Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 555

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Б” ХХК.

Хариуцагч: ХУД ЗД.

Нэхэмжлэлийн шаардлага: “ХУД ЗД-ын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/08 тоот захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, хариуцагч А.О нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: Энэ А/08 тоот захирамж нь ХУД ЗД-ын А/77 тоот захирамжийг үндэслэн гарсан бид 2019 оны 03 дугаар сарын 29-нд А/77 тоот захирамжийг хууль бусыг тогтоолгохоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад хэрэг үүссэн байна. Орон сууц гудамжны хорооны даргад зам хаах тээвэрлэлт зогсоож А/08 тоот захирамж гаргах эрх байхгүй Зам тээврийн хөгжлийн яамны эрх мэдлийн асуудлаар хорооны засаг дарга захирамж гаргасан нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний нэгж удирдлагын тухай хуулийн 18.1 заалтыг зөрчиж байна.

2017 онд ХУД ЗДА /80, А/243 тоот захирамж гаргаж тээвэрлэлтийг зогсоож хориглож байсныг бид Захиргааны хэргийн шүүхэд хандаж шүүхийн шийдвэр бидний нэхэмжлэлийг хангаж гарч байсан.

Энэ А/77 тоот захирамжаараа ТТАМТээвэрлэлтийг зогсоож хориглосон шийдвэр гаргасан. Энэ захирамж нь өмнөх А/80, А/243 тоот захирамжтай ижил утгатай юм. Энэ А/08 тоот захирамж нь А/77  тоот захирамжтай ижил утгатай Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.4-д заасан үр нөлөөтэй байх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, эрх мэдлээ хэтрүүлэн дураараа аашилсан, хүний эрх, эрх чөлөөнд үндэслэлгүйгээр халдсан хууль зөрчиж гаргасан хууль бус захиргааны акт юм. Хүнд даацын автомашин гэсэн тодорхойлолт заалт аль ч хуулинд байхгүй М№-4589-2011 авто тээврийн хэрэгслийн стандартыг мөрдөж байгаа. ХУД ЗД-ад зам хааж тээвэрлэлт зогсоож, зам дээр гэр барьж хорооны иргэдийг хорооны цагдааг харуул хамгаалалтанд томилох эрх байхгүй. ХУД ЗД-ын итгэмжлэгдсэн төпөөлөгч Ишдупам гэдэг хүн энэ үйл ажиллагааг удирдаж байна. Манай компанийн тээвэрлэлтийг хийлгэхгүй зам хааж байна.

Элс хайрга барилгын буталсан чулуу ачсан машиныг ямар нэгэн зөрчилгүй байхад журамлаж /түр саатуулах/ хашаанд хийх эрх байхгүй. Энэ үйл ажиллагаа нь ЗТХС-н 2018 оны 8-р сарын 6-ны өдрийн 161 тоот тушаалаар батлагдсан “Авто зам замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журам”-аар зохицуулагдах ёстой.

Энэ журмын 1,4-т Гамшиг аюулт үзэгдэл, ослоос бусад тохиолдолд орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг хаах чиглэл өөрчлөх, даац хязгаарлах шийдвэрийг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тухайн аймаг Нийслэлийн засаг дарга гаргана гэж заажээ. Хэрвээ ийм шийдвэр гарвал энэ журмын 1.7, 2.2-т зааснаар түр зам гаргаж явуулахыг зам хариуцагч байгууллагад даалгасан байна. Мөн зам дээр хад чулуу унах, зам эвдрэх тохиолдолд замыг түр хааж, түр зам гарган явуулахаар заасан байна.

Бид хар тамхины ургамал тариалаад түүнийгээ тээвэрлэж байгаа гэмт хэрэгтэн юм уу. Монгол Улсын Иргэний хуульд зааснаар, Иргэн, аж ахуйн Нэгж байгууллага хуулиар хориглоогүй бүх бизнесийг хийх эрхтэй.

Энэ хууль бус шийдвэр зам хааснаас болж манай компани орлогогүй болж санхүү эдийн засгийн хувьд хохирч татвар нийгмийн даатгалаа төлж чадахгүй өрөнд орж, бидний амь зуулга, иргэн аж ахуйн нэгжийн эрхэнд шаардлагатайгаас илүү хэмжээгээр цагдаа, төрийн хүчээр халдаж бидний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. 2017 онд Захиргааны хэргийн шүүхээр хууль бус байсан болохыг тогтоолгосон захирамжаа он сар өдрийг өөрчлөн дахиж гаргаж байна.

“Б” ХХК борлуулалтаа хийж чадахгүй, элс хайрга тээвэрлэн хүргэж өгөх гэрээтэй барилгын “*******”, “Т*******, Ш*******, З*******, бетон зуурмагийн ЖНПЭ компанид элс хайрга барилгын чулуу нийлүүлэх гэрээгээ биелүүлж чадахгүй, манай компанийн 40% эзэмшигч Ж.Бгийн нэр дээр байдаг ачааны авто машинуудаар тээвэрлэлт хийж чадахгүй хохирч байна. Хувьдаа ачааны машинтай ХУД-ийн 13-р хорооны иргэн Н.Рэ*******тай /НМ*******/ элс хайрга барилгын чулуу тээвэрлэж УБ хот, Сонсголонд буулгах гэрээ хийсэн боловч, машин болон жолооч Рэ******* өөрөө ямар ч зөрчил гаргаагүй байхад 8 удаа торгуулж, удаа дараа машины гэрчилгээ жолоочийн үнэмлэхээ хураалгасан.

Жолооч З.Б*******, Б.У*******, Д.Х******* нартай элс хайрга УБ хот руу тээвэрлэн хүргэх гэрээтэй боловч явж чадахгүй байна. Иймэрхуү маягаар ганц манайх биш олон компани , хувиараа тээвэр хийдэг хүмүүсийн хөдөлмөрлөх, амьдрах хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж амь зуулгагүй болж байна.

А/08 тоот захирамжийг далимдуулж нутгийн иргэд архи ууж агсам тавьж, бидний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож: машин техникийн цонхыг хагалж зам дээр төмрөөр хийсэн од гурван тийш харсан үзүүртэй төмөр цацаж дугуй хагалж хохироож байна.

Үнээний фермийн сүү ачсан машинуудыг цагдаагийн хүчээр явуулахгүй хаалт хийвэл дампуурна биз дээ. Тэрэнтэй ижил байна. Авто замын тухай хуулийн 29.1-д Иргэн хуулийн этгээд, эдгээрийн харьяалал өмчийн хэлбэр үл харгалзан авто зам замын байгууламжийг зориулалтын дагуу ашиглах эрхтэй гэж заасан байна.

Бид зам ашигласны төлбөр автомашины татвар хураамжаа Нийслэлийн авто замын санд олон жил төлж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д Иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар сөрөг нөлөөлөл бүхий захирамж гаргасан тул хууль зөрчсөн захиргааны акт юм.

Иймд ХУД ЗД-ын 2019.03.12-ны өдрийн А/08 тоот захирамжийг үйлчлэх хугацаа 2019 оны 5 сарын 1-нд дуусгавар болсон ч үйлчлэх хугацаандаа ТТАМалтмал олборлох, тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаа 2 сар зогсож бизнесийн үйл ажиллагааг алдагдалд оруулсан тул Иргэний шүүхээр гэм хор учирснаа нэхэмжлэх учир Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хууль бус байсан болохыг тогтоож зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “ ХУД ЗД-ын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/08 тоот захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Энэ А/08 тоот захирамж нь ХУД ЗД-ын А/77 тоот захирамжийг үндэслэн гарсан. Бид 2019.03.29-нд А/77 тоот захирамжийг хууль бусыг тогтоолгохоор Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад хэрэг үүссэн байна. Орон сууц гудамжны хорооны даргад зам хаах тээвэрлэлт зогсоож А/08 тоот захирамж гаргах эрх байхгүй. Дүүргийн Засаг даргыг эрх хэмжээнээс хэтэрсэн асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэж байна. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний нэгж удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ гэж заасан. Гэвч тус заалтыг зөрчиж байна. 2017 онд ХУД ЗДА/80, А/243 тоот захирамж гаргаж тээвэрлэлтийг зогсоож хориглож байсныг бид Захиргааны хэргийн шүүхэд хандаж шүүхийн шийдвэр бидний нэхэмжлэлийг хангаж гарч байсан.

