Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 493

 

 

 

 

 

 

 

 

 

П.Намжилдоржид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ж.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

         

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Батаа, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 116 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Ж.Энх-Амгалангийн бичсэн 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлээр П.Намжилдоржид холбогдох эрүүгийн 201726010609 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Бадарч овгийн Пүрэвийн Намжилдорж, 1983 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуучлалын мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 10 дугаар гудамжны 29 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ПЮ83103118/,

 

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ П.Намжилдорж нь 2017 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 10 дугаар гудамжны 29 тоотод байрлах хашаанд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, шалтгаангүйгээр алхыг зэвсгийн чанадтай хэрэглэж, хохирогч Б.Лхагваминжийг цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: П.Намжилдоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.3 хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Намжилдоржид холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Үүнд:

1. Яллагдагчаар татах тогтоол болох яллах дүгнэлтийг зөвтгөх,

П.Намжилдоржид “... 2017 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 10 дугаар гудамжны 29 тоотод байрлах хашааны гадна талд иргэн Б.Лхагваминжийг “хононо гэсэн яасан бэ” гэх үл ялих зүйлээр шалтаглан, илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин алхыг зэвсгийн чанартайгаар ашиглан Б.Лхагваминжийн биед тархи доргилт, баруун дээд 3 дугаар шүдний хугарал, 4 дүгээр шүдний сулрал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан танхайрсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгон байцаажээ. /хх 34-35/,

- Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт хэргийн товч утгыг “П.Намжилдорж нь 2017 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шижлих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 10 дугаар гудамжны 29 тоотод байрлах хашаанд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, шалтгаангүйгээр алхыг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогч Б.Лхагваминжийг цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан” гэж, /хх 66/,

- Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж зэвсэг хэрэглэн танхайрсан” гэж, /хх 67/,

Дээрх эрх зүйн актуудаас үзвэл, тухайн үйл баримтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний догшин авирлаж гэх шинж байгаа эсэх, байгаа гэж үзэж буй тохиолдолд хэрхсэн нь тодорхойгүй орхигдсон, мөн тухайн хэрэг нь танхайн сэдэлтийн хэд, хэдэн хэлбэрээр үйлдэгдсэн мэтээр бичсэн нь ойлгомжгүй байх тул шүүх үүнийг таамаглалд үндэслэж, зөвтгөн шийдвэрлэх боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Намжилдоржид холбогдох 2017 2601 0609 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцаасан байна.

 

Прокурор Ж.Энх-Амгалан эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Яллах дүгнэлт, яллагдагчаар татах тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэн үзэх үндэслэл болох “зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж” үйлдсэнийг бичсэн байхад шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэн үзэх үндэслэл болох “догшин авирлаж” гэх шинжийг бичүүлэхийг шаардаж байгаа нь ойлгомжгүй ба үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг нь багтаж байгаа бөгөөд хүндрүүлж буй гол шинж болох “зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан” үндэслэлийг яллах дүгнэлт, яллагдагчаар татах тогтоолын аль алинд нь дурдсан.

Мөрдөн байцаагч яллагдагч П.Намжилдоржийг “хононо гэсэн яасан бэ” гэх үл ялих зүйлээр шалтаглан, илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, алхыг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан гэж үзэж яллагдагчаар татсан боловч прокурор хэргийг хянах явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч Б.Лхагваминж, гэрч Г.Өлзийхутаг, М.Дуламсүрэн нарын мэдүүлэгт үндэслэж П.Намжилдорж нь хэрэг гарах цаг хугацаанд “тодорхой шалтгаангүйгээр зэвсэг хэрэглэн танхайрсан” болох нь нотлогдсон гэж өөрийн дотоод итгэлд үндэслэж хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан яллах дүгнэлт үйлдсэн.

Учир нь мөрдөн байцаагч яллагдагч П.Намжилдоржийг яллагдагчаар татаж ял сонсгохдоо Б.Лхагваминжийг “хононо гэсэн яасан бэ” гэх үл ялих зүйлээр шалтаглан, илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, алхыг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан гэсэн дүгнэлт хийсэн боловч хэргийн үйл баримтаас харахад энэ асуудал гэр дотор яригдсан ба П.Намжилдорж нь хохирогч Б.Лхагваминжийг гадагш гараад автомашин дотор орж суусан хойно нь жолоочийн суудалд суусан байсан. Г.Өлзийхутагтай ярилцаж дуусаад автомашины хойд хаалга онгойлгож гэнэт хохирогчийг алхаар цохиж зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан үйл баримтыг мөрдөн байцаалтын шатанд тогтоосон байна. Иймд прокурор гэмт хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулах шаардлага байхгүй тул энэ байдлыг яллах дүгнэлтэд дурдаж зөвтгөсөн ба шүүх хэлэлцүүлгийн шатанд ч шүүгдэгч түүний өмгөөлөгч энэ талаар маргаагүй болно.

Анхан шатны шүүхээс П.Намжилдоржид холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой байхад үндэслэлгүй дүгнэлт хийж мөрдөн байцаалтад буцааж байгаа нь хууль бус байх тул шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэг заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч П.Намжилдоржийг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, шалтаг шалтгаангүйгээр алхыг зэвсгийн чанартай хэрэглэж, хохирогч Б.Лхагваминжийг цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан байна.

 

Иймд хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор талуудын хүсэлтийг үндэслэн шаардлагатай нотлох баримтуудыг шинжлэн судлаж шүүх хуралдааны ажиллагааг явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч П.Намжилдоржийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 116 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, П.Намжилдоржид холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүхэд очтол П.Намжилдоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гарах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

 

ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