Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 214/МА2021/00001

 

Д.*******ын нэхэмжлэлтэй Х.*******т

                                холбогдох иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.*******т холбогдох, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Х.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг /онлайнаар/, хариуцагч Х.*******, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг /онлайнаар/ нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов. 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х.*******тэй 2010 онд танилцаж амьдарч байсан. 2011 оны 03 дугаар сарын 12-ны өдөр охин ******* төрсөн. Хамт амьдарч байхдаа хүүхэдтэй болно гэж бодоогүй. Би Х.*******ээс 22 насны зөрүүтэй учраас хамт амьдрах боломжгүй гэж бодсон. Зайгаа бариад хол амьдрахыг хүссэн. Гэтэл Х.******* хоёулаа хүүхэдтэй болвол амьдрал тогтвортой болно гэж хэлсэн. Тэгээд охинтой болсон. Охиныг 11 сар хүртэл цуг амьдарч байсан. Х.******* 2012 оны 05 сард эцэг тогтоолгож, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Х.******* нь түүнээс хойш охиныг өөрийн асрамжид үлдээсэн атлаа ийш тийш явах болохоороо хүүхдийг над дээр орхиод явчихдаг байсан. Х.******* шүүхийн шийдвэр гарснаас хойш хүүхдээ асарч байгаагүй. Би өөрөө гардаж асарч байсан. 2012 он, 2013 онд эмчлүүлж байхад хамт хэвтэж байсан хүмүүс бас тодорхойлолт хийж өгсөн байгаа. Шүүхээр өөрийн асрамжинд үлдээсэн нэр зүүчээд өөр дээрээ харж хандаж байгаагүй. Цэцэрлэгт байхад нь цэцэрлэгийн хувцастай нь такситай аваад явчихдаг байсан. Хүүхдэдээ анхаарал тавьдаггүй. Х.******* багш учир охиноо сургуульд сурахад нь ээжийнх нь хажууд байлгасан. Энэ хүн хүүхдийнхээ эрхийг хязгаарлаж надтай уулзуулдаггүй байсан. Охин багаасаа надтай хамт өссөн учраас над руу гэсэн хүсэл, тэмүүлэлтэй байдаг. 2018 оны 10 сард охин над дээр хүрч ирсэн. Тэгээд гэртээ очиход нь Х.******* загнаж, утсаар над руу яриад “энэ шээсээ ирж ав” гэж хэлсэн. Би машинтай очиход өвдгөөр нь сөхрүүлээд суулгасан байсан. Хүүхэд надтай хамт байна гэж байгаа. Тиймээс би хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, эхээс нь тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өөр орон нутгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Би охиноо өөрийн асрамжид авч эхээс нь тэтгэлэг тогтоолгоно гэв.

  

Хариуцагч Х.******* нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.*******тай 2009 онд хамт амьдран 2011 онд охин *******ийг төрүүлж, 2012 онд бид хоёр тусдаа амьдарч эхэлсэн. 2012 онд охин *******т хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон боловч *******ын ар амьдралыг өрөвдөж тэтгэлэг авалгүй явсаар 2014 онд тэтгэмжээ цуцлуулсан. Охиныгоо өдий 9 нас хүртэл би өөрөө өсгөн хүмүүжүүлж, бүхий л хэрэгцээгээр нь хангадаг бөгөөд *******аас 100 төгрөг ч авч үзээгүй. ******* нь намайг ажилдаа явсан хойгуур настай ээжийг минь дээрэлхэж охиныг минь авч явдаг байсан. Шинжээч нарыг хахуулдсан гэж ярьж байна. Надад шинжээчийг хахуулдах мөнгө байхгүй. Өмнө шүүхэд нэхэмжлэл гаргаад эвлэрэх хугацаа авч хэдэн сар амьдарсан. Тэгээд таарахгүй учраас дахин салсан. Мөн Шүүхийн шийдвэрээс хүүхдийн тэтгэлгийг 2 жил аваагүй байна, тэтгэлгээ авах уу? гэж асуухад нь би тэтгэлгээс татгалзсан. Д.******* нь хүүхдийн мөнгө 100.000 төгрөг болсноос хойш хүүхдээ өөрийн нэр дээр авна гэж байна. Мөнгөнөөс шалтгаалж хүүхдээ асрамжиндаа авна гэж маргаж байна. Би хүүхдүүдээ хойд эцгийн гар харуулахгүй гэж өдийг хүртэл хүнтэй суугаагүй. Би хүүхдээ ийм орчинд өсгөмөөргүй байна. Хүүхдээ өөрийн асрамжид үлдээнэ гэв. 

   Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар 2011 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Б.*******ийг эх Х.*******ийн асрамжид байсныг өөрчилж, эцэг Д.*******ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.*******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эх Х.*******ээр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эцэг Д.*******ад даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т  зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.*******ээс 104414 /зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрвөн/ төгрөгийг гаргуулж, 34214 /гучин дөрвөн мянга хоёр зуун арван дөрвөн/ төгрөгийг Төрийн санд, 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг нэхэмжлэгчид тус тус олгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол Б.*******ийн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглож, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажпын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Батсайханд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Хариуцагч Х.******* давж заалдах гомдолдоо: Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх миний 9 настай охиныг зөвхөн өөрийнх хүсэлтээр эцэг Д.*******ын асрамжид байлгахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би охиноо төрүүлсэн цагаас одоог хүртэл өсгөн хүмүүжүүлж ирсэн. Эцэг тогтоолгох шүүхийн шийдвэрээр охины миний эх миний асрамжид үлдээсэн бөгөөд эцэг Д.*******аас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч Д.******* нь дагавар хүүхэдтэй эмэгтэйтэй гэрлэсэн, ажил орлого байхгүй болохоор нь мөн 2 жил огт тэтгэлэг төлөөгүй шийдвэр гүйцэтгэгч залгахад юу ч үгүй хүнээс юуг нь авах вэ нэг тийш болго гээд байхаар нь би тэтгэлэг авахгүй гэж шийдвэр гүйцэтгэлийн албанд бичиж өгөөд түүнийг хүүхдийн тэтгэлэг төлөх үүргээс нь чөлөөлж өгсөн юм. Гэтэл охиныг минь овоо болж өссөн энэ үед өөрөө асран хамгаалж авна гээд авахыг хүсч надаас тэтгэлэг авч төрөөс хүүхдэд өгдөг мөнгийг бас авч түүгээр нь өөрөө амьдрах эх үүсвэр болгох гэж байгааг шүүх шүүх анзаарсангүй Д.*******ын хамтран амьдрагч эмэгтэй өөрийн хүүхэдтэй ширүүн  харьцдаг, миний охиныг нэг удаа архи ууссан үедээ үсдэн чирж байсан гэдгийг одоо охин минь ярьж байна. Ийм орчинд би охиноо байлгамааргүй байна. Уг нь би охиноо эцгээс бүр салгахгүй ирэн очин байлгадаг байсан. Ингэж эцэг рүү нь явуулсан үед охиныхоо төлөө гэж нэг удаа  санаа тавьж хэд хэдэн удаагийн тохиолдлыг ихэд сүргийг үзүүлэн худал ярьсан. Охиныг бараг л бүх хугацаанд өөрөө өсгөж байсан гэж худал ярьсан. Үүнд шүүгч итгэж намайг буруутгасан. Гэтэл бид салсан ч үр хүүхдээ хоёулаа анхаарах ёстой гэсэн хуулийн дагуу түүнд хааяа охиноо үлдээж байсныг анзаарсангүй. Шүүх Д.*******ын орлогогүй байдлыг анзаарч үзсэнгүй. Түүний орлогогүй гэдгийг би нотлохгүй харин Д.******* орлоготой хүүхдээ тэжээн тэтгэх боломжтой гэдгээ нотлох ёстой. Гэтэл энэ асуудал дээр намайг нотлоогүй гэж дүгнэсэнд үнэхээр гайхаж байна. Түүнчлэн шүүх өөрөө шинжээч томилчихоод тэдний гаргаж ирсэн дүгнэлтийг хэрхэн үзэж байгаагаа шүүхийн шийдвэрт дурдсангүй орхигдуулсан. Шинжээчийн дүгнэлтэд эх надад давуу байдал тогтоогдсон тухай дурдсанг үнэлж үзсэнгүй. Охин минь аавтайгаа амьдарна гэж хэлсэн нь хүүхдийн түр зуурын сэтгэгдэл юм. Одоо охин минь ээжтэйгээ байгаа гэвч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад охиныг авна гэж цагдаа дагуулж ирж, хэл, ам хийсээр байна. Би охиноо Д.