Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 1439

 

Т.Дарьжавын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Оюунцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/03901 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Дарьжавын

Хариуцагч “Нийслэл-Өргөө” ХК, Л.Сэлэнгэ, Ө.Энхтуяа нарт холбогдох

           

Брусс модны үнэ 18 730 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Хариуцагч “Нийслэл өргөө“ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамирын гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нандинцэцэг,  

Хариуцагч “Нийслэл-Өргөө ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Дарьжав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие охин Эрдэнэцэнгэлийн хамтаар Баянгол дүүргийн 20 хорооны нутаг дэвсгэрт байрлах Хялганат модны захын борлуулагчаар ажилладаг. "Нийслэл-Өргөө” ХК нь биднээс 2014 онд барилгын ажилдаа брусс модыг зээлээр худалдаж авах тухай хүсэлт гаргасан бөгөөд бид харилцан зөвшилцөж хамтран ажиллахаар шийдвэрлэсэн. Худалдан авсан брусс модны нийт үнэ нь 18 730 000 төгрөг болсон. Төлбөрийг худалдан авалтын эцэст тооцохоор тохиролцож, тохиролцооны дагуу барааг хүлээлгэн өгч, зарлагын баримт үйлдсэн. Тус компанийн ерөнхий нягтлан бодогч Л.Сэлэнгэ нь хүлээн авсан барааны баримтын дагуу уг тооцоог хүлээн зөвшөөрч 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн гараар дээрх тооцоог 2014 оны 10 дугаар сард төлж барагдуулах тухай тодорхойлолтыг бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл өр зээлээ барагдуулалгүй биднийг хохироосоор байна. Иймд зээлээр олгосон брусс модны төлбөр, улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 18 931 600 төгрөгийг “Нийслэл өргөө” ХК-иас гаргуулж, иргэн Т.Дарьжав миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Нийслэл-Өргөө” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийг Т.Дарьжав гэдэг хүн гаргасан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас харахаар н.Тэгшжаргал, Т.Дарьжав гэсэн тамгатай баримтууд байна. Уг баримтад н.Эрдэнэцэнгэл, ерөнхий нягтлан н.Сэлэнгэ гэдэг 2 хүн тооцоо нийлсэн. Тэгэхээр “Нийслэл-Өргөө” ХК н.Эрдэнэцэнгэл гэдэг хүнтэй тооцоо нийлсэн. н.Эрдэнэцэнгэл гэдэг хүн Т.Дарьжавт итгэмжлэл олгоогүй учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Харин 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4 400 000 төгрөгийн зарлагын падааны дагуу Т.Дарьжав шаардах эрхтэй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан дараагийн баримт болох 2 830 000 төгрөг, 600 000 төгрөгийн зарлагын баримт, 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2 830 000 төгрөгийн баримтаас харахаар “Улам Өрнөх” ХХК-иас тухайн барилгын материалыг худалдаж авсан гэдэг нь тогтоогдож байна. Тийм учраас “Улам Өрнөх” ХХК-ийг төлөөлж Т.Дарьжав нэхэмжлэл гаргах, шаардлага гаргах эрхгүй гэж үзэж байна. Мөн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн баримт дээр “Монгол Материал Экспо” ХХК-ийн тамга дарагдсан байна. Энэ харилцаа маань “Нийслэл-Өргөө” ХХК болон “Монгол материал экспо” ХХК-ийн хооронд болсон харилцаа учраас Т.Дарьжав “Нийслэл-Өргөө” ХХК-иас шаардах эрхгүй. 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5 000 000 төгрөгийн баримт байна. Уг баримт дээр “Мөнх Аяс орд” ХХК-ийн тамга байгаа учраас энэ компанийг төлөөлөх эрх иргэн Т.Дарьжавт олгогдоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эдгээр баримтуудаас 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн баримт дээр “Нийслэл-Өргөө” ХХК иргэн Т.Дарьжавтай худалдах, худалдах авах харилцаа үүссэн учраас 4 400 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг нотолсон баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтуудаар “Нийслэл-Өргөө” ХХК-иас барилгын материалын үнийг шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Л.Сэлэнгэ шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие иргэн Т.Дарьжавын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан. Уг хэргийн дагуу худалдан авсан бруссыг “Нийслэл-Өргөө” ХК нь өөрийн ажилдаа хэрэглэсэн бөгөөд би тухайн үед тус компанид ерөнхий нягтлан бодогч ажилтай байсан. Ажил үүргийн хуваарийн дагуу тооцоо нийлж гарын үсэг зурсан. Одоо би энэ компанид ажиллаагүй, хүүхэд харж байгаа. Энэхүү 18 981 600 төгрөгийг төлөх хариуцагч нь би биш болно гэжээ.

Хариуцагч Ө.Энхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие иргэн Т.Дарьжавын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа. Уг хэргийн дагуу худалдан авсан бруссыг “Нийслэл-Өргөө” ХК нь санхүү эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд 2 жилийн өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Энэхүү 18 981 600 төгрөгийг төлөх хариуцагч нь биш болно. “Нийслэл-Өргөө” ХК хариуцах болно гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт заасныг баримтлан 18 730 000 төгрөгийг хариуцагч “Нийслэл-Өргөө” ХК-иас гаргуулж нэхэмжлэгч Т.Дарьжавт олгож,

 

Хариуцагч Л.Сэлэнгэ, Ө.Энхтуяа нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч “Нийслэл-Өргөө” ХК-иас 251 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  олгож,  нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Нийслэл-Өргөө” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг өөрөө цуглуулж гаргаж өгөх үүрэг хүлээдэг. ...нэхэмжлэгч нь шүүхэд гаргаж өгсөн зарлагын падаан буюу 3 430 000 төгрөгийн баримт нь "Улам өрнөх" ХХК-ийн тамга, тэмдэгтэй, 5 900 000 төгрөгийн баримт нь "Монгол материал экспо" ХХК-ийн тамга, тэмдэгтэй, 5 000 000 төгрөгийн баримт нь "Мөнх аяст од" ХХК-ийн тамга, тэмдэгтэй байгаа. Нөгөө талаас, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч компанид ажиллаж байсан Л.Сэлэнгээтэй тооцоо нийлсэн гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт юм. Учир нь, хэрэв нэхэмжлэгч уг бичгийг өөрөө хийлгэж авсан гэж тэмдгээ дарсан бол Л.Сэлэнгэ нь "Эрдэнэцэнгэл" гэх огт хамааралгүй хүнтэй тооцоо нийлэх шаардлагагүй. Хэрэв Л.Сэлэнгэ нь компанийг төлөөлж тооцоо нийлж байгаа бол ядаж санхүүгийн тамга, тэмдэг дарах нь зүйн хэрэг юм. Дээрх байдлаас харвал нийтлэг нэг зүйлийг дүгнэж болох бөгөөд энэ нь "Улам өрнөх" ХХК, "Монгол материал экспо" ХХК, "Мөнх аяст од" ХХК болон хариуцагчийн хооронд худалдах, худалдан авах харилцаа үүссэнийг нотлох баримтууд бөгөөд эдгээр компаниудаас хариуцагчтай холбоотой аливаа итгэмжлэлийг нэхэмжлэгчид олгоогүй. Шүүх дээрх нотлох баримтуудыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэснээр уг шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Шийдвэрт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь аль талуудын хооронд худалдах, худалдан авах харилцаа үүссэнийг тодорхой заасаар байхад нийтэд нь хамруулж зөвхөн зохигчийн хооронд худалдах, худалдан авах харилцаа үүссэн гэж буруу тайлбарласан. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байна.

 

Нэхэмжлэгч Т.Дарьжав нь хариуцагч “Нийслэл-Өргөө” ХК болон Ө.Энхтуяа, Л.Сэлэнгэ  нарт  холбогдуулан  брусс  мод  худалдах,  худалдан   авах  гэрээний  үүрэгт 18 730 000 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр хэлцэл гэж  үзсэн нь үндэслэлтэй.

 

Шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримттай харьцуулан үзэж хариуцагч “Нийслэл-Өргөө” ХК, Т.Дарьжав нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан /хх-43/ тухайн үед “Нийслэл-Өргөө” ХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Т.Сэлэнгээгийн гаргасан “18 730 000 төгрөгийн тооцооны тухай баталгаа” гэсэн баримт, түүний шүүхэд гаргасан тайлбар /хх-11,43/, мөн дэд захирал Ө.Энхтуяагийн гаргасан тайлбар /хх-19/ зэргийг хооронд нь харьцуулан дүгнэсэн нь зөв болжээ.

 

Хэрэгт авагдсан зарлагын баримтууд дээр өөр өөр компанийн тамга дарсан, өөр нэр бичигдсэн боловч уг баримтыг хүлээлгэж өгсөн гэх хэсэгт Т.Дарьжавын гарын үсэг зурагдсан байгаа ба эдгээр зарлагын баримтуудыг нэгтгэсэн байдлаар хариуцагч компанийн нягтлан бодогч тооцоо нийлж, 18 730 000 төгрөгийн брусс авсан талаар баримт үйлдсэн байх тул хариуцагчийн өөр өөр хуулийн этгээдийг төлөөлөх эрх Т.Дарьжавт олгогдоогүй гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 4 400 000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу татгалзлын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна. Ийм учраас “Нийслэл-Өргөө“ ХК-иас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар бруссны үнэ 18 730 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн үндэслэлтэй.

 

Харин анхан шатны шүүх хариуцагч Ө.Энхтуяа, Т.Сэлэнгэ нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хууль хэрэглээгүй нь буруу байхаас гадна Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь заалт нь шаардлага гаргах эрхийг тодорхойлсон заалт биш, хариуцагчаас төлбөр гаргуулах заалтад хамааралгүй байхад хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт тус тус өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач хологдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ. Нотлох баримтын талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтэд хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг “шууд шалтгаант холбооны” талаар дүгнэсэн нь оновчгүй болсныг дурдах нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, хариуцагч “Нийслэл-Өргөө“ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/03901 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...248 дугаар зүйлийн 248.2...” гэснийг хасч, 

 

2 дахь заалтад “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул...” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч “Нийслэл-Өргөө” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамирын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай,

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Нийслэл өргөө” ХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

 

                                      ШҮҮГЧИД                                          Ч.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                                 Д.БАЙГАЛМАА