Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2019/0002

 

“Н л” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, хариуцагч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0642 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Б.С-ийн гаргасан давж заалдах гомдлоор, “Н л” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.С, С.Б нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0642 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч “Н л” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.С, С.Б нарын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 250021323 тоот актаар тогтоогдсон 13.709.090,9 төгрөгийн зөрчилд ногдох 1.370.909,1 төгрөгийн нөхөн татвараас “4.545.454,6 төгрөгийн зөрчилд ногдуулсан 454.545 төгрөгийн нөхөн татвар, түүнд холбогдох торгууль, алданги”-ийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2 дах заалтаар: Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.С С.Б нарын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 250021323 тоот актаар 13.709.090,9 төгрөгийн зөрчилд ногдох 1.370.909,1 төгрөгийн нөхөн татварын 9.163.645,5 төгрөгийн зөрчилд ногдуулсан 916.364,5 төгрөгийн нөхөн татварт холбогдох торгууль, алдангийг нь өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.С давж заалдах гомдолдоо: “... 1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “Н л” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусган төсөвт төлөх тухайн татварыг буурсан 4.545.454.6 төгрөгийн худалдан авалтад ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг “Б г” ХХК өөрийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа “борлуулалтын орлого” хэсэгт тайлагнан төсөвт төлөх үүргээ хүлээсэн байхад уг татварыг дахин нэхэмжлэгчээр төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ” гэж дүгнэсэн нь Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн заалтыг буруу хэрэглэсэн байна.

Учир нь прокурорын тогтоолд “Б г” ХХК-ийн захирал Б.Б-Э нь бодит борлуулалт хийгээгүй хий бичилттэй падааныг аж ахуйн нэгжид тараасан болохоо хүлээн зөвшөөрсөн, үүн дотор нэхэмжлэгчийн 2 ширхэг падаан байгаа талаар тусгаж өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Иймээс шүүхийн шийдвэрт “Б г” ХХК борлуулалтаа тайлагнасан байх тул буруутай гэж үзэх боломжгүй талаар дүгнэсэн нь буруу бөгөөд хий бичилттэй падаан зардаг газрууд татварын албанд борлуулалт хийсэн мэтээр тайлангаа өгч их хэмжээний өр төлбөр үүсгэдэг. Борлуулалт хийсэн гэх “Б г” ХХК-ийн захирал бодитой борлуулалт хийгээгүй болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгснийг прокурорын тогтоолд бичсэн байтал шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.3 дэх заалтыг тус тус үндэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

2. Мөн шүүхийн шийдвэрийн Тоггоох нь хэсгийн 2-т хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заасан. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “төсвийн байгууллагын нэхэмжлэл”, 41.4-д “төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл чөлөөлөгдөх талаар заасан ба төсвийн байгууллага улсын тэмдэгтийн хураамжийг төлөх боломжгүй, энэ талаар төсөвт тусгагддаггүй болно.

Иймд хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0642 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Б.С, С.Б нар нь “Н л” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх албан татвар, ногдуулалт, төлөлтөд хэсэгчилсэн шалгалт хийж, хий бичилттэй “Б г” ХХК-аас 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 0012327566 дугаартай падаанаар 4.545.454.6 төгрөгийн, 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0013002553 дугаартай падаанаар 9.163.645.5 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан зөрчил гаргасан гэж үзэж, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 250021323 дугаартай актаар 1.370.909.10 төгрөгийн нөхөн татвар, 685.454.50 төгрөгийн торгууль, 685.454.50 төгрөгийн алданги ногдуулсан үндэслэлтэй байна.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ”, 18.1.13-д “татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “... баримтаар нотлогдоогүй бол ... албан татварыг хасч тооцохгүй”, 29 дүгээр зүйлийн  29.1-д “Татварын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 29.1.1-д “татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх”, 29.1.2-т “татварын хяналт шалгалтад шаардагдах магадлагаа, баримтын хуулбар, банкны гүйлгээний хуулгыг татвар төлөгчтэй харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах”, 29.1.6-д “татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулах”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, ... бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч татвар төлөгчийн тайлан санхүүгийн баримт мэдээллийг гаргуулахаас гадна тухайн татвар төлөгчтэй харилцагч бусад этгээдээс шаардлагатай баримтуудыг гаргуулан авах замаар хяналт шалгалтыг хийж, татвар төлөгч татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан, буруу мэдээлсэн, тайлан тэнцэлд тусгахгүй орхисон зэрэг зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоож, эдгээр зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн зөрчилд нь ногдох нөхөн төлүүлэх татвар, торгууль, алдангийг хуульд заасан журмыг дагуу тодорхойлж, татварын улсын байцаагчийн актаар төлбөр ногдуулах эрхтэй байна.

