Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 9

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Билгүүн,

улсын яллагч: Р.Батнасан,

шүүгдэгч: М.Д /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Мягмарын Дт холбогдох эрүүгийн 1709018660350 дугаартай хэргийг 2017 оны 12 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын  25-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1957 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураг, хөдөлмөрийн багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 4, хүү, бэр, ачийн  хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дар-Эхийн 7-1337 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Улаанбаатар хотын шүүхийн 1976 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 69 дугаарай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 168б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1978 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1243 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ХМ57092515 регистерийн дугаартай, Тарган овогт Мягмарын Д.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч М.Д нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 17-421 тоотод хардалтын улмаас иргэн Ш.Саранхүүгийн нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний дээд доод зовхи, гадна булан хамар, эрүүний зүүн буланд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэм буруу дээрээ маргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Ш.Саранхүүгийн мэдүүлэг /хх-ийн 9-12/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13477 дугаартай дүгнэлт /хх-ийн 16/, М.Дийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/, М.Дийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 24-67/  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Д нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 17-421 тоотод эр, эмийн хардалтийн улмаас Ш.Саранхүүг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Ш.Саранхүүгийн /хх-ийн 9-10/: “… 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 9-161 тоот гэртээ байж байтал манай 10 жилийн найз М.Д дуудаад “манайд хүрээд ир” гэхээр нь явж очсон. М.Д архи уучихсан нилээн согтуу байсан. ... М.Д “чи хэнтэй явалдаад байгаа юм бэ, энэ хавьд байдаг хүмүүс чамайг тэгж хэлж байна” гэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлсэн. Намайг цохихоор нь гараад явчихсан. ... Намайг гараа атгаж байгаад 2 удаа нүүрэн тус газар цохисон…” гэх мэдүүлгээр,

 

М.Дийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 23/: “… Би 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 17-421 тоотод байрлах өөрийн хүүхэд Д.Төгсжаргалын гэрийг харж байхдаа ганцаараа архи ууж, арван жилийн ангийнхаа хүүхэд болох Ш.Саранхүүг 20 цагийн орчим дуудаж, хүрээд ирэхээр нь тал шил архи хувааж уусан. ...би согтчихоод Ш.Саранхүүг хардаад нүүр рүү нь 2 удаа гараараа цохисон чинь Ш.Саранхүү гараад явчихсан...” гэх мэдүүлгээр,

 

М.Дийн буруутай үйлдлийн улмаас Ш.Саранхүүгийн биед “…баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, гадна булан, хамар, эрүүний зүүн буланд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13477 тоот дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг зодсоныг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

М.Дийн “…хүнтэй явалдлаа…” хэмээн хохирогчийг буруутган зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч М.Дийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.      

 

Хохирогч Ш.Саранхүү “… гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.            

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх М.Дийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Тарган овогт Мягмарын Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