Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 68

 

“Н с л” ХХК-ийн

нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн

Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн

татварын улсын байцаагч

Б.С, С.Б нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:               Х.Батсүрэн

Шүүгчид:                               Л.Атарцэцэг

                                                Г.Банзрагч

                                                Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                     Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга:    Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.С, С.Б нарын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 250021323 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0642 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2019/0002 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Х, 

Хариуцагч: Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч “Н с л” ХХК-ийн захирал Б.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0642 дугаар шийдвэрээр:  1.  Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч ”Н с л” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.С, С.Б нарын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 250021323 тоот актаар тогтоогдсон 13.709.090,9 төгрөгийн зөрчилд ногдох 1.370.909,1 төгрөгийн нөхөн татвараас 4.545.454,6 төгрөгийн зөрчилд ногдуулсан 454.545 төгрөгийн нөхөн татвар, түүнд холбогдох торгууль, алдангийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2.  Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.С, С.Б нарын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 250021323 тоот актаар 13.709.090,9 төгрөгийн зөрчилд ногдох 1.370.909,1 төгрөгийн нөхөн татварын  9.163.645,5  төгрөгийн зөрчилд ногдуулсан 916.364,5 төгрөгийн нөхөн татварт холбогдох торгууль, алдангийг нь өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2019/0002 дугаар магадлалаар:  нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0642 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн дүгээр зүйлийн 74.1,  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н с л” ХХК-ийн “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.С, С.Б нарын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 250021323 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн 2 заалтыг хүчингүй болгож, 3, 4 дэх заалтыг дугаарыг 2, 3 болгон 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж,  хариуцагч Б.Сгийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “Н с л” ХХК-ийн захирал Б.Г-ын гомдол: “... Анхан шатны нягтлан бодох буртгэлийн баримтыг шүүх үнэлээгүй. “Н с л” ХХК нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.С, С.Б нарын “Н с л” ХХК-ийн 2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийж, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 250021323 дугаарын актаар “Б г” ХХК-иас 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 0012327566 тоот падаанаар 4,545,454.4 төгрөгийн, 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0013002553 тоот падаанаар 9,163,645.5 төгрөгийн худалдан авалт хийснээр тайлагнан, нийт 13,709,090.05 төгрөгийн төсөвт төлөх нэмэгдсэн өртөгийн албан татвараа бууруулсан нь Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 14 дүгэрэ зүйлийн 14.3 хэсэгт заасан “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртөгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзэн Татварын улсын байцаагчийн акт үйлдсэн.

4. Гэтэл “Н с л” ХХК нь шатахуун худалдан авахдаа борлуулагчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь баримтаар нотлогдож байхад нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, мөнгөн хөрөнгийн тайлан, кассын орлогын ордер, борлуулалтын дэвтэр, худалдан авалтын давтэр зэргийг үйлдэж, татварт тайлагнаж баримт бичигт тусгасаар байтал анхан болон давж заалдах шатны шүүх нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлоогүй гэж буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

5. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог байхаар хуульчилжээ.

6. Өөрөөр хэлбэл хуульд төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэтийг бүгдийг нэгэн адил санхүүгийн анхан шатны баримт нотолгоо гэж үзэхээр хуульчилсан байхад анхан болон давж заалдах шатны шүүх дээрх баримтуудыг бүгдийг нэг дор бүрдүүлсэн нөхцөлд нотлох баримт гэж үзэж дүгнэлт гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь эдгээр баримтууд нь бүгд хуульд заасан хүчин төгөлдөр, нэг адил хэм хэмжээ агуулдаг байтал бүгдийг иж бүрдэлээр нь байхыг шаардаж дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч ХХК-д татварын падаан, мөнгөн хөрөнгийн тайлан, кассын орлогын ордер, борлуулалтын дэвтэр, худалдан авалтын дэвтэр зэрэг баримтаар нотлож байгааг шүүх харгалзан үзнэ үү.

7. Баянгол дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1161 дугээр тогтоолыг Татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн акт руу буцаан хэрэглэсэн.

8. Давж заалдах шатны шүүх “Н с л” ХХК-ийг нэмэгдсэн өртөгийн албан татварын хий бичилттэй падааныг ашиглан татвар төлөхөөс зайлсхийгээгүй, улмаар татварын хяналт шалгалтад энэ талаарх баримт нотолгоог гаргах боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж Баянгол дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1161 дүгээр тогтоол гараагүй байх он цаг хугацаанд татварын байцаагчийн акт тавигдсан байгааг анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхаарч үзэлгүй, Баянгол дүүргийн Прокурорын тогтоолыг хууль зөрчиж буцаан хэрэглэж, “Болор гуолд” ХХК-ийн гэм бурууг нэхэмжлэгчид халдаан хэрэглэсэн.

9. Нэмэгдсэн өртөгийн албан татварын хий бичилттэй падаан авч тайландаа тайлагнаж, төсөвт төлөх татварыг бууруулсан гэж үзэх үндэслэлгүй.

10. “Б г” ХХК нь 4,545,454 төгрөгийн худалдан авалтад ногдох татвараа татварын тайландаа борлуулалтын орлого хэсэгт тайлагнах төсөвт төлөх үүргээ хүлээсэн. Нэхэмжлэгч ХХК-д “хий бичилттэй падаан” бичиж өгсөн талаар Прокурорын тогтоолд нэг ч үсэг байхгүй байхад “Н с л” ХХК-д борлуулалт хийж байгаагүй, бодит худалдан авалт хийгээгүй хэмээн буруутгасан.

11. Өөрөөр хэлбэл акт гарах цаг хугацаанд бодит худалдан авалт хийгээгүй талаар ямар нэгэн тогтоогдсон хүчин төгөлдөр шийдвэр, тогтоолгүйгээр, хууль зүйн үндэслэлгүйгээр хардаж нэхэмжлэгчийг буруутгасан. Энэхүү падаан хий биш гэдэг нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 20-05/1514 дугаартай албан бичгээр нотлогддог бөгөөд “Б г” ХХК нь татварын тайландаа тайлагнасан байдаг. Одоо ч энэхүү тайлан хүчин төгөлдөр байгаа болно.

12. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

14. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.С, С.Б нар “Н с л” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн 250021323 дугаар актаар “... 2012 онд 13,709,090.95 төгрөгийн бараа материалыг нэмэгдсэн өртгийн албан татвартайгаар худалдан авснаар тайлагнан, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан” гэх зөрчил тогтоон, 1,370,090.10 төгрөгийн нөхөн татвар, 685,454.50 төгрөгийн торгууль, 685,454.50 төгрөгийн алданги, нийт 2,741,818 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс “...манай компани шатахуун худалдан авахдаа борлуулагчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь баримтаар нотлогдож байхад ... акт тавьсан нь үндэслэлгүй, ...  хуулиар ногдуулаагүй татвар буюу бусдын төлөх ёстой татварыг төлөх үүргийг манай компанид хүлээлгэж, манай эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж, хариуцагчаас “...тус компани нь “Б г” ХХК-иас шатахуун худалдан авсан гэж  2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 0012327566 тоот падаанаар 4,545,454.6 төгрөгийн, 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0013002553 тоот падаанаар 9,163,645.5 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвартайгаар худалдан авалт хийсэн гэж тайлагнан нийт 13,709,090.95 төгрөгийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг үндэслэн татварын улсын байцаагчийн акт үйлдсэн нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

15. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, “Б г” ХХК нь “... 2012 онд ... “Н с л” ХХК-нд 12327566, 13002553 тоот падаанаар 13,709.1 мянган төгрөгийн ... борлуулалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хий бичилт хийсэн”, уг үйлдлээ “Б г” ХХК-ийн захирал Б.Б-Э нь тухайн үед эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хүлээн зөвшөөрсөн нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 240042 дугаар дүгнэлт, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 1161 дүгээр тогтоолоор тогтоогдсон байх тул нэхэмжлэгч “Н с л” ХХК-ийн 2012 онд “Б г” ХХК-иас  худалдан авсан гэх 13,709,090.95 төгрөгийн бараа материалын хувьд “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгдсөн” гэж шүүх дүгнэх боломжгүй юм.

16. Өөрөөр хэлбэл, хяналтын шатны шүүх нэхэмжлэгч “Н с л” ХХК-ийг хэн нэгнээс шатахуун худалдаж аваагүй гэж дүгнээгүй, харин бараа материал худалдан авахдаа борлуулагчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь баримтаар нотлогдоогүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу албан татварыг хасч тооцохгүй, энэ үндэслэлээр гаргасан маргаан бүхий акт хуульд нийцсэн гэж үзлээ.

17. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “... “нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг” ойлгохоор, Нягтлан бодох бүртгэлийн тухай (2001) хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлэх”-ээр, 8.2-т “... аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлд давхар бичилт (ажил гүйлгээг дансны дебет, кредитэд зэрэг бичилт) хийх”-ээр тус тус заажээ.

18. Түүнчлэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ гарсан нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байна.

19. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч “Н с л” ХХК нь “Б г” ХХК-иас “...13,709,090.95 төгрөгийн шатахуун худалдан авсан” гэх боловч уг худалдан авалттай холбоотой гүйлгээ нь “Н с л” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлогдоогүй гэж үзнэ, өөрөөр хэлбэл, “Б г” ХХК-ийн зарлагын падаан, кассын орлогын баримт зэргийг үндэслэж, “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгдсөн шатахууныг “Б г” ХХК-иас худалдан авсан”, “...нэг татварыг хоёр байгууллагаас давхардуулан авах болсон” гэж шүүх дүгнэх боломжгүй, маргаан бүхий актыг энэ үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй юм.

20. Мөн, Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1161 дүгээр тогтоолоор “... яллагдагч Б.Болор-Эрдэнэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт төлөх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул 2015 оэы 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч /байгаа/” гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, уг тогтоолд зааснаар “Б г” ХХК-ийн захирал Б.Болор-Эрдэнийг 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан, Эрүүгийн цагдаагийн газрын III дугаар хэдтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 92/225 дугаартай албан бичгээр “... “Б г” ХХК-ийн захирал ... Б.Болор-Эрдэнэ нь 2012 онд ... нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр хий бичилт хийж, 128 аж ахуйн нэгжид тарааж ашиглуулсан , тэдэнд татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдож байх тул ... /эдгээр/ аж ахуйн нэгж бүрийг нэгбүрчлэн харьяа татварын байгууллагаар шалгуулах”-аар Татварын ерөнхий газарт хандсан, үүний дагуу татварын хяналт, шалгалт хийх удирдамж, томилолт гарч, хариуцагч татварын улсын байцаагч нараас татварын хяналт шалгалтыг явуулсан, маргаан бүхий актыг гаргасан байх тул нэхэмжлэгчийн  “Баянгол дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1161 дугээр тогтоолыг Татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн акт руу буцаан хэрэглэсэн”, “... акт гарах цаг хугацаанд бодит худалдан авалт хийгээгүй талаар ямар нэгэн тогтоогдсон хүчин төгөлдөр шийдвэр, тогтоолгүйгээр, хууль зүйн үндэслэлгүйгээр хардаж нэхэмжлэгчийг буруутгасан” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

21. Иймд, нэхэмжлэгчийн “...татварын падаан, мөнгөн хөрөнгийн тайлан, кассын орлогын ордер, борлуулалтын дэвтэр, худалдан авалтын дэвтэр зэрэг баримтаар нотлогдсон ... байхад ... хуулийг буруу тайлбарласан” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй, хариуцагч татварын улсын байцаагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудын холбогдох заалтыг баримтлан дээрх худалдан авалтуудыг “баримтаар нотлогдоогүй” гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, анхан шатны шүүх маргаан бүхий актаар тогтоосон “4,545,454.6 төгрөгийн зөрчил”-д холбогдох асуудлаар буруу дүгнэлт хийсэн гэж үзнэ.

22. Харин, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 42 дугаар тогтоолоор “... актаар тогтоосон 685,454.50 төгрөгийн торгууль, 685,454.50 төгрөгийн алданги, нийт 1,370,909.2 төгрөгийн төлбөрийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулж, 1,370,909.1 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэх”-ээр шийдвэрлэснийг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоолоор дээрх Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 42 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн 250021323 дугаар актыг хэвээр баталсан, нэхэмжлэгчийн “татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн 250021323 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг давж заалдах шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ уг маргаанд хэрэглэвэл зохих Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэглээгүй нь буруу болжээ.

23. Тодруулбал, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэх”-ээр, 10 дугаар зүйлийн 10.2-т “энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө ... төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байх”-аар тус тус зааснаас үзэхэд, нэхэмжлэгч “Н с л” ХХК-ийн гаргасан зөрчил, түүнд хариуцлага ногдуулсан шийдвэр нь уг хуулиар “өршөөлд хамааруулах”-аар заасан хугацаанд хамаарч байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэх үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүх уг хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэгч “Н с л” ХХК-ийн 2012 онд гаргасан зөрчилд,  татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн 250021323 дугаар актаар ногдуулсан хариуцлагаас чөлөөлөөгүй нь буруу байна.

24. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2019/0002 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож” гэснийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг тус тус баримталж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн 250021323 дугаар актаар тогтоосон 685,454.50 төгрөгийн торгууль, 685,454.50 төгрөгийн алданги, нийт 1,370,909.2 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж өөрчлөн, “3, 4 дэх заалтын дугаарыг 2, 3 болгон” гэснийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Н с л” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА