Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 97

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын

хэлтэст холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                   П.Соёл-Эрдэнэ

                                                   Ч.Тунгалаг        

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тогтоолгосон тэтгэврийн хэмжээг зөвтгөн тогтоохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх сар бүр дутуу олгосон тэтгэврийн зөрүүг нөхөн олгож, хохирлыг барагдуулах тухай шийдвэр гаргуулах”

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0746 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2019/0067 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0746 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Б-ын нэхэмжлэлээр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Мэргэжлээс шалтгаалах өвчний, улмаас тогтоолгосон тэтгэврийн хэмжээг зөвтгөн тогтоохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах, мөн тус хэлтсээс 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх сар бүр дутуу олгосон тэтгэврийн зөрүүг нөхөн олгож, хохирлыг барагдуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2019/0067 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0746 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “15.7” гэснийг “7” гэж, “22.1” гэснийг “1” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

4. Ц.Б нь Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний /цаашид ҮОМШӨ гэх/ улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдаж, 1997 онд группэд орж, 1984-1988 оны 5 жилийн цалингаас тэтгэврээ тогтоолгосон.

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйл /Нийгмийн даатгалын хуулиудыг дагаж мөрдөхөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг индекслэх/-ийн 32.1-д заасныг дурдсан ба энэ нь Монгол Улсын Засгийн газраас Нийгмийн даатгалын хууль хэрэгжсэн үеэс хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг хязгаарлаж, жил бүр тогтоол гаргаж ирсэн байх бөгөөд энэхүү тогтоолоос шалтгаалан нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ өөрчлөгдөж иржээ” гээд, ...Ц.Б-ын сонгосон 5 жилийн цалинг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох 2015 оны 02 дугаар сарын 25, 2014 оны 02 дугаар сарын 25, 2012 оны 05 дугаар сарын 24, 2006 оны 12 дугаар сарын 30, 2006 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудас ... Ц.Б-ын 1991, 1997 оноос хойших тэтгэврийн өөрчлөлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэжээ.

6. Гэвч нэхэмжлэгч Ц.Б-ын шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тогтоолгосон тэтгэврийн хэмжээг тухайн үеийн Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 тоот тогтоолын 2.а-д зааснаар залруулан зөвтгөн тогтоохыг даалгах, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш сар бүр дутуу олгосон тэтгэврийн зөрүүг нөхөн олгохыг даалгах” гэж байсан боловч тус тогтоолын 2.а, 2.б заалтууд, мөн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 52 тоот тогтоол зэргүүд нь тус тус хүчингүй болсон учир бид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ч, дээрх шүүх хуралдаан дээр энэхүү Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 тоот тогтоолын 2.а-д “Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг энэ тогтоолын хавсралтаар баталсан цалингийн итгэлцүүрээр шинэчилэн тогтооно” гэж заасныг анхааруулах үүднээс иш татаж, Нийгмийн даатгалын байгууллага тогтоолын 2.а-д заасныг хэрэгжүүлэлгүй орхигдуулж, уг тогтоолын буруу заалт буюу 2.в-д “2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1 080 000 (нэг сая наян мянган) төгрөгөөр тооцох” гэж заалтыг хэрэглэсэн нь буруу гэж тайлбарласан. Учир нь:

7. Эдгээр бичмэл нотлох баримтууд нь харин нэхэмжлэгч Ц.Б-ын тэтгэврийг буруу тогтоосныг нотлож буй болохоос биш, зөв тогтоосон гэж үзэх хууль, эрх зүйн үндэслэл байхгүй.

8. Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйл “Нийгмийн даатгалын хуулиудыг дагаж мөрдөхөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг индекслэх”-ийн 32.1-д заасны дагуу 1984-1988 оны цалингийн дунджийг 2012 оны 05 дугаар сарын 02-ны тухайн үеийн хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулах ёстой байтал өсгөсөн цалингийн дээд хэмжээг танаж бууруулан, хязгаарласан Нийгмийн даатгалын байгууллагын хууль бус үйлдлийн улмаас өнөөдөр нэхэмжлэгч Ц.Б-ын сард авбал зохих тэтгэврийн хэмжээг 40627 төгрөгөөр дордуулж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн болохыг дурдаж ярьсан боловч, шүүхүүд дээрх Засгийн газраас гаргасан тогтоолуудыг судлах ёстой байтал огтоос анхаарч үзэлгүй, хайхрамжгүй хандаж, нотлох баримтуудыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

9. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйл “Нийгмийн даатгалын хуулиудыг дагаж мөрдөхөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг индекслэх” тухай 32.1-д “... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасны дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно” гэж заасан хуулийн заалтуудыг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн. Үүнд:

10. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1-д заасныг дурдаад, энэ нь Монгол Улсын Засгийн газраас Нийгмийн даатгалын хууль хэрэгжсэн үеэс хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг хязгаарлаж, жил бүр тогтоол гаргаж ирсэн байх бөгөөд энэхүү тогтоолоос шалтгаалан нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ өөрчлөгдөж иржээ” гэжээ. Гэтэл давж заалдах шатны хуралдаан дээр энэхүү шүүхийн үндэслэлийг миний бие буруутган тогтоолыг зөв хэрэглээгүй тухай, Засгийн газрын тогтоолт болон хуулийн заалтуудыг дурдан, иш татаж, тайлбарлахад, хурал даргалагч шүүгч “ойлгосоон, олон дахин бүү дурд” гэж дургүйлхэж байсан бөгөөд энэ тухай давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл дээр ойлгомжгүй тайлбараар тусгасан байна.

11. Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1-д заасан заалтын гол агуулга нь “...хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан ...шинэчлэн тогтооно” гэсэн байхад “энэ нь Монгол Улсын Засгийн газраас Нийгмийн даатгалын хууль хэрэгжсэн үеэс хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг хязгаарлаж, жил бүр тогтоол гаргаж ирсэн байх бөгөөд энэхүү тогтоолоос шалтгаалан нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ өөрчлөгдөж иржээ” хэмээн шүүх энэхүү хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд дээр бичсэн шиг уг хуулийн заалтад “...хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг хязгаарлах” тухай огт дурдаагүй болно.

12. Дээрх шүүхүүд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэж заажээ хэмээн дурдахдаа хашилтад буй /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн, 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ гэх цаг хугацааны хэсгийг анзаарч, ач холбогдол өгөлгүй хууль хэрэглээний үндсэн зарчмыг баримтлалгүй орхигдуулсан. Учир нь:

13. Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 тоот тогтоол гарахад тухайн үед хэрэглэж байсан Нийгмийн даатгалын тухай хуулийн дээр дурдсан өөрчлөн найруулаагүй, хуучнаар 15 дугаар зүйлийн 15.7-д зааснаар “Засгийн газрын жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно” /2008 оны 5 дугаар сарын 08-нд УИХ-аар батлагдсан нэмэлт/ гэжээ. Үүнийг дор судалбал:

14. Тухайн цаг үед хэрэглэж, дагаж мөрдөж байсан хуулийн зүйл, заалтыг шүүх холбогдох маргааны үндэслэлд зөв тодорхойлж, хэрэглэх ёстой атал өмнөх хуулийн хуучин заалтыг хэрэглэлгүй, 2015 онд батлагдсан хуулийн нэмэлтийг шинээр өөрчлөн найруулсан заалтыг ухрааж хэрэглэн, иргэнийг эрхийг дордуулсан ба хууль гарсан цагаас хойш үйлчлэх зарчимтай бөгөөд энэхүү хууль хэрэглээний үндсэн зарчмыг шүүхүүд шийдвэр гаргахдаа баримтлалгүй эс тоож, хуулийг гишгэлсэн.

15. Дээрх тухайн үед хэрэглэж байсан хуулийн зүйлд зааснаар нэгэнт тогтоолгосон тэтгэврийн журамд хамааралгүй болох нь уг зүйл, заалтын утга, агуулгаас илэрхий ойлгомжтой байна.

16. Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар бүлэг “Нийгмийн даатгалын шимтгэл”, 15 дугаар зүйл “Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, төлөх хугацаа” хэмээн гарчиглажээ. Шүүх хэрэглэж буй хуулийнхаа гарчиг буюу малгайлсан зүйлийнхээ агуулгыг анхаарах ёстой... Учир нь гарчиг нь тухайн зүйлийн ерөнхий агуулгыг тодорхойлж байдаг. Шүүхүүдийн шийдвэрийн үндэслэл болж буй энэхүү бүлэгт “Нийгмийн даатгалын шимтгэл”-ийн тухай, 15 дугаар зүйлийн гарчигийн гол агуулга нь “шимтгэл төлөх” тухай байтал шүүхүүд энэ зүйлийн гол агуулганд ач холбогдол өгөлгүй, эс тоож, шийдвэрийнхээ үндэслэл болгосонд маш харамсалтай хэрэг болсон.

17. Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар бүлэг “Нийгмийн даатгалын шимтгэл”, 15 дугаар зүйл “Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, төлөх хугацаа”-ийн 15.7 “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэж 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан заалтыг судлахад:

18. Эндээс үзэхэд “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг...” гэсэн байх ба хууль нь гарсан цагаас хойш үйлчлэх зарчимтай бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг хязгаарласан тухай журамласан байхад, энэхүү өөрчлөн найруулсан заалтыг нэгэнт тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчид халдаан хэрэглэсэн нь буруу юм. Хуулийн энэхүү заалтад “Ажил олгогч, даатгуулагчийн...” гэж эхэнд нь хэнд болохыг тодорхой дурдсан байхад, шүүхүүд нэгэнт тэтгэврээ тогтоолгосон нэхэмжлэгч Ц.Бад хамаатуулан хэрэглэж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулсан хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

19. Гэвч энэ хуулийн 2008 оны 05 дугаар сарын 08-ны нэмэлт өөрчлөлтийг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан тухай хамгийн их ач холбогдол бүхий цаг хугацаа болон хэнд хамаарахыг тодорхой заасан эзэн бие, гол агуулгыг шүүх эс тоож, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба харин хууль гарсан цагаас хойш үйлчлэх ёстой, хууль хэрэглээний үндсэн зарчим, мөн хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудаа баримтлалгүй, 1997 онд группэд орж, нэгэнт шимтгэлээ төлж, тэтгэврээ тогтоолгосон Ц.Бад 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулийг ухрааж, түүнд хамаатуулан хэрэглэж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг дордуулсан шийдвэрүүд гаргасан.

20. Шүүх иргэний эрх зүйн байдлыг дордуулсан ямар ч хуулийг халдаан хэрэглэж болохгүй зарчмыг санаатайгаар баримтлалгүй, нэг талын эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэсэн.

21. Нэхэмжлэгч Ц.Б нь анх тэтгэвэр тогтоолгохоор сонгосон 1984-1988 онуудын цалингийн дунджаас тэтгэврээ тогтоолгосон тул үүнд хамаарах хуулийг судалбал:

22. Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйл “Нийгмийн даатгалд даатгуулсанд тооцох”-д “Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд Нийгмийн даатгалд (ажилгүйдлийн даатгалаас бусад төрөлд) даатгуулсанд тооцож уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно...”, мөн хуулийн 32 дугаар зүйл “Нийгмийн даатгалын хуулиудыг дагаж мөрдөхөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг индекслэх” тухай 32.1-д “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасны дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно” гэж тус тус заажээ.

23. Эдгээр заалтуудыг уншихад нэгэнт Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр бодох цалингийн дээд хэмжээг хязгаарлах тухай огт дурдаагүй бөгөөд харин тэтгэврээ тогтоолгосон иргэдийн Нийгмийн даатгалын харилцаа үүсэхээс өмнөх үеийн цалинг буюу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг өнөөдрийн амьжиргааны түвшин, үнийн өсөлттэй уялдуулж, дүйцүүлэн өсгөх тухай заасан ба ийнхүү өсгөсөн цалин хөлснөөс дээд хэмжээг тогтоон, хязгаарлах тухай огт дурдаагүй байна. Энэхүү хуулийн заалтууд нь нэгэнт тэтгэвэр тогтоолгосон иргэдэд хамаарах заалтууд юм. 

