Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2017/0672

 

2017 оны 9 сарын 14 өдөр                   Дугаар 221/МА2017/0672                          Улаанбаатар хот

Х.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэг, хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч “УБДС” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанцэцэг, гуравдагч этгээд М.Солонго нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0426 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Х.Б-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар болон “УБДС” ТӨХК-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0426 дугаар шийдвэрээр: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1.1, Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Б-ын "Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн М.С-ын барилгын гадна шугамын трассыг миний зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн газрыг маань дайруулан баталсан захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох, М.С-д олгосон барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгох" нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Х.Б-ын "илт хууль бус захиргааны актын улмаас учирсан 60,000,000 /жаран сая/ төгрөгийн хохирлыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас гаргуулах" нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв бодитой талаас үнэлж дүгнээгүй гэх дор дурдсан үндэслэл байна.

1. ... "УБДС" ТӨХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлт болон 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн нэмэлт дүгнэлтүүдээр тус тус М.С-ын барилгын дулааны шугам Х.Б-ын хашаан доогуур дайран гарсан нь нотлогдсоор байтал нэхэмжпэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Мөн шүүх зөвхөн Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд хөрш зэргэлдээ газрын өмчлөгчөөс зөвшөөрөл авах талаар заагаагүй гэх үндэслэлээр хариуцагчийг зөвтгөж, хэт нэг талыг барьж, дор дурдсан зүйл заалтыг үл хэрэгсэн шийдвэр гаргасан.

Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ”, 7.1.1-д “барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол”;

Техникийн нөхцөлийн 8.3-д “Шинээр татах гадна шугамын трассыг сонгохдоо зам, талбай, газар эзэмшигч нартай зөвшилцсөн байх”;

Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журмын 8 дугаар зүйлийн 8.1.3-д заасан бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг хориглох тухай заалт;

Дулааны эрчим хүчээр хангах, техникийн нөхцөл олгох журмын 2.5-д "техникийн нөхцөлийг боловсруулахдаа харъяа дулаан дамжуулах сүлжээ болон бусад иргэн, хуулийн этгээдийн өмчлөлийн шугам, тоног төхөөрөмжөөр дамжуулан объектыг холбох тохиолдол бүрт зөвшөөрөл авч баталгаажуулсан байна".

2. ...Тухайн газар доогуур дулааны шугам татах зөвшөөрөл авсан гэж гуравдагч этгээд тайлбарладаг хэдий ч үүнийгээ баримтаар нотолж чадаагүй. Харин шүүх маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгч биш Ц.Б-тай уулзаж мөнгө өгсөн үйл баримтыг үнэлсэн нь хэт нэг талыг барьж шийдвэр гаргасныг харуулж байгаа юм. Миний хувьд өөрийн газар доогуур дулааны шугам татуулах зөвшөөрөл өгөөгүй хэмээн удаа дараа тайлбарлаж буй боловч мөнгө өгсөн тодорхойлолтыг зөвшөөрөл хэмээн үзэж шийдвэр гаргасан нь ойлгомжгүй.

3. Х.Б-ын газар өмчлөх эрх дуусгавар болсон тул нэхэмжпэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй байна хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна. Шүүхээс Х.Б намайг өөрийн газраа бусдад худалдахаас өмнө эрх минь зөрчигдсөн байсан нөхцөл байдлыг үл харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

4. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "Нэхэмжлэгч газраа 140 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан гэх боловч үнэлгээг албан ёсоор тогтоосон шийдвэр байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн хүсэл зоригийн дагуу газраа Д.Ч-д 80 сая төгрөгөөр худалдсан байдаг тул газрын зах зээлийн үнэ илтэд буурсан, нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм. Мөн энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны шүүхийн харьяаллын бус маргаан байх тул ... хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна" гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Хавтаст хэргийн 108 дугаар талд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэгдлээр өмчлөлийн газрыг минь 140 сая төгрөгөөр үнэлсэн тухай нотлох баримт авагдсан байтал газрын үнэлгээг тогтоогоогүй хэмээн дурдсан нь ойлгомжгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлд хохирол шаардах эрхийг нэхэмжлэгчид олгосон зохицуулалт байсаар байтал анхан шатны шүүх захиргааны шүүхийн харьяаллын бус маргаан хэмээн хариуцагчаас хохирол 60 сая төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 128/ШШ2017/0426 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт дүгнэлт хийгээгүй, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.Б нь “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын иргэн М.С-ын барилгын гадна шугамын трассыг Х.Б-ын өмчлөлийн газрыг дайруулан баталсан захиргааны акт илт хууль бус болохыг тогтоож, М.С-д олгосон барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгох, илт хууль бус захиргааны актын улмаас учирсан 60,000,000 /жаран сая/ төгрөгийн хохирлыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын иргэн М.С-ын барилгын гадна шугамын трассыг Х.Б-ын өмчлөлийн газрыг дайруулан баталсан захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, “УБДС” ХК нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр маргаан бүхий гадна дулааны шугамын байгуулалтын зургийг баталсан байх ба нэхэмжлэгч “миний газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэлгүй байхад хариуцагч нар барилгын гадна шугамын трассыг зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн газрыг маань дайруулан баталсан” гэж маргаж байна. Гэтэл шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэл болох иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байсан эсэх талаар дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл, ямар учраас уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож буй нь тодорхойгүй үлджээ.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нар гуравдагч этгээд М.С-д 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 69/2015 дугаартай техникийн нөхцөлийг тус тус олгож, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гадна дулааны шугамын байгуулалтын зургийг баталсан үйл баримтууд тогтоогдож байх ба энэ нь цаг хугацаа, дарааллын хувьд холбогдох хууль, дүрэм, журамтай хэрхэн нийцэж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 /Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй/, 102 дугаар зүйлийн 102.1 /Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно/-д тус тус зааснаар иргэн, хуулийн этгээд нь захиргааны хууль бус актын улмаас өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй төдийгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу анхан шатны шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах эсэх асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрлэх ёстой байхад шүүх “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан” гэх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн “илт хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирлыг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын талаар огт дүгнэлт хийлгүй, хүлээн авахаас татгалзсан нь буруу юм.

Иймд шүүх илт хууль бус захиргааны актын улмаас учирсан гэх 60 000 000 төгрөгийн хохирлыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас гаргуулах үндэслэлтэй эсэх асуудлаар хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг шийдвэрлэх нь зүйтэй.

Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдэд дүгнэлт хийлгүй орхигдуулсан байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнээгүй асуудлаар шууд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0426 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                               

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                         Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Г.БИЛГҮҮН