Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 490

 

 

Ц.Мөнхбатад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор О.Багшбаяр,

Хохирогч Ш.Жигжидсүрэн,

Ялтан Ц.Мөнхбат,

Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа  даргалж, шүүгч Т.Шинэбаяр, С.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын сарын 14-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдол, прокурор Х.Ням-Эрдэнийн бичсэн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 26 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр Ц.Мөнхбатад холбогдох эрүүгийн 201525010186 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овогт Цагаандайгийн Мөнхбат, 1984 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан хотын 18 дугаар багийн Малчины задгайд оршин суух, урьд

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 175 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх зааснаар 3 жилийн хорих ял дээр  Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 94 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2. Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 175 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 cap 18 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 246 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

3. Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 343 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар 2 жил 4 capын хорих ялаар шийтгүүлж,

2013  оны 3 дугаар сарын 28-ны өдөр хорих ялаас хугацаа дуусч суллагдсан, /РД:ТИ84101311/,

1. Ц.Мөнхбат нь ялтай байх хугацаандаа, 4 удаагийн давтан үйлдлээр:

1.1. 2014 оны 12 дугаар сарын сүүлчээр Нарантуул захад өмд зардаг Н.Батцоожоос “өмд бөөндөж авна” гэж хэлээд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 43 байрны гаднаас машин дотор нь байсан 48 ширхэг өмд, “Samsung galaxy duos” загварын гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч 2.080.000 төгрөгийн,

1.2. 2014 оны 12 дугаар сарын 31-нээс 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 84 дүгээр байрны 38 тоотод оршин суух Д.Гүнцэцэгийн гэрээс 32 инчийн “Sony” загварын LCD зурагт, “Samsung” загварын 2 хаалгатай хөргөгч, будаа агшаагч, тоос сорогч, ус буцалгагч, ор зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч 3.120.000 төгрөгийн,

1.3. 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Буудай” зочид буудлын ресепшин М.Мөнхзулын виза картыг хулгайлан 467.000 төгрөгийн,

1.4. 2015 оны 2 дугаар сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Golden vill” хотхоны 1008 тоотод оршин суух О.Батхишигийн гэрт нэвтрэн орж “Samsung S-3” загварын гар утас 1 ширхэг, “Mini ipad” 1 ширхэг, “Nokia Е-8” загварын гар утас 1 ширхэг, хар өнгийн хэтэвч, виза карт, дунд гарын хөөрөг, хар өнгийн ширэн оосортой цаг, 100.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 705.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, хулгайн гэмт хэргийн улмаас бусдад 6.372.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2. Урьд хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр, шунахай сэдэлтээр:

2.1. 2014 оны 12 дугаар сард Нарантуул захын 20 дугаартай чингэлэгт барилгын цахилгаан тоног төхөөрөмж зардаг Б.Цэрэнтогтохоос барилгын материал авах нэрийдлээр хамт явж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 100 айлын барилгын материалын дэлгүүрийн орчим “гар утсаа өгөөч, яриад өгье” гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар “I phone 6 plas” загварын гар утсыг залилан авч 1.800.000 төгрөгийн,

2.2. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Жаргалаас “байгалийн зураг авдаг хүн хайж байна” гэж худал хэлэн иргэний үнэмлэх хуулбарлан авах гэж явахдаа “гар утасны цэнэг дууссан байна, гар утсаа өгчих” гэж худал хэлж хуурч мэхлэх аргаар “Samsung galaxy S-4” загварын гар утас, “Nikon” загварын дуран зэрэг эд хөрөнгийг залилан авч 1.000.000 төгрөгийн,

2.3. 2014 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Б.Эрдэнэбилэгээс “АНУ-аас ирсэн иргэдэд гар утас авах гэсэн юм” гэж худал хэлж, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 84 дүгээр байрны 5 давхарын 37 тоотод дагуулан ирж “Grand 2”, “I phone 5” загварын гар утаснуудыг хуурч мэхлэх аргаар залилан авч 680.000 төгрөгийн,