*******ад өгөхгүй, би өөрийн гэсэн орон, гэр, орлоготой охиноо хойд эхийн гар харуулахгүй, миний охиныг /миний эх асрамжид/ төрсөн эх шиг нь хайрлах уу тэр хүн. Иймд охиныг миний эх миний асрамжид байлгахаар шийдвэрлэсэн өөрчлөлтийг шийдвэрт оруулна уу гэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд гаргасан хариу тайлбартаа: Д.*******ын нэхэмжлэлтэй Х.*******т холбогдох хүүхдийн асрамж өөрчлөх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04 дугаартай шийдвэрээр эцэг Д.*******ын асрамжид охин Б.*******ийг үлдээхээр шийдвэрлэсэн юм. Тус шийдвэрийг эс зөвшөөрч Х.******* нь давж заалдах гомдол гаргасантай танилцаад дараах тайлбар гаргаж байна. Х.******* нь шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэх ёстой гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь охин Б.******* нь 2019 оны 10 сараас хойш миний асрамжид байгаа бөгөөд энэ хугацаанд Х.******* нь охины сурч байгаа сургуульд багшилдаг мөртлөө охинтой 2 сард хоёрхон удаа уулзсан байдаг. Эх нь охиндоо эх хүний үүрэг гүйцэтгэж чадахгүй, өөрөөр хэлбэл охины сургуулийн багш байж охины хичээл сурлагад анхаарал тавьдаггүй хэрхэн сурч байгаа талаар охинтойгоо ярилцаж үзээгүй байдаг. Би охиноо сургуулиас нь аваад ирэхдээ ээж чинь чамд анхаарал тавьж хичээл номыг чинь үзэж харж байна уу гэж асуухад охин ээж надтай ер нь уулздаггүй гэж хариулдаг. Тиймээс өнөөдөр охин маань аавтайгаа байна гэдэг саналаа хэлсэн юм. Үүнийг шүүх үнэлсэн юм. Охин маань аавтайгаа байх дуртай. Би охиндоо анхаарал халамж тавьж бүхнээ зарцуулдаг. Охиноо байнга сургуульд нь хүргэж өгч, авдаг. Тиймээс миний охин аавтайгаа байх дуртай. Би хүүхдийнхээ сурлага хүмүүжил болон бусад зүйлд нь анхаарал халамж тависаар ирсэн. Анхан шатны шүүх хуралд энэ байдлаа нотлож нотлох баримт гаргаж өгч мөн мэдүүлэг өгч байсан. Гэтэл Х.******* нь хүүхдийн төлөө ямар ч анхаарал халамж тавьдаггүй мөртлөө, зөвхөн хүүхдийн мөнгийг хүүхэддээ зарцуулж байгаагүй. Эх нь авч захиран зарцуулах эрхтэй гэж мэтгэлцэж байна. Энэ хугацаанд хүүхдийн мөнгийг хүүхэддээ зарцуулж байгаагүй зөвхөн би хэрэглэж ирсэн гэдгээ хэлдэг. Үүнээс анхан шатны шүүх үнэлт, дүгнэлт өгсөн нь тодорхой юм. Шүүх хурал дээр хүүхдийн мөнгөний талаар ярьсан ийм хүн хүүхдээ асрач, хүмүүжүүлж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа тул би хүүхдээ асрах хүсэлтэй байгаа юм. Иймд давж заалдах шатанд гаргасан гомдлыг нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна гэж үзлээ. 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Х.*******т холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Булган аймаг дах Сум дундын шүүхийн  2012 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн 161 дугаар шийдвэрээр[1][1] Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Ш.*******ийн эцгээр Д.*******ыг тогтоож, охин Б.*******ийг эх Х.*******ийн асрамжид үлдээж, эцэг Д.*******аар Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу тэжээн тэтгүүлэхээр  шийдвэрлэжээ. 

 Дээрх шүүхийн шийдвэрийг дагуу охин Б.*******ийг эх Х.*******ийн асрамжид үлдээсэн ч хариуцагч Д.******* нь шүүхийн шийдвэр гарснаас хойш охин Б.*******ийг би өөрөө өсгөж, хүмүүжүүлсэн, охин одоо миний асрамжид байгаа гэх үндэслэлээр 2020 оны 05 сарын 05-ны өдөр анхан шатны шүүхэд хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. 

Анхна шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2011 оны 03 дугаар сарын 12-ний өдөр төрсөн Б.*******ийн эцэг Д.*******ын асрамжид үлдээж, эх Х.*******ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн  холбогдох зүйл заалттай нийцжээ. 

Тус хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар хариуцагчийн хүсэлтээр Засаг даргын дэргэдэх Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилсон байх бөгөөд шинжээч нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/100 дугаар дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлсэн байхад тухайн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэснийг анхаарч үзээгүй нь учир дутагдалтай болжээ. 

Дээр дурдсан шинжээчийн дүгнэлтээс үзэхэд “эцэг эх хүүхэддээ хандах хандлагыг тодорхойлох үнэлгээг” эцэг хүүхдийн харилцаа хүмүүжлийг тодорхойлох 3 оношилогоогоор үнэлгээ гаргасан байдлыг нь авч үзвэл “Гэр бүлийн харилцаа” судалгаанд эцэг Д.******* нь 10 үзүүлэлтэд өндөр, эх Х.******* нь 1 үзүүлэлтэд өндөр гарсан байдал, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 зааснаар *******ын *******ээс саналыг асуухад асрамжийн асуудлаар “аавтайгаа  илүү дотно байдаг, аав мөнгө өгдөг, хувцас бас авч өгдөг, аав, ээж тусдаа амьдарвал аавтайгаа хамт амьдарна” гэж тайлбар өгсөн байдал болон тухайн хэрэгт хамааралтай маргаантай холбоотой үйл баримтыг үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.   

 Гэр бүлийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т “...үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас асрамж дэмжлэгтэй байгаа хүнийг хараа хяналтгүй, эсхүл шаардлагтай тусламж үзүүлээгүй... “ заасныг баримтлаж асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүй болгож, охин Б.*******ийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр эцэг Д.*******ын тогтоож, түүний асрамжинд үлдээх хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.      

 

Харин анхан шатны шүүхийн хууль хэрэглээний хувьд алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах боломжтой, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.  

Хариуцагч Х.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх зүйтэй байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:        

1. Хариуцагч Х.*******ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “14 дүгээр зүйлийн 14.6, 14.7” гэснийг “73 дугаар зүйлийн 73.3-т зааснаар 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 161 дугаар шийдвэрээр охин Б.*******ийг эх Х.*******ийн асрамжинд өгсөнийг хүчингүй болгож, эцэг Д.*******ын асрамжинд үлдээсүгэй.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч Х.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд үлээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

  

              ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Ё.БЯМБАЦЭРЭН 

                                ШҮҮГЧИД                                    Д.МӨНХӨӨ 

                                                                                            М.ХҮРЭЛБААТАР