Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 211

 

Д.Ж-ы нэхэмжлэлтэй, Хууль

сахиулахын их сургуульд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Г.Банзрагч

                                                    Б.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга:             Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/463 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон бүхэлд нь хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, Цагдаагийн ахмад цолыг сэргээлгэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0113 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0248 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Д.Ж, түүний өмгөөлөгч Б.Д нар

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0113 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.1, 26.8, 40 дүгээр зүйлийн 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ж-аас Хууль сахиулах их сургуульд холбогдуулан гаргасан “Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/463 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон бүхэлд нь хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, Цагдаагийн ахмад цолыг сэргээлгэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0248 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0113 дугаар шийдвэрийг “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын 40 дүгээр зүйлийн 40.2 гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч Д.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянах хэсэгт: Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь дээрх зөрчлүүдийг гаргасан. үг зөрчлүүдийн заримыг нь тодруулбал. “... 2016 оноос 2017 оны хооронд улирал бүрт 60.000 төгрөгийг хувийн автомашины шатахууны төлбөрт сонсогч нараас авсан, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр сонсогч оюутан Б.Суманхүүг зодсон” гэх зөрчлүүдэд Төрийн албаны түхай хууль /2002 он/-ийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан хариуцлага ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад хариуцлага тооцсон боловч маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй талаар зөв дүгнэлт хийжээ хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэрээ гаргасан бөгөөд Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэсэн заалтыг Хууль сахиулах их сургууль илт зөрчсөөр байхад шүүхээс маргаан бүхий актыг бүхэлд нь хүчингүй болгохгүй байгаад гомдолтой байна.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянах хэсэгт Хууль сахиулах их сургуулийн дүрмийн 33 дугаар зүйлийн 33.1.15-д хууль тогтоомж, их сургуулийн бие бүрэлдэхүүний дагаж мөрдөх, дүрэм. журам болон бусад эрх зүйн актыг сахин биелүүлэх”, Хууль сахиулах их сургуулийн багш. ажилтан, сонсогчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.5-д “албан үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэж, хамт олны нэр хүндийг өргөж, сэвтээх үйлдэл гаргахгүй ажиллана”, 5.6.3-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах" гэж тус тус заасныг энэ тохиолдолд авч үзвэл нэхэмжлэгч Д.Ж нь хэдийгээр ажлын цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглээгүй ч байгууллагаас нэгдсэн журмаар зохион байгуулсан арга хэмжээний үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хамт ажилладаг ажилтныгаа зодсон тул түүнийг дээрх хууль, дүрэм, журмын холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Миний бие уг зодооныг салгасан байтал өөрөө зодсон мэт бусдад ойлгогдож ажлаасаа хүртэл халагдсанд гомдолтой байна. Шүүхийн зүгээс уг зөрчлийг Д.Жаргалсайхан гаргаагүй гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр хурлын тэмдэглэлд цагдаагийн ахмад Г.Б “... Ч.Б надруу агсрахаар нь би цохиод зодолдож эхлэхэд Д.Ж, н.Оюунжаргал хоёр салгаад гэр лүү орсон”, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Б “...орой намайг Г.Б-тэй зодолдоход Д.Ж ахмад салгасан” гэх гэрчийн мэдүүлгийг шүүх анхаарч үзсэнгүй.

5. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянах хэсэгт “... Түүнчлэн нэхэмжлэгч анхан шатны шүүхийг “...хууль бус албаны шалгалтыг үндэслэл болгосон” хэмээн буруутгасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж хуульчилсан ба нэхэмжлэгч нь хариуцагчийн албаны шалгалт явуулахаар шийдвэрлэсэн акттай маргаагүй байхад тухайн албаны шалгалтыг хууль ёсны дагуу хийгдсэн эсэх талаар дүгнэж, холбогдох баримтуудыг үнэлээгүй хэмээн шүүхийг буруутгах боломжгүй гэж дүгнэснийг эс хүлээн зөвшөөрч байна. Хариуцагчийн зүгээс хууль бус албаны шалгалт явуулж, үүнийхээ хүрээнд тушаал гаргаж намайг ажлаас халсан учир Хууль сахиулах их сургуулийн тушаал нь бүхэлдээ хууль зөрчсөн гэж маргаж байгаа болно.

6. Мөн Д.Ж намайг ажлаас халж байгаа тухай огт мэдэгдээгүй, албаны шалгалт явуулж байгаа гэсэн болохоос ажлаас халж байгаа, халах гэж байгаа тушаал, захиргааны акт гаргасан гэдийг огт хэлээгүй, мэдэгдээгүй. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа, захиргааны акт гардуулах зэрэг ажиллагаануудыг хийгээгүй. Иймд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0113 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2019/0248 магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “тогтоох” хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай “Б/463 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Хууль сахиулахын их сургуулийн дүрмийн 12.1.5, 12.2-т заасныг үндэслэн тус Сургуулийн цэргийн албаны зохион байгуулалт, ёс журмын офицер-багш, цагдаагийн ахмад Д.Ж-ыг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, цагдаагийн ахмад цолыг хураах сахилгын шийтгэл ногдуулсан, нэхэмжлэгч Д.Жаргалсайхан нь “... надаас тайлбар тодорхойлолт аваагүй, миний эрхийг хангаагүй, зөрчил гаргаагүй, тушаалд зөрчлийн талаар тусгаагүй, хууль бус” гэж маргажээ.

9. Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/25 дугаар тушаалаар батлагдсан “Албаны шалгалт явуулах журам”-ын 2.1.2-т “... сургуулийн  дүрэм, сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, багш, ажилтан, сонсогчийн ёс зүйн дүрэм ... зэргийг зөрчсөн үйлдэлд албаны шалгалт явуулах”-аар, 5.1-д “Их сургуулийн удирдлагын шийдвэрээр хяналт шалгалт хариуцсан нэгж, даалгасан албан хаагч биечлэн явуулах”-аар тус тус заасан, энэ тохиолдлын хувьд Хууль сахиулахын их сургуулийн албан хаагчид “Цагдаагийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэхээр“Түр хурх” амралтын газарт амрах үеэрээ 2018 оны 6 дугаар сарын 16-17-ны шилжих шөнө хэрүүл маргаан гаргасан, хоорондоо зодолдсон, үүний улмаас хүн гэмтсэн ба уг асуудлыг их сургуулийн Цагдаагийн сургуулийн удирдлагын баг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хурлаараа хэлэлцээд их сургуулийн удирдлагад мэдэгдэх, гэм буруутай хүмүүст зохих хариуцлага тооцуулахаар шийдвэрлэсэн, улмаар тус сургуулийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албанаас явуулсан албаны шалгалтаар Д.Жаргалсайханыг тухайн маргаан, зодоонд оролцсон буюу Ч.Б-ыг зодсон болохыг тогтоосон, үүнээс гадна сонсогч Б.С-г 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үл ялих шалтгаанаар зодож, зүй бус харьцсан, албан тушаалын байдлаа ашиглан /дарамтлах байдлаар/ Ч.Б-аар “караоке”-д үйлчлүүлсний төлбөр, гар утасны төлбөрт 3 удаа нийт 220000 төгрөгийг 2018 оны 3, 4 дүгээр сард төлүүлсэн зэргийг холбогдох хүмүүсийн тайлбараар тогтоож, сахилга, ёс зүйг зөрчсөн уг зөрчилд төрийн албанд 1 жилийн хугацаанд орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулах санал гаргаж, Захирлын зөвлөлийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуралд танилцуулсан ба шалгалтын дүнгийн талаар Д.Ж-ы өөрийнх нь тайлбарыг сонссон, тус хурлаас төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байна.

10. Хэрэгт авагдсан албаны шалгалт явуулсан тухай илтгэх хуудас, хурлын тэмдэглэлүүд, захиргааны шийдвэрийн хяналтын дагалдах хуудас, Хяналт шинжилгээ, дотоод аудитын албанд болон Хууль сахиулахын их сургуулийн захирлын нэр дээр гаргаж байсан Д.Ж-ы өргөдөл зэргээс үзвэл албаны шалгалт явуулахдаа тайлбар аваагүй, эрхийг хангаагүй, ямар зөрчилд холбогдсон талаар мэдээгүй, үнэн зөвийг нягтлаагүй, ганц хүний гүтгэлгийн чанартай мэдээллээр ажлаас халах шийдвэр гаргасан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй байна.

11. Түүнчлэн, хариуцагч нь маргаан бүхий тушаалдаа Д.Ж-ы гаргасан зөрчлийг тодорхойлон заагаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх” шаардлагад нийцэхгүй хэдий ч нэхэмжлэгчийн маргаж буй уг үндэслэлээр тухайн актын үндсэн зохицуулалтыг буюу сахилгын шийтгэл ногдуулсныг бүхэлд нь буруутгах боломжгүй юм.

12. Шүүхүүд нотлох баримтыг үнэлэхдээ хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, “сонсогч Б.С-тэй зүй бус харьцсан, сонсогч нараас хувийн автомашиндаа хийх шатахууны мөнгө гаргуулсан” гэх зөрчлийн хувьд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар зөв дүгнэсэн, харин 2018 оны 6 дугаар сарын 16-17-ны шилжих шөнө Ч.Б-ыг зодсон болон албан тушаалын байдлаа /дарамтлах байдлаар/ ашиглан Ч.Б-аас мөнгө гаргуулж утасны төлбөр, “караоке”-д үйлчлүүлсний төлбөрөө төлүүлж байсан үйлдлийг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 13.1.5-д заасан “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэсэн үүргийг биелүүлээгүй, Хууль сахиулахын их сургуулийн багш, ажилтан, сонсогчийн ёс зүйн дүрмийн зөрчсөн талаар дүгнэж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

13. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Ж-ы хяналтын журмаар гаргасан “... нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан, зарим асуудлыг би гаргаагүй, 2 жилийн өмнөх асуудлыг оруулж ирж энэ нь сахилгын шийтгэл оногдуулахад нөлөөлсөн байхад шүүх Төрийн албаны тухай хуулийн 26. 4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0248 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                        Ч.ТУНГАЛАГ