Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 393

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Ч.Т-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Оюунчулуун, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Бадрал,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 469 дүгээр шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай прокурор Э.Бадралын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1 дүгээр дүгнэлтээр Ч.Т-д холбогдох эрүүгийн хэргүүдийг 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ч.Т, 19хх оны хх дүгээр сарын хх-нд төрсөн, х настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл хх, тоотод оршин суух бүртгэлтэй,

 

Ч.Т- нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 6 тоот орцны жижүүрийн байрны хаалганы цоожийг төмрөөр хөшиж онгойлгон нэвтэрч хохирогч Т.Н-н 2 ширхэг нөүтбүүкийг хулгайлж 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Ч.Т-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Ч.Т-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Ч.Т-ыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ч.Т-ыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Т- 85 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Ч.Т-д оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Бадрал бичсэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 469 дүгээр шийтгэх тогтоолоор 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байрны 6 тоот орцны жижүүрийн байрны хаалганы цоожийг төмрөөр хөшиж онгойлгон нэвтрэн орж хохирогч Т.Н-н 2 ширхэг зөөврийн компьютерийг хулгайлж 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 cap хорих ял шийтгэгдэж мөн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Гэвч яллагдагч Ч.Т- нь 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайлаастийн 1-1 тоотод байрлах нийтийн байрны 13 дугаар хаалганы цүүг эвдэн хууль бусаар, нууцаар нэвтрэн орж зөөврийн компьютер, мах зэрэг эд зүйлс хулгайлсан үйлдэлд нь Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан эрүүгийн 201725031156 дугаартай 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 91 дүгээр прокурорын яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тус шүүхээс хэргийг хүлээн аваад 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ.

Шүүхийн нэмэлт мөрдөн байцаалтад “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 469 дүгээр шийтгэх тогтоолыг гаргах үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал илэрсэн эсэхийг мөн хуулийн 41.2 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргаж холбогдох ажиллагааг хийгээгүй байна” гэсэн үндэслэлээр буцаасан.

Хэргийг хянаж үзвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 469 дугаар шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй  байсан дээрх Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайлаастийн 1-1 тоотод байрлах нийтийн байрны 13 дугаар хаалганы цүүг эвдэн хууль бусаар, нууцаар нэвтрэн орж зөөврийн компьютер, мах зэрэг эд зүйлс хулгайлсан гэмт хэргийг “2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байрны 6 тоот орцны жижүүрийн байрны хаалганы цоожийг төмрөөр хөшиж онгойлгон нэвтрэн орж хохирогч Т.Н-н 2 ширхэг зөөврийн компьютерийг хулгайлж 600,000 төгрөгийн хохирол учруулсан” гэх эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэж яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хөнгөн ял оногдуулах үндэслэл болох нөхцөл байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэл илэрсэн байна.

Иймд Ч.Т-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 469 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу прокурорын дүгнэлт бичсэн.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Ч.Т- нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 6 тоот орцны жижүүрийн байрны хаалганы цоожийг төмрөөр хөшиж онгойлгон нэвтэрч хохирогч Т.Н-н 2 ширхэг нөүтбүүкийг хулгайлж 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгтээ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 469 дүгээр шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн ба уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулжээ.

 

Гэтэл  2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолыг гарсны дараа уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө Ч.Т-ын үйлдсэн “...2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хайлаастын 1-1 тоотод байрлах нийтийн байрны 13 дугаар хаалганы цүүг эвдэн хууль бусаар, нууцаар нэвтрэн орж зөөврийн компьютер, мах зэрэг эд зүйлс хулгайлсан...” гэмт хэрэг илэрсэн бөгөөд уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдсан болох нь эрүүгийн 201725031156 дугаар хавтаст хэргээр нотлогдож байна.

 

Ч.Т-ын “...2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хайлаастын 1-1 тоотод байрлах нийтийн байрны 13 дугаар хаалганы цүүг эвдэн хууль бусаар, нууцаар нэвтрэн орж зөөврийн компьютер, мах зэрэг эд зүйлс хулгайлсан...” үйлдэл нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 469 дүгээр шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байжээ.  

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

Энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ.

Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх болж байна.

 

Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй байна.

 

Иймд прокурор Э.Бадралын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1 дүгээр дүгнэлтийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 469 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 469 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Т-д холбогдох 201625022764 дугаартай эрүүгийн хэргийг прокурор /Чингэлтэй дүүргийн Прокурорын газар/-т буцаасугай.

 

2. Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн Ч.Т-д холбогдох 201725031156 дугаартай эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцаан хүргүүлсүгэй.

 

3. Энэхүү магадлалын хувийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу прокурор, оролцогчдод тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Даваадоржид даалгасугай.

 

4. Хэргийг прокурорт очих хүртэл Ч.Т-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