Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 202/МА2021/00015

 

 

М.Л-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 136/ШШ2021/00095 дугаар шийдвэртэй, 

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Айраг сум, 2 дугаар баг, Сайн-Ус ** хаягт оршин суух И.с овогт М.Л нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Айраг сум, 2 дугаар баг, Сайн-Ус ** хаягт оршин суух Б овогт Б.Д

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Айраг сум, 2 дугаар баг, Сайн-Ус ** хаягт оршин суух Х овогт П.М нарт холбогдох,

 

51 тооны малын үнэ 16.175.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг;

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, хариуцагч Б.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч П.М-ын өмгөөлөгч Ж.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Л-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...М.Л миний бие Б.Д-тай 1994 онд танилцаад нэг гэрт хамт амьдарч эхэлсэн. Би Б.Д-тай албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Бид нэг гэрт 21 жил буюу 2016 он хүртэл хамт амьдарч байгаад 2016 оны хавраас тус тусдаа амьдарсан. Сүүлдээ Б.Д намайг гэр оронд минь оруулахгүй хөөж туугаад байлгаж суулгахгүй байхаар нь би хөдөө хээр айлаар хоноглож явж байгаад Улаанбаатар хот руу ах дүүгийндээ очсон. Б.Д надтай амьдрах үед банкны зээл нэхэгдээд төлөх эд хөрөнгө байхгүй гэхээр нь би тухайн үедээ Б.Д-д банкны өр төлбөрт нь мөнгө төгрөг өгч банкны зээлээ төлж байсан. Мөн надтай хамт амьдрах үед Б.Д-д ямар ч эд хөрөнгө байгаагүй. Гэвч 2015 онд миний нэр дээр тоологдож байсан миний өмч болох малыг Б.Д надад өгөөгүй авч үлдсэн хэрнээ нэхэхээр чиний юм гэж байхгүй гээд өгдөггүй. Мөн 2016 онд миний нэр дээр миний малыг тоолуулаагүй. 2006 оноос 2015 оныг хүртэлх хугацаанд миний өмчлөлийн мал миний нэр дээр тасралтгүй 10 жил тоологдож байсан. Б.Д 2016 онд намайг хөөж явуулчихаад миний мал дээр эзэн сууж байгаад гомдолтой байна. Би Б.Д-аас 2015 онд тоологдсон малаа тоо толгойгоор нь гаргуулан авах хүсэлтэй байна. Би 2015 онд тоологдсон малаа өөрийн үнэ өртгөөр зах зээлийн үнийг гаргахад: адуу-5 толгойг нэг бүрийн үнэ 1 сая төгрөг- нийт 5 сая төгрөг, тэмээ -1 толгой 1 сая төгрөг, үхэр- 10 толгой нэг бүрийн үнэ-1 сая төгрөг-нийт 10 сая төгрөг, хонь-25 толгой нэг бүрийн үнэ-150.000 төгрөг- нийт 3.750.000 төгрөг, ямаа-10 толгой нэг бүрийн үнэ 110.000 төгрөг-нийт 1.100.000 төгрөг, 1 ширхэг малын тэжээвэр төмөр онгоц- 150.000 төгрөг, бүгд 21.000.000 төгрөг болж байгаа учир энэхүү үнийн дүнгээр нэхэмжилж байна” гэжээ.

 

Нэхэмжлэгч М.Л-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж өөрчилсөн нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч М.Л нь хариуцагч Б.Д-д холбогдуулан адуу-5, тэмээ-1, үхэр-10, хонь-25, ямаа-10 нийт-51 тооны малын үнэ болох 21.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа 4.825.000 төгрөгөөр багасгаж, “Хөрөнгө Үнэлгээний Төв” ХХК-ийн үнэлгээнд 2015 оны малын А дансанд бичигдсэн малын тоог 2020 оны зах зээлийн үнэ болох 16.175.000 төгрөгөөр үнэлэгдсэнээр нэхэмжилж байна” гэжээ.

