Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/01326

 

Н.Батдоржийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа,  Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/03142 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1350 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Н.Батдорж,

Хариуцагч : Д.Отгонжаргал,

Хариуцагч : Х.Болд,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд : Ч.Энх-Амгалан,

Нэхэмжлэлийн шаардлага : Газар чөлөөлүүлэх, дутуу баригдсан барилгыг буулгуулах,

Х.Болдын сөрөг нэхэмжлэл : 1/104 дугаар гэрчилгээ бүхий газар гүний худаг, цахилгаан дамжуулах шугам-дэд өртөө, зам, бохирын худаг, дулааны болон цэвэр усны шугам татахыг даалгах, газраас өөрт ногдох хэсгийг ашиглах эрхтэйг мөн барилгын захиалагч, хөрөнгө оруулагчийн хувьд эзэмших, ашиглах эрхтэй болохыг тус тус тогтоолгох,

Д.Отгонжаргалын сөрөг нэхэмжлэл : Хамтран ажиллах гэрээний дагуу газрыг хамтран ашиглах эрхтэйг тогтоолгох, 

Ч.Энх-Амгалангийн бие даасан шаардлага : Газар хамтран ашиглах эрхтэй болохыг тогтоолгох,

Н.Батдорж, Х.Болд, Д.Отгонжаргал нарын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд : Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ганзориг, түүний өмгөөлөгч Г.Мөнхболд, хариуцагч Х.Болдын төлөөлөгч М.Цэцэгмаа, түүний өмгөөлөгч В.Энхтамир, хариуцагч Д.Отгонжаргал, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Н.Батдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2004 онд Хан-Уул дүүргийн нутаг Зайсангийн аманд аялал жуулчлалын төв барих зориулалтаар 1.5 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах гэрчилгээг Байгаль орчны Яамны сайдын тушаалын дагуу авсан. Уг газарт Д.Цэндсүрэн, Ч.Энх-Амгалан, Ч.Чимэгсүрэн, Г.Долгорсүрэн, Х.Болд, Д.Отгонжаргал нар байшин бариулсан. Эдгээр хүмүүсээс Ч.Чимэгсүрэн, Г.Долгорсүрэн, Д.Цэндсүрэнгийн эхнэр П.Нарантуяа нар надтай тохиролцоод барилга барихад гарсан зардлаа авч гарсан бөгөөд эд хөрөнгийн ямар нэг маргаан байхгүй. Тухайн үед дээрх нэр бүхий хүмүүс болон Ома ХХК нь Барилгын тухай хуулийн зохих заалтуудыг зөрчиж, барилга бариулах зураг төсөлгүй, барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөлгүй эдгээр 3 барилгыг бариулсан. Иймд Х.Болд, Д.Отгонжаргал нарын дутуу баригдсан барилгыг буулгах, уг газрыг чөлөөлүүлэх шаардлага гаргаж байна гэжээ. 

Хариуцагч Х.Болд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Н.Батдорж нь бидэнтэй тооцоо дууссан, одоо газар дээр дутуу баригдсан барилгыг буулгах ёстой гэж нэхэмжилсэн байна. Н.Батдорж нь Х.Болдтой тооцоо дуусаагүй буюу хамтран ажиллах гэрээний харилцаа дуусаагүй юм. Н.Батдорж нь 2014.7.14-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. Ч.Чимэгсүрэн, Д.Цэндсүрэн, Г.Долгорсүрэн, П.Нарантуяа нар тооцоо дуусаад ямар нэгэн өргүй болсон гэж тайлбар бичсэн ч Д.Отгонжаргал, Х.Болд, Ч.Энх-Амгалан нар тооцоо хийсэн зүйл байхгүй. Анх хамтран ажиллах гэрээ байгуулж, Эко хотхоныг Н.Батдорж 6 хүний хамт нийлж барихаар төлөвлөсөн. Хүн бүрийн 6.250.000 төгрөг буюу 6 хүний нийт 37.500.000 төгрөгийг Н.Батдоржид гэрээний дагуу өгсөн. Гэрээгээр зам талбай, цахилгаан дэд бүтцийн асуудлыг Н.Батдорж хариуцна гэсэн байдаг. Бид бол зөвхөн хөрөнгө оруулсан ба өөрийн хөрөнгөөрөө барилгад хөрөнгө оруулалт хийж барьсан. Н.Батдорж өөрөө хөрөнгө мөнгөгүй, бидний мөнгөөр газраа хадгалж авч үлдэхийн тулд барилга бариулсан, хүний мөнгөөр бариулсан барилгын хүчинд 10 гаруй жил тухайн газраа хадгалж авч үлдчихээд одоо ганцхан миний газар, миний байшин гэж ярьдаг юм. Хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр, хугацаа нь дуусаагүй байгаа нь дараах байдлаар нотлогдоно. Х.Болд нь мөнгөө авч, тооцоогоо дуусган гэрээнээс гарсан юм бол Н.Батдорж нь яагаад дахин дахин Х.Болдод 2 өрөө байрыг бэлэглэх санал тавьсанг гайхаж байна. Байшин Н.Батдоржийн өмч байсан юм бол яагаад шүүхээс зөвшөөрөл авч байшинг нураах гээд байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлдээ хариуцагч Х.Болд, Д.Отгонжаргал нарын байшинг нурааж өгнө үү гэж бичсэн нь өөрөө маргаан бүхий газар дээр баригдсан барилга нь Н.Батдоржийн өмч биш гэдгийг нотолж байна. Н.Батдорж нь Х.Болд, Ч.Энх-Амгалан нарын байшингийн 11 цонхыг хагалж, байшинг нураасан. Энэ байдлыг цагдаагийн байгууллагад мэдэгдсэний дагуу шинжээчид ирж хэргийн газарт үзлэг хийх үед Н.Батдорж ирээгүй, цагдаад гомдол гаргаагүй. Хэрвээ барилга Н.Батдоржийн байшин байсан бол байшинг буруу баригдсан, шаардлага хангахгүй гэх талаар дүгнэлт байхгүй. Х.Болд 2010.9.03-ны өдрийн тогтоолд  Н.Батдоржийн нэр ч байдаггүй. Х.Болд нь эвлэрэх саналыг хүлээж аваагүйн төлөө Н.Батдорж хүний өмчийг эвдэж нураасан. Сүүлд нь гэрээнээс татгалзсан гэх шүүхийн шийдвэр гарсан. Хамтын ажиллагааны гэрээний талаар Н.Батдорж нь 12 жилийн хугацаанд 3 удаагийн гэрээ 2 удаа хэлцэл хийсэн байгаа. Хамтын ажиллагааны гэрээний дагуу 6 оролцогч оролцож өөр өөрсдийн хөрөнгөөр барилгыг барьсан. Барилгын ажлын хөлсөд 2005 онд буюу 11 жилийн өмнө 37.500.000 төгрөгийг Н.Батдорж олж авсан нь уг гэрээг хүчин төгөлдөр болохыг гэрчилнэ. Нэхэмжлэгч мөнгөө авсан ч 12 жилийн хугацаанд юу ч хийгээгүй. Шат шатны шүүхийн шийдвэрээс үзвэл хамтын ажиллагааны гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр болох нь  тогтоосон. Н.Батдорж энэ гэрээг хууль бус гэж нэг ч удаа шүүх хурал дээр гомдол гаргаж байгаагүй. Энэ хамтын ажиллагааны гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа юм. Гэрээнээс татгалзах тухай аль нэг тал хүсэлт тавьж байгаагүй. Ч.Чимэгсүрэн гэрчилгээг Н.Батдоржийн нэр дээр шилжүүлж тусалсны эцэст гэрчилгээ 2 удаа Н.Батдоржийн нэр дээр сэргээгдсэн. Байгаль орчны яамнаас гэрчилгээг 2 удаа сунгахад Н.Батдорж бидний барьсан 3 барилгыг үзүүлж гэрчилгээгээ сунгаж байсан. Х.Болд, Д.Отгонжаргал нарын барьсан барилга нь 10 жил хураагдаагүй нь үнэн болно гэсэн бичиг байгаа. Байшингийн өмчлөгч учир газрыг ашиглах давуу эрхтэй гэж үзэж байна. Н.Батдорж биднийг байшингаа нураа гэж дур зоргоороо аашлах эрх байхгүй. Бид олон удаа гэрээ хийсэн. Ийм учраас бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Д.Отгонжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид анх 2004 онд Н.Батдоржтой маргаан бүхий 1.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 50:50 хувиар ашиглахаар болж, дэд бүтцийн асуудлыг бүгдийг нь Н.Батдорж хариуцахаар тохирсон. Өөрөөр хэлбэл, хамтран ажиллах гэрээ байгуулсан ба 2007 оны 4 дүгээр сард албан ёсоор нотариатаар батлуулсан. Н.Батдорж би олон хүнтэй зэрэг харилцаж чадахгүй, та нарын нэг нь бусдыгаа төлөөл гэсэн хүсэлт тавьсны дагуу Ч.Чимэгсүрэн биднийг төлөөлж гэрээ хийсэн. Бид анхнаасаа л газрынхаа төлбөрийг хийж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж явсан боловч Н.Батдорж 2009 онд миний барилгын материалаас авч өөрийн барьж буй байшиндаа хэрэглэх зэргээр намайг дээрэлхэж байсан учир би цагдаад хандаж үйлдлийг нь зогсоолгож байсан. Үүний дараа би иргэний шүүхэд хандаж, гэрээний оролцогч мөн, хамтын үйл ажиллагааны гэрээгээр барилгын эзэмшигч мөн гэдгээ албан ёсоор тогтоолгосон. Бидний зүгээс хамтран ажилласан нь үнэн, гэрээний оролцогч мөн, байшинг өмчлөх эрхтэй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, биднийг газар хамтран эзэмших эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Энх-Амгалан шүүхэд ирүүлсэн тайлбар болон хүсэлтдээ: Би бие даасан шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч Н.Батдоржтой харилцан тохиролцсон тул шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Д.Отгонжаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2004 онд Н.Батдоржтой Ч.Чимэгсүрэн. Г.Долгорсүрэн, Х.Болд, Д.Цэндсүрэн, Ч.Энх-Амгалан бид уулзан, Зайсангийн аманд байгаа түүний 1.5 га газар дээр аялал жуулчлалын цогцолбор барихаар ярилцаж тохирсон. Хан-Уул дүүргийн шүүхийн 2011.10.07-ны өдрийн 1238 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар хариуцагч маргахгүй байна гэж бичсэн. Аялал жуулчлалын цогцолбор барих зөвшөөрөл авах, гүний худаг, цахилгаан дамжуулах шугам, дэд өртөө, хашаа хайс, зам, дулаан болон усны шугам зэрэг ажлыг хийж гүйцэтгэх үүргийг бид хүлээсэн ч уг зардалд зориулан хүн тус бүр 6.250.000 төгрөг буюу 37.500.000 төгрөгийг Н.Батдоржид 2004 онд өгсөн. Тухайн газрын 50 хувийг Н.Батдорж, үлдсэн хувийг бид ашиглахаар тохирч энэ тухай гэрээг 2006.8.24-ний өдөр байгуулж, өөрсдийгөө төлөөлүүлж Ч.Чимэгсүрэнгээр гарын үсэг зуруулсан. Уг газар дээр миний бие байшин барьж эхэлсэн ба хөрөнгө мөнгөний боломжоос шалтгаалан 2007 онд зогссон. Гэтэл газар дээр буулгаж орхисон материалыг маань бусдад өгөх, байшингийн эд зүйлийг эвдлэх зэргээр Н.Батдорж нь дураар авирлах болсон тул Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст 2016 оны 9 дүгээр сард гомдол гаргаснаар түүний үйлдэл зогссон.Талууд гэрээг нөхөн байгуулсан бөгөөд хамтран ажиллаж байснаа 2007.4.04-ний өдөр баталгаажуулсан, энэ гэрээнд Ч.Чимэгсүрэн гарын үсэг зурсан нь Д.Отгонжаргал хамтран ажиллаагүй гэх үндэслэл биш байгаа. Иймд 2004 оны 1/104 дугаартай гэрчилгээний хавсралтад заагдсан газрыг Н.Батдоржийн хамт хамтран ашиглах эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Болд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Х.Болд миний бие 2005.7.08-ны өдөр Д.Цэндсүрэн, Ч.Энх-Амгалан, Ч.Чимэгсүрэн, Г.Долгорсүрэн, Д.Отгонжаргал нарын хамт Хан-Уул дүүргийн нутаг, Зайсангийн аманд байрлах Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын хотхон барих, хамтран ашиглах зорилгоор Н.Батдоржтой хамтран ажиллахаар тохирсон. Хамтын ажиллагааны хүрээнд Н.Батдорж газрын 50 хувьд барилга байгууламж барих, газрын дэд бүтэц буюу гүний худаг, зам, цахилгаан, хашаа хайс, дулаан болон цэвэр усны шугамыг Н.Батдорж барьж байгуулах бусад талууд оногдох төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Тохиролцсоны дагуу талууд тус бүр 6.250.000 төгрөгийг Н.Батдоржид шилжүүлсэн. Мөн Н.Батдорж нь газар эзэмших эрх, хамтын ажиллагаанд шаардлагатай зөвшөөрөл, техникийн нөхцлүүд авах үүрэгтэй байсан. Эдгээр эрх, үүргийг баталгаажуулж 2005.10.14-ний өдөр Х.Болд би Н.Батдоржтой №1 дугаартай хамтран ажиллах гэрээ, 2006.6.24-ний өдөр Ч.Чимэгсүрэн бусад 5 оролцогч нарыг төлөөлж Н.Батдоржтой №1 дугаартай хамтын үйл ажиллагааны гэрээ, 2006.9.13-ны өдөр Х.Болд би Н.Батдоржтой №2 дугаартай хамтран ажиллах гэрээг тус тус байгуулсан. Н.Батдорж нь талуудын оруулсан хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй, тухайн газарт дэд бүтэц бариагүй, зарим оролцогчид барилга баригдах явцад хамтын ажиллагаанаас гарсан, хөрөнгө мөнгө саатсан, талууд маргалдсан зэргээр өнөөдрийг хүрлээ. Х.Болд миний бие 2005 оны 6 дугаар сарын эхлэн 100 хувь өөрийн хөрөнгөөр барилгыг санхүүжүүлж гэрээгээ зөрчилгүй өнөөдрийг хүртэл явж ирсэн төдийгүй тус газрын харуул хамгаалалтын төлбөрийг хувиасаа төлж ирсэн. Энэ хугацаанд банкны зээл авч барилгад хөрөнгө оруулсан, баригдсан барилга дэд бүтэцгүйгээс гадна газар нь Н.Батдоржийн нэр дээр байсан учир барьцаалах боломжгүй зэргээс шалтгаалж их хэмжээний хөрөнгийг үхмэл болгон түгжиж, зээл зээлийн хүүгээ төлөхөд хүндрэлтэй болгож байна. Гэтэл Н.Батдорж нь гэрээний үүргээ зөрчин бидэнд мэдэгдэлгүйгээр газрыг гуравдагч этгээдэд зарахаар тохиролцож, өнөөдрийг хүртэл гаргасан хүчин чармайлтыг үгүй хийж итгэл эвдлээ. Иймд 1/104 дугаар гэрчилгээ бүхий газар гүний худаг, цахилгаан дамжуулах шугам-дэд өртөө, зам, бохирын худаг, дулааны болон цэвэр усны шугам татахыг даалгах, газраас өөрт ногдох хэсгийг ашиглах эрхтэйг мөн барилгын захиалагч, хөрөнгө оруулагчийн хувьд эзэмших, ашиглах эрхтэй болохыг тус тус тогтоолгох шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа: Захиргааны хэргийн шүүхэд гаргасан Байгаль орчны яамны сайдын олгосон 104 тоот ашиглах эрхийн гэрчилгээг Н.Батдоржийн хамт хамтран ашиглах эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг 2014.8.13-ны өдөр гаргасан байдаг. Тухайн газар ашиглах эрхийн гэрчилгээ нь Байгаль орчны яамны сайдын зөвшөөрлөөр олгогддог бөгөөд гэрчилгээг олгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу олгодог юм. Энэ болзол журмын дагуу Н.Батдорж өөрийнхөө нэр дээр газар авсан юм. Үүнтэй холбоотойгоор захиргааны хэргийн шүүхэд асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд захиргааны хэргийн шүүхийн 556 шийдвэрийн тогтоох хэсэг, үндэслэх хэсэгт маш тодорхой зааж өгсөн байгаа. Байшин барилгыг эзэмших эрхтэй гэдгийг иргэний шүүхээр тогтоосон. Түүнээс биш газар ашиглах эрхтэй гэж тогтоож өгөөгүй. Газар ашиглах эрх нь Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулиар хориглогдсон байгаа. Ийм учир Д.Отгонжаргалын сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Х.Болдын сөрөг нэхэмжлэлийг мөн зөвшөөрөхгүй. Учир нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр буюу Хан-Уул дүүргийн шүүхийн 2011.10.07-ны өдрийн 1238 дугаар шийдвэрээр түүнийг талуудын байгуулсан гэрээний оролцогч биш, гэрээнээс гарч явсан гэдгийг маш тодорхой дурдсан байгаа гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 102/ШШ2016/03142 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан ашиглаж буй аялал жуулчлалын зориулалт бүхий 1.4 га талбайтай Байгаль Орчны яамны 1/104 дугаар газар ашиглах эрх бүхий газрыг чөлөөлж, дутуу баригдсан барилгыг буулгахыг хариуцагч  нарт даалгах тухай Н.Батдоржийн нэхэмжлэлийг, мөн  газар хамтран ашиглах эрхтэй болохыг тогтоолгох, Х.Болдын гэрээний үүргээ биелүүлэхийг даалгуулах тухай Д.Отгонжаргал, Х.Болд нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан газар хамтран ашиглах эрхтэй болохыг тогтоолгох тухай  бие даасан шаардлагаасаа гуравдагч этгээд Ч.Энх-Амгалан татгалзсанг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-г баримтлан Н.Батдорж, Х.Болд, Д.Отгонжаргал, Ч.Энх-Амгалан нар тус бүрээс  төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1350 дугаартай магадлал гаргаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/03142 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 478 дугаар зүйлийн 478.9, 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Н.Батдоржийн ашиглаж буй аялал жуулчлалын зориулалт бүхий 1.4 га талбайтай Байгаль Орчны яамны 1/104 дугаар газар ашиглах эрх бүхий газрыг чөлөөлж, дутуу баригдсан барилгыг буулгахыг хариуцагч Д.Отгонжаргал, Х.Болд нарт даалгах тухай үндсэн, Д.Отгонжаргалын газар хамтран ашиглах эрхтэй болохыг тогтоолгох, Х.Болдын Н.Батдоржид хамтран ажиллах гэрээний дагуу гүний худаг, цахилгаан дамжуулах шугам, дэд өртөө, зам, бохирын худаг, дулааны болон цэвэр усны шугам татахыг даалгах, газраас өөрт ногдох хэсгийг ашиглах эрхтэй болон барилгын захиалагч, хөрөнгө оруулагчийн хувьд эзэмших, ашиглах эрхтэй болохыг тус тус тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй...” болгох гэж  өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээжээ.

