Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1255

 

 

 

 

 

 

 

 

 

 "ХХХХ” ХХК-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийнтанхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/03533 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХ, ХХХ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг 69 704 868 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг

 

Хариуцагч ХХХын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                        ХХХ

Хариуцагч ХХХын итгэмжлэгдсэн төлөөлөгч  ХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                           Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн төлөөлөгч ХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХХ” ХХК нь ХХХ, ХХХ нартай 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 2015119 тоот зээлийн гэрээ байгуулж 70 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр, ХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХ гудамж, ХХ дүгээр байрны ХХ тоот орон сууцыг барьцаалан зээлүүлсэн. Барьцааны хөрөнгө нь ХХХы өмчлөлийнх боловч тэд хамтран бизнес хийдэг гэж авсан. 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш тэдний бизнесийн үйл ажиллагаа нь хүндрэлтэй байгаа гэсэн тул боломж олгож, төлбөрийн графикт өөрчлөлт оруулсан. 2015 оны 11 дүгээр сараас ямар ч зээлийн төлөлт хийгээгүй юм. Гэрээний хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авсан боловч 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр зээлийн гэрээний хугацаа бүрэн дууссан. Зээлдэгч нар үндсэн зээлээс 13 779 933 төгрөг, зээлийн хүү 14 905 540 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 348 427 төгрөг нийт 29 033 900 төгрөг төлсөн. Иймд ХХХ, ХХХ нараас үндсэн зээл 56 220 067 төгрөг, хүү 11 647 560 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 837 241 төгрөг нийт 69 704 868 төгрөгийг нэхэмжилж байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулахдаа хариуцагч нарт илтэд хохиролтой байдлаар байгуулсан байна. ХХХ нь өөрийнхөө бизнест зарцуулахаар зээл авсан. Харин барьцаа хөрөнгө нь ХХХых бөгөөд тэд ярилцаж зээл авсан. Гэвч ХХХ нь авсан зээлээс нэг ч төгрөг аваагүй юм. Анхнаасаа бизнес хамтарч хийдэг байсан гэдгийг нотлохгүй байна. Зээлийн гэрээ хууль бус учраас барьцаа хөрөнгөөс авах үндэслэлгүй юм. ХХХ 70 000 000 төгрөг зээлж, 29 339 000 төгрөг төлсөн гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна. Үндсэн зээл 70 000 000 төгрөгөөс 29 339 000 төгрөгийг хасч, үлдэх 40 670 000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөх саналтай байна гэжээ.

 

Хариуцагч ХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ХХХтай хамтарч наймаа хийгээгүй, харин 2 вагон цай оруулж ирнэ гэсэн. Би ХХХын хүсэлтийн дагуу байраа барьцаанд тавьсан. Надад ашиг өгөөгүй, байр чөлөөлүүлэх хүсэлтээ банкинд удаа дараа хэлж байсан. Миний бие мөнгө аваагүй тул өөрийн байраа чөлөөлүүлж авах хүсэлтэй байна. Хүрэлбаатар өөрийн байраа худалдан борлуулж зээлийн төлбөрийг төлнө гэж хэлсэн гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХХ, ХХХ нараас 69 704 868 төгрөг гаргуулж ХХХХ олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар ХХХ, ХХХ нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн ХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн ХХХХ дүүргийн ХХ-р хороо, ХХХХХ байрны ХХ тоот орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хариуцуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 570 660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 570 660 төгрөг гаргуулж ХХХХХ-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч ХХХ Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие ХХХ нь: “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй надад холбогдох 2016 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн 03533 дугаар шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргалаа. Давж заалдах гомдлын гол үндэслэл нь анхнаасаа “ХХХХ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж зээл авахдаа ХХХ-ын үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж зээл авсан нь өөрт хохиролтой гэрээ хийсэн гэж үзэж байна. Нэхэмжилж байгаа нийт төгрөгийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлээс 4 400 000 төгрөгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргалаа. Шүүхэд өгсөний дараа гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хуулийн дагуу гардуулаагүй, ямар үндэслэлээр нэмэгдүүлснийг ойлгомжгүй. Хүү, алданги аль болох нь тодорхойгүй байгаа учир би хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхэд хэргийг буцааж дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

           

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин шүүх нэхэмжлэгч байгууллагын нэрийг улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бичигдсэн нэрээр шүүхийн шийдвэрт бичээгүй байгааг зөвтгөн өөрчилөх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ”ХХХХ” ХХК нь хариуцагч ХХХ, ХХХ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 69 704 868 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж,

хариуцагч ХХХ үндсэн зээлд 40 670 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх шаардлагыг эс зөвшөөрсөн,

хариуцагч ХХХ хариуцагч ХХХын хүсэлтийн дагуу байраа барьцаанд тавьсан, ашиг аваагүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 2015/119 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч ”ХХХХ” ХХК нь зээлдэгч ХХХд 70 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатайгаар зээлүүлж, гэрээнд заасан хугацаанд эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон байна. /хэргийн 6-7 дугаар тал/

 

Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцохоор Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүлийн 24.4 дэх хэсэгт заасан байх бөгөөд нэхэмжлэгч байгуулага нь 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр ХААН банкин дахь ХХХын харилцах дансанд 70 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хэргийн 4 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165, 451, 452 дугаар зүйлийн холбогдох заалтуудын шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

             

            Хариуцагч ХХХ нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 70 000 000 төгрөг, зээлийн 10 сарын хүүд 24 500 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс үндсэн зээлд 13 779 933 төгрөг, зээлийн хүүд 14 905 540 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 348 427 төгрөг нийт 29 033 900 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй байна.

 

            Анхан шатны шүүх хариуцагч үндсэн зээл, хүү төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч ”ХХХХ” ХХК нь хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүүг буцаан шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

            Гэрээний 2.7 дахь хэсэгт гэрээний үндсэн үүргийг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон байх тул анхан шатны шүүх үндсэн зээлд 56 220 067 төгрөг, 2015 оны 11 дүгээр сараас хойшхи шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны зээлийн хүүд 11 647 560 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 837 241 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

Хариуцагч ХХХ нь “…Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 4 400 000 төгрөгөөр нэмэгдүүлснийг гардуулаагүй хамтран хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьсан нь өөрт хохиролтой болсон…” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, нэхэмжлэлийн шаарлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй бөгөөд уг эрхийн дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүхээс буруутгах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч ”ХХХХ” ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хариуцагчид гардуулах, тайлбар гаргах боломжоор хангах үүднээс шүүх хуралдааныг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлуулж, нэмэгдүүлсэн шаардлагын нэг хувийг хариуцагчийн төлөөлөгчид гардуулан, тэднийг мэтгэлцэх эрхээр хангасан байгаа нь талуудын мэтгэлцэх эрхийг хангасан гэж үзнэ.

 

Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 162 дугаар зүйлийн 162.1.1-д заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд хариуцагчид дээрх гэрээ нь илт хохиролтой хийгдсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Харин анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэгч байгууллагын нэрийг Улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн “ХХХ” ХХК гэсэн нэрээр бичээгүй “ХХХХХ банк бус санхүүгийн байгууллага” гэж бичсэнийг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

  Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагын нэрийг зөвтгөн өөрчилж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/03533 дугаар шийдвэрийн

 

1, 3 дахь заалтын “…ХХХХ банк бус санхүүгийн байгууллага” гэснийг “"ХХХХ” ХХК гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч ХХХын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид ХХХаас төлсөн 86 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ

 

                  ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД

 

                                                                     Ц.ИЧИНХОРЛОО