Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 138/ШШ2021/00540

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд онлайнаар явуулж,

Нэхэмжлэгч С.О-ийн гомдолтой,

Хариуцагч Дорнод аймгийн Г сумын З-д холбогдох,   

Ажлаас буруу халсаны улмаас тус сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулж, үндсэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14 314 737.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн, нэхэмжлэгч С.О, түүний өмгөөлөгч Д.Урансувд, М.Энхтуяа, хариуцагчийн төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Галтогтох, В.Давааням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 11 сарын 13-нд Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтанд орж тэнцэж, энэ өдрөөс хойш тус сургуулийн захирлаар 6 жил ажилласан. Анх намайг Г сумын сургуульд очиход 60-70 сурагчтай, сургуулийн материаллаг бааз, багш нарынх нь ажиллах чадвар, орчин нөхцөл тун тааруу, хаягдаж гээгдсэн алслагдсан сургууль байсан. ..Ингээд тус сургуулийн захирлаар томилогдож очоод энэ сургуулийн төлөө олон зүйлийг шат дараалан хийж аймгийн түвшинд үнэлэгдэх хэмжээний сургууль болгосон ба санасандаа хүрч, энэ сургуулийг өөрчилж чадсан. ..Г сумын сургууль анх 1975 онд байгуулагдсан хирнээ түүнээс хойш нэг ч удаа капитал засвар хийгдэж байгаагүй, орхигдсон байсан сургууль. Тийм ч учраас би зориг гаргаж сурагчдын  эцэг,  эх  болон  сумынхаа  ард  иргэд  гэх мэт хандив гуйх боломжтой бүх газруудаар гуйж явсны эцэст би сургуульдаа өргөн хүрээний засвар хийж чадсан. Мөн түүнчлэн тоног төхөөрөмжүүдийг хүртэл шинэчилсэн. Манай сургуульд төвийн сургуульд байхгүй мужааны тоног төхөөрөмж, багш нарын ажиллах техник хэрэгсэл, ухаалаг самбар зэрэг бүгд байдаг. Би энэ бүгдийг жил болгон яамнаас 4-5 сая төгрөгийн санхүүжилт авч, орчин үеийн сургуулийн шаардлага ямар байх ёстой тэр жишигт сургуулиа хүргэсэн. Мөн манай сургуулийн хамт олны уур амьсгал сайжирч нэгдмэл болсон... Миний ажлаас халагдах болсон шалтгаан зөвхөн санхүүгийн асуудлаас болж байгаа юм биш. Намайг 2019 оноос эхэлж Бодьцэцэг болон З  Б нар нь өгч болох бүх газарт өргөдөл, гомдол өгч шалгуулсан. Энэ бол зохион байгуулалттайгаар Б, Бодьцэцэг гэдэг хоёр хүний намайг ажлаас халуулах гэсэн миний араар хор хутгаж байгаа үйлдэл...

            Гэтэл Г сумын З  намайг 2020 оны 09 сарын 11-ний өдрийн Б/14 дугаар захирамжаараа захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн. ..захирамжиндаа Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох бусад хуулийн заалтуудыг зөрчиж, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2020.08.26-ны өдрийн 25-01-27 дугаар тэмдэглэлээр нотлогдож байна гээд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 4-р зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.5 дахь заалтуудыг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Энэхүү захирамж нь хуульд нийцээгүй буюу хууль зөрчсөн гэж үзэж байна.

             Манай сургуулийн хувьд анх удаа өндөр өртөгтэй төслийг сургууль дээрээ хэрэгжүүлж эхэлсэн. Энэ талаар тодруулж хэлбэл, дэлхийн банкны санхүүжилттэй боловсролын яамнаас төслийн уралдаан зарласан. Би ямар ч төслийн уралдаанд хамт олноо 3 багт хуваагаад оруулдаг байсан. Тэгээд аль сайн төслийг нь нөгөө 2 багтаа танилцуулаад нэмж авах санааг нь авч иймэрхүү байдлаар шалгаруулж нэгдсэн төсөл бичээд явуулдаг байсан. Тэгээд 2 сарын дараа манай явуулсан 2 төсөл хоёулаа шалгарсан... Эхний “Тоглонгоо хөгжье” төсөл дээр монгол ахуйг сурталчилсан “тал гэр” оруулсан байсан. Хоёр дахь төсөл буюу “Багш ажлын байрандаа хөгжихүй” төсөл дээр ухаалаг самбар оруулсан байсан. Тэгээд хамт олны хурал дээр би манай сургуульд ухаалаг самбар хоёр байгаа, та нарт өөр тоног төхөөрөмж хэрэггүй юм уу гэж багш нараасаа асуухад багш нар принтер хэрэгтэй байгаа гэж хэлсэн. Манай сургуульд тал гэр байтугай нэг сандал тавих зай байхгүй байхад та нар тэр тал гэрийг хаана байрлуулах гэж байгаа юм бэ харин энэ тал гэрийнхээ оронд Хүүхэд хөгжлийн өрөөгөө тохижуулъя гэдэг санал гаргаж бид хамт олныхоо хурлаар зарим зүйлийг нь өөрчилсөн. Яагаад гэвэл Дэлхийн банкнаас ингэж болохгүй, тэгж болохгүй гэж хориглосон хатуу шаардлага байгаагүй учраас би хамт олондоо хэрэгтэй зүйлээ орлуулаад хийчих гэж хэлсэн. Тэгээд багш нарын төслийн баг хуралдаад эдгээр зүйлийг авсан. 30 хувийг өөрчилсөн гэдэг нь ийм л зүйл болсон. Хүүхэд хөгжлийн өрөөг тохижуулж, багш болгон принтертэй болсноор аль аль талдаа хэрэгтэй зүйлд зарцуулагдсан гэж бодож байна. Би ингэж л сургуулийн орчин нөхцөлийг сайжруулсан. Түүнээс биш надад төслийн мөнгөнөөс идсэн удаа байхгүй. Би улсын байцаагчийн актуудыг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул хүчингүй болгуулах тухай гомдлыг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Гэтэл аймгийн Санхүү, аудитын газрын дарга надруу болон манай нягтлан бодогч нарыг утсаар ярьж дарамталсан учраас нягтлан бодогч маань нэхэмжлэлээ татан авмаар байна гэсэн. Тиймээс би тэднийг бодож нэхэмжлэлээсээ татгалзаж буцааж авсан.

            ...Уг нь хуулиараа бол Б миний ажил олгогч учраас надтай хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсан. Гэтэл надтай хөдөлмөрийн гэрээ ч байгуулаагүй, үр дүнгийн гэрээ ч байгуулаагүйгээс гадна намайг ажлаас чөлөөлөхдөө аймгийн БСГазрын санал дүгнэлтийг аваагүй. Иймд би ажлаас чөлөөлөх захирамжийг хүчингүйд тооцуулж, ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цалин хөлс болох 14 314 737 төгрөг 90 мөнгө гаргуулж, ажиллах хугацааны цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэл болон бусад төлбөрийг төлүүлж, захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байна.

            Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны талаар хэлэхэд Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд анх нэхэмжлэл гаргасан. Гэтэл тус шүүхийн ажилтан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Ингээд миний бие төрийн албан хаагч учраас Төрийн албаны зөвлөлд хандаж 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өргөдөл гаргасан бөгөөд 09 дүгээр сарын 23-ны өдөр Аймгийн Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдлын дэвтэрт бүртгэгдсэн. Ингээд 2020 оны 10 сарын 06-ны өдөр миний гомдлыг Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх газарт хүргүүлсэн бөгөөд гомдлыг хянаад 2020 оны 10 сарын 23-ны өдрийн 011892 тоот “хариу хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлж, миний бие 2020 оны 10 сарын 30-ны өдөр шуудангаас гардаж авсан. Ингээд уг албан бичгийг хүлээж аваад 2020 оны 11 сарын 02-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргасан. Үүний дагуу 11 сарын 04-ний өдөр Захиргааны хэргийн шүүх тухайн хэргийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзээд тус хуулийн 55.1-т зааснаар 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 113 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн боловч 11 сарын 17-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжийг би хүлээн аваад 2020 оны 11 сарын 18-ны өдөр Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан. Энэ асуудал нь дан ганц надаас болоогүй. Би нэгэнт холбогдох байгууллагад гомдлоо гаргасан тул хариугаа авах ёстой. Би Засаг даргын шийдвэрийг хүлээж авсан цагаасаа эхлэн гомдол гаргаж явсан. Төрийн албаны зөвлөлийн   хариу,   мөн   Хөдөлмөрийн   хуулин   дээр  ч шүүхэд гомдлоо гаргана гэж заасан болохоос аль шүүхэд нь гаргахыг заагаагүй. Сургууль цэцэрлэгийн эрхлэгч нарыг ажлаас халсан тухай асуудлыг Захиргааны хэргийн шүүх хүлээн аваад шийдвэрлэдэг практик байдаг учраас би удирдах албан тушаалтны хувьд эдгээр байгууллагуудад хандаж гомдлоо гаргасан. Иймд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч Дорнод аймгийн Г сумын Засаг даргыг төлөөлж тус сумын З  ажилтай С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б миний бие Г сумын З ар 2017 оноос эхлэн хууль журмын дагуу ажиллаж үүргээ гүйцэтгэж ирсэн. Ажиллаж байх хугацаанд 2018 оны 6 сараас эхлэн Отэй холбоотой гомдлууд гарч эхэлсэн. Энэ талаар От удаа дараа сануулж хэлж байсан. Энэ асуудалтай холбогдуулан Аймгийн боловсролын газар болон Төрийн албаны зөвлөлөөс Оийн ёс зүйн зөрчил, дутагдлаас болж цаашид энэ хүнийг ажиллуулах шаардлагатай эсэх асуудлаар миний саналыг асууж байсан. Би тухайн үед Оийг удахгүй тэтгэвэрт гарах гэж байгаа талаар нь хэлж хамгаалж байсан. Ингээд 2020 оны 7 сарын 1-нд Боловсролын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор аймгийн Засаг даргын 2020 оны 6 сарын 25-ны өдрийн А/370 тоот захирамж гарч тус сумын Цэцэрлэг, Сургуулийн эрхлэгчийг захиргааны удирдлагаар хангаж ажиллахыг сум, дүүргийн З  нарт үүрэг болгож даалгасан. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар ярихдаа хариуцагч Б нь Отэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажлаас халах нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Отэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь үнэн. Байгуулах үүрэг хүлээгээгүй. Яагаад гэвэл нэхэмжлэгчийн хувьд 2014 оны 11 сарын 13-ны өдөр аймгийн Засаг даргын захирамжаар ажилд орсон. Тухайн үед үр дүнгийн гэрээ байгуулсан учраас дахин үр дүнгийн гэрээ байгуулах шаардлагагүй. Ингээд 2019 оны Санхүүгийн аудитын төлөвлөгөөт хяналт шалгалтанд манай сумын соёлын төвөөс бусад бүх төсвийн байгууллагууд орсон. Түүнээс биш миний бие санал гаргаж шалгуулсан зүйл байхгүй. Ингээд удирдамжийн дагуу төлөвлөгөөт шалгалтанд орсон. Шалгалтын явцад О нь Төсвийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал гарч Санхүүгийн албаны 2020 оны 8 сарын 26-ны өдрийн 25-01-27 дугаартай тэмдэглэл гарсан. Энэ тэмдэглэлийг надад 9 сарын 2-ны өдөр албан тоотоор албан ёсоор ирүүлсэн. Тэмдэглэлтэй холбоотойгоор О захирлыг утсаар удаа дараа дуудахад “би өвчтэй байна, намайг өвчтэй байхад ажлаас минь халчихаарай” гэж утасны цаанаас элдвээр хэлж байсан. Энэ тэмдэглэлээр нэхэмжлэгч О нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон. Оийн   гаргасан   зөрчлөөс   жишээ   дурдвал:   1   дэх   зөрчил   нь   төслөөр хэрэгжүүлэх 26 100 000 төгрөгийг авахдаа Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендер сонгон шалгаруулалт зарлах ёстой гэх заалтыг зөрчсөн. 2 дахь зөрчил мөн тус хуулийн заалтыг зөрчиж нягтлан Болор-Эрдэнийн танил гэх компанийн гэрчилгээг ашиглаж, гэрээг хуурамчаар үйлдсэн нь аудитын тэмдэглэлээр тогтоогдсон бөгөөд нягтлан бодогч нь өөрөө дур мэдэж тухайн компани дээр данс нээж, гүйлгээ хийсэн. 2019 оны 12 сард “Талын төгс төгөлдөр” ХХК-ийн данс руу 3 удаагийн үйлдлээр 30 000 000 төгрөг орсон. Гэтэл энэ мөнгө орсон өдрөө буцаад нэр бүхий 4 хүний данс руу гарсан байсан. Энэ үйлдэл нь өөрөө хардлага төрүүлж байгаа учир нягталж үзэх нь зүйтэй байна. Энэ компанийн хувьд хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулах эрхтэй. Мөн 2 дугаар багт бүртгэлтэй байдаг боловч үйл ажиллагаа эрхлээгүй удсан, захирал нь өөрөө Хэнтий аймагт амьдардаг талаар нягтлан бодогч нь хэлсэн. Энэ компани нь  тоног төхөөрөмж худалдан борлуулах эрхгүйгээс гадна бодит байдал дээр тоног төхөөрөмж зарж борлуулдаггүй компани. Тэгэхээр энэ компанийн данс руу орсон мөнгийг нягтлан бодогч нь нэр бүхий 4 хүний данс руу шилжүүлж гаргаад өөрсдөө тоног төхөөрөмж худалдан авсан байж магадгүй гэх эргэлзээ төрүүлж байна. 3 дахь зөрчил нь төслийн зориулалтыг дур мэдэж өөрчилсөн. Улсын төсвийн хөрөнгө биш гэж яриад байгаа боловч энэ нь өөрөө Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамаар дамжиж ирсэн төсвийн мөнгө юм. 4 дэх зөрчил нь “Талын төгс төгөлдөр” ХХК-тай гэрээ байгуулаагүй байж сургалтын арга хэмжээ зохион байгуулна гэж тус компанийн данс руу сургалтын мөнгө гэж шилжүүлж гаргасны дараа бага ангийн багш Алтансувдын данс руу шилжүүлж авсан. Эдгээр орлого, зарлагууд нь тухайн өдрөө хийгдсэн гүйлгээнүүд юм. О одоо болтол энэ мөнгөө буцааж төлөөгүй байгаа. 5 дахь зөрчил нь хүүхдийн хоолны мөнгөнөөс зарцуулагдаагүй үлдсэн мөнгийг буцааж төсөвт хийгээгүй. Мөн бага үнэтэй түргэн элэгдэх зүйлсийн зардлаас 3 300 000 төгрөгөөр 10 ширхэг компьютер худалдаж авсан. Энэ нь Сангийн сайдын 2014 оны 55 дугаар “эдийн засгийн ангилал батлах тухай” тушаалд заасан зардлын ангилалд хамаарахгүй худалдан авалт хийгдсэн нь харагдаж байна. Энэ компьютерийг авахдаа “Дүнзка” ХХК-аас авсан бөгөөд тус компани нь нэхэмжлэгч Оийн төрсөн эгчийнх нь хүүгийнх нь компани гэж тайлбарласан байдаг. Энэ нийт яригдаад байгаа 54 880 000 төгрөг нь улсын төсвөөс гарч байгаа учраас төсвийн хөрөнгө мөн. Тиймээс хуулийн дагуу сумын З  төсвийн мөнгийг хэрхэн, яаж зарцуулж байгаад хяналт тавьж, арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэх эрх бүхий субъект мөн гэж үзэж байна. Тийм учраас О нь ажил олгогчийн итгэлийг эвдсэн гэж үзсэн учраас миний бие өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрий н тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Оийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн О нь Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ  худалдан  авах  тухай  хууль  болон  бусад  холбогдох  хууль  тогтоомжийг зөрчсөн болох нь Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, санхүүгийн хяналт аудитын газрын 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 25-01-27 дугаартай тэмдэглэл, мөн өдрийн 25-01-66, 25-01-67, 25-01-68, 25-01-69, 25-01-70 тоот актууд болон 25-01-61 дугаартай албан шаардлагаар тус тус нотлогдож тогтоогдсон байдаг. Мөн уг тэмдэглэлээр “их эрсдэлтэй” гэж үнэлэгдсэн ба дээд шатны байгууллагаас хариуцлага тооц гэсэн чиглэлийг  З  надад даалгаж өгсөн байдаг. Ингээд О нь Санхүүгийн хяналт аудитын шалгалтаар 54 000 000 төгрөгийн зөрчлийн асуудал гаргасан гэдэг нь тогтоогдсон. Мөн О нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу 1 сарын дотор шүүхэд гомдол гаргасан байх ёстой. Гэтэл уг нэхэмжлэлийг 2020 оны 11 сарын 18-ны өдөр хуульд заасан хугацаа хэтрүүлж гаргасан. Нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэгч өөрөө хууль мэдэхгүй буюу хуульчийн зөвлөгөө авах эрхээ хэрэгжүүлээгүйгээс болоод маргааны харьяалал зөрчиж Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн анхан шатны шүүх гэх мэт байгууллагад гомдол гаргаж, үүнээсээ болж хуулийн хугацаа хэтрүүлж Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.3-т заасан үндэслэлээр хугацааг сэргээж болдог. Тодруулбал хүндэтгэх үзэх шалтгаан байвал хугацааг сэргээж болно гэж хуульд заасан. Хүндэтгэх үзэх шалтгаан гэдгийг юу гэж ойлгох вэ гэдгийг Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах” тухай 33 дугаар тогтоол дээр тодорхой заасан байдаг. Тус тогтоолын 28 дугаар зүйлд 129.3-т заасан хүндэтгэх үзэх шалтгаан гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ гэж  заасан. Харин хууль мэдэхгүй байдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. Шүүх уг тайлбарыг заавал хэрэглэх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Дорнод аймгийн Г сумын З д холбогдуулан ажлаас буруу халсан тул тус сумын Засаг даргын ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгон, тус сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар тооцон гаргуулах тухай гомдлыг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны явцад ажилгүй байсан бүх хугацааны  буюу 2020 оны 9 сарын 11-ний өдрөөс 2021 оны 7 сарын 26-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 14 314 737.90 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчөөгүй байна.