2.4. 2014 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвийн гар утасны лангуунд суудаг Д.Баяртогтохоос “үзүүлэлт сайтай гар утаснууд авна” гэж хуурч мэхлэн дагуулан явж Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Урт цагааны урд ирээд “I phone 6”, “Samsung S-3” загварын гар утас 2 ширхэг зэрэг эд зүйлсийг залилан мэхлэн авч 1.850.000 төгрөгийн,

2.5. 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Э.Батсууриас “гадаадын төлөөлөгч нарт жуулчилдаг төлөөлөгч хүн байна, ажлын шугамаар Солонгос улсаас 5 хүн ирсэн байгаа, гар утас авах гэсэн юм” гэж хуурч мэхлэн гар утас авахаар тохирч, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кемпински” зочид буудлын гадна авч ирэн “Samsung noot 2”, “Samsung S-3” загварын гар утаснуудыг залилан мэхлэн авч 900.000 төгрөгийн,

2.6. 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Д.Мөнх-Эрдэнэд “таниас 3, 4 ширхэг үнэтэй утас авъя, Дарханд гадаад хүмүүстэй явж байгаад гар утсыг нь машин дотроосоо алдсан, тэр хүмүүс нь урт цагаан дээр хүлээж байгаа, очоод мөнгийг нь өгье” гэж “I phone 5S” загварын гар утсыг нь залилан мэхлэн авч 650.000 төгрөгийн,

2.7. 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Өргөө” кино театрын урд байрлах гар утасны лангуунд ажилладаг Н.Амартүвшингээс “гадаадын хүмүүстэй явж байгаа юм. Хамт явж байсан гадаад хүмүүс гар утаснуудаа алдчихлаа, үнэтэй утас байвал сайн байна” гэж худал хэлж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ардын эрх сонины газрын орчимд дагуулан очиж “гар утсаа өгөөч, надад утас байхгүй, нэгж хийгээд нөгөө хүмүүстэйгээ холбоо барих гэсэн юм” гэж хэлэн түүний “LG 2” загварын цагаан өнгийн гар утсыг залилан мэхлэн авч, 300.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу бусдыг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлсэн гэмт үйлдлийн улмаас бусдад 7.180.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

3. 2015 оны 3 дугаар сарын 1-ний орой 20 цаг 30 минутын орчим Ш.Жигжидсүрэнгээс “гар утас авна” гэж яриад Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 38а байрны гадна машин дотор нь сууж байгаад эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар довтолж, нүүр рүү нь газ /зэвсгийн чанартай зүйл хэрэглэн/ цацаж, хүч хэрэглэн, гар утсыг дээрэмдэхийг завдсан гэмт хэрэг үйлдэж, бусдад нийт 13.552.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Мөнхбатад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар Ц.Мөнхбатын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Ц.Мөнхбатыг давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан, бусдын амь насанд аюултай хүч хэрэглэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Ц.Мөнхбатыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Ц.Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Ц.Мөнхбатын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан 5 жил 1 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ялын зарим болох 11 сарын хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 6 жилээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ц.Мөнхбатын эдлэх 6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 418 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Мөнхбатаас хохирогч Н.Батцоож /РД:ИХ69080819/-д 2.080.000 төгрөг, хохирогч Д.Гүнцэцэг /РД:УС88031021/-т 3.120.000 төгрөг, хохирогч М.Мөнхзул /РД:ОМ77031802/-д 467.000 төгрөг, хохирогч
О.Батхишиг /РД:ЦБ63032315/-т 705.000 төгрөг, хохирогч Б.Цэрэнтогтох /РД:МЛ82101511/-д 1.800.000 төгрөг, хохирогч Б.Жаргал /РД:Ш373110271/-Д 1.000.000 төгрөг, хохирогч Д.Эрдэнэбилэг /РД:ДЕ74121614/-т 980.000 төгрөг, хохирогч Д.Баяртогтох /РД:ИЦ79052892/-д 1.850.000 төгрөг, хохирогч Э.Батсуурь /РД:ДЮ70050314/-т 900.000  төгрөг, хохирогч Д.Мөнх-Эрдэнэ /РД:ХЕ80052811/-д 650.000 төгрөг, хохирогч Н.Амартүвшин /РД:НЮ68053164/-д 300.000 төгрөг гаргуулж тус тус олгохоор, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Ш.Жигжидсүрэнд төлөх төлбөргүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардал үгүй болохыг дурдаж, Ц.Мөнхбатад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцож, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авсанаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Мөнхбатыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