 

Нэхэмжлэгч М.Л-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч М.Л нь хариуцагч Б.Д-тай 1996 оноос эхлэн хамт амьдарч байгаад 2006 оны 03 дугаар сарын сүүлээр тусдаа амьдарсан. Учир нь хүү П.М ял эдлээд гарч ирснээс хойш амгалан тайван байлгахаа больсон. Нэхэмжлэгч М.Л хариуцагч Б.Д-тай хамт амьдарч байх хугацаандаа өөрийн нэр дээр 2006 оноос хойш тоолуулсан. М.Л-гийн мал өөрийн нэр дээр тоологдож байсан боловч хамт амьдарч байсан хугацаанд хариуцагч Б.Д-гийн малтай хамт бэлчээж хариулдаг байсан. 2016 онд хариуцагч Б.Д-гаас тусдаа амьдарч эхлэн малаа нэхэмжлэх байсан боловч өөрт нь улсын тэмдэгтийн хураамж төлөх санхүүгийн эх үүсвэр байхгүй байж байгаад 2020 онд нэхэмжлэл гаргасан. М.Л нь хариуцагч Б.Д-гаас бог мал, хариуцагч П.М-аас бод малаа нэхэмжилж байна. Нэхэмжлэгч М.Л-гийн аав, ээжээс өвлөгдөн ирсэн усны онгоцыг малтайгаа хамт үлдсэн. Иймд нийт 16.425.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч П.М-аас 13.800.000 төгрөг, үүнээс 1 тооны ингэ 1.300.000 төгрөг, 5 тооны морь 5.000.000 төгрөг, 10 тооны үхэр 7.250.000 төгрөг, мал усалдаг усны онгоцны үнэ 250.000 төгрөгөөр өөрсдөө үнэлж байна, хариуцагч Б.Д-гаас 2016 оны малын А дансны бүртгэлээс 10 хонь, 10 ямаа нийт 2.625.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

 

Хариуцагч Б.Д шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Л-тэй гэрлэлтийн баталгаагүй. Ээж болох Ш.Д нь 1991 онд намайг хөдөө гаргаж малчин болоход тэмээ 1 толгой, адуу 1 толгой, үхэр өгөөгүй, хонь 4 толгой, ямаа 10 толгой, нийт 16 толгой мал өөрийн малаасаа тасалж өгсөн. Миний бие дээл хүрэм хийж зараад 1993 онд миний малын тоо толгой 70 хүрсэн. Ээж маань намайг мал сайн малласан гээд хонь, хурга нийлсэн 70 гаруй толгой мал нэмж өгсөн. 1994 онд М.Л-тэй хамтран амьдрахад ээж болох Ш.Д нь үнээ 5 толгой, тугал 5 толгой, эр бяруу 1 толгойг өгч нийт 11 толгой үхэр өгч байсан. Ээж 1998 онд дахин 38 толгой хурга өгсөн. 2005 онд мал сүргээ өсгөж сумын сайн малчин болсон. М.Л-тэй 1994 оноос 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хамтран амьдарсан. Амьдарч байх хугацаандаа байнгын гэр бүлийн хүчирхийлэл үзүүлж, дарамталж, мал эд хөрөнгөд халдаж, малыг минь зарж архи ууж ирээд зодож дарамталдаг байсан. Одоо надад М.Л-гийн гэх мал 1 ширхэг ч байхгүй. Сүүлд сонсоход Улаанбаатарт эхнэр, хүүхэдтэй болсон сураг байсан. Би болон манай ах дүү нар хүний урамд М.Л-г хөөж байсан удаа байгаагүй. Ер нь бол М.Л надаас мал нэхэмжлэх эрх байхгүй. Өөрийн мал нь байсан байтлаа малаасаа хулгай хийх байсан уу? Өөрөө хийсэн хэргээ мэдэж байгаа. М.Л-г явснаас хойш гэр бүлийн хүчирхийллээс холдож сэтгэл амар тайван байна” гэжээ.

 

Хариуцагч Б.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Хариуцагч Б.Д нь хөгжлийн бэрхшээлтэй /чих хатуу/ хүний ярьсныг бүрэн хэмжээний ойлгох, ярих чадвар чадамж муу. Б.Д, М.Л нарын малын А дансны бүртгэл, хүн ам өрхийн бүртгэл тусдаа байдаг. Иймд хариуцагч Б.Д-гийн малын тоонд нэхэмжлэгч М.Л-гийн малын тоо нийлсэн. Б.Д-д малыг хүлээлгэн өгсөн эсэх тодорхой. Хариуцагч Б.Д шүүхийн хэлэлцүүлгийн шатанд миний хөрөнгөнөөс тусдаа эд хөрөнгө, мал ахуйтай байсан бол миний малнаас хулгай хийхгүй байсан. Б.Д-гийн нэрийн дансанд нэхэмжлэгч М.гийн мал байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

