Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00599

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00599

 

 

Л.Б, Ч.Мнарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02303 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.Б, Ч.Мнарын хариуцагч ШШГЕГ-ын харьяа Б,Х ААнд холбогдуулан гаргасан битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, хөрөнгийг битүүмжлэлээс хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Л.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүгэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ, М.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Л.Б болон Ч.Мнарын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамжинд байршилтай 20 дугаарын 1320 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг битүүмжилснийг хүчингүй болгож, битүүмжлэлээс хасах, чөлөөлүүлэх мөн Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байршилтай 2192 м.кв талбайтай соёл, урлагийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэлээс хасуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Л.Б, Ч.Мнар нь 1996 онд гэр бүл болсон боловч Л.Бын нэр дээр байсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь Гэр бүлийн тухай хуулийн 126, 128 дугаар зүйлийн 128.2.4-т заасны дагуу гэр бүлийн дундын өмч хөрөнгө юм. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, ганцхан Л.Бын зөвшөөрлөөр үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан нь хууль зүйн үндэслэлгүй. Үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Говьсүмбэр аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 43 дугаартай шүүхийн шийдвэр, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Говьсүмбэр аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 18 дугаартай магадлал гарсны дагуу, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 194 дүгээр шийдвэр гүйцэтгэгч М.Эрдэнэбаяр уг барилгыг битүүмжлэн 3 дугаартай тогтоол гаргасан. Уг тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Төлбөр төлөгч Монголиан Флюр стар ХХК нь нийтдээ 150 сая гаруй төгрөг төлсөн. Хариуцагч байгууллага нь битүүмжлэх ажиллагааг явуулахдаа үл хөдлөх эд хөрөнгө хэний өмчлөлд байгаа болон өөр хамтран өмчлөх субъект байна уу гэдгийг шалгалгүй шууд битүүмжилсэнд гомдолтой. Л.Бын өмчлөлийн зүйлийг барьцаалаад тухайн барьцаалсан хөрөнгийг өөрөө захиран зарцуулаагүй Монголиан плөүр старс ХХК захиран зарцуулсан үйл явдлыг Ч.Мшүүхийн шийдвэр гарснаас хойш мэдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаартай шүүхийн шийдвэр, Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1869 дүгээр тогтоолоор Монголиан Флюр стар ХХК-аас 2 056 302 055 төгрөг гаргуулах, уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот Баянгол дүүрэг 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж 20, гэрчилгээний дугаар 000142155, улсын бүртгэлийн дугаар Ү-2205022497, 1320 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө мөн Баянгол дүүрэг, 17 дугаар хороонд байршилтай, нэгж талбарын 1618/013218641311243488 дугаартай, 2192 м.кв, 10 жилийн хугацаатай, гэрчилгээний дугаар 000548823, соёл урлаг, үйлчилгээниий зориулалттай эзэмших эрхтэй газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсний дагуу тус алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Барьцааны гэрээ байгуулах үед барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүд нь төлбөр төлөгч Л.Бын өмчлөлд бүртгэлтэй байсан, одоо ч Л.Бын /1 хүний/ өмчлөлд бүртгэлтэй хэвээр байгаа нь улсын бүртгэлийн лалагаа болон гэрчилгээний хуулбараар тогтоогдоно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шаардлагад дурдсанаар уг үл хөдлөх эд хөрөнгөд өмчлөгч нэмэгдсэн ч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахад саад болох үндэслэлгүй. Битүүмжлэх арга хэмжээ хуулийн дагуу явагдсан. Битүүмжлэх ажиллагааг явуулахад төлбөр төлөгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаа, Сайханбат, төлбөр авагчийн төлөөлөгч н.Нямсүрэн нарыг байлцуулж битүүмжлэх акт үйлдэж, хадгалалт, хамгаалалтыг нь өөрсдөд нь үлдээсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн дурдсан үл хөдлөх эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эзэмших эрх Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн хуулийн зохицуулалтаар энэ өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлснээр баталгаажих буюу энэ тохиолдолд өмчлөгч гэж тооцогддог. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдах үед эдгээр хөрөнгүүд зөвхөн Л.Бын нэр дээр байсан учраас Ч.Мөнх-Өлзийгөөс зөвшөөрөл авах шаардлагагүй. Шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан битүүмжлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Барьцаа хөрөнгөтэй тохиолдолд эхний ээлжинд барьцаа хөрөнгөөс хангахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах нь зүйтэй. Барьцааны гэрээний 2.6-д зааснаар барьцааны гэрээг хэрвээ үүргийн гүйцэтгэлийг төлөөгүй тохиолдолд тэргүүн ээлжинд гаргуулах зорилгоор гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангуулах баталгаа болгож байгуулдаг гэжээ.