            Ялтан Ц.Мөнхбат гаргасан давж заалдах гомдолдоо “…Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд

            Миний бие хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэргүүдийг анхны байцаалтаар мэдүүлсэн. Мөрдөн байцаагч Т.Батдорж 2015 оны 5 дугаар сарын 19-нд Цагдан хорих төвд ирж байцаалт авсан бөгөөд би өөрийн үйлдсэн хэргүүдээ хүлээж, мөн 2015 оны 3 дугаар сарын 1-ний орой үйлдэгдсэн гэх Ш.Жигжидсүрэн  хохирогчтой хэргийн талаар анх удаа мэдүүлсэн. Би мөрдөн байцаагч Т.Батдоржид тухайн үед дээрэмдэх гээгүй, залилж авах гээд бүтээгүй учир газ цацаад зугтсан гэж хэлэхэд тэрээр “чи маргааш нь 3, 4 дүгээр хорооллын “Алтантөгрөг” дэлгүүрт гар утас зардаг залууг 11 дүгээр хороололд дагуулж очоод юу ч авалгүй явсан” тухай надад хэлсэн. Уг үйлдэл нь үнэн зөв бөгөөд байцаагч Т.Батдорж тухайн үед чиний газ цацсан хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд 147.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн, чи өөрөө хэргээ илчилсэн, хохирол гомдолгүй учир гайгүй биз гэж байсан. Тэр үеэс уг дээрмийн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй, би дээрэмдэх санаа зорилго байгаагүй, бусдын эд хөрөнгийг авахын тулд хүч хэрэглэн довтлоогүй.

            Дээрмийн гэх гэмт хэргийн хохирогчийн өгсөн мэдүүлэг нь үнэнээс зөрүүтэй байгааг жил гаруй хугацаанд мэдүүлсэн ч намайг буруутгасан хэвээр байгаа. Машин дотор газ цацаж, цүнхнээс булаацалдсан гэх мэдүүлгийн улмаас өнөөдөр дээрэмчин, дээрэмдсэн гэж шийтгүүлж байгаад гомдолтой байна. Учир нь би машинаас буугаад хаалганы завсраар гараа оруулж газ цацах үед хохирогч цаад хаалгаараа бууж “Баагий” гэж орилоод гүйсэн. Би ч мөн зугтсан. Хохирогчоос утсыг нь залилж авах гэж байсан. Хайрцагтай утсыг нь үзэж байгаад хайрцагнаас утсыг нь сэм авч Баяртогтох хохирогчтой залилангийн хэргийн адилаар үйлдэх гэж байсан. Гэвч хохирогч Ш.Жигжидсүрэн  нь утсыг задалж харахаас өмнө лацтай утас, лацгүй утас хоёр үнийн зөрүүтэй шүү, авна гэвэл задалж үз гэсэн. Би авна гэсэн болохоор “I phone 5S” загварын гар утсыг задалсан. Хохирогч Ш.Жигжидсүрэн  үзээд дуусахад гар утсаа цүнхэндээ хийсэн. Утсыг нь авах оролдлого бүтээгүй болохоор хамт явж байсан найзыгаа явж бай гэсэн. Найз маань намайг утас залилж авах гэж байсныг мэдээгүй. Ш.Жигжидсүрэн “худалдаж авна гэвэл задал” гэснээс болж би зөрүү мөнгө өгөх, эсвэл зугтах зам үлдсэн бөгөөд Ш.Жигжидсүрэн  надаас үл ялих махлагдуу, өндөр залуу байсан болохоор намайг бариад авчихвал тавихгүй, муугаар бодоход цагдаад мэдэгдэнэ байх гэж бодоод өөрийн биеийг хамгаалахаар авч явдаг газыг хохирогч руу цацаад зугтаая гэж бодсон. Уг газыг өмнө нь хэрэглэж үзээгүй бөгөөд өөрөө мөн хохирох байх гэж бодоод машинаас буугаад хаалгыг нь хаахаасаа өмнө цацсан. Гэтэл хаалга онгойход нь намайг барих гэж байна гэж бодоод зугтсан. Гүйж байхдаа эргэж харахад Ш.Жигжидсүрэн  орц руугаа “Баагий” гэж орилоод гүйж байсан. Энэ үйлдлийн төгсгөл болох бидний хоёр тал руу гүйж байгааг харсан найз З.Цогтбаяр байдаг. Түүнээс гэрчээр мэдүүлэг авсан байдаг хэдий ч мөрдөн байцаагч Т.Батдоржид энэ тухай жил гаруй хугацаанд мэдүүлж байхад үнэн зөвийг олж, шудрагаар мөрдөн байцаах ажиллагааг явуулаагүй, “чи ганцаараа бол бага ялтай” гэх зэргээр удаа дараа дарамталж байсан.

            Тус гэмт хэргийг “завдалт” гэж үзэн 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт уг хэргийг хүлээн зөвшөөрөхгүй, дээрэмдэх санаа зорилго агуулаагүй гэж мэдүүлсэн боловч шүүхээс төгссөн үйлдэл гэж үзэн “завдалт” гэснийг өөрчилж, “дээрэмдсэн” гэж үзэн хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Шүүх хуралдаанд хохирогч Ш.Жигжидсүрэнг оролцуулах хүсэлт удаа дараа гаргаж байсан боловч хүсэлтийг минь хүлээж аваагүй. Мөн 2016 оны 6 дугаар сарын 1-ний орой 86608860 дугаарын утаснаас Ш.Жигжидсүрэнгийн 99020462 дугаарын утас руу холбогдож, 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх тухай ярилцсан бөгөөд энэ яриаг Цогтбаярын утсанд видео бичлэг хийж хадгалсан байсныг шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар өгөх гэсэн боловч шүүх үзэх шаардлагагүй гэсэн.

            2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаан 09 цагт зарлагдсан боловч 09 цаг 35 минутад эхэлсэн. Тус шүүх хуралдаан болон шүүхээс гаргасан шийдвэр нь миний эрх зүйн байдлыг дордуулсан хэд хэдэн нөхцөл байна. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Ганбат хохирогч Ш.Жигжидсүрэнг оролцуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Хохирогч Ш.Жигжидсүрэн Өмнөговь аймагт ажилтай байгаа тул шүүх хуралдаанд онлайнаар оролцох хүсэлтээ 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ирүүлснийг танилцуулсан боловч хүлээж аваагүй. Хэрэгт холбогдолтой бичлэг үзүүлэх зөвшөөрөл хүсэхэд хүлээж аваагүй. Өмгөөлөгч Ганбат шүүх хуралдаан дээр хоолой нь өвдсөний улмаас өмгөөллийн үг нь огт сонсогдохгүй байсаар шүүх хурал завсарлахад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга түүний санал, хүсэлт, өмгөөллийн үгийг гараар бичиж авсан. Мөн уг өдөр шүүхийн байр тоггүй байсан бөгөөд шүүх хуралдааны танхимд бичлэг хийгдээгүй, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүйд хүргэсэн. Миний үйлдсэн хулгайн үйлдэл Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдаагүй, шүүхээс зөвхөн яллах талыг барьж, өөрийн буруугүйг нотлох боломжийг олгоогүйн дээр шүүгч Т.Шинэбаяр нь Батцоож хохирогчтой хэргээс “чи машины аккумлятор авсан” гэсэн. Би Батцоожийн машинаас юу ч аваагүй байхад хаанаас юу уншиж, ямар үндэслэлээр машины аккумлятор нэхсэнийг ойлгохгүй байна. Мөн шүүгч С.Оюунгэрэл нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд болсон хулгайн хэргийн талаар “чамайг ав гээд нэг орцны, нэг давхарын 8 айлын түлхүүр нэг хаалганд зоолттой байна уу, хүн итгэмээр зүйл яриач” гэж байсан. Энэ тухай хавтаст хэрэгт тодорхой байсан бөгөөд уг давхарын 8 айлын 4 айл нь орсон, 4 нь шинэ байр байсан. Борлуулалтын албаны ажилтан нар түлхүүрээ хаалгандаа зоож мартсан байсан. Мөн худалдан авагч нартаа ажлын түлхүүрээ хаяж өөрийнхөө түлхүүрийг хийх анхааруулгыг өгөөгүй байсан учир тус компанийн ажлын түлхүүр бүх хаалган дээр бичсэн дугаарынхаа дагуу таарч байсан. Иймд шүүхээс гаргасан шийдвэрт гомдолтой ба батлан даалтад байх хугацаандаа хэргээ үнэн зөвөөр шийдвэрлүүлэх ганцхан хүсэлтэйгээр хүлээж байсан ч шүүхийн шийдвэрт одоо хүртэл итгэж чадахгүй байна. Энэ хугацаанд Дархан аймагт амьдрах 65 настай эхдээ ч очиж амжилгүй, хэргээ нэг мөр үнэн шудрагаар шийдүүлээд очно гэж хэлснээс өөрийг амлаж чадаагүй. Би өөрийгөө гэм буруугүй гэж өмөөрөх гэсэнгүй, өөрийн хийсэн хэрэгтээ туйлын ихээр гэмшиж байна. Батлан даалтад байх хугацаандаа нэгэн бүсгүйд сэтгэл зүрхээ илчилж, хайртай гэдгээ хэлээд хэрэгт холбогдсон тухайгаа хэлж зүрхлэлгүй, үнэн дийлнэ гэж итгэсэн минь сэтгэлийн асар их дарамт болж байна. Миний бие хэргээ үнэн зөвөөр шийдүүлж, хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулж хүн шиг хүн байхын тулд чадах бүхнээрээ хичээх болно. Шүүх хуралдаанд хохирогч Ш.Жигжидсүрэн, хяналтын прокурор Х.Ням-Эрдэнэ нарыг оролцуулж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх нөхцөл боломжоор хангаж өгнө үү..” гэжээ.

Прокурор Х.Ням-Эрдэнэ бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “...Прокуророос Ц.Мөнхбатын бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт үйлдэлд нь “2011 оны 8 дугаар сарын 23-ны өдөр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хорих ялыг эдэлж дууссан ялтай байдалд тооцох хугацаанд, давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч 7.180.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх ялтны ялтай байдалд тооцох хугацааг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дүгээр зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхии ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхээс ялтан Ц.Мөнхбатын ялтай байдлыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж  хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлтэй байх боловч түүний үйлдсэн “7 удаагийн давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж бусдад бага бус хэмжээний буюу 7.180.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх байтал гэмт хэргийн ялтай байдалд тооцох хугацааг хэрэгсэхгүй болсон гэсэн үндэслэлээр хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх  хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэснийг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Ийнхүү шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна”, мөн зүйлийн 284.2 дахь хэсэг “Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ” гэсэн заалтын шаардлагыг хангаагүй, шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 21 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт заасныг үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор О.Багшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй. Ц.Мөнхбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой байсныг анхан шатны шүүх ялтай байдлыг нь харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн тухай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж улмаар “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулсан. Ц.Мөнхбат нь 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 2 жил 4 сарын хорих ял шийтгэгдсэн тул ялтай байдал нь дуусаагүй байсан. Өөрөөр хэлбэл Ц.Мөнхбат нь нийт 7 удаагийн давтан үйлдлээр залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн. Хэрвээ шүүх Ц.Мөнхбатыг “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулах бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой байсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

Хохирогч Ш.Жигжидсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Мөнхбат нь автомашинд сууж ярилцаж байгаад над руу газ цацсан. Би энэ талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлж байсан. Би цүнхээ жолооны хүрд дээрээ тавиад хаалгаа бага зэрэг нээсэн байсан. Ц.Мөнхбатыг газ цацаад түлхэхэд би унасан. Ц.Мөнхбат цүнхний оосроос татсан эсэхийг мэдэхгүй. Цүнхний оосор жолооны хүрдэнд тээглээд тасарсан байх. Намайг босоод зугтахад араас хэн нэгэн хөөгөөгүй байсан. Хэрвээ Ц.Мөнхбат намайг дээрэмдэх байсан бол автомашины арын суудалд найзтайгаа сууж байхдаа дээрэмдчих байсан байх...” гэв.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

