Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 223/МА2021/00003

 

                                                          

 

 

С.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 151/ШШ2021/00147 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Эгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Тт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2 583 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 04 сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э /онлайнаар/, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Д.Тт 2.000.000 төгрөг зээлсэн. Тунгалаг надаас 2.000.000 төгрөгийг зээлэхдээ хүүхдээ Япон улс руу явуулах онгоцны зардал дутуу гэж хэлээд зээлсэн. Мөн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1.500.000 төгрөгийн буюу 28 ширхэг эрүүл мэндийн бүтээгдэхүүн “АLive мах”-ыг зээлж аваад явсан. Тунгалаг 1.500.000 төгрөгийн зээлсэн барааны үнэ болох 917.000 төгрөгийг 4 удаа цувуулан шилжүүлсэн. Тунгалагаас зээлсэн 2.000.000 төгрөг болон барааны үлдэгдэл 583.000 төгрөг нийт 2.583.000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Э нь Америк улсаас оруулж ирдэг эрүүл мэндийн бүтээгдэхүүн Аliveмах-ыг иргэдэд худалддаг, зээлдэг байсан тухайгаа хар дэвтэр дээрээ бичсэн байгаа. Бараагаа иргэдэд зээл хэлбэрээр өгч буцаагаад мөнгийг нь авдаг байсан. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Тунгалаг нь 1.500.000 төгрөгийн барааг Энхтуяагаас зээлсэн. Зээлж авсан бараанаас эхлээд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 400.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 150.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 267.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 100.000 төгрөгийг тус тус Энхтуяагийн данс руу шилжүүлсэн байдаг. Ингээд 1.500.000 төгрөгийн барааны үнэ болох 917.000 төгрөгийг Энхтуяагийн данс руу шилжүүлж, үлдэгдэл барааны үнэ болох 583.000 төгрөг нэхэмжилж байгаа, энэ нь Энхтуяагийн хар дэвтэр дээр нь бичигдсэн байгаа. 2.000.000 төгрөгийн хувьд 2017 оны 11 дугаар сарын 30-ны өдөр Тунгалаг нь Япон улс руу хүүхдээ явуулна гэж хэлээд Энхтуяагаас зээлж авсан. Уг зээлсэн мөнгөө одоог хүртэл өгөөгүй. Нийт Тунгалагаас 2.583.000 төгрөгийг гаргуулж Энхтуяад олгож өгнө үү. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна.” гэжээ.

Хариуцагч Д.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь С.Эгаас 2.000.000 төгрөг авсан. Авахдаа хүүхэд Япон явна гэж мөнгө ерөөсөө аваагүй. Би түүний удирдлага дор “Аliveмах” компанид ажиллаж байсан юм. Надад цалин мөнгө ер бодож өгөөгүй. Тэр компанийн бүтээгдэхүүн болох “эрүүлжүүлэх” бүтээгдэхүүнийг зарж өгвөл би цалин өгнө гэсэн өгөөгүй. “...би түүний дансанд зохих хэмжээний мөнгө хийсэн боловч хасаагүй хэлсэн байна. Дансаар гарч ирнэ. Би өөрөө хохиролтой. Турдаг гээд л бас надад зарсан ямар ч үр дүнгүй. Иймд би энэ хүнээс цалингаа авна. Хохирлоо барагдуулна. Худлаа хэлж намайг бас сүлжээнд оруулсан. Энэ 2 сая төгрөгийг авахдаа би эгч цалин мөнгө болно биз дээ. Дүүд нь мөнгө төгрөгийн хэрэг байна гэхэд болно биз дээ гээд л өгсөн. Би луйвар хийгээгүй. Авах ёстой зүйлээ л авсан. Эд нарын мөнгө, мөнгө. Миний мөнгө болохоор үнэгүй зүйл юм байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.  2.000.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Энхтуяагаас Тунгалагийн дансанд шилжсэн. Энэ талаар баримт хавтаст хэрэгт байгаа. Уг 2.000.000 төгрөгийг Аliveмах-ын сүлжээний цалин гэж шилжүүлсэн байдаг. Энэ мөнгөнөөс буцаагаад 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 400.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 267.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 100.000 төгрөг нийт 767.000 төгрөгийг Энхтуяагийн данс руу шилжүүлсэн. Гэхдээ цалин гэж шилжүүлсэн баримт байхгүй учраас 2.000.000 төгрөгөөс 767.000 төгрөгийг эргүүлж өгсөн байгаа. Ингээд үлдэгдэл 1.233.000 төгрөгийг төлнө. Энхтуяагаас 2.000.000 төгрөгийг зээлж аваагүй харин сүлжээний цалин юм. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох 583.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж хэллээ. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг үндэслэж буй нотлох баримтаа нотлох ёстой. Үүнийг үндсэнд нэхэмжлэгч талаас хар дэвтэр шүүхэд нотлох баримтаар өгсөн байдаг. Хариуцагчийн зүгээс уг хар дэвтрийн нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх боломжгүй. Учир нь тухайн баримт нь хэзээ бичигдсэн, хэн бичсэн, мөн уг барааг өгсөн, авсан талаар гарын үсэг байхгүй. Тиймээс барааны үнэ болох 583.000 төгрөгийг өгөхгүй. 1.500.000 төгрөгийн бараа өгсөн, авсан  гэх баримт байхгүй, мөн үлдэгдэл 583.000 төгрөгийн баримт байхгүй. Барааны үлдэгдэл мөнгө байхгүй гэж хариуцагч Тунгалаг надад хэлсэн учраас би энэ талаар мэдэхгүй байна. Харин 1.233.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ мөнгө зээлээгүй, сүлжээний цалин данс руу орж ирсэн байдаг.” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 заасныг баримтлан хариуцагч Д.Таас 2.583.000 /хоёр сая таван зуун наян гурван мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар тус шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 151/ШЗ2021/00259 дугаар захирамж нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65 090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Таас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 65 090 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Уг шийдвэрийн тогтоох хэсгийн 01-т "Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан хариуцагч Д.Таас 2 583 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Эд олгосугай" гэж шийдвэрлэснээс 1.350.000 төгрөгийг эс зөвшөөрч байна.