Н.Батдоржийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлээ ИХШХШТухай хуулийн 92 зүйлийг үндэслэн гаргаж байгааг тайлбарласныг  харгалзан үзэлгүй зөвхөн нэг зүйл заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Барилгыг хамтран эзэмшиж байгаа нь хууль бус болохыг нэхэмжлэгч нотлоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Улсын байцаагч Н.Эрдэнэбилэгийн "Зөрчил арилгуулах тухай" албан шаардлага авагдсан байдаг. Уг шаардлагад Иргэн Н.Батдоржийн барьж эхлээд дутуу орхисон 1 ширхэг барилга нь ашиглах зөвшөөрөл бүхий газрын хэмжээнээс хэтрүүлэн бусдын ашиглах зөвшөөрөл бүхий газарт орсон мөн орц гарцыг хаасан нь Газрын тухай хуулийн 35.3.1, 35.3.5, Тусгай хамгаалалттай Газар Нутгийн тухай хуулийн 38-р зүйлд заасан газар ашиглагчийн үүрэг, Тусгай хамгаалалттай Газар Нутаг дэвсгэрт газар ашиглах журам, газар ашиглах гурвалсан гэрээний 4-р зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн. Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7, 10.9.8, Байгаль хамгаалах тухай хуулийн 27-р зүйл, Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн тухай хуулийн 42-р зүйл, Газрын тухай хуулийн 35.3.2-г үндэслэн шаардаж байна. Үүнд:

Дутуу баригдаж орхигдсон барилгыг 2014.7.10-ны дотор буулгах Зөрчлийг арилган албан шаардлагын хариуг хамгаалалтын захиргаанд ирүүлэх. Д.Отгонжаргалын дутуу барьж орхисон барилга нь бусдын ашиглах эрхтэй /хх 1-106/ газар буюу "Грэйт Блю маунтайнс" ХХК-ийн газарт 1-2 м орсон объектийн зургийг нотлох баримтаар өгсөн болно.   Н.Батдоржийн ашиглаж буй 1.4 га газрын /хх 1-170, 171/ Нэгж талбарын хил, заагийг газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн акт, кадастрын зургийг мөн нотлох баримтаар өгсөн болно. Хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлэлгүй газрын төлбөр бусад шаардагдах зардалд нэг ч төгрөг өнөөдрийг хүртэл Д.Отгонжаргал нь төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй нь гэрээнээс татгалзсаныг нотолдог. Дээрх нотлох баримтуудыг үндэслэн Д.Отгонжаргалын эзэмших эрхтэй дутуу баригдаж орхигдсон барилга нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон хууль журмыг зөрчсөн мөн хамтран ажиллах гэрээний оролцогч Д.Цэндсүрэн болон Г.Долгорсүрэн, Ч.Чимэгсүрэн, Ч.Энх-Амгалан нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон бие даасан шаардлагаасаа өөрсдийн хүсэл зоригоор татгалзсан, Хан-Уул дүүргийн шүүхийн 2011.10.07-ны өдрийн 1238 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэг 2 дахь догол мөрөнд "Зайсангийн аманд Н.Батдоржийн ашиглалтад байгаа 1.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар хамтран ажиллах гэрээгээ Ч.Чимэгсүрэн, Г.Долгорсүрэн, Д.Цэндсүрэн (П.Нарантуяа), Х.Болд, Ч.Энх-Амгалан нар нь хариуцагчтай тохиролцон дуусгавар болгож, оруулсан хөрөнгө буцаан авсан явдал нь тэдний асуудал бөгөөд энэ нь нэхэмжлэгч Д.Отгонжаргалыг шүүхэд дээрх шаардлага гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм." гэж хамтран ажиллах гэрээг дуусгавар болсныг ИХШХШТухай хуулийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон юм. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ "...Талууд 2008.08.24-ний өдөр байгуулсан "Хамтын үйл ажиллагааны тухай" 01 тоот гэрээг хуульд заасан журмын цуцалсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогоогүй гэж..." гэсэн нь дээрх гэрээнд оролцогч талууд гэрээг дуусгавар болгож, оруулсан хөрөнгөө авсан болон түүнийг нотолсон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн заалтыг харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэгэнт хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон тул тухайн газраа зориулалтын дагуу ашиглах уйл ажиллагаа явуулах, хууль, журам гэрээнд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх үүднээс Д.Отгонжаргал, Х.Болд нараас газар чөлөөлүүлэх, хууль зөрчин дутуу баригдсан барилгыг буулгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно гэжээ.

Х.Болдын төлөөлөгч хяналтын шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "гэрээний талууд хамтран ажиллахаар тохирсон талаар маргаагүй ...хэдий ч /Х.Болд/ уг гэрээнүүдийн дагуу шаардах эрхтэй эсэх нь тогтоогдохгүй байна" гэж дүгнэхдээ Х.Болдын өөр хэрэг маргаанд өгч байсан мэдүүлэг, тайлбарыг шууд үндэслэл болгосон нь учир дутагдалтай байна (шийдвэрийн 9 дэх талын 2 дахь /гомдолд/). Учир нь нэг талаас хариуцагч Х.Болдын энэхүү мэдүүлэг өгснөөс хойш 5 хуулийн хугацаанд хэрэг, маргааны нөхцөл байдал өөрчлөгдсөн буюу маргалдагч талууд харилцан тохиролцох замаар зарим барилгад хэн хөрөнгө үргэлжлүүлэн оруулах асуудлыг тохиролцсон байдаг. Нөгөө талаас давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлтийн талаар "хариуцагчийн өөр хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлгийг энэ хэргийг шийдвэрлэхэд нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь буруу болохыг тэмдэглэх нь  зүйтэй" (магадлалын 15 талын 2 догол) байна гэж үзсэн атлаа анхан шатны шүүхийн шийдвэрийг агуулгын хувьд хэвээр үлдээсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр, төдийгүй түүнд холбогдох магадлалын хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагад эргэлзээ төрүүлж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Х.Болдын хамтын ажиллагааны гэрээнээс шаардах эрх үүсэхгүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтийн үндэслэл болох тодорхой нотлох баримтууд (өөр хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлэг)-ийг үнэлсэн байдлыг давж заалдах шатны шүүх буруутгаж, хууль хэрэглээний алдаа гэж үзсэн атлаа анхан шатны шүүхийн шийдвэрийг агуулгын хувьд хэвээр үлдээсэн байна. Хоёр. Улсын дээд шүүхийн 2014.12.18-ны өдрийн 832 дугаартай тогтоолын хянавал хэсэгт "Ч.Чимэгсүрэн, Д.Долгорсүрэн нарыг гэрчээр асуулгахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шүүх хангаж захирамж гаргасан атлаа захирамжийн заалт биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь" (хх-ийн 127 дахь тал) ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзсэн бөгөөд дээд шатны шүүхээс өгсөн энэхүү чиглэлийг анхан шатны шүүх хэрэгжүүлэхгүйгээр дахин хэргийг хянан шийдвэрлэсэн болно гэжээ.

Д.Отгонжаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2016.4.18-ны өдрийн 16/03142 тоот хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу давж заалдах шатны шүүхэд газар хамтран эзэмших эрхтэй болохыг тогтоолгох шаардлага гаргасаар байтал “дахин нотлохгүй” гэсэн үндэслэл зааж анхан шатны шүүх дээр хэлэлцэгдээгүй үйл баримтыг анхан шатны шүүхийн шатанд хэлэлцэгдсэн мэтээр дүгнэж үндэслэлгүйгээр давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхиж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайн маргаж буй үйл баримт болох газрын тодорхой хувийг Д.Отгонжаргал миний бие нь хууль ёсны дагуу хамтран эзэмших ашиглах эрхтэй билээ. Иймд гомдлыг хүлээн авч танилцан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаас гадна магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Зайсангийн аманд байрлах 1.5 га газраас Х.Болд, Д.Отгонжаргал нарын эзэмшлийн дутуу баригдсан барилгыг буулгах, газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг Н.Батдорж,

гэрчилгээ бүхий газарт дэд өртөө, зам, бохирын худаг, дулааны болон цэвэр усны шугам татахыг даалгуулах, нэхэмжлэгчийн эзэмшлийн газраас өөрт ногдох хэсгийн газрыг ашиглах эрхтэйг тогтоолгох, барилгыг эзэмших, ашиглах эрхтэйг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг Х.Болд,

хамтран ажиллах гэрээний дагуу газрыг хамтран ашиглах эрхтэйг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг Д.Отгонжаргал,

газар хамтран ашиглах эрхтэй болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг гуравдагч этгээд Ч.Энх-Амгалан тус тус шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсгийг баримтлан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 478 дугаар зүйлийн 478.9, 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэг болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Н.Батдорж, Х.Болд, Д.Отгонжаргал нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Д.Цэндсүрэн, Х.Болд, Ч.Чимэгсүрэн, Г.Долгорсүрэн, Ч.Энх-Амгалан, Д.Отгонжаргал нар хөрөнгө нийлүүлэн Хан-Уул дүүргийн, Зайсангийн аманд байрлах нэхэмжлэгч Н.Батдоржийн аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх бүхий 1.5 га газар дээр барилга барьж, хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажиллах гэрээний явцад Д.Цэндсүрэн, Ч.Чимэгсүрэн, Г.Долгорсүрэн нар гэрээнээс гарсан байна.

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн, Зайсангийн аманд байрлах 1.5 га газрыг Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгогдсон 2004 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1/104 тоот гэрчилгээгээр 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ашиглах эрхтэй болох нь тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй.

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1238 дугаар шийдвэрээр талууд Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр Н.Батдоржийн ашиглах эрхтэй газар дээр байшин барьж, хамтран ажилласан, хариуцагч Д.Отгонжаргал дутуу баригдсан барилгыг хамтран эзэмших эрхтэй нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, Х.Болдод холбогдох нэхэмжлэлийн талаар шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул Н.Батдоржийн нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Газрыг Газрын тухай хуульд заасан хугацаа, зориулалтаар гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх бөгөөд Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргадаг тул газар ашиглах эрх олгохыг нэхэмжлэгчээс шаардах нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчинө. Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагч нарын гомдлыг хангах боломжгүй.

Давж заалдах шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хууль, Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул  зохигчдын гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1350 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Д.Отгонжаргалаас 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Х.Болдоос 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод оруулсугай.

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.АМАРСАЙХАН

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