Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 469

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч: З.Энхжаргал,

Нарийн бичгийн дарга: Н.Номинчимэг,

            Шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Чимэдцэрэнгийн Тд холбогдох эрүүгийн 201625022764  дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн Эмээлтийн 39 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЙП91091006 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Чимэдцэрэнгийн Т.

 

Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Яллагдагч Ч.Т нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 6 тоот орцны жижүүрийн байрны хаалганы цоожийг төмрөөр хөшиж онгойлгон нэвтэрч хохирогч Т.Нэргүйн 2 ширхэг нөүтбүүкийг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Т мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролоо бүрэн барагдуулсан тул хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

Мөрдөн байцаалтын шатанд эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 21/, хохирогч Т.Нэргүй /хх-ийн 23-25/, гэрч Б.Чимэдцэрэн /хх-ийн 26/, Г.Энхцог /хх-ийн 27/, Д.Саруул /хх-ийн 28/, Б.Наранхүү /хх-ийн 29/ нарын мэдүүлэг, 295 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 30/, Ч.Тын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 44-48/, хохирол төлсөн баримт /хх-ийн 52/, Ч.Тын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 54/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 84-88/, Ч.Тын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113, 122/, хэрэг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол /155-157/, шинээр өгсөн шүүгдэгч Ч.Тын хувийн байдалтай холбоотой жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтчийн хуулбар 22 хуудас баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Т нь орон байранд нэвтэрч буюу 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах 1 дүгээр байрны 6 тоот орцны жижүүрийн байрны хаалганы цоожийг төмрөөр хөшиж онгойлгон орж хохирогч Т.Нэргүйн 2 ширхэг нөүтбүүкийг хулгайлан авч 600.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

                                                                    

хохирогч Т.Нэргүйн /хх-ийн 24-25/: “… Миний амьдардаг жижүүрийн байрнаас 2 ширхэг нөүтбүүк хулгайлагдсан байсан. Манай хажуугийн орцны Нараа над руу утсаар яриад “танай хаалга онгорхой дэлгээтэй байна” гэж хэлсэн. Би охин Даваажаргалыг “очоод үзээд ир” гэж явуулсан. Удалгүй охин утсаар ярьж “ээж ээ, манай байранд байсан 2 ширхэг зөөврийн комьпютер алга болчихсон байна. Хаалга онгорхой, хаалганы цүүг хөшиж эвдсэн байна” гэж хэлсэн. Би жижүүрийн байрандаа ирээд камер шүүж үзэхэд 20-25 орчим насны эмэгтэй хүн манай орцноос 2 ширхэг комьпютерийг маань аваад явж байгаа нь бичигдсэн байсан. … Ч.Т надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Одоо ямар нэг санал хүсэлт байхгүй. Гомдолгүй ...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.Энхцогийн /хх-ийн 27/: “… 2016 оны 11 дүгээр сарын дундуур нэг бордуу царайтай эмэгтэй манайд орж ирээд “Geniun student” гэх бичигтэй жижиг хэмжээтэй сурагчдад тараадаг гэмээр нөүтбүүкийг надад өгөөд “худалдаад авчихаач” гээд гуйгаад байсан. Яагаад сурагчдад тараадаг гэж мэдсэн юм бэ гэхээр тэр компьютерийг асаахаар “Баянзүрх, Налайх дүүргийн хүүхдийн цахим хөтөлбөр” гэсэн бичиг гарч байсан. Би “авахгүй” гэсэн боловч “хоолны мөнгөгүй болчихлоо, туслаач” гээд гуйгаад байхаар нь нөүтбүүкийг 15.000 төгрөгөөр худалдан авсан. Авсан компьютераа задалж зараад дууссан ...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Саруулын /хх-ийн 28/: “… Манайд олон хүн янз бүрийн эд зүйл барьцаалан зээл авдаг. Би өөрийн баримтуудаа шүүж үзэхэд Ч.Т гэдэг хүн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-д үйлдвэрлэсэн ягаан өнгийн “мини” нөүтбүүкийг барьцаалан 30.000 төгрөг авсан байна. 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүү алданги төлөөд нөүтбүүкээ аваад явсан байна…” гэх мэдүүлгээр,

 Ч.Тын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 44-48, 202/: “… Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11-12 цагийн үед нэг найзтайгаа 1-2 шил пиво уучихаад Ардын Эрхийн автобусны буудлын орчимд салсан. Тэгээд Автоплазагийн урд талын 9 давхар байрны хажуугаар өнгөрч байгаад “Мини маркет” дэлгүүрийн хажуугийн орц руу орсон. Тухайн үед тэр орц руу ороод өөрийгөө толинд  хараад гарах гэхэд жижүүрийн өрөөний хаалга жижиг хятад цоожоор цоожилсон, гэрэл нь асаалттай, орон дээр нь 2 ширхэг нөүтбүүк байсан. Би өөрт байсан арматурын тасархай төмрөөр цоожийг нь хөшиж онгойлгоод дотор нь байсан 2 ширхэг нөүтбүүкийг хулгайлаад аваад гарсан…” гэх мэдүүлгээр болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа ахлах ахлагч М.Мэндсайханы илтгэх хуудас /хх-ийн 16/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 84-88/, эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 21/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл Ч.Т нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хохирогчийн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хохирогч эд зүйлээ хулгайд алдсан, хохирогч эд зүйлээ хулгайд алдсаныг гэрч нар гэрчилсэн, шүүгдэгч хохирогчийн хөрөнгийг хулгайлснаа өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийн үнэлгээг үнэлгээний комисс тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар орон байранд нэвтэрч авсан Ч.Тын санаатай үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Ч.Тын бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Прокуророос шүүгдэгч Ч.Тыг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тодорхойлж өгчээ.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

Шүүгдэгч Ч.Тын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулж байх бөгөөд уг гэмт хэрэг нь “хүндэвтэр” ангилалын гэмт хэрэгт хамаарч байна.

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь “хүнд” ангилалын гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр буюу хорих ялын дээд хэмжээг ихэсгэн заасан нь Ч.Тын эрх зүйн байдлыг дордуулахаар байна.

Иймд Ч.Тын үйлдсэн “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжид нь тохируулан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилнэ.

 

Шүүгдэгч нь хохирогчид учруулсан материаллаг хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, хохирогч “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн зэргийг харгалзаж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Т нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тэрээр жирэмсэн, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан хууль буцаан хэрэглэж буюу 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хуульд заасан тодорхой хугацаагаар хойшлуулах боломжтой гэж шүүх үзэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                                                                                               

 1. Прокуророос шүүгдэгч Чимэдцэрэнгийн Тыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

 

            2. Шүүгдэгч Шарнууд овогт Чимэдцэрэнгийн Тыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т 85 /наян тав/ хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

 

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

7. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тд оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд                давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурьдсугай.

 

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