаагч Л.Батмөнх болон ахлах байцаагч нарын Б.Аийн овог нэр регистрийн дугаартай /ТБ72011061/ Л. Ариунзаяагийн зурагтай хуурамч үндэсний гадаад паспорт олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгч үндэсний энгийн гадаад паспорт гаргуулахаар мэдүүлээгүй байхад түүний мэдээллийг агуулсан Л.Агийн зураг бүхий гадаад паспортыг бусдад гарган өгч байгаа нь Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Иргэн өөрийн нэртэй байна”, 21 дүгээр зүйлийн 21.1-т “Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно” гэж заасныг бүртгэлийн байгууллага зөрчсөн.

Энэ үйлдэл нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Үндэсний гадаад паспорт, Монгол Улсад буцах үнэмлэх нь Монгол Улсын иргэнийг гадаад улсад зорчин явааг батлан гэрчлэх баримт бичиг болно”, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Монгол Улсын иргэний гадаадад зорчих тухай бичгээр гаргасан хүсэлт, хүчин төгөлдөр иргэний үнэмлэхийг үндэслэн энгийн гадаад паспорт олгоно гэснийг Иргэний бүртгэл, мэдээллийн төвийн даргын 2007 оны 19 дүгээр тушаалаар батлагдсан Иргэний бүртгэл, мэдээллийн байгууллагаас үндэсний энгийн гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг олгох технологи ажиллагааны журмын 13-т Үндэсний энгийн гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг хүссэн иргэний материалыг ... зөвхөн эзэмшигчээс хүлээн авч үйлчилнэ, 14-т Үндэсний энгийн гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичгийг авахаар иргэний бүрдүүлсэн материалыг хүлээн авсан паспортын байцаагч ИБМУТ-ийн мэдээллийн сангаас ... болон ИБМУТ-өөр дамжуулан заавал урьдчилан шалгуулахын зэрэгцээ бүртгэл, мэдээлэлтэй холбоотой бусад эх сурвалжийг ашиглан дор дурдсан шалгалт хийнэ ...” гэж заасан журмыг зөрчсөн болох нь тогтоогдоно.

Гэвч Б.Аээс 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өөрөө хүсч үндэсний энгийн гадаад паспорт гаргуулахаар материалаа бүрдүүлж Улсын бүртгэлийн байгууллагад өгөөгүй байхад түүний нэр дээр Е-228795 дугаар бүхий гадаад паспорт гаргасан, одоогийн байдлаар хуурамч гэх дээрх дугаартай  үндэсний энгийн гадаад паспорт нь хүчингүй болж, мэдээллийн сангаас хасагдсан болохыг Улсын бүртгэлийн байгууллагаас тайлбарлаж байгаа болон шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх тул илт хууль бус болохыг тогтоох  хууль зүйн үндэслэлгүй байна. 

3. “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Оын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний бүртгэл мэдээллийн хяналтын улсын байцаагч Д.Оын 2010 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 76 тоот захиргааны акт, 2011.05.24-ны өдрийн цуцалсан шийдвэр, 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0041787 тоот шийтгэврийг илт хууль бус болохыг тогтоолгох, Боржигон овогт Б.Аийн овог нэр, регистрийн дугаартай үндэсний гадаад паспортыг хүчингүй болгох, 40000 төгрөгийг буцаан олгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн хувийн хэргээр гадаадад зорчих, цагаачлах эрхтэй”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5 дахь заалтад “хуурамч, бусдын паспорт, баримт бичиг ашигласан ... этгээдийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр 2 жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ”, 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэлээр Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах эрхийг хязгаарлахыг хориглоно”, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн даргын 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 100 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсын иргэний гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг түдгэлзүүлэх журам”-ын 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэний гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг түдгэлзүүлэхдээ дараах материалыг байцаагч бүрдүүлнэ, а-д тухайн иргэнээс гаргуулж авсан тодорхойлолт буюу зөрчил гаргасан тухай холбогдох байгууллагаас ирүүлсэн албан бичиг, б-д хуурамч, бусдын паспорт, баримт бичиг ашигласан ... нотлох баримт” гэж тус тус заасан байна.

 2010 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.О 76 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Б.Аийг хуурамч иргэний үнэмлэх ашигласан гэх шалтгаанаар хориг тавьж гадаадад зорчих эрхийг нь хязгаарлаж, Б.Аийг бусдад бичиг баримтаа ашиглуулсан гэсэн үндэслэлээр 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 0041787 дугаар шийтгэврийн хуудас бичиж 40.000 төгрөгөөр торгожээ. 

Улсын бүртгэлийн байгууллага шалгаж, холбогдох нотлох баримтыг улсын байцаагч бүрдүүлсний үндсэн дээр гадаадад зорчих эрхийг нь хязгаарлах эрхтэй байна.

Хэдийгээр Б.А бусдын бичиг баримтыг ашиглаж хуурамч бичиг баримт гаргуулаагүй боловч түүний овог, нэр, регистрийн дугаарыг үндэслэж гадаад паспорт иргэний үнэмлэх, гадаад паспорт гаргасан болох нь тогтоогдсон үйл баримт бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагаас нэхэмжлэгчийг “... бусдад  бичиг баримтаа ашиглуулж хуурамчаар гаргуулсан, үүнийг мэдэх боломжтой байсан” гэсэн үндэслэлээр шийтгэврээр 40.000 төгрөгөөр торгож, гадаад хувийн хэргээр зорчих эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад “хуурамч, бусдын паспорт, баримт бичиг ашигласан, эсхүл 2 буюу түүнээс дээш удаа өөрийн буруугаас гадаад паспортаа гэмтээсэн, хаяж үрэгдүүлсэн этгээдийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр 2 жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ”, 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх үндэслэл байгаа эсэхэд нийслэлд иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутагт цагдаагийн байгууллага хяналт тавина” гэж заасныг зөрчөөгүй байна.

 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч анх удаа үндэсний энгийн гадаад паспорт гаргуулахаар Улсын бүртгэлийн байгууллагад хандсан боловч түүний нэр бүхий хуурамч гэх Е-0228795 дугаар гадаад паспортыг ашиглаж 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Буянт-Ухаа агаарын замын боомтоор Л.А гарч 2012 онд Монгол Улсад Л.А өөрийн нэрээр орж ирсэн болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 7.8/1296 тоот албан бичиг, түүний хавсралт, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2015 оны 03/6854 дугаар албан бичгийн хавсралт, Л.Агийн шүүхэд өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Харин Л.Агийн үйлдэл нь Б.Аийн бичиг баримтыг ашиглан Монгол Улсын хилээр удаа дараагийн давтан үйлдлээр хууль бусаар нэвтэрч, гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул Л.Ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Улсын Ерөнхий прокурорын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1/1340 тоот хариу мэдэгдэх хуудас, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хадгалагдаж буй Нийслэлийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар тус тус нотлогдож байна. Эдгээр үйл баримтуудаар  нотлогдож, 2010, 2011 онуудад гаргаж, хэрэгжээд дууссан актуудыг илт хууль бус болохыг тогтоох боломжгүй бөгөөд шүүхийн шийдвэр нь хэрэгжих, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэх боломжтой байхыг шаарддаг бөгөөд уг маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоосноор Б.Аийн эрх ашиг сэргээгдэх боломжгүй байна. 

4. “Улсын бүртгэлийн цахим санд Б.А намайг хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн худал мэдээлэл оруулсан үйлдлийг бүхэлдээ илт хууль бус болохыг тогтоолгож, Улсын бүртгэлийн мэдээллийн цахим сангаас Б.А хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн худал мэдээллийг бүрэн устгахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт /хуучин нэрээр/ даалгуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд: 

Л.Агийн гэмт үйлдлийн улмаас хохирсон Б.А нь “... бусдад бичиг баримтаа ашиглуулсан хуурамч бичиг баримт гаргуулсан” гэдэг үндэслэлээр захиргааны хариуцлага хүлээж, гадаад зорчих эрхээ  түдгэлзүүлүүлэх арга хэмжээ тооцуулж, энэ арга хэмжээний хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл Бүгд Найрамдах Солонгос улсад зорчих эрх нь хязгаарлагдсан нь түүний Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18-д “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно” гэж заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг эдлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, Улсын бүртгэлийн ерөнхий газраас “... иргэн Б.Ат хуурамч гэх 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгогдсон Е-0228795 дугаартай үндэсний энгийн гадаад паспорт хүчингүй болж, мэдээллийн сангаас хасагдсан ...” гэж тайлбарлаж байгаа хэдий ч Б.Аийг хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн мэдээллийг устгасан гэж үзэх боломжгүй тул улсын бүртгэлд Б.Аийг хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн мэдээлэл оруулсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлдлийг хууль бус гэж үзэх нь зүйтэй байна.

 Иймд Л.Агийн үйлдлийн улмаас хохирсон Б.Аийг хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн мэдээлэл оруулсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын /хуучин нэрээр/ үйлдлийг хууль бус гэж үзсэн тул тус мэдээллийг Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас бүрэн устгахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт /хуучин нэрээр/ даалгах нь зүйтэй.

5. “Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суугаа элчин сайдын яамны консулын ажилтны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б.Аийн овог, нэр, регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг хайчилж, цоолж Л.Ад буцаан олгосон үйлдлийг бүхэлдээ илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 Нэхэмжлэгч Б.Аийн мэдээлэл бүхий Л.Агийн зурагтай Монгол Улсын иргэний үнэмлэх, Е-0228795 дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг Монгол Улсаас БНСУ-д суугаа консулын ажилтан цоолж Л.Ад буцаан өгч, түүнийг нь Л.А устгасан болох нь Л.Агийн гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

 Монгол Улсаас гадаад улсад суугаа консулын ажилтан хуурамч, бусдын паспорт ашигласан этгээдэд иргэний үнэмлэх, паспортыг цоолж, буцаан олгосон үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй байх бөгөөд хяналт шалгалтын ажиллагаа явуулж, улмаар улсын бүртгэлийн байгууллагад бичиг баримтыг хүлээлгэн өгөх үүрэггүй байна.

Иймд хуулиар олгогдоогүй эрх эдэлсэн гэж Гадаад харилцааны яамны консулын ажилтны үйлдлийг буруутгах боломжгүй байна.

6. “Гадаад хэргийн сайдын хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгч Б.А нь 2016 оны 2 дугаар сараас хойш холбогдох хууль, журмын дагуу Гадаад харилцааны сайдад эрхээ хамгаалуулахаар удаа дараа хандсан гэж тайлбарлан маргаж байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасны дагуу Б.Ат Гадаад харилцааны сайдаас 2016 оны 10/1866, 10/3222 дугаар албан бичгээр тус тус хариу өгсөн байна.

Түүнчлэн Гадаад хэргийн сайдаас /хуучин нэрээр/ 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын талд нот бичиг явуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, холбогдох баримт бичгүүдээр нотлогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан байна.

Иймд хариуцагч Гадаад хэргийн сайдыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан эс үйлдэхүй буюу, нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлгүй.

7. “Гадаад хэргийн сайдад нэхэмжлэгчийн Бүгд Найрамдах Солонгос Улсад зөрчигдсөн нэр төр, алдар хүндийг сэргээх, сурч боловсрох эрхийг дипломат аргаар сэргээхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шааардлагын тухайд: 

Дипломат албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын дипломат албыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн удирдана”, 4.2-т “Дипломат албаны хилийн чанад дахь үйл ажиллагааг Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын удирдлагын дор хэрэгжүүлнэ”, 7 дугаар зүйлийн 7.1-т “Дипломат төлөөлөгчийн газар дараах чиг үүргийг гүйцэтгэнэ”,  7.1.5-д “хилийн чанадад Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн дагуу дипломат аргаар хамгаалах” гэж тус тус заажээ. 

Гадаад харилцааны яам, Гадаад харилцааны сайд хилийн чанадад Монгол Улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дипломат аргаар хамгаалах чиг үүрэгтэй хэдий ч нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хилийн чанадад дипломат аргаар хамгаалахыг ажиллагааг хариуцагч Гадаад харилцааны яам удаа дараа хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Гадаад хэргийн сайдаас /хуучин нэрээр/ 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын талд нот бичиг явуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, холбогдох баримт бичгүүдээр нотлогдож байна.

Гадаад харилцааны яам тухайн улсад өөрийн орны иргэний эрх ашиг зөрчигдсөн талаар нот бичиг хүргүүлэхээс өөрөөр тус улсын дотоод болон гадаад бодлогод нөлөөлөх боломжгүй юм.