1. Ц.Мөнхбат нь ялтай байх хугацаандаа, 4 удаагийн давтан үйлдлээр:

1.1. 2014 оны 12 дугаар сарын сүүлчээр Нарантуул захад өмд зардаг Н.Батцоожоос “өмд бөөндөж авна” гэж хэлээд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 43 байрны гаднаас машин дотор нь байсан 48 ширхэг өмд, “Samsung galaxy duos” загварын гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч 2.080.000 төгрөгийн,

1.2. 2014 оны 12 дугаар сарын 31-нээс 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 84 дүгээр байрны 38 тоотод оршин суух Д.Гүнцэцэгийн гэрээс 32 инчийн “Sony” загварын LCD зурагт, “Samsung” загварын 2 хаалгатай хөргөгч, будаа агшаагч, тоос сорогч, ус буцалгагч, ор зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч 3.120.000 төгрөгийн,

1.3. 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Буудай” зочид буудлын ресепшин М.Мөнхзулын виза картыг хулгайлан 467.000 төгрөгийн,

1.4. 2015 оны 2 дугаар сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Golden vill” хотхоны 1008 тоотод оршин суух О.Батхишигийн гэрт нэвтрэн орж “Samsung S-3” загварын гар утас 1 ширхэг, “Mini ipad” 1 ширхэг, “Nokia Е-8” загварын гар утас 1 ширхэг, хар өнгийн хэтэвч, виза карт, дунд гарын хөөрөг, хар өнгийн ширэн оосортой цаг, 100.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 705.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, хулгайн гэмт хэргийн улмаас бусдад 6.372.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2. Урьд хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр, шунахай сэдэлтээр:

2.1. 2014 оны 12 дугаар сард Нарантуул захын 20 дугаартай чингэлэгт барилгын цахилгаан тоног төхөөрөмж зардаг Б.Цэрэнтогтохоос барилгын материал авах нэрийдлээр хамт явж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 100 айлын барилгын материалын дэлгүүрийн орчим “гар утсаа өгөөч, яриад өгье” гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар “I phone 6 plas” загварын гар утсыг залилан авч 1.800.000 төгрөгийн,

2.2. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Жаргалаас “байгалийн зураг авдаг хүн хайж байна” гэж худал хэлэн иргэний үнэмлэх хуулбарлан авах гэж явахдаа “гар утасны цэнэг дууссан байна, гар утсаа өгчих” гэж худал хэлж хуурч мэхлэх аргаар “Samsung galaxy S-4” загварын гар утас, “Nikon” загварын дуран зэрэг эд хөрөнгийг залилан авч 1.000.000 төгрөгийн,

2.3. 2014 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Б.Эрдэнэбилэгээс “АНУ-аас ирсэн иргэдэд гар утас авах гэсэн юм” гэж худал хэлж, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 84 дүгээр байрны 5 давхарын 37 тоотод дагуулан ирж “Grand 2”, “I phone 5” загварын гар утаснуудыг хуурч мэхлэх аргаар залилан авч 680.000 төгрөгийн,

2.4. 2014 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвийн гар утасны лангуунд суудаг Д.Баяртогтохоос “үзүүлэлт сайтай гар утаснууд авна” гэж хуурч мэхлэн дагуулан явж Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Урт цагааны урд ирээд “I phone 6”, “Samsung S-3” загварын гар утас 2 ширхэг зэрэг эд зүйлсийг залилан мэхлэн авч 1.850.000 төгрөгийн,

