Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 203/МА2021/00009

 

Ойн судалгаа хөгжлийн төвийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 143/ШШ2021/00047 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ойн судалгаа хөгжлийн төв Улсын төсөвт үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Очир-Энерги ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24,887,500.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга О.Очмаа оролцов.

Нэхэмжлэгч Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ нэхэмжлэлдээ: ...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний төлөвлөгөө батлах, эрх шилжүүлэх тухай тушаалын дагуу Өмнөговь аймагт загийн бортоготой тарьцаар ойжуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн ажлыг зохион байгуулах эрхийн шилжүүлсэн хүрээнд тендер шалгаруулалт явуулсан.

Очир-Энерги ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг ажлын хүрээнд Өмнөговь аймагт загийн бортогтой тарьцаар 50 га талбайд ойжуулалтын ажил гүйцэтгэх, уг ажлын санхүүжилтэнд 45,250,000.00 төгрөг байхаар, ажлын хуваарьт зааснаар бэлтгэл ажлыг 2018.04.15-ны дотор, загийн бортоготой тарьцаар ойжуулалт хийх ажлыг 2018.06.10-ны дотор, ойжуулсан талбайг хүлээлгэн өгөх ажлыг 2018.10.10-ны дотор, зөрчил, гологдол арилгах ажлыг 2018.10.20-ны дотор, тайлан боловсруулах ажлыг 2018.11.25-ны дотор, тайлан хэлэлцүүлэн хүлээлгэн өгөх ажлыг 2018.11.25-ны дотор тус тус хийж гүйцэтгэхээр тусгагдсан.

Гэрээнд заасны дагуу Очир энерги ХХК-д ажлын урьдчилгаа болгон 22,625,000.00 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гүйцэтгэгчийг Төрийн банкны 210000347363 дугаартай дансанд шилжүүлсэн.

Ажлын явцтай танилцах, тарьсан модны амьдралтын хувийг тогтоохоор мэргэжилтэн Ц.Бямбасүрэн, манай төвийн цагдаа Б.Батбаатар нар 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ажлыг гүйцэтгэсэн Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Баян загт очиж ажиллахад сонгогдсон газар ажлыг эхлүүлээгүй болох нь тогтоогдсон.

Удаа дараа гүйцэтгэсэн ажлыг дүгнэх талаар сануулсан боловч ямар нэгэн ахиц гараагүй тул 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрээг цуцлах, шүүхэд хандах талаарх мэдэгдэл хүргүүлсэн. Энэ хугацаанд Үндэсний аудитын газраас шалгалт явуулж Очир-Энерги ХХК-д төлбөрийн акт тавьж, урьдчилгаа төлбөрийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр буцаан төлөхийг шаардсан. Энэхүү актыг биелүүлэхийн тулд дахин албан бичгээр шаардлага хүргүүлэхэд хариуд нь ажлыг үргэлжлүүлэн хийж, хүлээлгэн өгөх санал тавьсан. Нэгэнт төлбөрийн акт тавьсан учир уг хүсэлтийг хүлээн авахгүй байхаар шийдвэрлэсэн.

Иймд Очир-Энерги ХХК нь 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2018 оны 11 дүгэр сарын 25-ны хооронд ойжуулалтын ажлаа хийж гүйцэтгээгүй тул гэрээний урьдчилгаа төлбөрт олгогдсон 22 625 000 төгрөгийг, гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд заасан гүйцэтгэгч нь ажил дуусгахаар төлөвлөсөн өдрөөс хугацаа хоцорсон хоног тутамд гэрээний тусгай нөхцөлд заасан хувь хэмжээгээр алданги төлнө. Алдангийн нийт дүн гэрээний тусгай нөхцөлд заасан дээд хэмжээ болох 2 262 500 төгрөгийг тус тус Үндэсний аудитын газрын 100900000601 тоот дансанд төлүүлэх шаардлагыг гаргаж байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ойн судалгаа хөгжлийн төв нь улсын төсвийн хөрөнгөөр ойжуулалт, ойн арга хэмжээ зохион байгуулдаг газар. 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 50 га талбайд ойжуулалт хийх ажлын гэрээг Очир энерги ХХК-тай байгуулсан.

Гүйцэтгэгч аж ахуйн нэгж нь ямар нэгэн байдлаар ажил цалгардуулах юм уу, ямар нэгэн нөхцөл байдал үүсвэл удаа дараа ерөнхий менежерт мэдэгдэх, ажлын гүйцэтгэл болоод ажлын хяналт шалгалтын талаар татгалзах зүйлгүй гэсэн нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулаад 1 жилийн хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж нэг ч удаа ажил хийгээгүй.

Ойн судалгаа хөгжлийн төв нь 45,250,000 төгрөгийн гэрээ байгуулсны урьдчилгаа мөнгөө шилжүүлсэн. Үүний дагуу ямар нэгэн ажил гүйцэтгэсэн байвал тэрийгээ тайлагнах, уг ажлыг хүлээн авах ажлын хэсэг Өмнөговьд очсон байна гэхэд гүйцэтгэгч талаас ямар нэгэн үйлдэл хийгээгүй.

