Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00902

 

“А ФББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/00704 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “А ФББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Цд холбогдуулан гаргасан 223 063 169 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр А ФББСБ ХХК нь иргэн Д.Ц нар харилцан тохиролцсоны дагуу 19/294 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 32 000 000  төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 19/366 дугаартай зээлийн гэрээ байгуулж 120 000 000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэйгээр, 14 сарын хугацаатайгаар тус тус зээлдүүлсэн. Зээлдэгч Д.Ц нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 19/294 дугаартай зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 47-82 УНО улсын дугаартай LFWSRXPJ7A6P83624 арлын дугаартай FAW СА4226 маркийн цэнхэр өнгөтэй цистерн барьцаалсан. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 19/366 дугаартай зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар SINIOTRUCK маркийн шар өнгөтэй ачааны зориулалттай 10 ширхэг автомашиныг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээл авсан сараасаа эхлэн төлөлтөө хийхгүй удаа дарааллан зөрчсөн. Утсаар холбогдох болгонд утсаа авахгүй, 2019 оны 10 сараас хойш зээл төлөлт хийгээгүй утас нь холбогдох боломжгүй гэрт нь очиж зээлийн өр төлбөрийг барагдуулах шаардлага өөрийн биеэр хүргүүлсэн боловч арга хэмжээ аваагүй эргэж холбоо барьдаггүй зэрэг хүндрэлүүд гарч байна. Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн болон нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлтэй. Зээлдэгч Д.Ц нь эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул уг зээлийн гэрээг зээлдүүлэгчийн санаачилгаар цуцалж байгаа бөгөөд нийт 223 063 169 төгрөгийг хариуцагч Д.Цээс гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Монтэар рөүд ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг хийж байсан. Энэ хугацаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн нутагт Таван толгой ХК-ийн эзэмшлийн ашиглалтын лиценз бүхий давхаргаас Хөрс хуулалтын ажил гүйцэтгэх ХГ/2019/017 тоот гэрээг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулан хөрс хуулалтын ажил хийж эхэлсэн. Гэрээний дагуу ажил гүйцэтгэх явцад санхүүгийн шаардлага гарч банкнаас зээл хөөцөлдсөн боловч бүтээгүй, иймээс А ФББСБ” ХХК-д хандсан ба аж ахуйн нэгжид зээл олгохгүй, хувь хүнд зээл олгоно гэсэн. Ингээд А Ф ББСБ-аас дараах зээлийг авсан. Миний бие А ФББСБ” ХХК-аас авсан зээлийг Монтэар рөүд ХХК-ийн Таван толгой ХК-тай байгуулсан хөрс хуулалтын ажилд зарцуулсан. Төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон дэглэмийн улмаас бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул өнөөдрийн байдлаар миний бие зээлийг төлөх боломжгүй болоод байна. Миний бие авсан зээлээ төлөх болно, гэхдээ А ФББСБ” ХХК-аас ийм хүнд үед уян хатан хандана гэж мөн найдаж байна. Одоогоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цээс нийт 217 153 681/хоёр зуун арван долоон сая нэг зуун тавин гурван мянга зургаан зуун наян нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А ФББСБ” ХХК-д олгож, үлдсэн 5 909 488/таван сая есөн зуун есөн мянга дөрвөн зуун наян найм/ төгрөгийг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “А ФББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1 343 466 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цээс улсын тэмдэгтийн хураамжид 1 243 718.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А ФББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, зохигчдын хооронд 2 зээлийн гэрээ байгуулагдсан нь хүчин төгөлдөр гэрээ түл Иргэний хуульд заасан журмын дагуү зээлдэгч нь гэрээнд заасан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас 5 909 488 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 217 153 681 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн байна. Үүнээс нэмэгдүүлсэн хүү 10 795 234 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч байна. Цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос тогтоосон бүх нийтийг хамарсан бэлэн байдлын зэрэг, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хүрээнд хязгаарлалтад ороогүй аж ахуйн нэгж, төрийн байгуүллагуудаас бусад бүх асуудлын этгээдийн үйл ажиллагааг удаа дараа бүрэн зогсоосны улмаас бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах, орлого олох боломжгүй нөхцөлд байсан. Хариуцагч Д.Ц нь давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлийн нөлөөлөлд орсны улмаас зээлийн гэрээнд заасан хүүгийн төлбөрийг төлөх боломжгүй болсон тул үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигч хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч “А ФББСБ” ХХК-аас хариуцагч Д.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 148 424 675 төгрөг, зээлийн хүү 63 555 260 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 083 234 төгрөг, нийт 223 063 169 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, цар тахлын улмаас буюу давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлийн нөлөөлөлөөр зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон гэжээ.  

 

            Талууд 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 19/294 дүгээр зээлийн гэрээ байгуулж, 32 000 000 төгрөгийг, хувийн хэрэгцээний зориулалтаар, сарын 4 хувийн хүүтэй, 14 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус өдрөө 19/294 дугаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, мөн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 19/366 дугаар зээлийн гэрээ байгуулж, 120 000 000 төгрөгийг, хувийн хэрэгцээний зориулалтаар, сарын 4 хувийн хүүтэй, 14 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус өдрөө 19/366 дугаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ тус тус байгуулсан болох нь зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 7-16 дугаар тал/

 

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан зээл болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний харилцаа тус тус үүсч, зээлдэгч буюу хариуцагч Д.Ц нь нэхэмжлэгч байгууллагаас дээрх 2 зээлийн гэрээний дагуу нийт 155 000 000 төгрөг авсан талаар талууд маргаагүй.

 

            Хариуцагч нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 19/294 дугаар зээлийн гэрээний үүрэгт 6 154 747.69 төгрөг төлж, дээрх төлбөрийг үндсэн зээлд 3 575 325.79 төгрөг, зээлийн хүүд 2 563 292.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 16 129.06 төгрөг төлсөнд тооцсон болох нь зохигчийн тайлбар, зээл төлөлтийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 84 дүгээр тал/ Хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 19/366 дугаар зээлийн гэрээний үүрэгт төлөлт хийгээгүй байна. /хэргийн 85 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх тул тус өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 19/366 дугаар зээлийн гэрээ цуцлагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. /хэргийн 1,2 дугаар тал/ 

 

            Мөн, талуудын хооронд байгуулагдсан дээрх 2 фидуцийн гэрээнүүдийн дагуу тээврийн хэрэгслүүдийг “А Ф” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн талаар талууд маргаагүй тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд, нэхэмжлэгчээс өөрийн өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшлээс гаргуулан авах эрхтэй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

           

            Иймд хариуцагчаас 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 19/294 дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 28 424 674.2 төгрөг, зээлийн хүү 8 173 772.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 251 234 төгрөг, нийт 38 849 680.7 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 19/366 дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 120 000 000 төгрөг, зээлийн хүү 49 760 000  төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 544 000 төгрөг, нийт 178 304 000 төгрөг буюу дээрх 2 гэрээний үүрэгт нийт 217 153 681 төгрөгийг гаргуулж, үлдэх 5 909 488 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

            Хариуцагчаас цар тахлын улмаас буюу давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлийн нөлөөллийн улмаас хүүгийн төлбөр төлөх боломжгүй гэх татгалзлын үндэслэлээ Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна. Тодруулбал, түүний ямар ажил хөдөлмөр эрхэлж. олж байсан цалин хөлс, орлого нь хэрхэн буурсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/00704 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187 700 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ДАВААДОРЖ

 

                                                                       

                                          ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

 

 

                                                                                            С.ЭНХТӨР