 

Хариуцагч П.М шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Л гэгч нь миний ээжийн хөрөнгөн дээр ирж хамтран амьдарсан бөгөөд өөрийн гэх өв хөрөнгийн өчүүхэн ч зүйлгүй ирсэн болохыг манай нутгийн ардууд захаасаа хэлнэ. Миний ээж М.Лтэй хууль ёсны гэр бүл биш учир тэдний хооронд хамтран амьдрах хугацааны дундын хөрөнгийн асуудал огт байхгүй болно. Миний ээж Б.Д-гийн мал нь түүний нэр дээр жил бүрийн малын тооллогын А дансны бүртгэлтэй байдаг бөгөөд тэр хүний малын талаар би огт мэдэхгүй, миний ээжийн мал хөрөнгөтэй нийлсэн зүйл огт байхгүй, харин ч амьдрах нэрээр миний хөгжлийн бэрхшээлтэй эгч болон ээжийг минь байнгын дарамталж мал хөрөнгийг нь үрэн таран хийж эд хөрөнгөөр нь тоглож сэтгэл санааны дарамт шахалт учруулж гэр бүлийн хүчирхийлэл дор манай 2 олон жил байж суухын аргагүй нөхцөл байдалд амьдарч байсан юм. 2016 онд ээж маань надад 1 азарга, 2 гүү, 8 тугал, 8 үнээ, 4 бяруу өөрийнхөө малаас тасалж өгч намайг малжуулсан нь М.Л-гийн хөрөнгөнд огт хамааралгүй асуудал юм. Миний хувьд М.Л-гийн бүртгэлтэй им тамгатай мал огт хүлээж аваагүй төдийгүй манай ээжийн малд ч ийм хамааралтай мал хуй огтхон ч байхгүй юм. Иймд энэхүү үндэслэлээр М.Л-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-д заасныг баримтлан М.Л-гийн нэхэмжлэлтэй Б.Д, П.М нарт холбогдох 51 тооны малын үнэ 16.175.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262.950 төгрөгнөөс 238.825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 24.125 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч М.Л-д олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.0-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Д, М.Л нарын хувьд хамтын амьдралтай байсан нь зохигчдын тайлбараар нотлогдон тогтоогддог ба хамтын амьдралтай байх хугацаандаа өөр өөрсдийн өмч хөрөнгө болох малаа өөр өөрсдийн нэр дээр тоолуулж байсан гэсэн тайлбарыг гаргадаг. Зохигчид нэг гэрт хамтран амьдарч байхдаа малнуудаа нийлүүлэн малыг голдуу нэхэмжлэгч Л малдаа явж, малаа хариулдаг байсан байдаг. Үүнээс харахад ч Л, Д нарын мал нийлсэн байдаг байсныг хэргийн зохигчид өөрсдөө сайн мэдэж байхад зохигчдын мал нийлж, холилдсон үйл баримт тогтоогдохгүй байна гэж ямар ч нотлох баримтад үндэслэлгүй шийдвэрлэлээ.

Зохигчид өөр өөрсдийн өмч хөрөнгө болох малаа тус тусдаа нэр дээрээ тоолуулж байсан байдаг ба уг малын тооны баримтаар зохигчдын малыг нийлж, холилдоогүй гэж үзэх боломжгүй юм. Харин зохигчдын мал нийлсэн холилдсон байсан нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараас тодорхой харагддаг. Хариуцагч Д тайлбартаа” ...хээр бэлчээрт байсан хониноос хотоос ирсэн машиндаа ачуулж байсныг хүү М хараад Айраг сумын цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирэх хооронд Л мотоциклоор зугтсан байсан. Цагдаа нар мал ачсан ачааны машиныг нь барьж авсан. Хэдэн мал хулгай хийснийг мэдээгүй, энэ хэргээс 8 толгой хонь олж авсан. Энэ хэрэг болсноос 2 хоногийн дараа Л ирж дахиж Д-гийн малаас зарж үрэхгүй хулгай хийхгүй, дарамт шахалт үзүүлэхгүй, энэ нутгаар ч үзэгдэхгүй гэж тухайн үеийн цагдаагийн төлөөлөгч Г-т өөрийн гараар өргөдөл бичиж өгөөд ямар ч холбоо барихгүй тэр чигтээ алга болсон гэсэн тайлбарыг гаргасан байдаг.