Энэ нөхцөл байдал үүсч байхад Ойн судалгаа хөгжлийн төв дээр гүйцэтгэлийн аудитын шалгалт ирж, ажил гүйцэтгэж хүлээж авч чадаагүй учраас төлбөрийн актыг тавьсан.

Очир энерги ХХК-д гэрээнийхээ дагуу ажлаа гүйцэтгээгүй учраас өгсөн урьдчилгаагаа буцааж шилжүүлэх, байгуулсан гэрээгээ хоёр талаасаа цуцлах ийм нөхцөл байдал үүсээд байгааг албан бичгээр сануулсан боловч огт холбогдож чадахаа больсон. гэжээ.

Хариуцагч Очир Энерги ХХК-ий төлөөлөгч Б.Мөнх-Амар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Ойн судалгаа хөгжлийн төвийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүргийг гүйцэтгэх хугацаа хэтрүүлэх шалтгаан нь цаг үеийн нөхцөл байдал, давтагдашгүй хүчин зүйлүүд байсан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн гуравдугаар хуудсан дээр Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудитаас шалгалт оруулж ажлаа гүйцэтгээгүй Очир-Энерги ХХК-д төлбөрийн акт тавьсан гэж байна. Уг шаардлагад авсан урьдчилгаа төлбөрийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Үндэсний аудитын газрын дансанд буцаан төвлөрүүлэх хугацаа заасан гэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын эрх зүйн байдал нь тодорхойгүй болж байна гэсэн үг.

Үндэсний аудитын газраас ийм акт гарсан бол нэхэмжлэл гаргах шаардах эрх нь Үндэсний аудитын газарт Төрийн хяналт шалгалтын хууль бусад хууль тогтоомжоороо шилжиж байна гэсэн үг. Прокурорын байгууллагын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар төрийн байгууллагын эрх ашиг, төрийн нийтийн эрх ашиг хөндөгдөх тохиолдолд прокурор оролцуулах зохицуулалт байдаг.

Үндэсний аудитын газар гээд нэг нэхэмжлэл, Ойн судалгаа хөгжлийн төв нь өөрөө нэхэмжлэл гаргаад ийм хоёр замаар шаардаад байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Очир-Энерги ХХК-иас 22 625 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГазарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293 700 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Очир-Энерги ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 271 075 төгрөгийг /22 625 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж/, орон нутгийн төсвийн орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 22 625 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГазарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат давж заалдах гомдолдоо: ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээрх 22 652 000 төгрөгийг Очир-Энерги ХХК-иас гаргуулах талаарх Үндэсний аудитын газар шаардлага гаргасан гэх агуулгатай зүйл ярьдаг. Дээрх тайлбарууд болон нотлох баримтууд, нэхэмжлэл зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн эрх зүйн байдал тодорхойгүй байдаг. Ойн судалгаа хөгжлийн төв ТӨҮГ нь Үндэсний аудитын газрын эрх хэмжээг төлөөлөх эрхтэй эсэх нь эргэлзээтэй байна.

Мөн давагдашгүй хүчин зүйлийн нөлөө нь гэрээний үргийг гүйцэтгэхэд нөлөөлсөн гэж үзэж энэ талаар тайлбар гаргасан. Энэ тайлбарт бүрэн бодитой дүгнэлт хийгээгүйгээс үүдэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулна уу. 15,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байж болох бөгөөд үлдэх 7,625,000 төгрөгийн нэхэмжлэл нь туйлын үндэслэлгүй. 7,625,000 төгрөгийн шаардлагыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд 7,625,000 төгрөгийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 136,950 төгрөгийг төллөө. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 47 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 22,652,000 төгрөгийг гэхийг 15,000,000 төгрөгийг хэмээн өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ нь Очир-Энерги ХХК-д холбогдуулан 22,625,000.0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хариуцагчийг гэрээгээр хүлээсэн ажлаа гүйцэтгээгүй тул ажлын урьдчилгаанд өгсөн мөнгөө буцааж авна гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж, хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнх-Амар үүргийг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн шалтгаан нь цаг үеийн нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлүүд байсан гэсэн үндэслэлээр шүүхэд тайлбар гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Б.Энхбат нь анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжилсэн гэсэн үндэслэлээр маргажээ. /хэргийн 32, 57 дугаар хуудас/

Анхан шатны шүүх Очир энерги ХХК-аас 22,625,000.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГазарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагаас 7,625,000 төгрөгийг хасах тухай давж заалдах гомдол гаргаж, энэ дүнд тохирох хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байна.

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ болон Очир-Энерги ХХК нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээгээр ажил гүйцэтгэгч Очир Энерги ХХК нь Өмнөговь аймагт загийн бортоготой тарьцаар ойжуулах ОйСХТ-2018/ООНСА-02-02 дугаартай ажлыг 45,250,000.00 төгрөгөөр 2018 оны 4 дүгээр сарын 20-ний өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр, захиалагч Ойн судалгаа хөгжлийн төв ТӨҮГ нь ажлын хөлсөнд ажил эхлэхийн өмнө болон ажил дууссаны дараа тус бүр 22,625,000.00 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцжээ.

Энэ гэрээнд зааснаар гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дууссан, хариуцагч Очир-Энерги ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй байна.

Нэхэмжлэгч гэрээний 3 дахь заалтын дагуу ажил эхлэхийн өмнөх урьдчилгаанд 22,625,000.00 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хариуцагчийн харилцах дансанд шилжүүлсэн гэж тайлбарладаг. Талууд энэ талаар маргаагүй.

Талуудын дээрх тохиролцоо, үйл баримтаар тогтоогдож буй нөхцөл байдал нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг бүрэн агуулж байх тул анхан шатны шүүхийг талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоосон гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа талууд өөрсдөө шүүхэд нотлох үүрэг хүлээдэг.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэрээ цуцлах, ажлын урьдчилгаанд олгосон санхүүжилтийг эргэн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах болсон тухай албан бичигт 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр а/37 дугаартай албан бичгээр хариу өгсөн, харин 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн албан бичигт хариу өгсөн тухай баримт хэрэгт авагдаагүй ба, эдгээр нотлох баримтын талаар хариуцагч талаас эсэргүүцсэн тайлбар гаргаагүй байна. /хэргийн 15, 16, 18 дугаар хуудас/

Хариуцагч Очир энерги ХХК нь ажлыг гэрээний дагуу гүйцэтгээгүй шалтгаанаа цаг үеийн нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлүүд үүссэн гэж тайлбарласан боловч Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 б-д заасан ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон бол захиалагчид нэн даруй мэдэгдэх гэсний дагуу захиалагч талд гэрээний үүргээ биелүүлэхэд саад болж байгаа нөхцөл байдал үүссэн талаар мэдэгдэж байснаа нотолж, нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй байна.

Хэргийн оролцогч нарт шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг тайлбарлаж, хэргийн материалыг танилцуулсан, шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс гаргасан эрх зүйн туслалцаа авах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж байжээ. Иймд шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлж хэрэглэвэл зохих Иргэний хуулийн зүйл, хэсгийг бүрэн хэрэглээгүй байна.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт гэрээний үүрэг зөрчсөнөөс гэрээнээс татгалзах, мөн 225 дугаар зүйлд талуудын аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол... нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй болохыг заасан.

Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл нь хариуцагч гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгээгүй хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, өгсөн зүйлээ буцаан шаардаж байгаа агуулгыг шүүх нэхэмжлэгчийг гэрээ цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардсан гэж тодорхойлж эрх зүйн хэм хэмжээг буруу хэрэглэснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй гэж үзэх тул энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үнийн дүнг буруу тодорхойлсон байна. Нэхэмжлэгч нь мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлдээ гэрээний урьдчилгаа 22,625,000 төгрөг, алданги 2,262,500 төгрөг гэсэн байх тул нэхэмжлэлийн үнийн дүнг 24,887,500 төгрөг гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-т заасантай нийцнэ. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алданги нэхэмжлэхгүйгээр өгсөн урьдчилгаагаа гаргуулах гэж тайлбарласан байх тул давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн энэ хэсгээс татгалзсан гэж үзэж, улмаар улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдал тодорхойгүй гэж тайлбарласан боловч нэхэмжлэлийн үндэслэл болсон ажил гүйцэтгэх гэрээний талууд болон хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчаар төлүүлэх мөнгийг Үндэсний аудитын газрын 100900000601 тоот дансанд төлүүлэх гэж нэхэмжлэлд бичсэн үндэслэлээ гэрээний дагуу ажлаа гүйцэтгээгүй тул мөнгийг буцаан төвлөрүүлэх тухай Үндэсний аудитын газар шаардлага тавьсан. Энэ нэхэмжлэл хангагдсан тохиолдолд манайх мөнгөө Үндэсний аудитын газарт шилжүүлнэ. Гэрээний дагуу ажлаа гүйцэтгээгүй тул нэхэмжлэл гаргасан гэх агуулгатай тайлбар гаргажээ. Энэ тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар Өмнөговь аймагт загийн бортоготой тарьцаар ойжуулах ОйСХТ-2018/ООНСА-02-02 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн маргаан болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас гаргах төлбөрийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 355 дугаар зүйлийн 355.6-д зааснаар ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг үүсэж болох боловч энэ маргааны хувьд дээрх зохицуулалтад хамаарах нөхцөл байдал үүсээгүй.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн мөнгөн дүнгийн...7,625,000.00 төгрөгийг хасах... гэсэн боловч үндэслэлээ заагаагүй тул гомдол үндэслэлгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаагүй тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 143/ШШ2021/00047 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Очир Энерги ХХК-аас 22,625,000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ойн судалгаа хөгжлийн төв ТӨҮГ-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2262500 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсанг дурдсугай. ,

2 дугаар заалтын 271075 гэснийг 282387 гэж, 22625 гэснийг 11313 гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Худалдаа хөгжлийн банкны харилцах дансанд 2210300138842 дугаараар, 13462052 гүйлгээний кодоор давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136950 төгрөгийг төрийн сангийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.НАСАНЖАРГАЛ

         ШҮҮГЧИД                    Х.БАЙГАЛМАА

                                           Х.ГЭРЭЛМАА