А/11 тоот захирамжаараа тээвэрлэлтийг зогсоож хориглосон шийдвэр гаргасан. Энэ захирамж нь өмнөх А/80, А/243 тоот захирамжтай ижил утгатай юм. А/08 тоот захирамж нь А/77 тоот захирамжтай ижил утгатай Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх мөн 4.2.4-д заасан үр нөлөөтэй байх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, эрх мэдлээ хэтрүүлэн дураараа аашилсан, хүний эрх, эрх чөлөөнд үндэслэлгүйгээр халдсан хууль зөрчиж гаргасан хууль бус захиргааны акт юм. Хүнд даацын автомашин гэсэн тодорхойлолт заалт аль ч хуулинд байхгүй MNS-4589-2011 авто тээврийн хэрэгслийн стандартыг мөрдөж байгаа. ХУД ЗД-ад зам хааж тээвэрлэлт зогсоож, зам дээр гэр барьж хорооны иргэдийг хорооны цагдааг харуул хамгаалалтанд томилох эрх байхгүй. ХУД ЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Ишдулам гэдэг хун тус үйл ажиллагааг удирдаж манай компанийн тээвэрлэлтийг хийлгэхгүй зам хааж байна.

Элс хайрга барилгын буталсан чулуу ачсан машиныг ямар нэгэн зөрчилгүй байхад журамлаж /түр саатуулах/ хашаанд хийх эрх байхгүй. Журмын 1.4-т Гамшиг аюулт үзэгдэл, ослоос бусад тохиолдолд орон нутгийн чанартай авто зам. замын байгууламжийг хаах чиглэл өөрчлөх, даац хязгаарлах шийдвэрийг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тухайн аймаг Нийслэлийн засаг дарга гаргана гэж заасан. Хэрвээ ийм шийдвэр гарвал энэ журмын 1.7, 2.2-т зааснаар түр зам гаргаж явуулахыг зам хариуцагч байгууллагад даалгасан байна. Мөн зам дээр хад чулуу унах, зам эвдрэх тохиолдолд замыг түр хааж, түр зам гарган явуулахаар заасан байна. Бид хар тамхины ургамал тариалаад түүнийгээ тээвэрлэж байгаа гэмт хэрэгтэн юм уу. Монгол Улсын Иргэний хуульд зааснаар, Иргэн, аж ахуйн нэгж байгууллага хуулиар хориглоогүй бүх бизнесийг хийх эрхтэй. Энэ хууль бус шийдвэр зам хааснаас болж манай компани орлогогүй болж санхүү эдийн засгийн хувьд хохирч татвар нийгмийн даатгалаа төлж чадахгүй өрөнд орж, бидний амь зуулга иргэн аж ахуйн нэгжийн эрхэнд шаардлагатайгаас илүү хэмжээгээр цагдаа, төрийн хүчээр халдаж бидний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