Мөн хариуцагч М анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Л-гийн малыг дүү нь ирээд авсан нэг морь худаг дээр үхсэн байсан... гэсэн тайлбаруудаас харахад Л малнуудаа аваагүй, хариуцагч Д-гийн малтай цуг байсан ч илтэд харагддаг.

 

Нэхэмжлэгч Л-д тухайн үедээ өөрийнхөө 10 тооны хонио Д-гийн хониноос ялгаж авах гэхэд Айраг сумын төлөөлөгчийг хариуцагч дуудсан байсан ба төлөөлөгч ирээд эд хөрөнгийн холбоотой маргаанаа шүүхээр шийдвэрлүүл гэж хэлсэн. Би ч малаа авч чадалгүй орхиод явсан гэсэн тайлбарыг Л гаргадаг. Үүнээс харахад ч зохигчдын мал нийлсэн, холилдсон байсан нь зохигчдын тайлбараас тодорхой харагдаж байгаа юм.

Хариуцагч тал мал нийлж холилдоогүй гэх тайлбарыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргадаг ба энэхүү татгалзлаа нотолсон зүйлгүй. Хэрэв зохигчдын мал тус тусдаа байсан бол дээрх өмч хөрөнгөн дээрээ маргаан үүсгэх, дээрх үйл явдал болох боломжгүйгээс гадна зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаан ч үүсэх шаардлагагүй юм. Хариуцагч тал мал нийлж холилдоогүйг нотолсон ямар ч нотлох баримтыг гаргаж өгөлгүйгээр зөвхөн үгүйсгэсэн тайлбараар хэргийг шийдвэрлэлээ гэж үзэж байна.

2016 оны 03 дугаар сарын сүүлээр Л, Д нар тус тусдаа амьдарснаас хойш 2016 оны 12 дугаар сард тоологддог малын тоонд урьд нь Л-гийн нэр дээр тоологдож байсан малнуудыг хариуцагч Д тоолуулалгүй орхигдуулсан байхыг үгүйсгэх аргагүй. Малыг хариулж, харж хандаж байгаа өмчлөгч, эзэмшигчид л малыг хэрхэн яаж ашиглаж хэрэглэснийг мэдэх боломжтой байхад хариуцагч нарын нэр дээр тоологдсон малын тоог 2015, 2016 оны малын тоотой харьцуулан дүгнэх ч үндэслэлгүй юм. Малын тооны өөрчлөлтөд тухайн төрлийн малнуудыг тодорхойлон тусгаж өгсөн зүйл харагддаггүй.