 

 Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5., 44 дүгээр зүйлийн 44.1., 49 дүгээр зүйлийн 49.1.-д зааснаар 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 194 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 19250501/03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Л.Б, Ч.Мнарын нэхэмжлэлээс эд хөрөнгийг битүүмжлэлээс хасуулах, чөлөөлүүлэхийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Б,Х ААнаас хариуцах улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрт иргэн Л.Б нь өмчлөлийн эд хөрөнгөө бусдын зээлийн үүргийг хангуулахаар барьцаалахыг зөвшөөрч гэрээ байгуулсан, барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэж үзэн маргаж буй хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсан үйл баримт тогтоогдсон тул маргах эрхгүй. Л.Б, Ч.Мнар 1996 онд гэрлэсэн ба гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох тул Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид барьцаа хөрөнгүүдийг тооцож буйг буруутгахгүй гэж дүгнэсэн боловч эд хөрөнгийг битүүмжлэлээс хасаагүйд гомдолтой байна. Хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хууль зөрчсөн, үл хөдлөх хөрөнгөд зөвшөөрөлгүйгээр халдсан гэж үзэж уг ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг зөрчиж барьцааны гэрээ байгуулсан. Тиймээс Л.Б болон Ч.Мнарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгож, битүүмжлэлээс хасуулах, чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.Б, Ч.Мнар нь хариуцагч ШШГЕГ-ын харьяа Б,Х ААнд холбогдуулан Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамжинд байршилтай 20 дугаарын 1320 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, мөн хороонд байршилтай 2192 м.кв талбайтай соёл, урлаг, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хөрөнгийг битүүмжлэлээс хасуулах, чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хуулиар тогтоосон ажиллагааг явуулсан гэх үндэслэл зааж маргажээ.

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаартай шийдвэр, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1869 дугаартай тогтоолоор Монголиан флюор спар ХХК-аас 2 045 914 533 төгрөг гаргуулан Капитал банк ХХК-д олгож, барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байршилтай, нэгж талбарын 1618/013218641311243488 дугаартай, 2192 м.кв, соёл урлаг, үйлчилгээний зориулалттай, 10 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж-20, улсын бүртгэлийн Ү-2205022497 дугаартай, 1320 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Рапид харш, 1 дүгээр байрны 61 тоот, улсын бүртгэлийн Ү-2206015279 дугаартай, 37.6 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн нутаг дэвсгэрт байршилтай 10 га газар, жонш баяжуулах үйлдвэр барих зориулалттай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай, гэрчилгээний дугаар 000298191, 4.2 га газар, хаягдлын далан /усан сан/ зориулалттай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч байгууллага нь дээрх шийдвэр болон 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 134/ШЗ2019/00183 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 34 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан нэхэмжлэгч Л.Батолдын өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байршилтай, нэгж талбарын 1618/013218641311243488 дугаартай, 2192 м.кв, соёл урлаг, үйлчилгээний зориулалттай, 10 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж-20, улсын бүртгэлийн Ү-2205022497 дугаартай, 1320 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 19250501/03 дугаар тогтоолоор битүүмжилсэн үйл баримт тогтоогдсон. /хх 68/

 

Хэргийн 66-67 дугаар талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн болон газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байршилтай, нэгж талбарын 1618/013218641311243488 дугаартай, 2192 м.кв, соёл урлаг, үйлчилгээний зориулалттай, 10 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж-20, улсын бүртгэлийн Ү-2205022497 дугаартай, 1320 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд нь нэхэмжлэгч Л.Бын өмчлөлд бүртгэгджээ.

 

Хариуцагч байгууллага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэхдээ өмчлөгч Л.Быг оролцуулаагүй, битүүмжлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 19250501/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ уг үйлдлийн үр дагаварт хамаарах битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдийг битүүмжлэлээс чөлөөлөх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

 

Төлбөр төлөгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол хүчингүй болж байгаа тохиолдолд тухайн тогтоолоор битүүмжлэгдсэн эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх үндэслэл болно. Харин энэхүү шаардлагаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалагдсан барьцааны зүйлээс чөлөөлсөн агуулгатай биш юм. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн асуудлыг хөндөөгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, битүүмжилсэн тогтоолд нэрлэн зааж, уг битүүмжлэлийг чөлөөлөхөөр битүүмжилсэн эд хөрөнгөд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02303 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын хүчингүй болгож, гэсний дараа битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байршилтай, нэгж талбарын 1618/013218641311243488 дугаартай, 2192 м.кв, соёл урлаг, үйлчилгээний зориулалттай, 10 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж-20, улсын бүртгэлийн Ү-2205022497 дугаартай, 1320 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасч, битүүмжлэлээс чөлөөлж, нэхэмжлэгч Л.Б, Ч.Мнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