Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/01328

 

 “ВЭМА ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан  даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/03533 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1255 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч : “ВЭМА ББСБ” ХХК

Хариуцагч : С.Хүрэлбаатар,

Хариуцагч : Д.Уламсайхан,

Нэхэмжлэлийн шаардлага: 69.704.868  төгрөг гаргуулах тухай,

Хариуцагч нарын  гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд : Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Хонгорзул, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ВЭМА ББСБ” ХХК нь П.Хүрэлбаатар, Д.Уламсайхан нартай 2015.4.01-ний өдөр 2015/119 тоот зээлийн гэрээ байгуулж 70 сая  төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлүүлж, барьцаанд нь  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 4 дүгээр байрны 4а тоот орон сууцыг барьцаалсан. Барьцааны хөрөнгө нь Д.Уламсайханы өмчлөлийнх боловч тэд хамтран бизнес хийдэг гэж авсан. Тэдний бизнесийн үйл ажиллагаа нь хүндрэлтэй байгаа гэсэн тул боломж олгож, төлбөр төлөх  графикт өөрчлөлт оруулсан. 2015 оны 11 дүгээр сараас зээлийн ямар ч төлөлт хийгдээгүй бөгөөд 2016.02.02-ны өдөр зээлийн гэрээний хугацаа бүрэн дууссан. Зээлдэгч нар үндсэн зээлээс 13.779.933 төгрөг, хүү 1.490.5540 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 348.427 төгрөг нийт 29.033.900 төгрөг төлсөн. Иймд хариуцагч нараас  үндсэн зээл 56.220.067 төгрөг, хүү 11.647.560 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.837.241 төгрөг нийт 69.704.868 төгрөг нэхэмжилж байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ./хх 1, 26/

Хариуцагч П.Хүрэлбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулахдаа хариуцагч нарт илтэд хохиролтой байдлаар байгуулсан байна. Бизнест зориулж зээл авсан бөгөөд Д.Уламсайхан зээлээс нэг ч төгрөг аваагүй. Зээлийн гэрээ хууль бус учраас барьцаа хөрөнгийг авах үндэслэлгүй юм. 70.000.000 төгрөг зээлж, 29.339.000 төгрөг төлсөн байгаа. Уг мөнгийг хасаж 40.670.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөх саналтай байна гэжээ. /хх 34/

Хариуцагч Д.Уламсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: П.Хүрэлбаатартай хамтарч наймаа хийгээгүй, харин 2 вагон цай оруулж ирнэ гэж хүсэлт гаргасан учир  байраа барьцаанд тавьж өгсөн юм. Надад ашиг өгөөгүй, байр чөлөөлүүлэх хүсэлтээ банкинд удаа дараа хэлж байсан. Миний бие мөнгө аваагүй тул өөрийн байраа чөлөөлүүлж авах хүсэлтэй байна. Хүрэлбаатар өөрийн байраа худалдан борлуулж зээлийн төлбөрийг төлнө гэж хэлсэн гэжээ. /хх 22/

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 102/ШШ2016/03533 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-г баримтлан  П.Хүрэлбаатар, Д.Уламсайхан нараас 69.704.868 төгрөг гаргуулж ВЭМА банк бус санхүүгийн байгууллагад олгож, Иргэний хуулийн 175 дугаар 175.1-д зааснаар П.Хүрэлбаатар, Д.Уламсайхан нар нь шийдвэрийг сайн дураар биелүүлэгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс  хангуулахыг  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд  даалгажээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1255 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтын “..ВЭМА банк бус санхүүгийн байгууллага” гэснийг “ВЕМА ББСБ” ХХК гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч П.Хүрэлбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 65.228.750 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэмэгдүүлсэн хүү болох 4.400.000 төгрөгийг эс зөвшөөрч байна. Учир нь 4.400.000 төгрөг хүү, алданги, үндсэн зээл аль нь болох нь тодорхойгүй байгаа тул анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч хариуцагч нарын гомдолд  өгсөн хариу тайлбартаа: Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх зөв шийдвэр гаргасан. Мөн П.Хүрэлбаатар нар нь Дээд шүүхэд гомдол гаргасан боловч  2016.9.07-ны өдөр хариуцагч нар зээл,хүү,нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 69.704.868 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 570.660 төгрөг бүгд 70.275.528 төгрөгийг төлж барагдуулсан. Шүүхийн шийдвэр биелэгдсэн. Орон сууцыг нь барьцаанаас чөлөөлсөн гэжээ.

ХЯНАВАЛ :

“ВЭМА ББСБ” ХХК нь  П.Хүрэлбаатар, Д.Уламсайхан нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг  үндсэн зээл 56.220.067 төгрөг, хүү 11.647.560 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.837.241 төгрөг нийт 69.704.868 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасныг хариуцагч нар зөвшөөрөөгүй маргажээ. 

Хоёр шатны шүүх П.Хүрэлбаатар, Д.Уламсайхан нараас 69.704.868 төгрөгийг  улсын тэмдэгтийн хураамж 570.660 төгрөгийн хамт гаргуулж, “ВЭМА ББСБ” ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулах шийдвэр гаргажээ. Хариуцагч нар шийдвэр, магадлалыг зөвшөөрөхгүй хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байна. 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний үүргийн биелэлтийг зохигчдын хэн аль шаардах эрхтэй. П.Хүрэлбаатар, Д.Уламсайхан нар зээлж авсан 70.000.000 төгрөгийг хүүгийн хамт гэрээнд заасан хугацаанд  бүрэн төлөөгүй нь тогтоогдсон тул шүүх хариуцагч нараас нийт 69.704.868 төгрөг гаргуулж “ВЭМА ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна. 

Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу

үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул энэ тухай хариуцагчийн гомдол үндэслэлгүй юм.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргиййн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1255 дугаар магадлалыг хэвээр үлдээж, П.Хүрэлбаатар, Д.Уламсайхан нарын гомдлыг хангахгүй орхисугай.         

2. Хариуцагч нар хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 86.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.АМАРСАЙХАН

                                     ШҮҮГЧ                                                            Б.УНДРАХ