“Б” ХХК борлуулалтаа хийж чадахгүй, элс хайрга тээвэрлэн хүргэж өгөх гэрээтэй барилгын “*******”, “Т*******”, “Ш*******”, “З*******”, бетон зуурмагийн компанид элс хайрга барилгын чулуу нийлүүлэх гэрээгээ биелүүлж чадахгүй, манай компанийн 40% эзэмшигч Ж.Бгийн нэр дээр байдаг ачааны авто машинуудаар тээвэрлэлт хийж чадахгүй хохирч байна. Хувьдаа ачааны машинтай Хан-Уул дүүргийн 13-р хорооны иргэн Н.Рэ*******тай /НМ*******/ элс хайрга барилгын чулуу тээвэрлэж Улаанбаатар хот, Сонсголонд буулгах гэрээ хийсэн боловч, машин болон жолооч Н.Рэ******* өөрөө ямар ч зөрчил гаргаагүй байхад 8 удаа торгуулж, удаа дараа машины гэрчилгээ жолоочийн үнэмлэхээ хураалгасан.

Жолооч З.Б*******, Б.У*******, Д.Х******* нартай элс хайрга Улаанбаатар хот руу тээвэрлэн хүргэх гэрээтэй боловч явж чадахгүй байна. Иймэрхүү маягаар ганц манайх биш олон компани хувиараа тээвэр хийдэг хүмүүсийн хөдөлмөрлөх, амьдрах хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж амь зуулгагүй болж байна. А/08 тоот захирамжийг далимдуулж нутгийн иргэд архи ууж агсам тавьж, бидний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож машин техникийн цонхыг хагалж зам дээр төмрөөр хийсэн од гурван тийш харсан үзүүртэй төмөр цацаж дугуй хагалж хохироож байна. Үнээний фермийн сүү ачсан машинуудыг цагдаагийн хүчээр явуулахгүй хаалт хийвэл дампуурна биз дээ. Тэрэнтэй ижил байна. Авто замын тухай хуулийн 29.1-д Иргэн хуулийн этгээд, эдгээрийн харьяалал өмчийн хэлбэр үл харгалзан авто зам замын байгууламжийг зориулалтын дагуу ашиглах эрхтэй гэж заасан байна. Бид зам ашигласны төлбөр автомашины татвар хураамжаа Нийслэлийн авто замын санд олон жил төлж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д Иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар сөрөг нөлөөлөл бүхий захирамж гаргасан тул хууль зөрчсөн захиргааны акт юм. Мөн Авто тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д авто замын байгууллагаас авто зам, гүүрийг тээврийн хэрэгсэл зорчиход саадгүй байлгахыг шаардах, авто зам, гүүрийн ашиглалтын нөхцөл хангаагүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр гэж заасан.

Иймд ХУД ЗД-ын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/08 тоот захирамжийг үйлчлэх хугацаа 2019 оны 5 дугаар сарын 1-нд дуусгавар болсон ч үйлчлэх хугацаандаа ашигт малтмал олборлох, тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаа 2 сар зогсож бизнесийн үйл ажиллагааг алдагдалд оруулсан тул Иргэний шүүхээр гэм хор учирснаа нэхэмжлэх учир хууль бус байсан болохыг тогтоож зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “Тус хорооны Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/08 дугаар захирамжийг “Хууль бус байсан болохыг” тогтоолгохоор гэсэн утгатай нэхэмжлэлийг “Б” ХХК гаргасны дагуу хорооны ажлын албанаас тайлбар хүргүүлж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлд баг, хорооны Засаг даргын бүрэн эрхийг хуульчилсан байдаг. Уг хуулийн 28.1.1,-д “Тер, засгийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын болон дээд шатны Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах- гэсэн заалтын дагуу ХУД ЗД-ын 2019 оны А/77 дугаар “ Түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаанд хяналт хийх ажлын хэсэг байгуулах, тээвэрлэлтийг түр хугацаагаар хориглох, хяналт шалгалт явуулах тухай “ захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хорооны Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулан ажилласан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

ХУД ЗД-ын захирамжаар манай хорооны нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй , нөөц ашиглаж байгаа , иргэн , аж ахуйн нэгж, байгууллагуудын хүнд даацын автомашиныг 2019 оны 03 дугаар сарын 11- ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд авто болон шороон замаар тээвэрлэлт хийхийг хориглосон.