Гадаад харилцааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны үед “... нэхэмжлэгчийн визний асуудлаар дахин нот бичиг явуулах боломжтой ...” гэдгээ илэрхийлж байх ба уг ажиллагааг явуулахад энэхүү шийдвэр саад болохгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 8. “Гадаад харилцааны яамны 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн К/17-254, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн К/18-785 тоот захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас Бүгд Найрамдах Солонгос Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яаманд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн К/17-254, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн К/18-785 дугаартай “... бусдын үйлдсэн гэмт хэргийн хохирогч болсон Б.Аийн хилээр нэвтрэх эрхийг 5 жилээр хязгаарласан, энэ хориг нь дууссаны дараа 2017 оны 7 сард виз авахаар мэдүүлсэн боловч татгалзсан хариу авсан тул гэмт хэргийн хохирогч болсон иргэнийг хилээр нэвтрэх эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх”-ийг хүссэн утга бүхий нот бичгийг явуулсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” тохиолдолд илт хууль бус захиргааны актад тооцохоор болохоор заасан байх ба дээрх К/17-254, К/18-785  дугаартай актуудыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Б.А нь Гадаад харилцааны яаманд Бүгд Найрамдах Солонгос Улсын хилийн хориг болон визны асуудлаар удаа дараа гомдол, хүсэлт гаргаж байсан байх бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан гомдол хүсэлтийг шийдвэрлэх хүрээнд дээрх нот бичгүүдийг тухайн улсын элчин сайдын яаманд хүргүүлснийг буруутгах боломжгүй бөгөөд энэ нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдолыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-ийн 3-д “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх” гэж заасныг зөрчөөгүй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2, 106.3.4, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.18, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 22 дугаар зүйлийн 22.1, 22.7, 23 дугаар зүйлийн 23.1, 32 дугаар зүйлийн 32.1, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан Б.Аийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаад харилцааны сайдад холбогдуулан гаргаснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Улсын бүртгэлийн цахим санд Б.А намайг хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн худал мэдээлэл оруулсан үйлдлийг бүхэлдээ илт хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн мэдээллийн цахим сангаас Б.А хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн худал мэдээллийг бүрэн устгах”-ыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт /хуучин нэрээр/ даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучин нэрээр/ нь 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Боржигон овогт Б.Аийн овог, нэр, регистрийн дугаартай /ТБ 72011061/ ДА 8369988 тоот иргэний үнэмлэх олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Иргэний бүртгэл мэдээллийн төвийн гадаад паспортын байцаагч Л.Батмөнх болон ахлах байцаагч нарын Б.Аийн овог, нэр, регистрийн дугаартай /ТБ72011061/ Л.Агийн зурагтай хуурамч үндэсний гадаад паспорт олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Оын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний бүртгэл мэдээллийн хяналтын улсын байцаагч Д.Оын 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 76 тоот захиргааны акт, 2011.05.24-ны өдрийн цуцалсан шийдвэр, 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0041787 тоот шийтгэвэр, Боржигон овогт Б.Аийн овог нэр, регистрийн дугаартай Үндэсний гадаад паспортыг хүчингүй болгох, 40.000 төгрөгийг буцаан олгох, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суугаа элчин сайдын яамны консулын ажилтны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б.Аийн овог, нэр, регистрийн дугаартай /ТБ72011061/ иргэний үнэмлэхийг хайчилж, цоолж Л.Ад буцаан олгосон үйлдлийг бүхэлдээ илт хууль бус болохыг тогтоолгох, Гадаад хэргийн сайдын хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Гадаад хэргийн сайдад нэхэмжлэгчийн Бүгд Найрамдах Солонгос Улсад зөрчигдсөн нэр төр, алдар хүндийг сэргээх, зорчих эрхийг сэргээх, сурч боловсрох эрхийг дипломат аргаар сэргээхийг даалгуулах, Гадаад харилцааны яамны 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн К/17-254, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн К/18-785 тоот захиргааны актыг илт хууль бус болох”-ыг тогтоолгохыг хүссэн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,      ШҮҮГЧ     Д.ЧАНЦАЛНЯМ

     ШҮҮГЧ                   Б.АДЪЯАСҮРЭН

             ШҮҮГЧ                            Н. ДУЛАМСҮРЭН