Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Т.Солонго;

улсын яллагч: Э.Халиун;

шүүгдэгч: С.А (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сүхбатын Ат холбогдох эрүүгийн 1709019700305 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:     

Монгол Улсын иргэн, 1970 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Жи эс эм эй” ХХК-д туслах ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ХК70071818 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Боржгон овогт Сүхбатын А.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах төмөр гүүрний орчим хохирогч Д.Батхүүтэй маргалдан улмаар түүний биед “шөвөг сэртэнгийн зөрөөгүй далд хугарал, хамар ясны зүүн хажуу хана зөрөөтэй хугарал, духны зүүн хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэм буруу дээр маргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Батхүү /хх-ийн 8-9/, гэрч Т.Алтангуль /хх-ийн 10/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13957 дугаартай дүгнэлт /хх-ийн 14/, С.Аийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/, хохирлын баримтууд /хх-ийн 23-24/, С.Аийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 25-33, 35-41/, хохирогч Д.Батхүүгийн гомдол, саналгүй болсон тухай хүсэлт /хх-ийн 44/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.А нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах төмөр гүүрний орчимд хохирогч Д.Батхүүтэй маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Д.Батхүүгийн /хх-ийн 8-9/: “... Би 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 20 цагийн орчимд харих гээд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах далангийн гүүрээр гарах үед миний зүс таних Хуягаа гэх хүн уг гүүрэн дээр надтай тааралдаад надтай маргалдаад байсан. Улмаар миний бөөр рүү өшиглөөд над руу дайраад байсан. Тухайн үед тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд салаад би гэр рүүгээ орох гээд явж байтал нөгөө хүн хойноос хүрч ирээд миний нүүр рүү цохиод авсан. Би тухайн үедээ халамцуу явж байсан. Тэр хүн ч гэсэн согтуу байсан. ... Намайг тэр хүн хойноос ирээд нүүр рүү цохиод автал би газар унасан. Тэгтэл нөгөө хүн миний дээр гарч байгаад чулуугаар толгой руу нэг удаа хүчтэй цохитол миний толгой хагарч цус гараад тогтохгүй байсан...” гэх мэдүүлгээр,

 

С.Алтансүхийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 20-21/: “... Би 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн орчим гэрээсээ гарч яваад гудамжны үзүүрт зогсож байтал Батхүү гэнэт гараад ирсэн. Хаанаас ирсэнийг нь би анзаараагүй. Батхүүг би урьд нь зүс мэддэг байсан. Бид мэндийн зөрүүтэй байдаг байсан. Батхүү хажууд ирээд манай найзтай юм яриад зогсоод байсан. Би нэг их юм дуугараагүй. Тэгээд би цаашаа нэг найзынхаа гэр рүү нь явах гэж байтал араас Батхүү нэг юм хэлэх шиг болсон. Тухайн үед би Батхүүг юу гээд байгааг сонсоогүй. Эргэж харж юм огт яриагүй. Би цаашаа яваад дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн “Ерөөл” архи аваад буцаад далан дээгүүр гараад явж байгаад гудамжинд 2 найзтайгаа цуг архиа хувааж уусан. Тэгээд би “за одоо боллоо, гурвуулаа салаад явья” гээд салж ганцаараа гэр рүүгээ харих санаатай далангийн гүүрээр гарах гээд Батхүүгийн гэрийн ойролцоо явж байтал Батхүүтэй таарсан. Батхүү өөрөө эхлээд “муу гөлөг минь яах гэж хүн оролдоод байгаа юм” гэхээр нь “чи харин өөрөө намайг түрүүлж оролдоод байгаа юм биш үү” гэж хэрэлдсэн. Би Батхүү рүү ойртсон чинь Батхүү миний куртикнаас зуураад авахаар нь би Батхүүгийн хоёр мөрнөөс нь зуурч аваад адилхан барьцалдсан. Батхүү миний цээж рүү хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд л хоёулаа зууралдаад газарт унасан учир би газраас чулуу аваад нүүрэн тус газарт нь цохьчихсон. Дух руу нь оногдсон уу, яг хаана нь цохисноо сайн анзаараагүй...” гэх мэдүүлгээр,

 

С.Аийн буруутай үйлдлийн улмаас Д.Батхүүгийн биед “шөвөг сэртэнгийн зөрөөгүй далд хугарал, хамар ясны зүүн хажуу, зүн хажуу хана зөрөөтэй хугарал, духны зүүн хэсэгт шарх” бүхий мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13957 тоот дүгнэлт /хх-ийн 14/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогчийг таарамжгүй харьцааны улмаас зодсоныг өөрөө хүлээсэн, хохирогч хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь зодож гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсаны  улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

С.Аийн “…оролдоод байна уу…” гэж хэлсний төлөө Д.Батхүүтэй хэрүүл маргаан үүсгэн, улмаар түүнийг зодож, хөнгөн гэмтээсэн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Иймд шүүгдэгч С.Аийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Хохирогч Д.Батхүү “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх С.Аийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржгон овогт Сүхбатын Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аийг 450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ат оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5.  Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