Уг заалтын хэрэгжилтийг хангах Ажлын хэсэг байгуулж ажилласан нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан үйл ажиллагаа юм.

Хорооны Засаг даргын захирамжид дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу хүнд даацын тээврийн хэрэгслийг авто болон шороон замаар явуулахгуй байхаар заасан бөгөөд уг захирамжид хүнд даацын автомашин гэсэн үг огт ороогүй болно.

Сүүлийн жилүүдэд хорооны нутаг дэвсгэрт хайрга олборлодог аж ахуйн нэгжүүдийн тээвэрлэлтийн дуу чимээ тоосжилтийн нөлөөгөөр иргэдийн эрүүл мэнд хохирч, аюулгүй тайван амьдрах эрх нь зөрчигдөж байгаа талаар иргэд хорооны ажлын алба болон дүүрэг, Нийслэл, Улсын Их Хурал, Засгийн газарт гомдлоо хүргүүлсээр ирсэн. Эрх ашгаа хамгаалах үүднээс Төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байгаа болно. Эрх нь зөрчигдсөн иргэд болон Төрийн бус байгууллагаас дүүргийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэн ажилласан болно.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Баг, хорооны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана ”-гэсэн заалтын дагуу захирамж гаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Дүүрэг, хорооны Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулан ажилласан боловч хайрга, дайрга олборлогч аж ахуйн нэгжүүдийн тээвэрлэлтийг зогсоож чадаагүй, хяналтын цэгээс бусад газруудаар шинээр зам гарган, малын бэлчээр, хэсгүүдийн гудамжаар тээвэрлэлт хийж зам эвдлэн маш их хохирол учруулсан болно.

Нэхэмжлэл гаргасан “Б “ ХХК нь тус хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд бид Төв аймгийн нутаг дэвсгэрээрээ чөлөөтэй явах нөхцөлийг хангаж өгсөн болно” гэжээ.