1. Нэхэмжлэгчийн үндсэн шаардлагын тухайд: С.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөгийг Д.Тт зээлдүүлсэн.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн тул зээлийн гэрээ байгуулагдсанд тооцсон шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Харин тухайн зээлсэн төлбөрөөс 2018 оны 1 сарын 17-ны өдөр 400 000 төгрөг, 2018 оны 02 сарын 23-ны өдөр 267 000 төгрөг, 2018 оны 02 сарын 28-ны өдөр 100 000 төгрөг нийт 767 000 төгрөгийг С.Э руу шилжуүлж, зээлийн төлбөрөөс төлсөн байтал хасаж тооцоогүй. Нэхэмжлэгчээс дээрх шилжүүлсэн төлбөрийг барааны үнэ гэж маргасан боловч хариуцагч Д.Тт хэдэн төгрөгний үнэ бүхий бараа шилжүүлсэн баримт байхгүй, тайлбар нь баримтаар тогтоогдоогүй.

2. Нэхэмжлэгч С.Эгийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагийн тухайд: Нэмэгдүүлсэн шаардлага 1.500.000 төгрөгийн барааны үнийн үлдэгдэл 583.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч тухайн шаардлагын хувьд нотлох гол зүйл нь 1.500.000 төгрөгийн үнэ бүхий барааг хариуцагчид хүлээлгэн өгснөө нотлох ёстой.

Нэхэмжлэгч нь хэрэгт байгаа баримттай уялдуулан зээлийн төлбөрт шилжүүлсэн 767.000 төгрөг, Alimax гэх утгатай шилжүүлсэн 150.000 төгрөг нийт 917.000 төгрөгөөс 1.500.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн өгсөн мэтээр үлдэх 583.000 төгрөг нэхэмжилсэн. Жишээлбэл: нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүхийн үндэслэх хэсэгт дурдсанчлан нэхэмжлэгч 2.000.000 төгрөгний бараа өгсөн гэж үзвэл төлсөн 917.000 төгрөгийг хасаж үлдэх 1.083.000 төгрөгийг ч шүүх хариуцагчаас гаргахаар байна, нэхэмжлэлийн шаардлага 1.500.000 буюу түүнээс их байсан ч шүүх нэхэмжлэлийг хангахаар харагдаж байна.

Дээрх байдал нь шүүх хэт нэг талыг барьсан, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй. С.Энхтяуагаас 1.500.000 төгрөгний үнэ бүхий бараа хүлээн авсан талаар хариуцагч Д.Т хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэж буй баримтаа өөрөө нотлох үүрэгтэй. С.Э нь тухайн барааг хүлээлгэн өгсөн бол түүнийг нотолсон баримтаа гаргаж өгөөгүй нь дээрх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Шүүх С.Эгаас Д.Тт 1.500.000 төгрөгийн үнэ бүхий бараа шилжсэн эсэх талаар нотлох баримтаар тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн шүүхийн шийдвэр гэж үзэж байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 151/ШШ2021/00147 дугаар шийдвэрээс Д.Таас гаргуулсан 1 350 000 төгрөгт холбогдох хэсгийг хасаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь хэсгийн зохицуулалтыг бүрэн зөв хэрэгжүүлж чадаагүй, зохигчдын хооронд үүссэн зарим эрх зүйн маргаантай харилцааны төрлийг зөв тодорхойлж чадаагүйгээс тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим үндэслэлийг хүлээн авч, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт өгч өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч С.Э хариуцагч Д.Тт холбогдуулан 2.583.000 төгрөг гаргуулахаар шаардсан байна. Нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр хариуцагч Д.Т хүүхдээ Япон явуулах онгоцны зардал дутуу гэж хэлээд 2.000.000 төгрөг зээлсэн... мөн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр АНУ-ын Алемакс эрүүл мэндийн 28 нэр төрлийн 1.500.000 төгрөгийн бүтээгдэхүүн зээлж аваад 917.000 төгрөгийг бэлнээр болон дансаар цувуулж төлөөд 583.000 төгрөгийг төлөөгүй гэжээ.

