Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 201/МА2021/00016

 

С.Оийн нэхэмжлэлтэй,  Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргад холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 23-ны өдрийн 138/ШШ2021/00245 дугаар шийдвэртэй, С.Оийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг дарга Ч.Бт  холбогдох ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4 486 781 төгрөг /шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах/-ийг Ч.Бээс гаргуулах  тухай иргэний хэргийг хариуцагч Ч.Бийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 05 сарын 03ы өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О, түүний өмгөөлөгч Д.Урансувд, М.Энхтуяа, хариуцагч Ч.Б, түүний өмгөөлөгч В.Давааням, Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гурванзагал сумын ЕБС-ийн захирлаар ажиллаж байсан С.О намайг тус сумын Засаг дарга 2020.09.11-ний өдрийн Б/14 дугаар захирамжаараа захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн. ...тушаалдаа ...Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох бусад хуулийн заалтуудыг зөрчиж, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь ...Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2020.08.26-ны өдрийн 25-01-27 дугаар тэмдэглэлээр нотлогдож байх тул гээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 4-р зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.5 дахь заалтуудыг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Энэ захирамж нь хуульд нийцээгүй буюу хууль зөрчсөн байна.

1.    Төсвийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр 2020 оны 07-р сарын 01-ний өдрөөс сумын Засаг даргад Төсвийн байгууллагын дарга, захирлыг томилох, чөлөөлөх эрх хэмжээ олгогдсон. Энэ эрх хэмжээгээ эдэлж намайг ажлаас халсан, гэвч надтай хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй.

2.    Санхүүгийн хяналт, аудитын албаны тэмдэглэлээр хүнийг ажлаас халж болдоггүй байх. Үнэхээр зөрчил гаргасан гэдгийг мэргэжлийн шинжээчийн албан ёсны дүгнэлтээр тогтоосноор зөрчил, гэмт хэрэг, итгэл алдсан үйлдэл бий эсэхийг тогтоож, дараа нь хурлаар шийдвэрлэж эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдээс асуулт тайлбар гаргах эрхийг нь хангаж байж шийдвэр гаргах ёстой. Гэтэл надад энэ талаар мэдэгдээгүй.

3.    Үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэлээ зааж өгсөн хуульд хуулийн аль заалтыг хэрэглэн халж байгаа нь ойлгомжгүй байна. Ийм байдлаар гаргасан шийдвэрт хууль зүйн хувьд алдаа мадаг тодорхой байна.

Ер нь сумын Засаг дарга Ч.Б намайг ажлаас чөлөөлүүлэх гэж их олон удаа оролдож, өргөдөл гомдол барьж гүйсэн. ...Би шударга бус зүйлийн төлөө эцсээ хүртэл тэмцэнэ. ...Миний сарын үндсэн цалин 1350959 төгрөг юм. Намайг ажлаас халахдаа Санхүүгийн аудитын тэмдэглэлээр халсан бөгөөд энэ тэмдэглэлд надаас гадна манай нягтлан бодогч, нярав бүгд л нэр дурдагдан орсон байдаг бөгөөд хэрвээ буруутай гэж үзэх бол заавал яагаад нэг хүнд нь арга хэмжээ аваад байдаг юм бэ. Энэ шударга ёс мөн үү. ...Иймд Гурванзагал сумын Засаг дарга Ч.Бийн 2020.09.11-ний өдрийн Б/14 тоот С.Оийг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, намайг Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 4 486 781 төгрөгийг Ч.Бээс гаргуулж өгнө үү.

Миний бие тус сургуулийн захирлаар томилогдож очоод энэ сургуулийн төлөө олон зүйлийг шат дараалан хийж аймгийн түвшинд үнэлэгдэх хэмжээний сургууль болгосон. Б хариу тайлбартаа намайг ажлаас халахаас өмнө хэд хэдэн удаа сануулсан гэж бичсэн байсан. Энэ бол худлаа. Бийн эгч Жнь цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг. Түүний эгч яг надтай адил зөрчил гаргасан хэрнээ би ажлаасаа халагдаад эгч нь юу ч болоогүй юм шиг ажлаа хийж байгааг нь би сэжиглээд Жаргалмаагийн талаар Авлигатай тэмцэх газар болон Санхүү, аудитын газар өргөдөл өгч шалгуулсан. Тэгэхэд Жнь Авлигын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиудыг зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл хууль хүн бүрд тэгш эрхтэй хандах ёстой байтал би хохироод эсрэгээр нь Б эрхээ эдлээд яваад байгааг гайхаж байна. Тиймээс би шүүхэд гомдол гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэжээ.

 

Хариуцагч Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг дарга Ч.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Гурванзагал сумын Засаг даргаар томилогдон, хуульд заасан журмын дагуу ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байна. Иймээс ...өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу Төрийн албаны тухай хуулийн 4-р зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С.О нь Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох бусад хуулийн заалтуудыг зөрчиж, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь ...Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020.08.26-ны өдрийн 25-01-27 дугаар тэмдэглэлээр нотлогдож байх тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ нь холбогдох хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байна. С.О нь Засаг даргын дээрх шийдвэрийг гардан авч, 2020.09.30-ны өдөр ажил хүлээлцсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.2-т заасны дагуу 1 сарын дотор шүүхэд гомдлоо гаргасан байх ёстой. Гэтэл уг нэхэмжлэлийг 2020.11.17-ны өдөр буюу хуульд заасан хугацаа хэтрүүлж гаргасан байна гэж үзэж байна. Нэхэмжлэлд дурдсанчлан нэхэмжлэгч өөрөө хууль мэдэхгүй буюу хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүйгээс маргааны харъяалал зөрчиж, Төрийн албаны зөвлөл, захиргааны хэргийн шүүх гэх мэт байгууллагад гомдол гаргаж, үүнээсээ болж хуулийн хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлажээ. Хууль мэдэхгүйгээсээ маргааны харъяалал зөрчиж гомдол гаргасан явдал нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. Засаг даргаас гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

С.О нь Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн болох нь аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Санхүүгийн хяналт аудитын газрын 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 250127 дугаартай тэмдэглэл мөн  өдрийн 250166, 250167, 250168, 250169, 250170 тоот актууд болон 250161 дугаартай албан шаардлагаар нотлогдож тогтоогдсон байдаг. С.О нь Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн үйлчилгээний албан хаагчид хамаардаг тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ажлаас нь чөлөөлсөн гэж үзэж байна. О нь захирамжаа авснаас хойш 1 сарын дотор Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргах бүрэн боломж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 23-ны өдрийн 138/ШШ2021/00245 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/14 дугаар С.Оийг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Оийг Дорнод аймгийн Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 562 697,1 /найман сая таван зуун жаран хоёр мянга зургаан зуун ерэн долоон төгрөг нэг мөнгө/ төгрөгийг Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч С.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 206 497,2 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт олгох 8 562 697,1 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлүүдийг суутган холбогдох байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар дутам шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргад үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.О нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Б давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ буруу тайлбарлаж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан С.О нь Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулиудыг ноцтой зөрчиж нийт 54 800 000 төгрөгийг алдаа дутагдал гаргасныг Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүү хяналт, аудитын албаны шалгалтаар тогтоогдсон. Үүнд:

1. Төсвийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.7-д заасны дагуу ЕБС-ийн орон тоог сумын Засаг даргаар батлуулаагүй  өөрөө дур мэдэн баталсан. Энэ нь сургуулийн захирал С.От ашиг сонирхлын зөрчил үүсэх, хүний нөөцийн бодлого алдагдахад  хүргэсэн.

2. Төслөөр хэрэгжүүлэх байсан 26 100 000 төгрөгөөр бараа материал худалдан авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер, сонгон шалгаруулалт зохион байгуулалгүйгээр хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, олон жил үйл ажиллагаа явуулаагүй байсан “Талын төгс төгөлдөр” ХХК-тай шууд худалдан авах гэрээ хуурамчаар байгуулсан. Тус компани нь ЕБС-ийн нягтлан бодогч Ч.Болор-Эрдэнийн таньдаг хүний компаний гэх бөгөөд Ч.Болор-Эрдэнэ нь тус компаний нэр дээр Гурванзагал сумын Хаан банкны салбарт данс нээж, өөрөө орлого, зарлагыг удирдаж, тус компаний дансанд орсон мөнгийг өөр хүмүүсийн данс руу шилжүүлэн авч байсан ноцтой үйлдэл гаргасан.

3. Тус сумын ЕБС дээр “Багш ажлын байрандаа хөгжихүй”, “Тоглонгоо хөгжье” гэсэн төслүүд хэрэгжсэн. Уг төслийн хөрөнгөөр ямар бараа ,үйлчилгээ авах талаар нэг бүрчлэн зааж өгсөн байсан. Гэтэл С.О нь төслүүдийн зориулалтыг өөрчилж, төслийн хөрөнгөөр авах ёстой бараа, үйлчилгээг бус өөр төрлийн бараа худалдан авсан. Дээрх хоёр төслийг шалгаруулж буй байгууллага нь тус хөрөнгөөс зөвхөн төсөлд заасан бараа, ажил үйлчилгээг худалдан аваарай гэж санхүүжилт олгосон байхад С.О нь дур мэдэн төслийг зориулалтыг өөрчилж, төсөлд тусгагдаагүй олон нэр төрлийн барааг худалдан авсан.

4. Төслийн хүрээнд хэрэгжих байсан багш нарыг хамруулсан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулсан мэтээр тус сумын ЕБС-ийн бага ангийн багш Д.Алтансувдын хувийн дансанд 3 269 100 төгрөгийг шилжүүлсэн. Төсөл ёсоор сургалтын үйл ажиллагааг Дорнод Их сургуулийн зөвлөх багш нараар сургалт хийлгэнэ гэж байсан боловч ямарч сургалтын үйл ажиллагаа явагдаагүй байхад сургалт хийгээгүй этгээд болох Д.Алтансувдад мөнгийг шилжүүлсэн.

5. Сургуулийн хүүхдийн хоолны зардлын зарцуулагдаагүй үлдэгдлийг төсөвт эргэн төвлөрүүлээгүй. Тухайлбал 2018 онд 1 224 800 төгрөг, 2019 онд 3 990 600 төгрөгийн буюу нийт 5 215 400 төгрөгийг үйлдэгдлийг төсөвт буцаан төвлөрүүлээгүй. Хүүхдийн хоолны мөнгийг ашиглаж, төсөвт хохирол учруулсан.

6. Үдийн цай болон дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 2018-2019 онуудад 1 488 500 төгрөгөөр илүү зарцуулсан. Өөрөөр хэлбэл байх ёстой хүүхдийн тооноос илүү хүүхдийн хоолны зардал гаргаж, төсвийн мөнгийг илүү зарцуулсан. Мөн хүүхдийн хоолонд зарцуулах ёстой байсан нормативаас багаар идүүлж 276 600 төгрөгөөр дутуу санхүүжүүлсэн.

7. ­ЕБС-ийн хичээлийн жилийн зуны амралт эхэлж, хүүхдүүд тарчихаад байхад хоолны зардлаас худалдан авалт хийсэн. Тухайлбал Ч.Очиржаваас 306 000 төгрөгийн хонины мах, “Ольхон” ХХК-иас 717 000 төгрөгийн хүнсний материал, иргэн О.Бодьцэцэгээс 335 000 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр төсвөөс мөнгө шилжүүлж ашигласан.

8. Бага үнэтэй түргэн элэгдэх зардлын ангиллаас 3 500 000 төгрөгөөр өөрийн эгчийн хүүгийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэдэг “Дунзка” ХХК-иас 10 ширхэг компьютер худалдан авсан гэж баримт бүрдүүлсэн нь төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Тус 10 ширхэг компьютер нь ЕБС-ийн мэдээлэл зүйн кабинетэд ашиглах шаардлага хангаагүй, PC тоглоомын зориулалттай компьютерууд байсан. Бага үнэтэй түргэн элэгдэх ангилал нь байгууллагын албан байрны тохижилт, цэвэрлэгээний эд зүйл хамаардаг. Тухайлбал угаалгын нунтаг, саван, шалны мод, алчуур гэх мэтийн зүйлс хамаардаг. Түүний энэхүү үйлдэл нь ашиг сонирхлын ноцтой зөрчилтэй болохыг харуулж байна.

9. Урсгал зардлын зарцуулагдаагүй хэмнэгдсэн 7500 төгрөгийн үйлдэгдлийг төсөвт төвлөрүүлэлгүй анхан шатны баримт хуурамчаар үйлдэл няравын данс руу шилжүүлсэн хэмээн С.Оийг Гурванзагал сумын ЕБС-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа санхүүгийн ноцтой зөрчлүүдийг санаатай үйлдэж, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан болохыг дээрхи санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтаар илэрсэн.

Дээрх олон удаагийн нийт 54 800 000 төгрөгийн алдаа, зөрчил нь дуугүй өнгөрч хэрхэвч болохгүй зөрчил учир миний бие засаг төрийн төлөөлөгчийн хувьд, Гурванзагал сумын ерөнхийлөн захирагчийн хувьд С.От арга хэмжээ авах зайлшгүй нөхцөл байдал үүссэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасны дагуу арга хэмжээ авсан.

Гэтэл анхан шатны шүүх нь С.Оийг санхүүгийн дээрх алдаа, зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Ч.Б намайг С.О нь “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна гэж дүгнэчихээд Боловсролын тухай хуульд заасны дагуу сургуулийн захирлыг чөлөөлөхдөө Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргад зөвшилцөх санал хүргүүлээгүй учир 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/14 дугаартай “С.Оийн ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл С.Оийг улсын төсвийн хөрөнгөөс 54 800 000 төгрөгийн зөрчил гаргачихаад байгааг хүлээн зөвшөөрсөн атлаа зөвхөн Боловсрол, соёл урлагийн газрын даргад “зөвшилцөх санал” хүргүүлээгүй гэх шалтгаанаар С.Оийн хуучин ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, боломжгүй юм.

Миний хувьд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл тогтоогдсоны дагуу С.Оийг ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх үндэслэл тогтоогдсоны дагуу Боловсрол, соёл урлагийн газрын даргатай холбогдож нөхцөл байдлыг танилцуулаад ажлаас нь чөлөөлөх гэж буйгаа хэлэхэд “алдаа, зөрчил гаргасныг нь мэдсэн, та өөрөө хуулийн дагуу арга хэмжээ авахгүй юу даа” гэж хэлж байсан.

Хөдөлмөрийн тухай хуулиас харахад ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгох тохиолдолд өөрийн санаачилгаар хэрэгжүүлдэг бөгөөд хэн нэгэн этгээдээс зөвшөөрөл авах үүрэг байхгүй юм. С.О нь төрийн үйлчилгээний албан хаагч учир түүний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохтой холбоотой харилцааг зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Яаж ч бодсон санхүү, дээрх санаатай, зориуд хийсэн зөрчил гаргасан хүнийг тарийн үйлчилгээний удирдах албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах нь байж болшгүй асуудал юм. С.Оийн дээрх зөрчлийг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа болно.

Сургуулийн захирлыг томилох чөлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд сумын Засаг дарга нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл тогтоогдсон тохиолдолд Боловсрол, соёл урлагийн газрын даргаас заавал санал авах үүрэггүй гэж үзэж байна. Энэ талаар анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Миний бие Гурванзагал сумын ЕБС-ийн захирал С.Оийг ажлаас нь чөлөөлөх тухай захирамжийг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан. С.О миний энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан байсан. Түүний гомдлыг Монгол Улсын төрийн албаны зөвлөл хянаж үзээд төрийн үйлчилгээний албан тушаалтан учир шүүхэд хандах шаардлагатай хэмээсэн байдаг. Үүний дараа тэрээр 2020.11.04-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн захирамжийг хүчингүй болгуулахаар Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс С.Оийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үүний дараа 2020.11.18-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл С.О нь ажлаас чөлөөлөгдснөөс хойш 2 сар гаруй хугацааны дараа шүүхэд хандсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд хандана” гэж заасан байдаг. Гэтэл дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлж шүүхэд хандсан байхад анхан шатны шүүх хариуцагч талаас нэхэмжлэгч С.О нь шүүхэд ажлаас буруу халагдсан тухай гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй гэж маргаж буй нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. Шүүх энэхүү дүгнэлтийг гаргахдаа тус хэрэгт хяналт тавьж буй шүүгч Т.Байгалмаагийн 2020.11.25-ны өдрийн 3919 дугаар захирамжийг хүчин төгөлдөр учир С.Оийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй гэж үзсэн.