2.5. 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Э.Батсууриас “гадаадын төлөөлөгч нарт жуулчилдаг төлөөлөгч хүн байна, ажлын шугамаар Солонгос улсаас 5 хүн ирсэн байгаа, гар утас авах гэсэн юм” гэж хуурч мэхлэн гар утас авахаар тохирч, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кемпински” зочид буудлын гадна авч ирэн “Samsung noot 2”, “Samsung S-3” загварын гар утаснуудыг залилан мэхлэн авч 900.000 төгрөгийн,

2.6. 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Д.Мөнх-Эрдэнэд “таниас 3, 4 ширхэг үнэтэй утас авъя, Дарханд гадаад хүмүүстэй явж байгаад гар утсыг нь машин дотроосоо алдсан, тэр хүмүүс нь урт цагаан дээр хүлээж байгаа, очоод мөнгийг нь өгье” гэж “I phone 5S” загварын гар утсыг нь залилан мэхлэн авч 650.000 төгрөгийн,

2.7. 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Өргөө” кино театрын урд байрлах гар утасны лангуунд ажилладаг Н.Амартүвшингээс “гадаадын хүмүүстэй явж байгаа юм. Хамт явж байсан гадаад хүмүүс гар утаснуудаа алдчихлаа, үнэтэй утас байвал сайн байна” гэж худал хэлж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ардын эрх сонины газрын орчимд дагуулан очиж “гар утсаа өгөөч, надад утас байхгүй, нэгж хийгээд нөгөө хүмүүстэйгээ холбоо барих гэсэн юм” гэж хэлэн түүний “LG 2” загварын цагаан өнгийн гар утсыг залилан мэхлэн авч, 300.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу бусдыг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлсэн гэмт үйлдлийн улмаас бусдад 7.180.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

3. 2015 оны 3 дугаар сарын 1-ний орой 20 цаг 30 минутын орчим Ш.Жигжидсүрэн гээс “гар утас авна” гэж яриад Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 38а байрны гадна машин дотор нь сууж байгаад эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар довтолж, нүүр рүү нь газ /зэвсгийн чанартай зүйл хэрэглэн/ цацаж, хүч хэрэглэн, гар утсыг дээрэмдэхийг завдсан гэмт хэрэг тус тус үйлдэж, бусдад нийт 13.552.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд тухайн үед болж өнгөрсөн үйл явдлыг тал бүрээс нь бүрэн гүйцэт бодитой тогтоох талаар уг хэрэгт шалгавал зохих ажиллагаанууд хангалттай хийгджээ.

 “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна.” хэмээн заажээ.

Ц.Мөнхбатын үйлдсэн гэх гэмт үйлдлүүд нь (Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 148 дугаар зүйлийн 148.3) 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 3 дугаар сарын хооронд үйлдсэн гэж яллах дүгнэлтэд дурдсан байна. “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хууль 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна.” гэж зааснаас дүгнэлт хийвэл дээрх гэмт үйлдлүүд нь өршөөлд хамаарагдах үндэслэлтэй байна.

“Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтныг шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ.”, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт “...ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох...”, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заажээ.

Гэтэл шүүх шүүгдэгч Ц.Мөнхбатын хувьд дээрх хуулийн аль заалт нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, илүү ашигтай байж болох үндэслэлийг тайлбарлалгүйгээр зөвхөн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Мөнхбатын ялгүй болох хугацаанаас үндсэн хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт ирүүлсэн байх бөгөөд Ц.Мөнхбатын ялтай байдал нь өршөөлд хамаарагдаж байгаа үндэслэлээр түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасан байна.

Мөн шүүгдэгч Ц.Мөнхбат нь гэм буруугийн асуудлаар маргаж байгаа тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсгийг хэрэглэж, хэрхэн ял оногдуулах талаар давж заалдах шатны шүүх урьдчилан шийдвэрлэх эрх байхгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Х.Ням-Эрдэнийн бичсэн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 26 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул Ц.Мөнхбатын “...дээрэмдэх санаа зорилго байгаагүй, бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтоогүй...” гэсэн гомдлыг хэлэлцээгүй болохыг дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын сарын 14-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Мөнхбатад  холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Ц.Мөнхбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохгүйг дурдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧИД                                           Б.ЗОРИГ

 

                                                                                                Н.БАТСАЙХАН