Харин татвар төлөгч татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах үүрэгтэй, татварын улсын байцаагчийн акт болон татварын хяналт шалгалттай холбогдуулан эрх бүхий этгээдийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалахаас гадна татварын хяналт шалгалтад биечлэн байлцах эрхтэй, түүнчлэн татварын байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд хандсан тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх журмын хүрээнд захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус байсан эсэхийг буюу төлбөр ногдуулсан захиргааны акт үндэслэлтэй эсэх, тус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянаж, маргааныг шийдвэрлэх учиртай.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Б г” ХХК-ийн захирал Б.Б-Э нь нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд НӨАТ-ын падаанд хий бичилт хийж өгсөн, бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт шалгагдан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан байх бөгөөд Баянгол дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1161 дүгээр тогтоолоор “яллагдагч Б.Б-Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд нэхэмжлэгч “Н л” ХХК прокурорын тогтоолд дүгнэгдсэн нөхцөл байдлыг няцаах баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүйгээс гадна 2015 онд хийгдсэн татварын хяналт шалгалтын явцад өөрийн буруугүйг нотлох цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэгдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах боломжтой байжээ.

Өөрөөр хэлбэл, “Н л” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падааныг ашиглан татвар төлөхөөс зайлсхийгээгүй, улмаар татварын хяналт шалгалтад энэ талаарх баримт нотолгоог гаргах боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөөтээгүүр, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д ““нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг” ойлгохоор, 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж тус тус зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, ажил, гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредит бичилт, журнал, бүртгэл гэх мэт санхүүгийн анхан шатны баримт, бүртгэлд уг гүйлгээ гарсан нь тусгагдсан тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байна.

Гэтэл анхан шатны шүүх “...4.545.454.6 төгрөгийн худалдан авалтад ногдох НӨАТ-ыг “Б г” ХХК өөрийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа “Борлуулалтын орлого хэсэгт тайлагнах, төсөвт төлөх үүргээ хүлээсэн байхад уг татварыг дахин нэхэмжлэгчээр төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй” гэх дүгнэлтийг хийж,  4.545.454.6 төгрөгийн зөрчилд ногдуулсан 454.545 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги”-ийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь “Н л” ХХК нь “Болор гоулд” ХХК-аас 2012 онд нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа материал худалдан авсан гэж санхүүгийн анхан шатны баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан зэрэгт тусгасан боловч “Б г” ХХК нь “Н л” ХХК-д борлуулалт хийж байгаагүй, нэхэмжлэгч дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудаар бодит худалдан авалт хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, худалдан авалт бодитойгоор хийгдээгүй, хий бичилттэй баримтыг санхүүгийн тайланд тусгасан нь “...үнэн зөв, бодит баримтад тулгуурлан санхүүгийн тайлан үйлдэгдэнэ” гэсэн шаардлага нөхцөлийг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0642 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн дүгээр зүйлийн 74.1,  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н л” ХХК-ийн “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.С, С.Б нарын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 250021323 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн 2 заалтыг хүчингүй болгож, 3, 4 дэх заалтыг дугаарыг 2, 3 болгон 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж,  хариуцагч Б.С-ийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                              Э.ЛХАГВАСҮРЭН

                               ШҮҮГЧ                                                              Э.ЗОРИГТБААТАР