Шүүгч Т.Байгалмаа нь С.Отэй олон жилийн өмнөх дотно, танил найзын холбоотой гэдгээ илэрхийлж тус хэргийг шийдвэрлэхээс татгалзан гарсан. Т.Байгалмаа нь тус захирамжийг гаргаад надад огт танилцуулаагүй бөгөөд гомдол гаргах эрхгүйгээр гаргасан байсан. Энэ нь шүүгч Т.Байгалмаа нь хэргийг өөрийн дотно найз С.Оийнхээ талд илт ашигтайгаар шийдүүлэх нөхцлийг бий болгосон гэж харахаар байна.

Анхан шатны шүүх С.Оийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн эсэхэд дүгнэлт хийхдээ хууль, түүнийг тайлбарласан албан ёсны тайлбар болох Улсын Дээд шүүхийн тайлбарыг хэрэглэхгүйгээр Т.Байгалмаа шүүгчийн захирамжийг үндэслэсэн нь хууль бус бөгөөд хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна. Учир нь “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлан тухай” Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолд “Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй.” гэж маш тодорхой заасан байхад энэхүү тайлбарыг хэрэглэхгүйгээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарсан шүүгч Т.Байгалмаагийн гаргасан захирамжийг баримталсан нь хуульд нийцээгүй байна.

Шүүх зөвхөн хуульд захирагдах ёстой гэж боддог. Нэхэмжлэгч С.О нь анхнаасаа өмгөөлөгчөөс зөвлөгөө авч байсан бөгөөд өөрийг нь чөлөөлсөн шийдвэрийг хүлээн авснаас нэг сарын дотор иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандах ёстой гэсэн хуулийн заалтыг мэдэхгүйгээр Төрийн албаны зөвлөл болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж явсан байдлыг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулах ёсгүй. Хууль мэдэхгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан биш юм.

Үүнээс гадна анхан шатны шүүх хэт нэг талыг баримталж хэргийг С.Оийн талд шийдвэрлэсэн гэж үзэх бас нэг үндэслэл нь ажилгүй байсан хугацааны цалинг бодохдоо илт С.Оийн талд шийдвэр гаргасан. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтэд “... Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа нь зуны 7, 8 дугаар сард харьцангуй бага хоногоор ажилладаг байдал, үүнээс шалтгаалж цалин хөлс нь бага хэмжээгээр бодогддог байдал зэргийг тус тус үндэслэж нэхэмжлэгч С.Оийн 2020 оны 4-6 дугаар сарын дундаж цалингаас бодох нь зүйтэй гэж үзэв...” гэж дүгнэсэн. Гэтэл Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-р хэсэгт “... буруу халсан ...үеийн зөрүү ...хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” гэж заасныг зөрчиж С.Оийн талд шийдсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргад холбогдуулан “ажлаас чөлөөлөх захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4 486 781 төгрөг /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ шаардлагаа 10 769 194 төгрөг болгон  ихэсгэсэн/-ийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1-2, 18-19 дэх тал/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна. Тухайлбал:  шүүх, ажилтан С.Оийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргасан эсэх талаар талуудын маргааныг эцэслэн шийдвэрлэх шатанд дүгнэлт хийж шийдвэрлэх байтал шүүх хуралдаанаас өмнө, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилтны гаргасан хүсэлтийг шүүгчийн захирамжаар хангах байдлаар дээрх асуудлыг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцээгүй байна. /хх-ийн 4, 11-12 дахь тал/

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй. Хэргийг анхан шатны шүүхэд буцааснаар шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 25-ны өдрийн 138/ШЗ2020/03919 дугаар шүүгчийн захирамжийг /нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангасан/ хүчингүй болгож, талуудын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой  гэж тус шүүх дүгнэв.

Хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 23-ны өдрийн 138/ШШ2021/00245 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

  ШҮҮГЧИД                                                               Ж.ДОЛГОРМАА

                                                                                  З.ЭНХЦЭЦЭГ