Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 96

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн

Хяналт, шалгалтын тасгийн

Татварын улсын байцаагч

Ж.Э, Э.Э-О нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                          Г.Банзрагч

                                                       П.Соёл-Эрдэнэ

                                                       Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж

            Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.Э, Э.Э-О нарын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тогтоосон 250022758 тоот актын гянтболдод ногдох хэсгийг хүчингүй болгуулах”

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0639 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2019/0063 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагч Э.Э-О нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0639 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 18.1.13, 29 дүгээр зүйлийн 29.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.10-т заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн “...Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.Э, Э.Э-О нарын 2016 оны 06 сарын 28-ны өдөр тогтоосон 250022758 тоот актын гянтболдод холбогдох эхсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2019/0063 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0639 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Н-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “… хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн тухай, нэр бүхий татварын улсын байцаагчид “А” ХХК-ий 2011-2015 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 250022758 дугаар актаар 780,767,630.00 төгрөгийн зөрчилд 41,194,555.50 төгрөгийн нөхөн татвар, 12,358,366.60 төгрөгийн торгууль, 7,668,358.00 төгрөгийн алданги нийт 61,221,280.10 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

4. Уг актаар “А” ХХК-ийн 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 124.30 тонн хайлуур жоншны хүдэр, 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 21.00 тонн, мөн оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2.22 тонн нийт 23.22 тонн гянтболдын хүдэр баяжмал экспортолсоны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөөгүй хэмээн үзэж нөхөн татвар, торгууль, алданги тооцож тавьсан байдаг.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхээс татварын байцаагчдын актыг үндэслэлтэй гэж үзэхдээ зарим нэг зүйлийг нягтлан шалгаагүй, ерөнхийлөн дүгнэснээс алдаа гарсан байна.

6. “А” ХХК нь Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Цагаан овоо нэртэй газарт 26,79 гектар талбай бүхий М\/-18782 дугаартай жонш олборлох эрх бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд 43,123,480 төгрөгийн үнэлгээтэй, 124.3 тонн жонш олборлож экспортлосонд ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болох 2,156,174 төгрөгийн нөхөн татвар, түүнтэй холбоотой торгууль, алдангитай маргаагүй болно.

7. Харин “А” ХХК нь гянтболд олборлох, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, өөрийн эзэмшлийн газраас гянтболд олборлоогүй, ашиглаагүй зэрэг нөхцөл байдлыг шүүх анхаарсангүй. Нэгэнтээ “А” ХХК нь гянтболд опборлож, ашиглаагүй тул гянтболд олборлож ашигласны төлбөр төлөх төлбөр төлөгч биш юм. Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж заасан байна. Энэ хуулийн заалтыг нягтлан уншваас энэ зохицуулалт нь зөвхөн “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч” этгээдэд хамааралтай зохицуулалт юм. Түүнээс биш ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компаниас худалдан авч экспортлож байгаа худалдааны компанид хамаарал бүхий заалт биш юм.

8. Давж заалдах шатны шүүх ч бас 63 дугаартай магадлалдаа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг үндэслэл болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Давж заалдах шатны шүүх “Өөрөөр хэлбэл, тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашиглалтын талбай дахь ашигт малтмалын нөөц болон уг этгээдийн худалдан борлуулсан, экспортолсон ашигт малтмалын нэр, төрөл өөр байх нь татвар төлөхгүй байх үндэслэл биш юм” хэмээн тайлбарлажээ.

9. Бид анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэдэг заалтын “уурхайн эдэлбэрээс” гэсэн хэсэг нь тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн эдэлбэрийн тухай ойлголтыг агуулж байгаа болохоос хаа хамаагүй уурхайн тухай ойлголт биш юм. Тийм учраас гянтболдын уурхайн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх ёстой болохоос уг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс худалдан авалт хийж экспортлож байгаа аж ахуйн нэгж нөөц ашигласны төлбөрийг төлөх үүрэг хуулиар хүлээхгүй юм.

10. Хоёрдугаарт, шүүхийн “...тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашиглалтын талбай дахь ашигт малтмалын нөөц болон уг этгээдийн худалдан борлуулсан, экспортолсон ашигт малтмалын нэр, төрөл өөр байх нь татвар төлөхгүй байх үндэслэл биш юм” гэх дүгнэлтийг шууд “төлөхгүй байх үндэслэл мөн юм” гэж няцааж байна. Учир нь, жоншны уурхайд гянтболд байдаггүй юм.

11. Дашрамд дурдахад, танин мэдэхүйн зүйл бичихээс өөр аргагүй байдалд орж байна. Гянтболд буюу вольфрам нь Химийн элементийн Менделевийн үелэх системийн 74 дэх элемент. Химийн тэмдэг нь “W” юм. Гянтболд нь бүх металлаас хамгийн өндөр хайлах температуртай. Тухайлбал, 3.244+- 150 хэмд хайлдаг. Ийм өндөр хэмд зэс, төмөр зэрэг металлууд ууршиж алга болдог байна. Мөн 5.7000 хэмд буцалдаг аж. Өөрөөр хэлбэл нарны гадаргын дулаантай адил хэмд буцалдаг гэж болно. Тэгэхээр уг металл уян хатан, дулаан нэвтрүүлэхгүй байх чанартай юм. Гянтболдыг голдуу гүний уурхайгаас олборлодог бөгөөд Шеелит, Вольфрамит хэмээдэг. Уг металлын ил уурхай маш ховор. Уурхай нь харьцангуй жижиг байдаг бөгөөд өдөрт 2000 тонноос илүү олборлож чаддаггүй аж. Олон улсад борлуулж буй гянтболдын баяжмал нь 65-75 хувийн агуулгатай байгаа юм. Гянтболдыг цахилгаан хэрэгсэл, эрчим хүч, автомашин, нисэх онгоцны үйлдвэрлэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, өндөр хэмтэй дулаан бий болгоход өргөн ашиглаж байна. Өөрөөр хэлбэл гэр ахуйн хүрээнд гянтболдыг цахилгаан гэрлийн шил, эрчим хүч хэмнэгч төхөөрөмж хийхэд ашигладаг. Тиймээс “А” ХХК-ийн жоншны тусгай зөвшөөрөл бүхий уурхайгаас гянтболд олборлосон мэтээр ойлгож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гаргуулахаар акт тавьсан татварын улсын байцаагчид, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд үндэслэлгүй байна.

12. Түүнчлэн шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10-т “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүнд ногдох тухайн улирлын төлбөрийг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор төсөвт төлнө” гэснийг шийдвэрийнхээ үндэслэл болгожээ. Энэ хуулийн зохицуулалт мөн ялгаагүй ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд ашигт малтмал олборлож худалдсан, худалдахаар бусдад ачуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх тухай утга агуулгатай болохыг зориуд тэмдэглэж байна.

13. “А” ХХК нь экспортоор гаргасан 23.22 тонн гянтболдын хүдэр баяжмалыг олборлоогүй, харин бусдаас худалдаж авсан тухайгаа шүүхэд тайлбарласан боловч анхан болон давж заалдах шатны шүүхүүд “худалдахаар ачуулсан бүх төрлийн бүтээгдэхүүнд ногдох төлбөрийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийн хувиар төлөх үүрэгтэй байна” хэмээн муйхар байдлаар шийдвэрлэсэн байна.

14. Тухайн хуулийн зохицуулалтыг хэн хэрэгжүүлэх, ямар субъектэд хамааруулсан байгаа эсэхийг ухаж тайлж гэмээнэ хуулийг хэрэглэхгүй бол ингэж алдаа гарч байна.

15. Зарим нотолгооны тухай, нэхэмжлэгч “А” ХХК нь маргааны зүйл болж буй 23.22 тонн гянтболдыг өөрсдөө олборлоогүй, бусдаас худалдан авч экспортонд гаргасан тухай үйл баримтыг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар ил тодын тайландаа тусгаж тайлагнасан юм. Үүнтэй хариуцагчид маргадаггүй.

16. Харин 23.22 тонн гянтболдыг “А” ХХК нь хэнээс, хэрхэн, яаж худалдан авсан, ямар гэрээ, хэлцлээр авсан талаар нотлох баримтыг гаргах асуудал нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Энэ хуулийн 6.1-д заасан хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, тэдний мэдүүлсэн санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн шинээр гаргасан тайлан, нөхөн мэдүүлсэн гаалийн мэдүүлэгт тус тус тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ, өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно” гэж зохицуулагдсан тул шүүхэд гаргаж өгөх боломжгүй байгаа болно.

17. Гянтболд олборлож бусдад худалдсан этгээдийг олж илрүүлэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө төлөөгүй зайлсхийснийг нь тогтоох, нотлох, татвар ногдуулах үүрэг нь Татварын ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйлд зааснаар татварын байгууллага, татварын улсын байцаагчийн бүрэн эрхийн асуудал болохоос “А” компаний нотлох үүрэгтэй асуудал огт биш юм.

18. Иймд дээр дурдсан үндэслэлүүд болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэж заасныг баримтлан нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0639 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2019/0063 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, татварын улсын байцаагч Ж.Эрдэнэбулган, Э.Энх-Очир нарын 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 250022758 дугаар татварын байцаагчийн актын гянтболдод холбогдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тавьсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.      

ХЯНАВАЛ:

                 19. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

            20. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.Э, Э.Э-О нар “А” ХХК-ийн 2011-2015 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2016 оны 06 сарын 28-ны өдрийн татварын улсын байцаагчийн маргаан бүхий 250022758 дугаар актаар “... экспортолсон хайлуур жонш, гянтболдын хүдэр баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөөгүй” гэх зөрчил тогтоон, 41,194,555.5 төгрөгийн нөхөн татвар, 12,358,366.6 төгрөгийн торгууль, 7,668,358 төгрөгийн алданги нийт 61,221,280.1 төгрөгийн төлбөр ногдуулсан, “А” ХХК-иас актаар тогтоосон төлбөрийн “экспортолсон 124.3 тонн хайлуур жонш”-д холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, харин актаар тогтоосон төлбөрийн “... гянтболдод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... манай компани нь Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Цагаан овоо нэртэй газарт 26,79 гектар талбай бүхий М\/-18782 дугаартай жонш олборлох эрх бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг, ... гянтболд олборлох, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, өөрийн эзэмшлийн газраас гянтболд олборлоогүй, ашиглаагүй ..., гянтболд олборлож ашигласны төлбөр төлөх төлбөр төлөгч биш байхад бусдаас худалдан авч экспортод гаргасан гянтболдод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлүүлэхээр акт тавьсан нь ... хууль бус” гэж, хариуцагч нараас “... Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийг үндэслэн, олон улсын зах зээлийн үнийг жишиг болгож нэмэлт болон үндсэн хувиар тооцож акт ногдуулсан нь хууль зөрчөөгүй ...” гэж тус тус маргажээ.

            21. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” (уг заалтыг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан) гэж заасан байх тул тухайн тохиолдолд, маргаан бүхий актаар тогтоосон “экспортод гаргасан гянтболд”-ыг нэхэмжлэгч “А” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай, “уурхайн эдэлбэрээс олборлосон эсэх” маргаанд зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай, анхан шатны шүүх уг асуудлаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх”-ээр заасны дагуу нотлох баримт цуглуулж, дүгнэлт хийгээгүйгээс хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болжээ.

            22. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “А” ХХК-иас анхан шатны шүүхэд  “... М\/-18782 дугаартай жонш олборлох эрх бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг, ... гянтболд олборлох тусгай зөвшөөрөл байхгүй”, “экспортод гаргасан гянтболдыг бусдаас худалдан авсан, ... уурхайн эдэлбэрээс гянтболд олборлоогүй” гэх зэргээр маргасан байхад эдгээр үйл баримтуудын талаарх ямар нэг нотлох баримтыг шүүх цуглуулаагүй, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “...ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан...” гэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх хуулийн урьдчилсан нөхцлийг шүүх тайлбарлан хэрэглэлгүйгээр, анхан шатны шүүхээс “... ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь экспортод бүтээгдэхүүн гаргасан бол ... ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж төсөвт төлөх үүрэгтэй” гэж, давж заалдах шатны шүүхээс “... тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашиглалтын талбай дахь ашигт малтмалын нөөц болон уг этгээдийн худалдан борлуулсан, экспортолсон ашигт малтмалын нэр, төрөл өөр байх нь татвар төлөхгүй байх үндэслэл биш” гэх ойлгомжүй дүгнэлтүүд хийж, хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэнгүй.

            23. Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Нинжбатын “... анхан болон давж заалдах шатны шүүхээс татварын байцаагчдын актыг үндэслэлтэй гэж үзэхдээ зарим нэг зүйлийг нягтлан шалгаагүй, ерөнхийлөн дүгнэсэн”, “... хуулийн зохицуулалтыг хэн хэрэгжүүлэх, ямар субъектэд хамааруулсан байгаа эсэхийг ... /шүүх тайлбарлаагүй/” гэх гомдол үндэслэлтэй, харин анхан шатны шүүхээс нотлох баримт цуглуулж, дүгнэлт хийгээгүй асуудлаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул “нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах”-аар гаргасан гомдлын үндэслэлийг хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ.

            24. Эдгээр үндэслэлээр, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0639 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2019/0063 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                       Д.МӨНХТУЯА