Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 134/ШШ2019/00151

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ГА-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш С

Актын төлбөр болох 4 055 800 төгрөг, 6 230 200 төгрөг, 10 842 600 төгрөг, 11 350 000 төгрөг, 16 481 100 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1. Монгол Улсын Ерөнхий аудиторт Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газраас 2017 онд нийлүүлэх аудитын болон ажил үйлчилгээний төлөвлөгөө, Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд ШС ХХК-ийн 2015-2016 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн Гүйцэтгэлийн аудитаар дараах зөрчил илэрсэн.

 Үүнд: 1. Өдрийн 8 цаг буюу тогтмол цалинтай захиргааны ажилчдад 2015 онд 5 410 000 төгрөг, 2016 онд 5 940 000 төгрөгийг хууль тогтоомж зөрчиж, удирдлагын шийдвэргүй, анхан шатны баримт бүрдэлгүйгээр илүү цагийн хөлс олгосон байна.

Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1.2, 7.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 74.1, ШО ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2010 оны А/17 дугаар тушаалаар батлагдсан Ажилтнуудын цалин хөлс, нэмэгдлийг олгох журам”-ын 4.5.1, 4.5.4, 4.5.9-д заасныг тус тус зөрчсөн тул акт тогтоож, төлбөрийн актын хүлээн зөвшөөрсөн боловч хугацаанд нь барагдуулаагүй тул 11 350 000 төгрөгийг гаргуулах,

2. “... Ажилчдын цалинг, ээлжийн амралтын цалинтай давхардуулан олгосноос 2015 онд 2 663 900 төгрөг, 2016 онд 3 391 800 төгрөг, нийт 6 055 800 төгрөгийг илүү олгосон байна.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 13-т заасныг тус тус зөрчсун тул акт тогтоосон, уг актын төлбөрөөс 2 000 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 4 055 800 төгрөгийг гаргуулах,

3. “... Угаалгын цехийн хувцас угаалгын орлогыг бүртгэлд тусгахдаа анхан шатны баримтаас 1 249 700 төгрөгөөр илүү, 227 300 төгрөгөөр дутуу тооцож, бүртгэсэн, Уулын буфетны орлогыг 41 500 төгрөгөөр илүү бүртгэсэн, Уулын цайны газрын орлогыг 476 200 төгрөгөөр илүү бүртгэсэн, 2015-2016 онд дэлгүүрийн үйл ажиллагааны орлогыг тайланд 821 600 төгрөгөөр дутуу, 1 413 100 төгрөгөөр илүү бүртгэсэн, Тооцооны нягтлан бодогч дэлгүүрийн тайланг цаг хугацаанд нь хүлээн авч хянаагүй тооцоог бодож, анхан шатны баримттай тулган баталгаажуулаагүйгээс 2 000 800 төгрөг, нийт 6 230 200 төгрөгийн орлогыг дутагдуулсан байна.

Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.7, 14.4, 14.4.5, 18.1, 19.1, 20.1.4-т заасныг тус тус зөрчсөн тул акт тогтоож, төлбөрийн актыг хүлээн зөвшөөрсөн боловч хугацаанд нь барагдуулаагүй тул 6 230 200 төгрөгийг гаргуулах,

4. Эрх бүхий албан тушаалтны шийдвэргүй, мэргэжлийн  байгууллагын дүгнэлт, хорогдол тооцсон тооцоолол байхгүй, анхан шатны баримтын бүрдэлгүйгээр нийгэм, соёлын арга хэмжээний зардал, хүнсний материалын хорогдол, хугацаа дууссан болон муудсан материалыг акталсан зэрэг шалтгаанаар нийт 10 842 600 төгрөгийн бараа материалыг данс бүртгэлээс хасч, зардлаар бүртгэж тайлагнасан байна.

Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.4, 13.6, 13.7, 20.1.4-т заасныг зөрчсөн тул акт тогтоож, төлбөрийн актыг хүлээн зөвшөөрсөн боловч хугацаанд нь барагдуулаагүй тул хугацаа хэтэрсэн уг төлбөрийн актын 10 842 600 төгрөгийг гаргуулах,

5. “... Аудитын явцад хийгдсэн хэсэгчилсэн тооллогоор 14 970 600 төгрөгийн материал дутагдуулж, 1 510 500 төгрөгийн материал илүүдсэн байна.

Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12.4-т заасныг зөрчсөн тул төлбөрийн акт тогтоож, төлбөрийн актыг хүлээн зөвшөөрсөн боловч хугацаанд нь барагдуулаагүй тул уг төлбөрийн актын 16 481 100 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Говьсүмбэр аймаг дахь ТАГ 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 03/60 дугаар актаар 11 350 000 төгрөг гаргуулах тухай акт дээр тайлбарлахад ажилчин ажил үүргийнхээ хуваарьт орсон ажлаа ажлын 8 цагт багтаан гүйцэтгэх ёстой. Гэтэл албан үүргийнхээ дагуу хийж ёстой ажлаа ажлын цагтаа багтааж гүйцэтгэхгүйгээр, илүү цагаар гүйцэтгэснээ өөрсдийгөө илүү цагаар ажилласан гээд анхан шатны баримтгүйгээр 9 ажилтанд илүү цагийн цалин олгосон. Нягтлан бодогч, няравын үндсэн үүрэгт ажил буюу тайлан баланс гаргах, тооллого хийх ажлаа илүү цагаар гүйцэтгэсэн байсан. 04/61 дугаар актаар 6 055 800 төгрөг гаргуулах актаар ээлжийн амралттай ажилчдыг буцааж ажиллуулаад цалин, ээлжийн амралтын мөнгийг давхардуулж, 28 ажилчинд олгосон байсан. 6 230 200 төгрөгийн акт нь хариуцаж байсан орлогоо дутуу, буруу, дутагдуулан тайлагнасан. Анхан шатны баримтын мөнгөн дүн нь дансны мөнгөн дүнтэй зөрүүтэй байсан. 02/59 дугаар актаар 10 842 600 төгрөг нь эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр, мэргэжлийн байгууллагын дүгнэлт хорогдол тооцсон тооцоолол байхгүйгээр, анхан шатны баримтгүйгээр нийгэм соёлын арга хэмжээний зардал, хүнсний материалын хорогдол хугацаа дууссан болон муудсан материалыг ямар ч анхан шатны баримтгүйгээр акталсан байсан. 01/58 дугаар актаар 16 481 100 төгрөгийг нийт барааг тоолоход үлдэгдэл бараа биетээрээ дутагдсан. Дутагдсан нь 14 сая, илүүдсэн 1 520 000 төгрөгийн бараа гарсан. Хамгийн гол нь нэр төрлөөрөө таарах ёстой. Тайлан дээрээ нэр төрлөөрөө байгаа ч биетээр дутсан байсан. Тухайн үед аудитын шалгалт явуулахдаа хүн болгон хариуцсан ажлаа тооцож, нягтлан бодогч болон дарга нь зөвшөөрч гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан. Баталгаажсан акт учраас үндэслэлтэй акт гарсан гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч талаас аудитын актыг 2 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт, Говьсүмбэр аймгийн ТАГ нь шүүхэд нэхэмжлэл гаргах этгээд биш. Аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлд аудитын хийх бүрэн эрхийг заасан. Аудитын бүрэн эрхийг шалгаж үзэхэд шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрх нь Аудитын байгууллагад олгогдоогүй. Зөвхөн санал тавих, шаардлага өгөх гэсэн үндсэн эрхтэй. Шүүхэд төлөөлөх, актын төлбөрөө барагдуулах эрхгүй. Иргэний хэрэгт Говьсүмбэр аймгийн төрийн аудитын газрын албан ёсны баримтууд авагдаагүй. Өөрөөр хэлбэл статус нь тодорхойгүй байгууллага байна.

Хоёрдугаарт, Говьсүмбэр аймгийн ТАГ-аас 2015, 2016 онд аудитын шалгалт явуулж 5 төрлийн акт тогтоосон. Үндэслэл бүхий гэж 5 акт тавьсаны дараа цагдаагийн байгууллага аудитын акт дээр үндэслэж эрүүгийн хэрэг үүсгэж тухайн үед ажиллаж байсан эд хариуцагч буюу ерөнхий нягтлан бодогч, нярав, удирдлагуудыг шалгасан. Дээрх 5 төрлийн акт нь эд хариуцагч нараас төлбөрийг гаргуулахаар агуулгатай байсан. Компаниас төлбөрийг гаргуулах агуулга байгаагүй. Эд хариуцагч нарыг цагдаагийн байгууллага шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, аудитын тогтоосон акт нь үндэслэлгүй, буруу гарсан байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт нь үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шинжээч нь  өөрөө тайлбараа гаргаад  бодолтуудыг хийсэн байгаа нь нилээн нотолгооны ач холбогдолтой болсон гэж үзэж байна. Актыг үндэслэлгүй гаргасан гэдэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Акт тогтоосон гол үндэслэл нь илүү цаг, ээлжийн амралт, цалинг хамт олгосон гэсэн. Үүн дээр компани, аудитын байгууллага маргаагүй. Учир нь өгөх ёстой төлбөрийг ихэнхийг нь шилжүүлсэн. Харин үлдсэн 4 төлбөр буюу илүү цаг, тооллого дутагдал, анхан шатны баримтгүй бараа олголт, устгалтын бараа материал гэсэн 4 төрлийн акт тавихдаа хууль эрх зүйн үндэслэлгүй, тооллогыг буруу явуулж, тулган баталгаажуулалт хийлгүйгээр шууд акт тавьсан нь аудитын байгууллагын буруу. Илүү цагийн 11 350 000 төгрөгийн акт нь Хөдөлмөрийн тухай хуульд ажилтан илүү цагаар ажилласан тохиолдолд илүү цагийг олгоно гэж заасан. Гэтэл дарга удирдлага гарын үсэг зураад баталгаажуулаад илүү цаг олгосон байхад үндэслэлгүй гэж үзээд акт тавьсан. Энэ нь ажилтны эрхийг ноцтойгоор зөрчсөн. 16 481 000 төгрөгийн акт буюу 58 дугаар актын хувьд тооллогоор баримтыг дутуу тоолсон. Бараа материал байсаар байхад тоолохгүйгээр үлдээсэн. Эдийн засгийн мэргэжлийн шинжээч нь үндэслэлгүй байна. Дутагдал нь 528 000 төгрөг болж байна гэж үзсэн. Ээлжийн амралтын цалинг давхардуулж олгосон асуудлыг шалгаж үзэхэд аудитын байгууллага 6 сая төгрөгийн акт тавихад, мөрдөн байцаалтаар 5 сая болгож тооцсон. Үүнээс харахад аудитын шалгалт нь дутуу хийгдсэн. Тулгаж үзээгүй, хийсвэрээр шалгасан. Зөвлөх туслах, шалгах, зөрчлийг арилгуулах ажлыг аудитын газар хийгээгүй. Үүнээс болж асар их хэмжээний өр төлбөрийг ШС ХХК, эд хариуцагч, ажилчдад тавьсан. ШС ХХК-д акт тавиагүй, нягтлан бодогч болон ажилчдад акт тавьсан. Иймээс хууль зүйн үндэслэлгүй актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь ТАГ нь ШС ХХК-д холбогдуулан актын төлбөр болох 4 055 800 төгрөг, 6 230 200 төгрөг, 10 842 600 төгрөг, 11 350 000 төгрөг, 16 481 100 төгрөгийг тус тус гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М “... Аудитын актыг 2 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт, Говьсүмбэр аймгийн ТАГ нь шүүхэд нэхэмжлэл гаргах этгээд биш. Аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлд аудитын хийх бүрэн эрхийг заасан. Аудитын бүрэн эрхийг шалгаж үзэхэд шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрх нь Аудитын байгууллагад олгогдоогүй. Зөвхөн санал тавих, шаардлага өгөх гэсэн үндсэн эрхтэй. Шүүхэд төлөөлөх, актын төлбөрөө барагдуулах эрхгүй. Хоёрдугаарт, Говьсүмбэр аймгийн ТАГ-аас 2015, 2016 онд аудитын шалгалт явуулж, 5 төрлийн акт тогтоосон. Үндэслэл бүхий 5 акт тавьсаны дараа Цагдаагийн байгууллага аудитын акт дээр үндэслэж, эрүүгийн хэрэг үүсгэж, тухайн үед ажиллаж байсан эд хариуцагч буюу ерөнхий нягтлан бодогч, нярав, удирдлагуудыг шалгасан. Эд хариуцагч нарыг Цагдаагийн байгууллага шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, аудитын тогтоосон акт нь үндэслэлгүй, буруу гарсан байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт нь үндэслэл бүхий гарсан ...” хэмээн маргана. 

Төрийн Аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар төрийн аудитын байгууллага нь улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд Говьсүмбэр аймаг дахь ТАГ нь аудитын актаар тогтоосон төлбөрийг барагдуулахаар нэхэмжлэл гаргасан нь энэхүү чиг үүрэгт хамааралгүй, тухайн байгууллагын эрх ашиг зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Тухайн үед аудитын шалгалт явуулахдаа хүн болгон хариуцсан ажлаа тооцож, нягтлан бодогч болон дарга нь зөвшөөрч гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан. Гүйцэтгэлийн аудитыг хийхдээ манай байгууллага тухайн байгууллагаас саналыг нь авдаг. ШС ХХК нь тухайн үед санал ирүүлээгүй. Баталгаажсан акт учраас үндэслэлтэй акт гарсан гэж үзэж байна. Д.М гэх шинжээч нь бид нартай тулган баталгаажуулалт хийгээгүй. Дараачийн дутагдсан акт гэдэг дээр энэ акт хүчингүй гэсэн зүйлийг олж харсангүй. Дахиж хянуулах, эргэлзээтэй гэж дүгнэсэн гэж би ойлгож байна. Энэ акт хүчингүй гэсэн үг, үсэг харсангүй.

“... Шинжээчийн дүгнэлтийг яаж хийсэн нь тодорхой бус, агуулга нь тодорхойгүй байна ...” гэж шүүх хуралдаанд тайлбарлах боловч Аудитын байгууллага нь Төрийн Аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан аудит хийх бүрэн эрхтэй боловч аудитын явцад илэрсэн төлбөрийг барагдуулах ажлыг зохион байгуулах буюу орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, энэ талаар шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах тухай тусгагдаагүй байна.

Түүнчлэн Төрийн аудитын тухай  хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 15 дугаар зүйлийн 15.1.12-д төрийн аудитын байгууллага нь нийцлийн аудитаар дүгнэлт, зөвлөмж гаргахаас гадна аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, 28 дугаар зүйлийн 28.1-д гүйцэтгэлийн болон нийцлийн аудитаар материаллаг шинжтэй зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг төрийн аудитын байгууллагаас эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ гэж тус тус зааснаас үзэхэд Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын байгууллагад аудитын актаар тогтоогдсон төлбөрийг нэхэмжлэх эрх хуулиар олгогдоогүй байна.

Иймд, Говьсүмбэр аймаг дахь ТАГ нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллагаас гаргасан нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

1. Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар Говьсүмбэр аймаг дахь ТАГ-ын нэхэмжлэлтэй, ШС ХХК-д холбогдох Актын төлбөр болох 4 055 800 төгрөг, 6 230 200 төгрөг, 10 842 600 төгрөг, 11 350 000 төгрөг, 16 481 100 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ЦОГЗОЛМАА