Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/01327

 

 

Т.Дарьжавын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/03901 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1439 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч : Т.Дарьжав,

Хариуцагч : Нийслэл-Өргөө ХК,

Хариуцагч : Л.Сэлэнгэ,

Хариуцагч : Ө.Энхтуяа,

Нэхэмжлэлийн шаардлага : 18.730.000 төгрөг гаргуулах тухай

Хариуцагч Нийслэл-Өргөө ХК-ийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд : Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бүрнээ, Г.Нандинцэцэг, Нийслэл–Өргөө ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие охин Эрдэнэцэнгэлийн хамтаар Баянгол дүүргийн 20 хорооны нутаг дэвсгэрт байрлах Хялганат модны захын борлуулагчаар ажилладаг. Нийслэл-Өргөө ХК нь биднээс 2014 онд барилгын ажилд мод /брусс мод/ зээлээр худалдан авах хүсэлт гаргасан. Бид харилцан ярилцаж  шийдвэрлэсэн. Худалдан авсан модны нийт үнэ нь 18.730.000 төгрөг болсон. Төлбөрийг худалдан авалтын эцэст тооцохоор тохиролцсон. Барааг хүлээлгэн өгч, зарлагын баримт үйлдсэн. Нягтлан бодогч Л.Сэлэнгэ нь бараа хүлээн авсан баримт дээрх тооцоог зөвшөөрч 2014.9.04-ний өдөр бичихдээ “...тооцоог 2014 оны 10 дугаар сард төлж барагдуулна...” гэж  бичиж өгсөн. Гэвч одоо болтой мөнгөө аваагүй байна. Нийслэл-Өргөө ХК-ийн нягтлан бодогч Л.Сэлэнгэ, Ө.Энхтуяа нар барааг хүлээн авч гарын үсэг зурсан боловч одоо энэ газар ажилдаггүй гэж хэлээд байна. Иймд зээлээр модны төлбөрийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 18.931.600 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ. /хх 1, 12/

Хариуцагч Нийслэл-Өргөө ХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг Т.Дарьжав гэдэг хүн гаргасан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас харахаар н.Тэгшжаргал, Т.Дарьжав гэсэн тамгатай баримтууд байна. Уг баримтад н.Эрдэнэцэнгэл, ерөнхий нягтлан н.Сэлэнгэ гэдэг 2 хүн тооцоо нийлсэн. Тэгэхээр Нийслэл-Өргөө ХК-ийн Эрдэнэцэнгэл гэдэг хүнтэй тооцоо нийлсэн. н.Эрдэнэцэнгэл гэдэг хүн Т.Дарьжавт итгэмжлэл олгоогүй учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Харин 2013.10.02-ны өдрийн 4.400.000 төгрөгийн зарлагын падааны дагуу Т.Дарьжав шаардах эрхтэй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан дараагийн баримт болох 2.830.000 төгрөг, 600.000 төгрөгийн зарлагын баримт, 2013.7.30-ны өдрийн 2.830.000 төгрөгийн баримтаар Улам Өрнөх ХХК-иас тухайн барилгын материалыг худалдаж авсан гэдэг нь тогтоогдож байна. Тийм учраас Улам Өрнөх ХХК-ийг төлөөлж Т.Дарьжав нэхэмжлэл гаргах, шаардлага гаргах эрхгүй гэж үзэж байна. Мөн 2013.10.01-ний өдрийн баримт дээр Монгол Материал Экспо ХХК-ийн тамга дарагдсан байна. Энэ харилцаа маань Нийслэл-Өргөө ХХК болон Монгол материал экспо ХХК-ийн хооронд болсон харилцаа учраас Т.Дарьжав Нийслэл-өргөөХХК-иас шаардах эрхгүй. 2013.10.14-ний өдрийн 5.000.000 төгрөгийн баримт байна. Уг баримт дээр Мөнх Аяс орд ХХК-ийн тамга байгаа учраас энэ компанийг төлөөлөх эрх иргэн Т.Дарьжавт олгогдоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эдгээр баримтуудаас 2013.10.02-ны өдрийн баримт дээр Нийслэл-өргөө ХХК иргэн Т.Дарьжавтай худалдах, худалдах авах харилцаа үүссэн учраас 4.400.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг нотолсон баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтуудаар Нийслэл-Өргөө ХХК-иас барилгын материалын үнийг шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна гэжээ. /хх 49-51/

Хариуцагч Л.Сэлэнгэ шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Т.Дарьжавын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан. Уг хэргийн дагуу худалдан авсан бруссыг Нийслэл-Өргөө ХК нь өөрийн ажилдаа хэрэглэсэн бөгөөд би тухайн үед тус компанид ерөнхий нягтлан бодогч ажилтай байсан. Ажил үүргийн хуваарийн дагуу тооцоо нийлж гарын үсэг зурсан. Одоо би энэ компанид ажиллаагүй, хүүхэд харж байгаа. Энэхүү 18.981.600 төгрөгийг төлөх хариуцагч нь би биш болно гэжээ. /хх 11/

Хариуцагч Ө.Энхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Т.Дарьжавын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа. Уг хэргийн дагуу худалдан авсан бруссыг Нийслэл-Өргөө ХК нь санхүү эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд 2 жилийн өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Энэхүү 18.981.600 төгрөгийг төлөх хариуцагч нь биш болно. Нийслэл-ӨргөөХК хариуцах болно гэжээ. /хх 19       

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/03901 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нисйлэл-Өргөө ХК-иас 18.730.000 төгрөг гаргуулж Т.Дарьжавт олгож, Л.Сэлэнгэ, Ө.Энхтуяа нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Нийслэл-Өргөө ХК-иас 251.600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн 251.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 ооны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1439 дүгээр магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/03901 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас ...248 дугаар зүйлийн 248.2... гэснийг хасч, 2 дахь заалтад “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул...” гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Нийслэл-Өргөө ХК-ийн гомдлыг хангахгүй орхижээ.   

Нийслэл-Өргөө ХК хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүхэд гаргаж өгсөн зарлагын падаан буюу 3.430.000 төгрөгийн баримт нь Улам өрнөх ХХК-ийн тамга, тэмдэгтэй, 5.900.000 төгрөгийн баримт нь Монгол материал экспо ХХК-ийн тамга, тэмдэгтэй, 5.000.000 төгрөгийн баримт нь Мөнх аяст од ХХК-ийн тамга, тэмдэгтэй байгаа. Нөгөө талаас, хэрэгт авагдсан баримтаар бол хариуцагч компанид ажиллаж байсан Л.Сэлэнгээтэй тооцоо нийлсэн гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт юм. Учир нь, хэрэв нэхэмжлэгч уг бичгийг өөрөөр хийлгэж авсан гэж тэмдэгээ дарсан бол Л.Сэлэнгэ нь "Эрдэнэцэнгэл" гэх огт хамааралгүй хүнтэй тооцоо нийлэх шаардлагагүй юм. Нөгөө талаас, хэрэв Л.Сэлэнгэ нь компанийг төлөөлж тооцоо нийлж байгаа бол ядаж санхүүгийн тамга, тэмдэг дарах нь зүйн хэрэг юм. Дээрх байдлаас харвал нийтлэг нэг зүйлийг дүгнэж болох бөгөөд энэ нь Улам өрнөх ХХК, Монгол материал экспо ХХК, Мөнх аяст од ХХК болон хариуцагчийн хооронд худалдах, худалдан авах харилцаа үүссэнийг нотлох баримтууд бөгөөд эдгээр компаниудаас хариуцагчтай холбоотой аливаа итгэмжлэлийг нэхэмжлэгчид олгоогүй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд нь аль талуудын хооронд худалдах, худалдан авах харилцаа үүссэнийг тодорхой заасаар байхад нийтэд нь хамруулж зөвхөн зохигчийн хооронд худалдах, худалдан авах харилцаа үүссэн гэж буруу тайлбарласан. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын "ХЯНАВАЛ" хэсэгт "Хэрэгт авагдсан баримтууд дээр өөр өөр компанийн тамга дарсан, өөр нэр бичигдсэн байгаа боловч уг баримтыг хүлээлгэн өгсөн гэх хэсэгт Т.Дарьжавын гарын үсэг зурагдсан байгаа" гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримттай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, Мөнх аяст од ХХК-ийн тамга, тэмдэгтэй падаан дээрх гарын үсэг, бусад баримт дээрх гарын үсгээс зөрүүтэй байхад бүх баримтад адилхан гэж буруу дүгнэж нотлох баримтыг үнэлсэн. Мөн нэхэмжлэгч өөрөө тамга тэмдэгтэй байхад, өөр компанийн тамгатай баримтаар шаардах эрх үүсгэж байгааг зөвтгөснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тодруулбал, хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагчид брусс мод хүлээлгэн өгч энэ талаарх баримтыг хүлээлгэн өгсөн гэж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар бол худалдах, худалдан авах харилцаа зөвхөн зохигчийн хооронд үүссэн гэж үзсэн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, Улам өрнөх ХХК, Монгол материал экспо ХХК, Мөнх аяст од ХХК-иудын тамгатай баримт нь зөвхөн тухай компаниудад шаардах эрх үүсгэх болохоос нэхэмжлэгчид шаардах эрх үүсгэхгүй нь тодорхой юм. Хариуцагчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаанд дээрх үндэслэлээ тайлбарласан боловч шүүх бүрэлдэхүүн энэ талаар "...төлөөлөх эрх Т.Дарьжавт олгогдоогүй гэх татгалзал үндэслэлгүй байна" гэж буруу дүгнэсэн. Нөгөө талаас, нэхэмжлэлийг хангаж шийдэх тохиолдолд Улам өрнөх ХХК, Монгол материал экспо ХХК, Мөнх аяст од ХХК-иудын хэрэгт авагдсан баримтаар дахин хариуцагчаас төлбөр нэхэмжилбэл яах билээ гэдэг асуудал тодорхойгүй болох юм. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Т.Дарьжав нь Нийслэл-Өргөө ХК, Л.Сэлэнгэ, Ө. Энхтуяа нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэг буюу худалдсан модны үнэ /брусс модны/ нийт 18.730.000 төгрөг гаргуулахыг шаардсан байна.    

Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй бөгөөд Л.Сэлэнгэ, Ө.Энхтуяа нь “...мод худалдаж аваагүй, харин Нийслэл-Өргөө ХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа модыг хүлээн авч байсан...” гэж, Нийслэл–Өргөө ХК нь “...мод хүлээлгэн өгч байсан баримт нь шаардлага хангахгүй байна...” гэж мэтгэлцжээ.    

Анхан шатны шүүх Нийслэл-Өргөө ХК-иас 18.730.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, Л.Сэлэнгэ, Ө.Энхтуяа нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.  Давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан Иргэний хуулийн зарим зүйл заалтыг өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг нь хэвээр үлдээжээ.     

 Хяналтын шатны шүүхэд гаргасан Нийслэл-Өргөө ХК-ийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Т.Дарьжав мод худалдах, Нийслэл-Өргөө ХК худалдан авах талаар тохиролцсон нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. Т.Дарьжав нь Нийслэл-Өргөө ХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу хариуцагчид мод нийлүүлсэн тул модны үнийг худалдан авагчаас шаардах эрхтэй. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь гэрээнд заасан зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.  

Нэхэмжлэлийг үгүйсгэх баримтыг Нийслэл-Өргөө ХК шүүхэд гаргаж өгөөгүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгчийг албадан ирүүлэх тухай 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 102/Ш32016/13703 дугаар захирамжийн /хх 20/ дагуу шүүх Нийслэл-Өргөө ХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, Т.Дарьжавын нэхэмжлэлийг Нийслэл-Өргөө ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид /хх 2/ 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гардуулж өгсөн /хх 23/ бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх,үүргийн талаар тайлбарлан /хх 9/ өгч, хэргийн материалтыг шүүх хуралдаанаас өмнө танилцуулжээ. /хх 25/

Шүүх Нийслэл-Өргөө ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийн талаар тайлбарлан танилцуулсан боловч хариуцагч  нэхэмжлэлийг зөвшөөрсөн, татгалзсан тайлбар, нотлох баримтаа шүүх хуралдаанаас өмнө болон шүүх хуралдаан дээр гаргаж өгөөгүй тул хэрэгт байгаа баримтын хэмжээнд шүүх дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй юм.

Хариуцагч Нийслэл-Өргөө ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцож, нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа гаргасан боловч түүний тайлбарыг нотлох баримт хэрэгт байхгүй тул шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-г зөрчөөгүй гэж үзнэ. Шүүх анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргана.

Нийслэл-Өргөө ХК нь Т.Дарьжавтай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь тогтоогдсон, гэрээний зүйлийг нэхэмжлэгч хариуцагчид хүлээлгэн өгсөн нь хэргийн 43 дугаар талд буй баримтаар нотлогдсон байх тул Нийслэл-Өргөө ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1439 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, Нийслэл-Өргөө ХК-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 251.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.АМАРСАЙХАН

                                     ШҮҮГЧ                                                          Б.УНДРАХ