Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00910

 

 

 

 

 

 

 

 

“С ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2021/00888 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “С ф” ХХК-ийн хариуцагч “Х Ц констракшн” ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 24 192 728 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жамиймаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, барилгын ажилд шаардлагатай хэв хашмал /пум/ тулаас төмөр болон /сапуд/ төмрийг түрээслүүлсэн ба 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 15-ны хүртэлх авлага өглөгийн товчоо тооцоогоор нийт 839 ш бараа материалыг /3 төрлийн/ 1 хоногийн 100-230 төгрөгөөр 27-135 хоногийн хугацаанд түрээсэлж түрээсийн төлбөр 10 974 785 төгрөгийг төлөхөөр, борлуулсан 2400 ширхэг барааны материалын /1 төрлийн үнэ 621 000 төгрөг, акталсан 151 ширхэг бараа материалын/ 1 төрлийн үнэ 723 000 төгрөгийг тус тус нэмж нийт үлдэгдэл төлбөр 12 318 785 төгрөг төлөхөөс нийт төлсөн 4 372 800 төгрөгийг хасч, нийт төлбөл зохих үлдэгдэл төлбөр 7 945 985 төгрөгийг төлөх тооцоог гарсныг Х Ц констракшн ХХК-тай хүлээн зөвшөөрч тооцоо үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурж баталгаажуулсан. Бараа материалыг үргэлжлүүлэн түрээсэлж, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд авлага өглөгийн товчоо тооцоогоор нийт 209 ширхэг бараа материалыг 27 хоногийн хугацаанд 1 хоногийн 100-165 төгрөгөөр түрээсэлж нийт түрээсийн төлбөр 1 231 200 төгрөг төлөх дээр, дутаасан 209 ширхэг /3 төрлийн барааны/ 8 151 300 төгрөг тооцоо гарсан. Түрээсийн гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн эд хөрөнгийг бусдад дамжуулан түрээслэх эрхгүй гэсэн заалттай. Мөн гэрээний 3.7 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээний хугацаа дуусмагц түрээсийн эд хөрөнгийг түрээслэгчид хугацаанд нь чанар байдлын доголдолгүй, бүрэн бүтэн хүлээлгэж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу Х Ц констракшн ХХК нь дутагдуулсан бараа материалыг С ф ХХК-д бүрэн бүтэн шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд бараа материалын үнийг төлөх ёстой. Гэрээний дутагдуулсан 209 ширхэг барааны үнэ гэж барааны нэг бүрийн үнээр тооцсон. Түрээсийн гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн эд хөрөнгийг бусдад дамжуулан түрээслэх эрхгүй гэсэн заалттай. Мөн гэрээний 3.7 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээний хугацаа дуусмагц түрээсийн эд хөрөнгийг түрээслэгчид хугацаанд нь чанар байдлын доголдолгүй, бүрэн бүтэн хүлээлгэж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу Х Ц констракшн ХХК нь дутагдуулсан бараа материалыг С ф ХХК-д бүрэн бүтэн шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд бараа материалын үнийг төлөх ёстой. Гэрээний дутагдуулсан 209 ширхэг барааны үнэ гэж барааны нэг бүрийн үнээр тооцсон. Өмнөх тооцооны үлдэгдэл 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх түрээсийн тооцоо 7 945 985 төгрөг дээр нэмж, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын сарын 11-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 1 231 200 төгрөгийг нэмж тооцоход нийт түрээсийн үлдэгдэл 9 177 185 төгрөг, дутаасан барааны дүн 8 151 300 төгрөг, нийт төлбөр 17 328 485 төгрөгөөс барьцаанд төлсөн 1 200 000 төгрөгийг хасч, төлбөл зохих 16 128 485 төгрөгийг Х Ц констракшн ХХК нь төлөлгүйгээр манай компанийг хохироож байна. Иймд дутаасан барааны үнэ нийт 16 128 485 төгрөг, алданги 8 064 243 төгрөг, нийт 24 192 728 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн шаардах эрх үүсээгүй байна. Гэрээгээр талуудын тохиролцсон хугацаагаа дуусаагүй байхад гэрээг цуцлах, аль эсхүл дуусгавар болгох, гэрээнээс татгалзаж байгаа албан бичиг хүргүүлээгүй. Гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд гэрээний зүйлийг шаардаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрвээ нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаад, гэрээний зүйлийг нэхэмжлэх байсан юм бол Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар бичгээр татгалзлаа хүргэх ёстой. Ингээд бичгээр татгалзсан тохиолдолд талууд гэрээнээс татгалзлаа гэж үзэн, үлдэгдэл төлбөр тооцоогоо шаардах эрх үүснэ. Өнөөдрийн шүүх хуралдаанд зөвхөн талуудын тооцоо нийлсэн баримтаар үлдэгдэл үүргийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал болон хариуцагч талаас хангалттай нотлох баримт гаргаж өгөөгүй байна. 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрээг шинэчилэн байгуулсан ба зөвхөн хөгжмийн сургалтын төвийн барилгын талбайд нийлүүлсэн бараа, материалын гэрээ байгуулсан бөгөөд тухайн гэрээний нэг хувь нь хариуцагч талд ирсэн боловч Б.