Хамтын амьдралтай байсан зохигчдын хувьд малнуудаа хэн хэндээ хүлээлгэж өгөх шаардлага үүсгэлгүйгээр хамтран амьдарсаар 2016 оны хүрсэн байдаг ба урьд нь уг өмч хөрөнгийн талаар маргаагүй байж маргаан бүхий асуудал хөндөгдөхөөр Л надад малаа хүлээлгэж өгсөн зүйлгүй, би авч үлдээгүй гэсэн тайлбарыг гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Л нэхэмжлэлийн шаардлагадаа мал усалдаг усны онгоцыг нэхэмжилсэн, уг малын усны онгоцыг шийдвэрлэлгүй орхигдууллаа. Мөн нэхэмжлэгчийн хувьд шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гаргасан боловч шүүх хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэн, мөн гэрч асуулгах хүсэлтийг ч хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэг зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч П.М-ын өмгөөлөгч Ж.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий нөхцөл байдлыг дүгнэсэн. Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага тогтоогдохгүй байна гэж үзсэн энэ бол үндэслэлтэй. Энэ дундын өмч, хамтран амьдрагч хоёр бол эрс тэс өөр ойлголт аль аль шаардлага нь эрх зүйн үндэслэлтэй байдаг юм. Малаа нийлүүлж байсныг тогтоож чадаагүй гэдэг дээр малаа нийлүүлж байсныг тогтоох гол шаардлага бол нэхэмжлэгч талаас өөрсдөө нотлох баримтаа бүрдүүлж энэ нөхцөл байдлыг тогтоолгох ёстой. Үнэхээр тогтоох боломжгүй бол шүүх ийм үнэлэлт дүгнэлт хийхээс өөр яах вэ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус бүрийн хамтран амьдарч байснаас эхлээд тус тусдаа малаа тоолуулдаг, тус тусын өрхийн бүртгэлтэй ийм нөхцөл байдлууд тогтоогддог. 2015 онд М.Л-гийн мал тоологдож байсан 2016 оноос эхлээд тоологдоогүй гэх зүйлийг ярилаа. 2015 онд М.Л өөрөө байсан тус тусдаа малаа тоолуулж байсан. 2016 оноос М.Л явсан учраас мал тоологдохгүй. Энэ нөхцөл байдлыг Б.Д, П.М нартай холбох хууль зүйн үндэслэл байхгүй юм. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас 2 удаа хурал хойшлуулсан. 2 удаа хойшлуулахдаа Ц.А шүүгч хэлж байсан одоо ингээд эцсийн удаа хойшиллоо шүү дахин хойшлуулах боломж байхгүй. Өөр гэрч асуулгах өөр ажиллагаа хийлгэх хүсэлт байвал одоо энэ дээр эцэслээрэй гэхэд байхгүй гэж байсан. Гэтэл яг хурал зарлагдсан өдөр орж ирээд ийм нөхцөл байдлыг хөндсөн. Хэдийгээр цар тахал нийгмийн хүнд нөхцөл хөндөгдөж байгаа ч гэсэн боломж бололцоо байсан юм шүүх энэ талаар хангаж өгсөн гэдгийг хэлмээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн давж заалдсан гомдолд үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

 

1/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт “Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлээд гаргасан баримт бичгийг шийдвэр гэнэ” гэж, 115.2 дахь хэсэгт Анхан шатны шүүхээс хэргийн талаар  “нэхэмжлэлийн шаардлагыг хангах, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргана гэжээ. 

 

Харин “Хэргийг хэрэгсэхгүй болгох” буюу мөн хуулийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8,  65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж тодорхойлсноос үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 117 дугаар зүйл нь эрх зүйн өөр өөр үр дагавартай  байх ба тухайлбал шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэж байгаа бол шийдвэр гаргах,  харин нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй, иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол шүүхээс “хэргийг хэрэгсэхгүй болгох” захирамж гаргахаар хуульчилсан байна.

 

Гэтэл Анхан шатны шүүхээс шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1-д “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн 115.2.3-т зааснаар  “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн байх боловч шүүх хуралдаан даргалагчаас шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг “...хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэж танилцуулсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгджээ. 

 

2/ Хэрэгт байгаа нотлох баримтаас үзэхэд 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс, хариуцагч Б.Д-д холбогдуулан “...51 тооны малын үнэ, малын тэжээлийн төмөр онгоцны үнэ, бүгд 21000000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан/1хх-1,2/ байх ба 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “багасгах” /1хх-64/ буюу 51 тооны малын үнэ 16175000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, өөрчилжээ.

 

Энэхүү нэхэмжлэлээ 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төлөөлөгчөөс дахин өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаа “Нэхэмжлэгч М.Л-д хэдэн тооны мал ногдох хэсгийг тогтоолгох, мал усалдаг усны онгоц буюу 250000 төгрөг гаргуулах”-аар нэмэгдүүлж, энэхүү нэхэмжлэлдээ П.М-ыг хамтран хариуцагчаар татан оролцуулахыг хүссэн/1хх-116,117/-ийг, шүүгчээс “...нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хамтран хариуцагчаар П.М-ыг татан оролцуулахаар шийдвэрлэж/1хх-136/, түүнд “нэхэмжлэлийн хувийг”  гардуулжээ.