Хариуцагч Д.Т нэхэмжлэлийн шаардлагыг татгалзахдаа ...С.Эгаас 2.000.000 төгрөгийг авсан. Би түүний удирдлага дор “Аlivemах” компанид ажиллаж байсан ба цалин мөнгө ер бодож өгөөгүй... авах ёстой зүйлээ л авсан...гэж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль ...2.000.000 төгрөгийг сүлжээний цалин гэж шилжүүлсэн... Энэ мөнгөнөөс 767.000 төгрөгийг буцааж төлсөн тул 1.233.000 төгрөг төлөхийг зөвшөөрнө... Харин нэмэгдүүлсэн шаардлага болох барааны үнэ 583.000 төгрөгийг өгөхгүй...1.500.000 төгрөгийн бараа өгсөн, авсан гэх баримт байхгүй гэж тайлбарлаж маргажээ.

Зохигчдын тайлбар болон шүүхэд шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор гаргаж өгсөн баримтуудаас үзэхэд хариуцагч тал 2.000.000 төгрөгийг зээл биш сүлжээний цалин гэж авсан гэж маргасан нь үндэслэлгүй байх бөгөөд зээлээс 767.000 төгрөгийг буцааж төлсөн гэх тайлбараа нотолж гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн гэх баримтуудаараа өөрийнхөө татгалзлыг үгүйсгэсэн байна. Энэ нь хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.-д “Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй”, 42 дугаар зүйлийн 42.1. “Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж хуулиар зохигчийг үүрэгжүүлсэн заалтуудад нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч нь 2.000.000 төгрөгийг хариуцагчид дансаар шилжүүлэн өгсөн болох нь баримтаар нотлогджээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь 2.000.000 төгрөгийн зээлийн хувьд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1., 42 дугаар зүйлийн 42.1., 281 дүгээр зүйлд нийцжээ.

 Хүү тохироогүй, ердийн зээлийн гэрээг талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр байгуулж болно.

Зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 Иймд нэхэмжлэгч С.Э нь Иргэний хуулийн 281, 211 дүгээр зүйлд зааснаар  гэрээний зүйлийг зээлдэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн” гэж үзнэ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцдог бөгөөд мөнгийг буцаан шаардах эрх зээлдүүлэгчид үүсэх юм.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээс 767.000 төгрөгийг төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагч талаас гаргасан нэхэмжлэгчид мөнгө шилжүүлсэн талаарх баримтуудын зарим нь “Aliмах” гэсэн гүйлгээний утгаар шилжсэн байгаагаас үзвэл зохигчийн хооронд сүлжээний бүтээгдэхүүнийг өгч, авдаг байсан үйл баримт байсан байна. Шүүх энэхүү харилцааг зээлийн гэрээний үүргийн харилцаа гэж үзсэн нь буруу бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй, ингэснээр маргаантай харилцааг зөв тодорхойлох, тухайн харилцааг зохицуулсан хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв сонгон хэрэглэх зарчмыг алдагдуулсан байна.   

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь эрх зүйн маргаантай харилцааг тодорхойлохоос гадна тухайн шаардлагын төрлийг тогтоодог.

Нэхэмжлэгч нь 583.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагаа үндэслэхдээ ...1.500.000 төгрөгийн сүлжээний бүтээгдэхүүн зээлж аваад 917.000 төгрөгийг төлж, 583.000 төгрөгийг төлөөгүй...гэснээс үзэхэд хариуцагч нь тухайн нэр төрлийн бүтээгдэхүүнийг адил нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр эргүүлэн төлөх бус, харин авсан барааны үнийг төлөх хариу үүрэг бүхий Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагчаас 583.000 төгрөгийн төлбөрийг шаардах эрхтэй болохоо эргэлзээгүй баримтаар нотлож чадаагүй байна. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн  барааны тэмдэглэл хөтөлсөн баримтад “Тунгаа” гэсэн нэрээр тодорхой тооны бараа бүтээгдэхүүн өгсөн, сар өдөр бичиж хэд хэдэн удаа тодорхой хэмжээний төлбөр мөнгө төлөгдсөн тухай тэмдэглэгдсэн байгаа боловч энэхүү баримт нь шүүхээс шийдвэрийн үндэслэл болгоход эргэлзээтэй баримт байх тул 583.000 төгрөгийн шаардлагыг хангах боломжгүй байна.   

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын ...сүлжээний бүтээгдэхүүн өгсөн авснаа нотлоогүй... 583.000 төгрөгийн шаардлагаа нотлоогүй талаарх үндэслэлийг хүлээн авах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 151/ШШ2021/00147 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар хариуцагч Д.Таас 2.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Эд олгож, үлдэх 583.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дугаар заалтын “...65.090 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “...46.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ЭНХМАА

 

 

                  ШҮҮГЧИД                                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                  Ц.ӨРНӨНДЭЛГЭР