Бат-Өлзийгийн нэхэмжлэлтэй, Х Ц констракшн ХХК-д холбогдох иргэний хэрэгт өгсөн байдаг. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээний эд хөрөнгө гуравдагч этгээдэд шилжсэн талаарх мэдэгдлийг С ф ХХК болон Хэв хашмал ХХК-д хүргүүлэн, бусдад дамжуулан түрээсэлсэн талаарх асуудлыг мэдэгдэхэд тухайн компаниуд ямар нэгэн хариу өгөөгүй нь энэ асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болно гэж үзэж байна. Иргэний хуулийн 321 дүгээр зүйлийн 321.7 дахь хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болсны дараа талууд авсан зүйлээ буцаан өгөх үүрэгтэй байдаг. Гэтэл гэрээ дуусгавар болоогүй, гэрээнээс аль нэг нь бичгээр татгалзаагүй, хүсэлт өгөөгүй байхад гэрээний алдангийг бодож, бараа материалыг нэхэмжлэх нь түрээслүүлэгч гэрээг зөрчиж байгаа үйлдэл болно. Энэ төлбөрийг төлөх этгээд нь Х Ц констракшн ХХК биш иргэн Б.Бгэж үзэж байна. Х Ц констракшн ХХК нь иргэн Б.Бат-Өлзийтэй 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хөгжмийн сургалтын төвийн барилга угсралтын гэрээг байгуулсан. Уг гэрээг байгуулж барилгын ажил эхлэх үед С ф ХХК-аас бараа материал түрээсэлсэн. Ингээд барилгын ажил явагдаж байтал захиалагчаас шалтгаалж мөн оны 7 дугаар сарын 15-ны өдөр барилгын ажил зогссон. Түрээсэлж авсан бараа материалыг бүгдийг иргэн Б.Бөөрийн талбайд авч үлдсэн. Хэд хэдэн удаа бараа материалыг очиж авах гэхэд бид ажиллаж байна гээд өгөөгүй. Түрээсийн талбарыг иргэн Б.Бөөрөө төлөх талаар хүлээн зөвшөөрч мэдэж байгаа. Иймээс уг төлбөрийг иргэн Б.Бтөлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1, 326.2, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч Х Ц констракшн ХХК-иас 22 176 629 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ф ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 016 099 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278 950 төгрөгийг улс орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х Ц констракшн ХХК-иас 268 833 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ф ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өөрийн татгалзлаа нотолж, уг хэрэгтэй давхардан хянан шийдвэрлэгдэж байгаа хэргийн шийдвэрийг шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн боловч шүүхээс хэрэгт хамааралгүй гэж үзэн хүлээн аваагүй. Энэ талаар шүүх хуралдааны бичлэгт байгаа. Уг баримт нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй нийт төлбөрийг хариуцагч дангаар хариуцахгүй гэдгийг нотлох зорилготойгоор өгсөн баримт байсан. Учир нь тус дүүргийн шүүхэд иргэн Б.Бат-Өлзийгийн нэхэмжлэлтэй “Хана-Цохио констракшн” ХХК-д холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах үндсэн нэхэмжлэлтэй түрээсийн гэрээний эд хөрөнгө гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа. Тус хэрэгт хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа “С ф” ХХК-аас түрээсээр авсан бараа материалууд түүний төлбөрийг нэхэмжлэгч Бат-Өлзийгөөс гаргуулах шаардлагыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл түрээсийн бараа материалуудыг битүүмжлэх хүсэлтийг шүүхэд гаргасан байдаг. Дээр дурдсан иргэний хэргийг шийдвэрлэгдэх хүртэл хэргийг түдгэлзүүлэх хүсэлт шүүхэд гаргасан боловч хүлээж аваагүй. Иймд хариуцагч талын эрхийг ноцтой зөрчсөн. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хариуцагч талаас уг хэргийг эвлэрүүлэн зуучлахад шилжүүлэх хүсэлт гаргасан боловч мөн л хүлээж аваагүй. Анхан шатны шүүхээс хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс түрээсээр өгсөн нийт бараа материалыг хүлээн аваагүй, тоо ширхэгт мөн маргадаг. Хүлээн авсан баримтанд хариуцагч байгууллагын төлөөлөгч гарын үсэг зураагүй байдаг. Талуудыг хооронд түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байхад түрээслэгч тал түрээсийн төлбөрөө нэхэмжилснийг шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна. Тооцооллын тухайд дутаасан бараа үнийн дүн 8 151 300 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл уг барааг дутаагаагүй гуравдагч этгээдийн өмчлөлөөс авч чадахгүй байгаа талаар хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт хангалттай тайлбарласан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дутаасан бараа материал дээр маргаагүй мэтээр тусгасан байна. Мөн хариуцагчийн зүгээс 2020 оны 12 дугаар сард нэхэмжлэгчид гуравдагч этгээдэд дамжуулан түрээсэлж байгаа талаар мэдэгдэж албан бичиг хүргүүлсэн. Уг баримтыг гаргаж өгөх боломжит хугацаагаар шүүх хангалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

        Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “С ф ХХК нь Х Ц констракшн ХХК-д холбогдуулан, түрээсийн гэрээний үүрэгт 24 192 728 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

        Талуудын хооронд 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь гэрээний хавсралтад заасан эд хөрөнгийг 1 жилийн хугацаатай хариуцагчид түрээслүүлэх, хариуцагч нь гэрээний хавсралтад заасан үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

        Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

 

        Учир нь нэхэмжлэгч анх шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарчээ. 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчаас гэрчээр Б.Бат-Өлзийг оролцуулах хүсэлт гаргаж, уг хүсэлттэй холбоотой 4 хуудас баримтыг нотлох баримтаар гаргажээ. Гэтэл шүүхээс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШЗ2021/03715 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлт хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ дээрх баримтыг буцааж өгөх талаар шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг зөрчжээ. Энэ тохиолдолд мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Гэтэл шүүхээс хариуцагчид дээрх эрхийг эдлэх боломж олгоогүй тул хэргийн оролцогчийн эрхийг зөрсөн гэж үзнэ.

 

        Түүнчлэн, талуудын маргааны зүйл нь гэрээний дагуу дутуу хүлээлгэж өгсөн эд хөрөнгийн тоо, ширхэг байх ба нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд үүнтэй холбоотой 1 хуудас баримтыг шинээр гаргаж өгчээ. Уг баримтыг хариуцагчид танилцуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд хариуцагчаас баримттай холбоотой шинээр нотлох баримт гаргаж өгөх болон мэтгэлцэх боломжоор хангаагүй байна.                                                                                                                                                                                         Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2021/00888 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 194 278 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

   ШҮҮГЧИД                         Ч.ЦЭНД

 

                               С.ЭНХТӨР