24. Дүгнэлт: нэхэмжлэгч Ц.Бад шинээр тэтгэвэр тогтоох журам огт хамааралгүй бөгөөд нэгэнт тогтоолгосон тэтгэврийг шинэчлэн тогтоохтой холбогдох асуудал юм. Энэ тухай Засгийн газраас гаргасан дээрх 153, 52 тоот тогтоолууд дээр тэтгэвэр авч буй /нэгэнт тогтоолгосон/ иргэдийн тэтгэврийг хэрхэн шинэчлэн тогтоох тухай тодорхой дурдсан байхад шүүхүүд уг тогтоолуудад хайхрамжгүй хандаж, иргэн Ц.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасанд машид гомдолтой байна.

25. Нийгмийн даатгалын байгууллага нь дээрх Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 тоот тогтоолын 2 дах хэсгийн “в”-д “2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1 080 000 /нэг сая/ төгрөгөөр тооцох” гэх заалтаар иргэдийг насаар нь ялгаварлан, тэтгэвэр бодох цалинг  ялгамжтай сонгож, тэтгэвэр авагчдын итгэлцүүрээр өсгөсөн тэтгэвэр бодох цалингийн дээд хэмжээг ялгавартайгаар хязгаарласан нь хариуцагчийн дээрх шүүх хуралдаанууд дээр “2012 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэр бодох цалингийн дүйцүүлэн өсгөсөн дээд хэмжээг хязгаарлаагүй” хэмээх хүлээн зөвшөөрсөн тайлбараар батлагдаж буй бөгөөд гагц нэхэмжлэгч Ц.Б-ын цалинг өндөр хэмээн дээрх тогтоолын буруу заалтыг халдаан хэрэглэж, түүний тэтгэвэр бодох цалингийн дээд хэмжээг хязгаарлаж, сард авбал зохих тэтгэврийн хэмжээг 40627 төгрөгөөр дордуулан бууруулж, эрх зүйн байдлыг дордуулсан зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх шударга ёсны зарчимд нийцээгүй бөгөөд шүүхүүд хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэх дээрх тайлбарууд батлах буй за.

26. Иймд, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0746 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2019/0067 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

27. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудад зөв дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөв тайлбарлан хэрэглэжээ.

28. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7-д “...Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно” (энэ хэсгийг 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмж, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан) гэж заасны дагуу Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг хавсралтаар шинэчлэн тогтоож, уг тогтоолын 2.а/-д “... нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг энэ тогтоолын хавсралтаар баталсан цалингийн итгэлцүүрээр шинэчлэн тогтоож, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ... олгох”-оор, 2.в/-д “... 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1,080,000 төгрөгөөр тооцох”-оор тус тус шийдвэрлэжээ.

29. Нэхэмжлэгч Ц.Б нь 1997 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “...мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 65%-иар алдаж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний заалтаар” тахир дутуугийн тэтгэвэр анх тогтоолгосон, Засгийн газрын дээрх тогтоол гарах үед нийгмийн даатгалын сангаас сард 275,730 төгрөгийн тэтгэвэр авдаг байсан, уг тогтоолын дагуу нэхэмжлэгч Ц.Б-ын анх тэтгэвэр тогтооход баримталсан цалин хөлс шинэчлэн батлагдсан цалингийн итгэлцүүрээр нэмэгдэн бодогдож, үүний дагуу тэтгэвэр нэмэгдэж, 2012 оны 05 дугаар сараас эхлэн 539,548 төгрөгөөр шинэчлэн тогтоогдсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  “...Нийгмийн даатгалын байгууллага Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн 2.а-д заасныг хэрэгжүүлэлгүй /орхигдуулсан/” гэх гомдол үндэслэлгүй, түүнчлэн, уг тогтоолын 2 дахь хэсгийн 2.в-д “...2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1 080 000 (нэг сая наян мянган) төгрөгөөр тооцох”-оор заасан байхад  уг тогтоолын заалтыг хэрэгжүүлж нэхэмжлэгч Ц.Б-ын анх тэтгэвэр тогтоолгохоор өөрийн сонгосон 1984-1988 онуудын цалинг 1.080.000 төгрөгөөр хязгаарлаж тэтгэвэрийн хэмжээг тогтоосон хариуцагчийг буруутгах боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...өсгөсөн цалингийн дээд хэмжээг танаж бууруулан, хязгаарласан Нийгмийн даатгалын байгууллагын хууль бус үйлдлийн улмаас өнөөдөр нэхэмжлэгч Ц.Б-ын сард авбал зохих тэтгэврийн хэмжээг 40627 төгрөгөөр дордуулж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн” гэх гомдол мөн үндэслэлгүй гэж үзлээ.

30. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7-д “...Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно” гэсэн заалтыг 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмж, уг заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар “...ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэж өөрчлөн найруулсан, уг хуулийн заалтын  “...даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг Засгийн газар жил бүр тогтоох” агуулгатай зохицуулалт өөрчлөгдөөгүй, уг заалтыг шүүхүүд тайлбарлан хэрэглэж, “... Засгийн газраас Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоосон нь ... /хуульд нийцсэн/” гэж дүгнэсэн нь зөв юм.

31. Өөрөөр хэлбэл, “...даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээ, тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг Засгийн газар тогтоох”-оор хуулиар тусгайлан заасан зохицуулалтын хүрээнд Засгийн газраас шинэчлэн баталсан цалингийн итгэлцүүр, орлогын дээд хэмжээ болон түүнийг баримтлах хугацаанд тогтоосон  хязгаарлалт нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авч байгаа бүх тохиолдолд нэгэн адил үйлчлэх ёстой, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Засгийн газрын 153 дугаар тогтоолын 2.а/-д заасныг хэрэглэх ёстой, харин 2.в/-д заасныг  хэрэглэх ёсгүй” гэх агуулгаар маргаж байгааг хүлээж авах боломжгүй.

32. Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1-д “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр шинэчлэн тогтоох”-оор заасны дагуу Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тогтоолоор өмнө мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг шинэчлэн тогтоосон, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д “тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 2О жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос ... бодож тодорхойлох”-оор (энэ заалтад 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан) заасныг тухайн тохиолдолд, хариуцагч  Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс зөрчөөгүй, анх 1997 онд тэтгэвэр тогтоолгохоор гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтээр өөрийн сонгосон 1984-1988 онуудын дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэрийг бодож тодорхойлсон, Засгийн газраас тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосон тухай бүр нэхэмжлэгч Ц.Б-ын тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоож байсан, ийнхүү нэмэгдүүлэхдээ Засгийн газрын  2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тогтоолын  2.в/-д заасны дагуу “2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1,080,000 төгрөгөөр” тооцож хязгаарласан нь дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй гэж үзнэ, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.

33. Түүнчлэн, Монгол Улсыг Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр дээр дурдсан Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн в/ заалтад “2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1 080 000 (нэг сая наян мянган) төгрөгөөр тооцох” гэж заасан нь “Монгол Улсын Үндсэн хуулийн ... /холбогдох/ заалтуудыг зөрчөөгүй” болохыг тогтоосон, Үндсэн хуулийн цэцийн уг шийдвэр хүчин төгөлдөр байгаа болохыг дурдах нь зүйтэй. 

34. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал зөв, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэлийн хяналтын журмаар гаргасан “... шүүхүүд дээрх Засгийн газраас гаргасан тогтоолуудыг судлах ёстой байтал огтоос анхаарч үзэлгүй, хайхрамжгүй хандаж, нотлох баримтуудыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн”, “... Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 тоот тогтоолын 2 дахь хэсгийн 2.в/-д “2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1 080 000 /нэг сая/ төгрөгөөр тооцох” гэх заалтаар иргэдийг насаар нь ялгаварлан, тэтгэвэр бодох цалинг  ялгамжтай сонгож, тэтгэвэр авагчдын итгэлцүүрээр өсгөсөн тэтгэвэр бодох цалингийн дээд хэмжээг ялгавартайгаар хязгаарласан нь ... Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх шударга ёсны зарчимд нийцээгүй бөгөөд шүүхүүд хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2019/0067 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

     ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА