Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 301

 

Г.Д д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Хурц,

шүүгдэгч Г.Д гийн өмгөөлөгч А.Нацагдорж,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Д гийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Г.Д д холбогдох 2017 0100 0054 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С овгийн Г.Д, 1987 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, “С” ХХК-ийн харьяа “М” эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт унтуулгын сувилагчийн ажилтай байсан, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамжны 55 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,

 

Г.Д  нь “С” ХХК-ийн харьяа “М” эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн унтуулгын сувилагчаар ажиллаж байхдаа албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 31-нийг хүртэл хугацаанд тухайн эмнэлэгт хэрэглэгддэг Нэгдсэн үндэстний байгууллагын 1961 оны Мансууруулах эмийн тухай конвенцийн 1 дүгээр жагсаалт болон Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтсан “фентанил” гэх мансууруулах эмийг 585 ампул, “морфин” гэх мансууруулах эмийг 110 ампул,

2017 оны 1 дүгээр сард Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Мансууруулах эмийн тухай конвенцийн 2 дугаар жагсаалт болон Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтсан “диазепам” гэх сэтгэцэд нөлөөт эмийг 4 ампул,

2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Хьюндай” эмнэлгийн эм зүйч Ш.О-с Нэгдсэн үндэстний байгууллагын 1961 оны Мансууруулах эмийн тухай конвенцийн 1 дүгээр жагсаалт болон Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтсан “фентанил” гэх 50 ампул мансууруулах эмийг тус тус завшиж, мөн худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Дунд Нарангийн 1-42 тоот дахь гэртээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Г.Д гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 20.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Д г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Д г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 20.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сувилагчаар ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Г.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан сувилагчаар ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг сувилагчаар ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Г.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар Г.Д гийн насанд хүрээгүй хүүхэд болох 2009 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр төрсөн, 8 настай Т.И-н асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Д  гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шийтгэлийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Энэ нь шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн байдал биш бөгөөд миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Анх мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад орсон “фентанил” гэх тариаг мансуурах, донтох зорилгоор бус эдийн засгийн хүндрэл, амьдралын боломжгүй нөхцөл байдлаас, хэвтэн эмчлүүлэх боломжгүй байсан тул тэсвэрлэх аргагүй байсан өвдөлтөө намдаах зорилгоор анх хэрэглэсэн.

Уг тариа нь Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн өвчин намдаах тариа юм. Би нойр булчирхайн архаг үрэвсэлтэй байсан ба энэ нь хүндэрч ходоод, цөсөө үрэвсүүлсэн.

Миний бие хэдэн өнчин дүү, бага насны хүүтэйгээ амьдардаг. Надад өвдөж эмнэлэгт хэвтэх эрх байхгүй. Түрээсийн байрны мөнгө, цалингийн зээлээ төлөхийн тулд өвчнөө дараад ажлаа хийхээс өөр арга байгаагүй.

Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Би уг тариаг ажил дээрээ тарьж хэрэглэдэг байсан ба зориудаар хадгалж байгаагүй.

Тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хангаагүй нотлох баримтыг бүрэн бодитой шалгаж хянаагүй, амьдарч байсан гэр болон бусад хадгалж болзошгүй газарт нэгжлэг хийж, тариа хадгалсныг бодитоор нотлоогүй, миний айж сандарсан хэвийн бус байх үед мэдүүлсэн мэдүүлгийг нотлох баримт болгосон нь миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Би мөрдөн байцаалт, прокурорын шатанд хавтаст хэрэгтээ танилцаагүй, хууль зүйн туслалцаа авч чадаагүй явсаар хэрэг шүүхэд шилжсэн.

Миний ажиллаж байсан байгууллага болох “М” эмнэлэг нь дотоод журмын дагуу ажиллаагүй, өөрийн гэсэн эм зүйч байхгүй, хараа хяналт муу байсны улмаас гарсан алдаа дутагдлыг надад тохсонд гомдолтой байна.

Мөрдөн байцаалтын явцад надаас нэхэмжилсэн бүх тарианы төлбөрийг төлж, хохирлыг барагдуулсан нь нийт дурдсан нэхэмжилсэн бүх тариаг өөрөө авсныг хүлээн зөвшөөрсөн явдал биш бөгөөд өмгөөлөгчийн зөвлөснөөр хохирлоо бүрэн барагдуулах нь өөрийн эрх зүйн байдлаа дээрдүүлэхэд нөлөөлнө гэж үзэж бүх төлбөрөө барагдуулсан. Иймд хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Д гийн өмгөөлөгч А.Нацагдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хавтаст хэрэгтээ танилцаж үзэхэд мансууруулах бодис гэртээ авчирч хадгалж байсан, түүнийг хэрэглэж байсныг зөвхөн шүүгдэгч Г.Д гийн өөрийнх нь мэдүүлэг байдаг. Үүнтэй холбоотой орон байранд нэгжлэг хийх, мэдүүлгийг газар дээр нь шалгах болон шүүгдэгчийг шалгаж тогтоосон баримт байхгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэгсэхгүй болгож, тэнсэж өгнө үү ...” гэв.

 

Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хадгалах гэдэг үйлдэл нь заавал гэртээ хадгалахыг хэлж байгаа биш, биедээ тодорхой нэгэн газар эсхүл тодорхой цаг хугацаанд байлгахыг хадгалах гэж ойлгож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Г.Д  нь “С” ХХК-ийн харьяа “М” эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн унтуулгын сувилагчаар ажиллаж байхдаа албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 31-нийг хүртэл хугацаанд тухайн эмнэлэгт хэрэглэгддэг Нэгдсэн үндэстний байгууллагын 1961 оны Мансууруулах эмийн тухай конвенцийн 1 дүгээр жагсаалт болон Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтсан “фентанил” гэх мансууруулах эмийг 585 ампул, “морфин” гэх мансууруулах эмийг 110 ампул,

2017 оны 1 дүгээр сард Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Мансууруулах эмийн тухай конвенцийн 2 дугаар жагсаалт болон Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтсан “диазепам” гэх сэтгэцэд нөлөөт эмийг 4 ампул,

2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Хьюндай” эмнэлгийн эм зүйч Ш.О-с Нэгдсэн үндэстний байгууллагын 1961 оны Мансууруулах эмийн тухай конвенцийн 1 дүгээр жагсаалт болон Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтсан “фентанил” гэх 50 ампул мансууруулах эмийг тус тус завшиж, мөн худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Дунд Нарангийн 1-42 тоот дахь гэртээ хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

иргэний нэхэмжлэгч Б.Байгалхүүгийн “... шалгалтын явцад мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Оюунтунгалаг нь “дутсан тариаг уг тасгийн сувилагч Г.Д  нь өөрөө хэрэглэдэг гэдгээ хүлээлээ, би энэ хүнийг хариуцаж ажилладаг. Мансууруулах эмэнд донтсон хүмүүсийн бие эрүүл мэндэд маш их хор, аюултай байдаг учраас маргааш энэ хүнийг би Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хурцын тасагт хүлээлгэж өглөө” гэж хэлсэн. ... Г.Д  нь 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тухайн үеийн “С” эмнэлгийн мэс заслын тасгийн хагалгааны сувилагчаар ажиллаж эхэлсэн. Г.Д гийн хувьд мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч болон эмчийн хяналт, зөвшөөрлөөр эмийн сангийн эрхлэгчээс мансууруулах эм тариаг аваад өвчтөнд хэрэглэдэг байгаа. Задарсан эм тарианаас илүү гарсаныг эмчийн хяналтан дор устгах журамтай байдаг. 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Бархүү захирлын тушаалаар мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийг хүлээн авах, хадгалах, олгох, зарцуулах, бүртгэл хөтлөх, тайлан гаргах тухай журмыг баталсан байсныг өнөөдрийг хүртэл дагаж мөрдөж байгаа. Уг журманд албан хаагчдын ажил үүрэг, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт, хоосон шил буцааж авах бүртгэл, орлого, зарлагын бүртгэл, эмийн зарцуулалтын бүртгэлийг хэрхэн хийх талаарх хүснэгт байгаа. 2016 оны 12 дугаар сард хэвийн гэсэн дүн гаргасан мөртлөө 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс 2017 оны 2 дугаар сарын 9-ний хооронд ажлын хэсгийн тооллогоор морфин 40 ширхэг, фентанил 285 ширхэг дутсан гэсэн дүн гарсан байна ...” /2-р хх 112-114/,

 

хохирогч Ж.А-н “... 1 хайрцаг буюу 50 ширхэг фентанил тариа дутсан. Эм зүйч Отгонбор нь урьд өмнө таньдаг байсан гэх Г.Д гийн үгэнд итгэн, эмнэлгийн удирдлагуудад мэдэгдэлгүйгээр түр өгч явуулсан алдаа дутагдал гаргасан. 50 ампул тариа нь 65.200 төгрөгийн үнэтэй бөгөөд уг мөнгийг эм зүйч Отгонборын цалингаас суутган авч байгууллагад учирсан хохирлыг барагдуулсан ...” /2-р хх 115-116/,

 

гэрч Д.Амарцэцэгийн “... Миний хувьд сар бүрийн сүүлээр тасаг, агуулах, оношилгоо, хүлээн авахын эм тариануудын тоо ширхэг, бүрэн бүтэн байдлыг шалгаж тооллого хийдэг бөгөөд дараа сарын 5-ны дотор тайлангаа гаргаж дуусгадаг. Харин эмийн нярав албан тушаалтай Дүйнхэр эгч мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг руу ороод сувилагч Г.Д тай тухайн тасагт байгаа мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм тарианы тооллого хийж, орлого, зарлагын тайлан гаргачихаад надад тайлангаа цаасаар өгдөг. Орлого зарлагын тооцоог өдөр бүр Дүйнхэр эгч сувилагчтайгаа тулгаж, тасагт хэрэглэсэн эмийн түүврийг сувилагч нар Дүйнхэр эгчид өгдөг. Тасгийн эмч, эрхлэгч нар өвчний түүх дээр өвчтөнүүдэд хэрэглэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм тарианы тун хэмжээг зааж өгдөг бөгөөд сувилагч нар өвчний түүх дээрээс түүвэр хийж, эмийн няравт өгдөг. Уг түүврийг эмийн нярав Дүйнхэр эгч санхүүгийн программд оруулж, зардлаа гаргадаг байгаа. 2016 оны 11, 12 дугаар сарын тооллого, тайлан хэвийн байсан. 2017 оны 1 дүгээр сарын тайланг 2 сарын эхээр авах гэтэл фентанил тариа дутаад, яасан нь мэдэгдэхгүй байхаар нь “яагаад тариа дутаж байгаа юм, 12 дугаар сард та яаж тоолсон юм” гэхэд Дүйнхэр эгч “тэр үед харин Г.Д  тасгийнхаа А сейфний түлхүүрийг хаячихсан гээд онгойлгож өгөхгүй байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дүйнхэр эгчийг Г.Д д итгээд тайланг ямар нэгэн зөрүүгүй гэж гаргаж өгсөн юм байна даа гэж бодсон …” /2-р хх 119/,

 

гэрч Б.Туулын “... мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмээ таслахгүй байхын тулд сувилагч Г.Д  хагалгаан дээр тариагүй болчихлоо, хурдан тариагаа өгөөрэй гэхээр нь бичигтэй, бичиггүй, бүртгэл хөтлөхгүй өгчихдөг байсан. Тэгтэл 2017 оны 2 дугаар сарын 2, 3-ны үед Дүйнхэр эгч над руу залгаад “Эм Импекс” ХХК-иас над руу залгаад танай сувилагч энд явж байна, хагалгаан дээр тариа хэрэгтэй байна гээд явж байна гэхээр нь манай сувилагч мөн байна, тариа нь тасарсан юм байлгүй, өгөөд явуулчих гээд хэлчихлээ” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Мөнгөнцөгц эгч рүү залгаад “манайд фентанил тарианы үлдэгдэл байхгүй юм уу, Г.Д  яагаад тэнд явж байдаг билээ” гэхэд “Г.Д  80 гаруй ширхэг фентанил тариа унагаад хагалсан гэж байна лээ, тэгээд тэрийгээ “Эм Импекс”-ээс нөхөж авах гээд явж гэж хэлсэн” гэж хэлсэн. Ингээд би Г.Д  руу залгаад “юу болоод байгаа юм бэ, чи хаана явж байгаа юм. Фентанил тариаг яагаад өөрөө “Эм Импекс”-ээс авах гээд явж байгаа юм” гэж асуухад “80 ширхэг тариа унагаад хагалчихсан юм аа, тэрийгээ нөхөж хийх гэсэн юм” гэж хэлсэн. Энийг чинь мөнгөөр авч хийгээд шийддэг асуудал биш ээ, үнэхээр хагалчихсан юм бол хагалсан шилээ үзүүлж тооцоо хийгээд акт биччихье гэсэн чинь учиргүй сандраад гацаж түгдрээд Дүйнхэр эгчид битгий хэлээч гээд байсан. Дүйнхэр эгч бид хоёртой арай ойр дотно байдаг болохоор өрөөндөө орж байгаад үнэнээ хэлчих гэхэд 2 өдрийн дараа үнэнээ хэлээд “өвчнөө дарах гэж өөрөө хэрэглэдэг байсан, эхэндээ багаар хэрэглэж байсан боловч сүүлдээ бүр ихсээд донтсон” гэж хэлсэн, тэгээд гарыг нь харахад нилэнхүйдээ сорви болсон байсан. Энэ талаар Байгальхүү захиралд хэлээд тооллого хийхээр болсон ...” /2-р хх 121-122/,

 

гэрч О.Дүйнхэрийн “... Туул 2016 оны 12 дугаар сард тендерийн ажилтай завгүй байх хооронд нь 4 удаа 50 ширхэгээр фентанил тариаг нийт 200 ширхэгийг Г.Д д хүлээлгэж өгсөн. Тэгтэл 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр “Эм Импекс” ХХК-ийн нэг хүн над руу залгаад “танай Г.Д  гээд сувилагч манайд ирээд фентанил авна гээд явж байна” гэхээр нь би манай хагалгааны сувилагч мөн гэж хэлсэн. Дараа нь би Г.Д  руу залгаад “чи яагаад фентанил авах гээд явж байдаг билээ” гэхэд доод эмийн агуулахын сейфний түлхүүр гацсан байна, надад фентанил авч өгч чадахгүй байна” гээд утсаа салгачихсан. Маргааш нь би Г.Д г дуудаж уулзаад юу болоод байгаа юм бэ, тайлан тооцоогоо нэг нийлье гэхэд надаас зугтаагаад байсан. Тэгж байгаад 80 ширхэгийг хагалсан гэж хэлж байснаа, сүүлдээ өөрөө хэрэглэсэн, өвчнөө намдаах гэж хэрэглэж байгаад бүр донтох шатандаа орсон гэж хэлсэн. Би хэрэг болохоос өмнөхөн 1 сарын эхээр Г.Д г их ажиглаж эхэлсэн. Г.Д гийн гар нь байнга боолттой явдаг болсон, их хэмжээгээр фентанил захиалдаг, надаас байнга фентанил үлдсэн үү гэж асуудаг, тооцоогоо нийлэхгүй, надаас зугтас хийгээд баримтуудаа хаалганы доогуур шургуулаад үлдээчихдэг, тайлангаа гаргаж өгөхгүй нүүр тулж уулзахгүй яваад байсан. Г.Д  сейфний түлхүүрийг алга болгочихоод олохгүй байна гээд байхаар нь агуулахад байгаа эм, тариагаа бас ил байгаа тариануудаа тоолоод өнгөрсөн. Тухайн үед үнэхээр л түлхүүрээ алга бопгочихож, үлдэгдэл нь байгаа байх л гэж бодсон. 2-3 хоног сейфний түлхүүр нэхээд бараагүй болохоор тэгээд орхичихсон …” /2-р хх 123-124/,

 

гэрч Б.Мөнгөнцөгцийн “... 2017 оны 1 дүгээр сарын сүүлээр Г.Д  “80 ширхэг тариа хагалчихлаа, одоо намайг тоолно гээд байна, та “Монгол Эм Импекс”-ээс захиалаад өгөөч, би мөнгийг нь өгнө” гэхээр нь “чи тэгж байхаар Дүйнхэр эгчид хэлээд актлуулчихаач” гэхэд “ёстой тэгж болохгүй, Дүйнхэр эгч намайг ална” гээд байсан. Би тэгэхээр нь “ядаж Туулд хэлээч” гэхэд “хэрэггүй ээ тэгэж болохгүй, ёстой болохгүй, надад зүгээр захиалаад өгчих л дөө” гээд гуйгаад байхаар нь за тэгвэл эгч нь асуугаад үзье гэж хэлсэн. Би “Монгол Эм Импекс” рүү залгаад 100 ширхэг фентанил тариа бэлэн мөнгөөр нь авъя гэхэд захиалга хүлээж авлаа гэсэн. Тэгтэл Г.Д  байн байн орж ирээд “ирсэн үү, ирсэн үү” гээд асуугаад байхаар нь “Монгол Эм Импекс” рүү залгахад утсаа авахгүй байсан. Г.Д  байж сууж ядаад “би ерөөсөө өөрөө явлаа, намайг явсан гэж битгий хэлээрэй” гээд гүйгээд гараад явсан. Удалгүй над руу залгаад Дүйнхэр эгч үлдэгдэл тариаг тоолно гээд байна, та сейф гацсан гэж хэлээд битгий тоолуулаарай гэхээр нь би “чи чинь юу яриад байна аа, тэр сейфийг чинь цоожлогддоггүй гэдгийг хүн болгон мэдэж байгаа шүү дээ” гэхэд за ямар ч байсан битгий тоолуулаарай гээд утсаа тасалсан ...” /2-р хх 125-126/,

 

гэрч Л.Мөнхнасангийн “... 2017 оны 2 дугаар сард намайг ахлах сувилагч болгоно, эм тариагаа албан ёсоор тоолж хүлээж ав гэхээр нь би тасгийн сувилагч Г.Д тай эм тариагаа тоолж хүлээлцэхэд мансууруулах эмийн зарцуулалтын дэвтэртэй фентанил тариа 85 ширхэг дутсан. Г.Д гаас яагаад фентанил дутав гээд асуухад “доор эмийн агуулахад Туулд байгаа” гэж хэлэхээр нь Туул руу залгахад утас нь холбогдохгүй болохоор нь эмийн нярав Дүйнхэр эгч дээр очоод асуухад Туултай уулзаж байж учрыг нь олж өгье гэсэн. Би Дүйнхэр эгчээс мансууруулах эмийн орлого, зарлагын тайланг гаргаад өг гэхэд 85 биш нилээн олон ширхэг фентанил дутсан байхаар нь учрыг нь олъё гээд захиралд энэ талаар мэдэгдээд ажлын хэсэг гарч шалгасан. Шалгалтын явцад сувилагч Г.Д  фентанил тариаг өөртөө тарьдаг болох нь тогтоогдсон ...” /2-р хх 127-128/,

 

гэрч Д.Амаржаргалын “... Г.Д гийн хувьд тасагтаа шаардлагатай байгаа хагалгааны эм тариаг надаар батлуулаад эм зүйчээс очиж авдаг байсан. Гэхдээ би өдөртөө орох хагалгааны тоог мэдэж байдаг учраас Г.Д гийн хувьд надаас зөвшөөрөл авалгүйгээр өөрөө эмийн агуулахаас очоод фентанил тариаг авчихсан байсныг сүүлд нь мэдсэн. Сүүлийн үед Г.Д  гараа үргэлж боолттой, бас огиж бөөлждөг болсон, хагалгааны дундуур гарч яваад үе үе алга болчихдог, бие нь өвдөөд байна гээд тураад, царай нь харлаад байсан ...” /2-р хх 131/,

 

шинжээч эмч Б.Ерөөлтийн “... F13.20 гэдэг нь Олон улсын стандартад заасан сэтгэцийн эмгэгийг тодорхойлж буй тэмдэглэгээ юм. Г.Д гийн хувьд энэ байдал нь бага зэрэг байсан учир “одоогоор хэрэглээгүй, тэвчлийн байдалд байна” гэж үзсэн ...” /2-р хх 138-139/ гэж мэдүүлсэн мэдүүлгүүд,

 

шүүх сэтгэц эмгэг судлалын үндэсний төвийн “Г.Д  нь урьд өмнө нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан эсэх гэх баримт мэдээ үгүй байна, F13, 20 тайвшруулах нойрны  эмийн шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг, одооогоор тэвчлийн байдалд байна, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, энэ төрлийн эмгэгийг Монгол Улс, СЭМҮТ-д эмчлэх боломжтой, эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэсэн 367 тоот шинжээчийн дүгнэлт /2-р хх 133-134/,

эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1-р хх 8/, хүний биед үзлэг хийх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 18, 19, 20-23/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 24-25, 26-33/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 157-159, 160-166, 236-237/, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх 50-65, 66-90/, эд зүйлийн үнэлгээ /2-р хх 98/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3-р хх 57/, Г.Д гийн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /2-р хх 163-186/, шүүгдэгч Г.Д гийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Д гийн гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн үйлдсэн хэргийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдалд тохирсон ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч Г.Д  “... би уг тариаг ажил дээрээ хэрэглэдэг байсан ба зориудаар хадгалж байгаагүй, амьдарч байсан гэр болон бусад хадгалж болзошгүй газруудад нэгжлэг хийж нотлоогүй, хэргийн материалтай танилцуулаагүй ...” гэсэн гомдол гаргажээ.

 

Г.Д  нь нойр булчирхайн өвдөлтөө намдаах, олон удаагийн хэрэглээг хангах зорилгоор мансууруулах, сэтгэцэд нөлөөт фентанил, морфин, диазепам тариануудыг ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажил дээрээ болон гэртээ хадгалж, уг тариаг хэрэглэж байсан болох нь гэрч Б.Туулын “... Г.Д , “өвчнөө дарах гэж хэрэглэдэг байсан, эхэндээ багаар хэрэглэж байсан боловч сүүлдээ бүр ихсээд донтсон” гэж хэлсэн, тэгээд гарыг нь харахад нилэнхүйдээ сорви болсон байсан”, гэрч О.Дүйнхэрийн “... 80 ширхэгийг хагалсан гэж хэлж байснаа, сүүлдээ өөрөө хэрэглэсэн, өвчнөө намдаах гэж хэрэглэж байгаад бүр донтох шатандаа орсон гэж хэлсэн”, гэрч Б.Мөнгөнцөгцийн “... та сейф гацсан гэж хэлээд битгий тоолуулаарай”, гэрч Л.Мөнхнасангийн “... шалгалтын явцад сувилагч Г.Д  фентанил тариаг өөртөө тарьдаг болох нь тогтоогдсон”, гэрч  Б.Байгалхүүгийн “...2017 оны 1 дүгээр сарын 1-нээс 2017 оны 2 дугаар сарын 9-ний хооронд ажлын хэсгийн тооллогоор морфин 40 ширхэг, фентанил 285 ширхэг дутсан гэсэн дүн гарсан”, гэрч Д.Амаржаргалын “...Г.Д гийн хувьд надаас зөвшөөрөл авалгүйгээр өөрөө эмийн агуулахаас очоод фентанил тариаг авчихсан байсныг сүүлд нь мэдсэн. Сүүлийн үед Г.Д  гараа үргэлж боолттой, бас огиж бөөлждөг болсон, хагалгааны дундуур гарч яваад үе үе алга болчихдог, бие нь өвдөөд байна гээд тураад, царай нь харлаад байсан”, мөрдөн байцаалтын шатанд Г.Д гийн “... ажлаас гарахаас өмнө 10 ширхэг фентанил авчихсан байсан. Үүнийгээ гэртээ авч очиж тариад бас нэг ширхэг морфин өмнө нь авчирсан байсныг булчиндаа тарьж хэрэглэсэн. Миний тооцоогоор “Мөнгөн гүүр” эмнэлгээс 3 сарын хугацаанд 400 орчим фентанил тариа, 3 ширхэг морфин, 4 ширхэг седуксин авсан байна. ... 2017 оны 1 дүгээр сард хэрэглээ ихсээд илт зөрүү гараад байсан учир тайлан гаргаж чадаагүй, бусдын хардалтанд ч өртсөн байх. ... Хэрэглэсэн үедээ ямар ч өвчин зовиургүй, эрүүл, энгийн хүн шиг байдаг. Хэрэглэхгүй байхаар хар хөлс цутгаад, уур хүрээд, байж ядаад, тэсгэл алдаад, чичрээд байсан болохоор бага багаар нь тун нэмэгдээд сүүлдээ өдөрт 10 ширхэгийг тарьж хэрэглэсэн. Морфиныг фентанил олдохгүй, байж ядсан үе гарвал орлуулж үзье гэж бодоод 2 удаа хэрэглэсэн. 1 ширхэгийг гэртээ хадгалж байгаад баригдсаныхаа дараа тайвшрах гэж хэрэглэсэн” гэсэн мэдүүлгүүд, Шүүх сэтгэц, эмгэг судлалын “... одоогоор хэрэглээгүй, тэвчлийн байдалд байна ...” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийг түүний өмгөөлөгчийн хамт хэргийн материалтай танилцуулсан /3-р хх 52/ байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Д гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Д гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЗОРИГ

 

                                      ШҮҮГЧИД                                                     Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