Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2017/0634/З |
Дугаар | 221/МА2018/0113 |
Огноо | 2018-02-13 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2018/0113
Ч.Т-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, С.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0010 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Ч.Т-ы нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0010 дугаар шийдвэрээр: Аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 71 дүгээр зүйлийн 71.3, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсгийг тус тус баримтлан Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/237 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий Ч.Т-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/237 дугаар тушаалаар аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй болсон гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Хариуцагч талаас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ажлаас чөлөөлсөн үндэслэлийг тайлбарлахдаа орон тоо цөөрсөн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг.
Шүүхийн үндэслэх хэсэгт орон тоо цөөрсөн байна гэж дүгнэсэн хирнээ яг ямар орон тоо хэд байсан нь хэд болж цөөрсөн талаар дүгнэлт хийгээгүй байна.
2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Монгол Улсын Ерөнхий аудиторын №23 тоот тушаалаас харахад аудитор, шинжээч нь 27 орон тоотой байхаар батлагдсан бөгөөд үүнийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/60 дугаар тушаалаар аудитор 26 орон тоотой байхаар баталсан. Орон тоо 1-ээр цөөрсөн хэдий ч 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/177 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газар аудитор, шинжээч гэсэн орон тоон дээр 26 хүн ажиллаж байсан байдаг. Иймд бодит байдал дээр 26 хүн ажиллаж байсан тул орон тоо цөөрсөн шалтгаанаар халагдах хүн байхгүй байхаар байна.
Хариуцагч талаас орон тоо 50 байсныг 45 болгож цөөрүүлсэн гэж тайлбарладаг хэдий ч орон тоо цөөрсөн гэх үндэслэл нь тухайн ажил, албан тушаалтын орон тоонд хамаарах ойлголт болохоос нийт орон тоогоор тодорхойлогдох ойлголт биш юм.
Түүнчлэн нэхэмжлэгчийн ажиллаж байсан санхүүгийн аудитын хэлтсийн аудитор, шинжээчийн орон тоо нь 13 байсан нь 16 болж нэмэгдсэн байхад шүүхээс уг байдлыг анхаарч үзээгүй байна.
Шүүхээс хариуцагчийг сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд явуулсан гэж дүгнэсэн. Гэвч хариуцагчийн сонгон шалгаруулалт явуулсан гэх тэмдэглэл нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байх бөгөөд уг тэмдэглэлийн ажлаас чөлөөлж буй ажилчдын нэрсийн жагсаалтын хэсэгт Б.Гоцбаярын талаар 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ёс зүйн зөрчил хүлээсэн гэж бичигдсэн байдал нь уг тэмдэглэлийг нөхөж үйлдсэн, сонгон шалгаруулалтыг бодит байдал дээр явуулаагүй гэдгийг илтгэж байна.
Сонгон шалгаруулалтын гол шалгуур нь ажлын туршлага гэх ойлголт байх бөгөөд шинээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтод төрийн албанд 5 жил ажилласан гэх шаардлага тавьж, уг шаардлагаар сонгон шалгаруулалт явуулж буй нь үндэслэлгүй юм. Ажлын туршлага гэдэг нь тухайн ажил, албан тушаалд хэдий хугацаанд ажилласан, өөрийн хийж буй ажлыг хэр зэрэг үр дүнтэй хийж байгаагаар илэрхийлэгдэх ойлголт болохоос зөвхөн жилээр хязгаарлагдах ойлголт биш юм.
Иймд ажлаас халсан орон тоо цөөрсөн үндэслэл нь тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдолтой нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн гүйцэд биелүүлэлгүй хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/237 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн орон тоо цөөрч ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Т-ыг ажлаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ.
Уг тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ч.Т “...анх ажилд орохдоо ажлын байранд тавигдсан тодорхойлолт, шаардлагад нийцэн ажилд орсон, байгууллагын бүтцийн өөрчлөлтөөр орон тоо цөөрүүлсэн, орон тоо хасагдсан, салбар нэгж татан буугдсан гэсэн тодорхойгүй үндэслэлээр намайг ажлаас халсан” гэж, хариуцагчаас “Нийслэл дэх Төрийн аудитын газар нь 50 орон тоотой байсныг 45 орон тоотойгоор бүтцийг шинэчлэн баталсан, үүнтэй холбогдуулан бүтэц, орон тоо, албан тушаалын чиг үүргээр шинжээч буюу аудиторын туслах гэсэн орон тоо нь хасагдсан, мөн нэхэмжлэгч нь санхүүгийн аудиторын ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангахгүй байх тул ажлаас чөлөөлсөн” гэж тус тус маргажээ.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцээгүй байна.