Хариуцагч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  “Манайд зам хаасан зүйл байхгүй. Тухайн үед гэсэлтийн үе байсан учраас Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжуудыг үндэслэж захирамжаа гаргасан. Тус захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажилласан болохоос биш ямар нэгэн байдлаар замын цагдаагийн ажил хийгээгүй. 13 дугаар хороонд зам тавигдаад 4 жилийн хугацаа өнгөрч байна. Одоогийн байдлаар нилээн хэсэгт эвдрэл үүссэн мөн эмийн ургамал ургахгүй, тоосжилт хуурайшил болоод малын бэлчээргүй болж ундны ус ширгэсэн зэрэг олон асуудал байгаа. Энэ бүхнээс үүдээд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудыг хэрэгжүүлж Засаг даргын захирамжийн хүрээнд ажилладаг. Монгол Улсын хууль дүрмийг зөрчсөн гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгч компанийн хувьд манай нутаг дэвсгэрт харьяалалгүй Төв аймгийн Алтанбулаг суманд харьяалалтай. Зам дээр явах зөвшөөрлийг аваагүй. Зам хаасан үйлдэл байхгүй. Бид хяналтаар ажиллаж улмаар нэг машины явуулаад нөгөө машиныг нь зогсоосон зүйл байхгүй. Бидэнд машин зогсоож замын цагдаагийн ажлыг хийх эрх байхгүй. Миний хувьд эрх гэхээс илүү үүргээ хэрэгжүүлж ажилласан. Зам тавихад маш их зардал гарсан. Тус зам нь маш олон хүмүүсийн ажил амьдралын залгаа юм. Тухайн зам байхгүй болох юм бол эдгээр хүмүүс буцааж тавих асуудал байхгүй. Иргэдийн хүсэлт гэдэг маш аймшигтай зүйл байдаг. Жолооч иргэдийн хооронд маш их зөрчил гарч машины цонх хагалж байсан удаа байдаг. Туул тосгон бол өөрсдөө дэд бүтцийг бие дааж хийдэг. Зөвхөн хогийг улсаас авдаг. Төрийн байгууллага болон 1200-аад айл өрхүүд бүгд ус авдаг. Гүний худгийн хувьд 4 цаг ажиллаад талдаа ч орж чадахгүй байна. Өмөн нь 2 цаг ажиллаад дүүрдэг байсан. Эхний хэсэг дандаа шавхаатай ус гардаг. Усны түвшин маш багасаж байна. Голын дэргэд олборлож байгаа хайрга дайргын хувьд барилгын стандарт хангахгүй тухай  баримтуудыг төрийн байгууллага болон төрийн бус байгууллага Улсын их хурлын гишүүд хүртэл бидэнд үзүүлж байсан. Хууль дүрмийг бүгд дагаж мөрдөх ёстой. Бие биенийхээ ажлыг үгүйсгэж болохгүй байх. Малын бэлчээр хүмүүсийн амьдарч байгаа газрыг үгүйсгэж болохгүй. Газрын хувьд маш их шороотой улаанаар эргэсэн байдалтай байдаг. Өөрийн эрх ашиг гэхээс илүү хариуцаж байгаа ажилдаа хууль дүрмийн дагуу ажиллах хэрэгтэй юм. Маш олон хүний эрх ашиг болоод ан амьтны амьдрах нөхцөл хөндөгдөж байгаа гэдгийг анхаарч үзнэ үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Ж.Б ХУД ЗД-ын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/08 тоот захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр хорооны Засаг дарга хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын тээвэрлэлт хийж байгаа тээврийн хэрэгслийг зогсоох захирамж гаргасан нь хууль бус байсан гэж, харин хариуцагч Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Баг, хорооны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль, тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” гэсэн заалтын дагуу А/08 дугаар захирамжийг гаргасан нь хууль зөрчөөгүй гэж тус тус маргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Б” ХХК  Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг “Бөхөгийн хөндий-1” нэртэй талбайд ашигт малтмал ашиглах 9464А тусгай зөвшөөрөл эзэмшиж, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг компаниудтай түгээмэл тархацтай ашигт малтмал нийлүүлэх гэрээ байгуулан тээвэрлэлт хийдэг байна.

Хариуцагч ХУД ЗД 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр А/08 дугаар захирамж гаргаж түгээмэл тархацтай ашигт малтмал тээвэрлэн хорооны нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа хүнд даацын тээврийн хэрэгслийг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд авто болон шороон замаар тээвэрлэлт хийхийг хориглосон шийдвэр гаргасан нь хууль бус байсан гэж дүгнэв.

Учир нь хариуцагч 13 дугаар хорооны Засаг дарга маргаан бүхий А/08 дугаар захирамжийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Баг, хорооны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль, тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” гэсэн заалтыг болон Дүүргийн Засаг даргын 2019 оны А/77 дугаар захирамжийг тус тус үндэслэсэн нь холбогдох хууль журмын зохицуулалтуудтай нийцээгүй байна.

Хариуцагч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хорооны Засаг даргын захирамж гаргах эрх хэмжээний заалтыг үндэслэн маргаан бүхий шийдвэрийг гаргасан байх боловч хариуцагчийн энэхүү эрх хэмжээ тухайн харилцааг зохицуулсан бусад хууль тогтоомжид заасан хэмжээ хязгаар, зохицуулалтын дотор хуульд нийцсэн үүрэг чиглэл өгөх байдлаар хэрэгжих учиртай.

Авто замын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Авто зам, замын байгууламж болон авто тээврийн хөдөлгөөнд аюул учирч болох нөхцөл байдал үүссэн, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон, авто замд засвар хийх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд авто замыг түр хааж болно.”, Автотээврийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Гамшиг, аюулт үзэгдэл болон аюул тохиолдсон нөхцөлд тээвэрлэлтийн ажлыг түр хугацаагаар зогсоох буюу хязгаарлах шийдвэрийг дараахь эрх бүхий албан тушаалтан гаргаж нийтэд мэдээлнэ.”, 14.1.2-т “орон нутгийн тээвэрлэлтийн чиглэлд нийслэл, тухайн аймаг, сумын Засаг дарга”, 14.2-т “Хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр тээвэрлэлтийн ажлыг зогсоох, хязгаарлах, автотээврийн хэрэгслийг саатуулахыг хориглоно.” гэж, Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 161 дүгээр тушаалаар батлагдсан “Авто зам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журам”-ын 1.4 дэх хэсэгт зааснаар “авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах шийдвэрийг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга гаргах”-аар тус тус зохицуулжээ.

Хууль, журмын дээрх зохицуулалтаас үзвэл авто замыг түр хаах тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн Засаг дарга, харин тээвэрлэлтийг түр хугацаагаар зогсоох, хязгаарлах шийдвэрийг нийслэл болон аймаг, сумын Засаг дарга гаргах эрх хэмжээтэй байх тул хариуцагч 13 дугаар хорооны Засаг даргын А/08 дугаар захирамжийн 2 дахь заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;” байхад гаргасан захиргааны илт хууль бус шийдвэр гэж үзэхээр байна.

Гэвч нэхэмжлэгч хорооны Засаг даргын А/08 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага гаргаагүй хэдий ч захиргааны акт хууль бус байх нэг үндэслэл нь захиргааны акт илт хууль бус болох нь тогтоогдож байх нөхцөл бөгөөд нэхэмжлэлийн “хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагатай маргаан бүхий актын үйлчлэх хугацаа дуусгавар болсон, түүнчлэн уг захирамжийн 2 дахь заалтаар авто болон шороон замаар явах автомашины хөдөлгөөнийг хязгаарласан, тээвэрлэлт хийхийг хориглосон байгаа нь нэхэмжлэгчид Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “иргэн, хуулийн этгээд нь тэдгээрийн харьяалал, өмчийн хэлбэр үл харгалзан авто зам, замын байгууламжийг зориулалтын дагуу ашиглах эрхтэй.”, Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Тээвэрлэгч нь дараахь эрх эдэлнэ:”, 10.1.1-д “автозамын байгууллагаас автозам, гүүрийг тээврийн хэрэгсэл зорчиход саадгүй байлгахыг шаардах,....” эрхийг тус тус хязгаарласан нь нэхэмжлэгч компанийн эрхийг зөрчсөн гэж дүгнэхээр байна. 

Хариуцагч ХУД ЗДас тус хорооны нутаг дэвсгэрээр дайран өнгөрч тээвэр хийж байгаа хүнд даацын овор ихтэй тээврийн хэрэгслийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа нь шөнийн цагаар суурьшлын бүсээр явж тоос шороо ихээр босгож,  иргэдийн амар тайван байдлыг алдагдуулж, эрүүл мэндэд хохирол учруулж байгаагаас хорооны иргэдээс гомдол их гардаг талаар тайлбарлаж байгаа боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйн дээр иргэдийн өргөдөл, гомдол, үүссэн нөхцөл байдал нь хариуцагч захиргааны байгууллага хуулиар олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргах, хүн, хуулийн этгээдийн эрхэд хуулиар зөвшөөрөгдөөгүй хязгаарлалт тогтоох үндэслэл болохгүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хангаж ХУД ЗД-ын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/08 тоот захирамж хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.12-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Автозамын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Авто тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2, 14.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж ХУД ЗД-ын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/08 тоот захирамж хууль бус байсан болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХУД ЗДас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.НАСАНДЭЛГЭР