 

Гэхдээ хариуцагч П.М-т энэхүү хүлээн авахаас татгалзсан “нэмэгдүүлсэн нэхэмжлэл”-ээс өөр буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анх шүүхэд гаргасан 21 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл /1хх-1,2/-ийг гардуулсан /1хх-141/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан “Хариуцагч гэж...нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 

Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс энэхүү 21 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “...51 тооны малын үнэ 16175000 төгрөг” гаргуулах гэж багасгаж, өөрчилсөн байхад энэ талаар  хариуцагч Б.Д, П.М нарт танилцуулж тайлбар авалгүй улмаар  “М.Л-гийн нэхэмжлэлтэй Б.Д, П.М нарт холбогдох 51 толгой малын үнэ 16 175 000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

3/ Шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “...нэхэмжлэгч М.Л-гийн 2015 оны малын А дансанд бичигдсэн малын 2015, 2020 оны зах зээлийн үнэлгээг” гаргуулах тухай шинжээч /1хх-40,41/ томилсон захирамжаас үзэхэд шинжилгээний объектод “А” дансыг хүргүүлэх талаар дурдаагүй, хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. 

 

Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт шинжээч томилсон шүүгчийн захирамжаас хойш шинжээчийн дүгнэлт хүртэлх баримт/1хх-36-41/-ууд дунд холбогдох малын “А” данс байхгүй байх ба шинжээчээс 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтдээ “...2015 оны А дансанд бичигдсэн” гэж тэмдэглэснээс үзэхэд шүүхээс ямар “А” дансыг  түүнд хэрхэн  хүргүүлсэн болох нь тодорхойгүй, тогтоогдсонгүй.

 

Түүнчлэн хавтас хэрэгт дээр дурдсан шинжээч томилсон захирамж, шинжээчийн дүгнэлтээс хойш буюу 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Дорноговь аймаг, Засаг даргын тамгын газрын архиваас ирүүлсэн лавлагаа /1хх121-224/-ны хамт М.Л-д холбогдох “А” дансыг эмхэтгэсэн байх ба энэхүү баримт нь “хөрөнгийн үнэлгээ”-г гаргахад үндэслэсэн баримтаас өөр баримт уу эсвэл түүнтэй адил баримт эсэх нь эргэлзээтэй, ойлгомжгүй байна. 

 

4/ Нэхэмжлэгч М.Л-гээс, З.А-т “...Б.Д-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд оролцох” эрх эдэлж, үүрэг хүлээх бүрэн эрхийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай итгэмжлэлийг мөн  хариуцагч Б.Д-гаас Ж.Ж-нд  “М.Л-гийн мал авахтай холбогдох иргэний хэрэгт өөрийг нь төлөөлөн хариуцагчийн эдлэх бүх эрхийг эдлэх, бүх шатны шүүхэд төлөөлөх бүрэн эрхийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай итгэмжлэлийг тус тус олгожээ.

 

Эдгээр итгэмжлэл/1хх-14, 131/ нь хүчин төгөлдөр байх бөгөөд нэхэмжлэгч М.Л, хариуцагч Б.Д нараас олгогдсон “төлөөлөх” бүрэн эрх буюу эдгээр итгэмжлэлийг хүчингүй болсон эсхүл өөрчлөлт орсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

   

Нэгэнт өөрсдийгөө төлөөлүүлж, итгэмжлэл олгосон М.Л, Б.Д нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй бөгөөд биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ, мэдэгдэл шүүхэд ирснээр төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болдог.

 

Гэтэл төлөөлөгч З.А, Ж.Ж нараас анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нарыг биечлэн оролцуулах хүсэлт гаргасныг шүүхээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн шаардлагад нийцсэнгүй.

 

Мөн хариуцагч Б.Д нь өмгөөлөгч Ж.Ж-тай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч Ж.Ж-д өөрийгөө төлөөлүүлэхээр итгэмжлэл олгосноор уг гэрээ дуусгавар болох бөгөөд түүнд олгогдсон итгэмжлэл хүчин төгөлдөр байхад хариуцагч Б.Д-г анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцуулснаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж-ны иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх зүйн байдал тодорхойгүй болсон ба түүнийг шүүх хуралдаанд хариуцагчийн  өмгөөлөгчөөр оролцуулсан нь ойлгомжгүй байна. 

 

Иймд дээр дурдсан нөхцөл байдлаас дүгнэхэд Анхан шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, давж заалдсан гомдол гаргахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240325 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэгэнт анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж шийдвэрийг хүчингүй болгосон учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх, хэргийг эцэслэн шийдвэрлэх  үндэслэлгүйг магадлалд тэмдэглэж байна. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1, 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 136/ШШ2021/00095 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А-ийн давж заалдсан гомдлыг хангасугай

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240325 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

 

                                     ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                           Н.БОЛОРМАА