Хэрэгт авагдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбаруудаас үзэхэд “Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, орон тоо өөрчлөгдөж 50 орон тоотой байсныг 45 болж цөөрүүлсөн” гэх боловч Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/177 дугаар тушаалаар Нийслэлийн Төрийн аудитын газарт ажиллаж байсан 46 албан хаагчийг ажлаас чөлөөлж, Нийслэл дэх Төрийн аудитын газрын мэдэлд авсан байх хэдий ч тухайн байгууллагад хэдэн албан хаагчийг буцаан томилсон, хэдэн аудитор ажиллаж байгаа болох нь тодорхойгүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байх ба хариуцагчаас бүрэн орон тоогоор ажиллаж байгаа гэж маргажээ. Гэтэл анхан шатны шүүхээс тухайн байгууллагад нийт хэдэн хүн ажиллаж байсан, одоо хэдэн хүн ажиллаж байгаа болох, шинэ бүтэц батлагдсанаас хойш Санхүүгийн аудитын хэлтэст томилогдсон бүх аудиторууд нь өмнө нь бүгдээрээ санхүүгийн аудитын хэлтсийн аудитороор ажиллаж байсан эсэх, шинэчлэн батлагдсан ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хэрхэн хангаж байгаа болохыг тодруулаагүй атлаа “...Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц өөрчлөгдсөн, орон тоо цөөрсөн байна, нэхэмжлэгч Ч.Т нь мэргэшсэн нягтлан бодогч байх шаардлагыг хангаагүй үндэслэлээр ажлаас чөлөөлсөнд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй” гэх дүгнэлтийг хийсэн нь буруу байх тул дээрх нөхцөл байдлыг бүрэн тодруулах нь зүйтэй.
Мөн хариуцагч тал “...шинжээч буюу аудиторын туслах гэсэн орон тоо нь хасагдсан” гэж татгалзлын нэг үндэслэлээ тайлбарлаж байхад шинжээчийн ажлын байрны тодорхойлолтыг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/87 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан аудиторын ажлын байрны тодорхойлолттой харьцуулан дүгнэж, шинжээчээр ажиллаж байсан албан хаагч, аудитороор ажиллах боломжтой эсэх, албан тушаалын ангилал, зэрэглэл, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хувьд аудитор, шинжээч хоёр нь адил байсан эсэх талаарх баримтыг цуглуулж, дээрх нөхцөл байдлыг нэг мөр тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх боломж бүрдэхээр байна. Аудитын тухай хууль болон Төрийн аудитын тухай хуульд санхүүгийн аудитын хэлтсийн шинжээч, аудитор, гүйцэтгэлийн аудитын хэлтсийн шинжээч, аудитор гэж ялгавартайгаар тодорхойлж зохицуулаагүй бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд санхүүгийн болон гүйцэтгэлийн аудитын хэлтсийн шинжээч, ахлах шинжээчээр ажиллаж байсан хүмүүсийг шууд аудитороор томилсон нь тогтоогдож байх тул энэ талаар мөн дүгнэлт хийх шаардлагатай.
Тэрчлэн хариуцагчаас маргаан бүхий актын нэг үндэслэлээ тайлбарлахдаа “ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэж нэхэмжлэгч Ч.Т-ыг ажлаас чөлөөлөх болсон” гэж тайлбарлаж байх тул анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаа болох цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу нэхэмжлэгчийг өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилох боломж байсан эсэхийг тодруулах, түүнчлэн Нийслэл дэх Төрийн аудитын газрын аудиторын ажлын байранд тавигдах шаардлагыг нэмэгдүүлж, өөрчлөх болсон бодитойгоор тулгарсан ямар хэрэгцээ, шаардлага бий болсныг тодруулах шаардлагатай. Учир нь хариуцагч өмнө нь нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан, гүйцэтгэвэл зохих чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн жинхлэн томилсон атлаа ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг нэмэгдүүлэн өөрчилж, улмаар нэмэгдүүлсэн шаардлагадаа нийцээгүй шалтгаанаар ажлаас чөлөөлсөн байх тул дээрх нөхцөл байдлыг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “...тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан байхад ямар учраас сонгон шалгаруулалтыг нийт ажилтнуудын дунд явуулсан болох, ийнхүү явуулсан сонгон шалгаруулалт нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т нийцсэн эсэхийг тодруулж, дүгнэх шаардлагатай.
Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН