Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 514

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч: Л.Мажигсүрэн,

Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн,

            Шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Багшийнхан овогт Мижиддоржийн Эт холбогдох эрүүгийн 201725020865 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Э.

 

Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч М.Э нь “Гэрэлт Соёмбо” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Goodcars.mn” цахим сайтад зар мэдээлэл байршуулснаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын ордны 510 тоот дэх “Гэрэлт Соёмбо” ХХК-ийн байрандаа иргэн Ц.Нармандахтай уулзаж “би захирал нь байна, танд Япон улсаас “Тоёота Прадо-120” маркийн автомашин захиалан оруулж ирж өгнө” гэж албан тушаалын байдлаа ашиглаж 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Автомашин худалдан авах” гэрээ байгуулан, 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн дансруугаа 18.250.000 төгрөгийг нь шилжүүлүүлэн авч, зориудаар төөрөгдүүлэн хоорондын харилцааны явцад үүссэн итгэлийг нь урвуулан ашиглаж, Ц.Нармандахын эд хөрөнгийг залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Миний хувьд хохирогчийг залилах санаа зорилго байгаагүй. Ийм байдалд хүрсэн нь миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд автомашин худалдан авах гэрээ /хх-ийн 9-11/, мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 12/, 106 дугаартай санхүүгийн нэхэмжлэх /хх-ийн 13/, месенжер чатын хуулбар /хх-ийн 14-20/, хохирогч Ц.Нармандахын мэдүүлэг /хх-ийн 21-22, 98/, М.Эын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-27, 78-80/, М.Эын “ХААН” банкны дансны гүйлгээний хуулга /хх-ийн 50-55/, М.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29/, М.Эын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 33-43, 45-55/, хохирогч Ц.Нармандахын хүсэлт /хх-ийн 91/, шинээр өгсөн М.Эын хувийн байдалтай холбоотой 2 хуудас баримт, “Гэрэлт Соёмбо” ХХК-ийн хувийн хэргийн хуулбар 11 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Э нь “Гэрэлт Соёмбо” ХХК-ийн захирлын албан тушаалаа ашиглаж 2017 оны 01 дүгээр сарын 06-08-ны хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Тусгаар тогтнолын ордоны” 510 тоотод “Япон улсаас Тоёота Прадо-120 маркийн автомашин захиалгаар оруулж ирж өгнө” хэмээн Ц.Нармандахтай “Автомашин худалдах, худалдан авах” гэрээ байгуулан, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар 18.250.000 төгрөгийг нь өөрийн дансаар шилжүүлэн авч залилан мэхлэж үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь:

                                                                    

хохирогч Ц.Нармандахын /хх-ийн 23-24/: “… Би 2017 оны 1 дүгээр сард машин худалдан авахаар зар үзсэн.Тэгээд “Goodcars.mn” сайтаас харж байгаад “Гэрэлт Соёмбо” ХХК-ийн зарыг хараад машин захиалахаар ярьж тухайн компанийн захирал М.Этой Тусгаар тогтнолын ордны 510 тоот байранд нь уулзаж “Тоёота Прадо-120” маркийн автомашин захиалахаар болсон. 2017 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр машин захиалах гэрээгээ хийсэн. Урьдчилгаа мөнгө гэж гэрээний заалтын дагуу 18.250.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Хүүхдийн 100” дугаар дэлгүүрийн орчимд байрлах “Голомт” банкнаас М.Эын “ХААН” банкны 5111213223 гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд гэрээнд заасны дагуу 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр машиныг хүлээлгэн өгөх ёстой байсан боловч хугацаандаа хүлээлгэн өгөөгүй. Лавлаж асуухад 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Замын-Үүд” дээр ирж байгаа” гэсэн. Тухайн хэлсэн өдөр нь М.Эын утас руу залгаж асуухад “нэг контейнерт 4 машин хамт ирж байгаа, задлахын тулд бүх хүн байж байгаад задладаг юм. Зарим эзэд нь цагаан сарын дараа авъя гээд байна” гэсэн. Тэгээд 03 дугаар сарын 06-ны өдөр залгахад утас нь ерөөсөө холбогдохгүй байсан. Оффис дээр нь очтол хаалган дээр нь “төлбөр төлөөгүй учраас гээд битүүмжилсэн” гэсэн байсан. Тэгээд өдөржингөө залгаад нэг удаад нь  утсаа авч орой нь 21 цагийн үед уулзахаар болоод Баянмонгол хороололд байдаг нэг кафед уулзсан. Тэгтэл М.Э “машиныг чинь захиалаагүй, захиалахад асуудал үүссэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “мөнгөө буцааж авъя” гэтэл 2017 оны 03 дугаар сарын 17-ны дотор таны төлсөн мөнгийг буцааж өгнө” гэсэн. 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр уулзахад “төлсөн мөнгийг чинь үрээд дууссан, одоо нэг ч мөнгө байхгүй, 03 дугаар сарын 17-ны өдөр хэлсэн ёсоороо яг мөнгийг чинь буцааж өгнө” гэсэн. Үүнээс хойш мөнгө өгөөгүй өдийг хүрч байна. Япон руу машин захиалахад нь байгаагүй, надад хэдэн төрлийн машины зургийг үзүүлээд би тэрнээс нь сонгосон юм. Надаас М.Э 18.250.000 төгрөг авсан. Эхнээсээ М.Э намайг залилан мэхэлж мөнгө авсан байна …” гэх мэдүүлгээр,

 

М.Эын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 31-33/: “…Би “Гэрэлт Соёмбо” ХХК-ийг 2014 оны 07 дугаар сард байгуулсан. Манай компани гадаад улсаас автомашин оруулж ирж худалдан борлуулж ашиг олдог чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. ...Дуудлага худалдаагаар урьдчилгаа өгч авсан байсан 2 автомашины үлдэгдэл мөнгийг өгөх хугацаа хэтэрсэн байсан. Тэгээд хураагдчихсан. Ингээд л өр үүсч эхэлсэн. Би энэ 2 автомашиныг захиалаад хүмүүст нь аваад өгчихсөн юм. Тэгтэл Нармандах “автомашин захиалъя” гээд надтай холбогдсон. Нармандах “Тоёота Прадо-120” маркийн автомашиныг 36.500.000 төгрөгөөр авахаар тохиролцоод урьдчилгаа болгож 18.250.000 төгрөгийг над руу шилжүүлсэн. Гэвч би Нармандахад автомашин захиалаагүй юм. Тухайн үед манай компани өртэй болчихсон байсан ба Нармандахын өгсөн мөнгөний 3.000.000 төгрөгийг нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өрөнд шилжүүлсэн. Мөн урсгал засварт зарцуулсан. Дараа нь 3.000.000, 4.000.000 гэж авсан мөнгө бол би өөрөө бэлнээр авсан мөнгө байгаа юм...” гэх мэдүүлгүүд, автомашин худалдан авах гэрээ /хх-ийн 9-11/, мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 12/, М.Эын “ХААН” банкны дансны гүйлгээний хуулга /хх-ийн 50-55/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар М.Эын албан тушаалын байдал, үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлдэг бөгөөд мөнгө шилжүүлсэн баримтаар хохирогчид учирсан хохирлын хэмжээ тогтоогдож байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

М.Эын “Япон улсаас автомашин захиалан оруулж ирж өгнө” гэж огт болоогүй, бодит бус асуудлын үр дүнгийн талаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, “Гэрэлт Соёмбо” ХХК-ийн захирлын албан тушаалаа ашиглаж мэдсээр байж бусдыг хуурч, төөрөгдүүлэн, өөрт байхгүй эрх хэмжээнд хохирогчид амлалт өгч, бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх зорилгогүйгээр бусдын үлэмж хэмжээний мөнгөн хөрөнгийг авч байгаа санаатай үйлдэл нь “албан тушаалын байдлаа ашиглан бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулан залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч М.Эын албан тушаалын байдлаа ашиглан бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Прокуророос шүүгдэгч М.Эыг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тодорхойлж өгчээ.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

Шүүгдэгч М.Эын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулж байх бөгөөд уг гэмт хэрэг нь “хүндэвтэр” ангилалын гэмт хэрэгт хамаарч байна.

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь “хүнд” ангилалын гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр буюу хорих ялын дээд хэмжээг ихэсгэн заасан нь М.Эын эрх зүйн байдлыг дордуулахаар байна.

Иймд М.Эын үйлдсэн “бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэргийг шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжид нь тохируулан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилнэ.

 

Шүүгдэгч нь хохирогчид учруулсан материаллаг хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч М.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, хохирогч “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн зэргийг харгалзаж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Э нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул хууль буцаан хэрэглэж буюу 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                                                                                               

 1. Прокуророос шүүгдэгч Мижиддоржийн Эт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

 

            2. Шүүгдэгч Багшийнхан овогт Мижиддоржийн Эыг албан тушаалын байдлаа ашиглан бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд                давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурьдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