Зохигч талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгч С.О нь 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилогдон 2020 оны 9 сарын 11-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байх ба ажил олгогч Дорнод аймгийн Г сумын З  Ч.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/14 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасныг тус тус үндэслэн С.Оийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсөн үйл баримтууд тогтоогдож байна.

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заажээ.

Нэхэмжлэгч С.О нь ажил олгогчийн шийдвэр буюу сумын Засаг даргын “С.Оийг ажлаас чөлөөлөх тухай” 2020 оны 9 сарын 11-ний өдрийн Б/14 дугаартай захирамжийг эс зөвшөөрч, уг захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2020 оны 9 сарын 21-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлд гаргасныг тус салбар зөвлөл 2020 оны 9 сарын 23-ны өдөр хүлээн авч хянаж үзээд дээрх гомдлыг Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газарт хянуулахаар 2020 оны 10 сарын 06-ны өдрийн 71 дугаартай албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлжээ.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл С.Оийн дээрх гомдлыг хянаад 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/1892 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийн гомдлыг Төрийн албаны зөвлөл хүлээн авч шийдвэрлэх боломжгүй бөгөөд гомдлоо шүүхэд гаргах талаар хариуг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч С.О нь Төрийн албаны зөвлөлийн дээрх шийдвэрийг хүлээн авсны дараа Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 11 сарын 04-ний өдөр гомдол гаргаж, тус шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан гомдолд захиргааны хэрэг үүсгэсэн боловч шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 113 дугаартай захирамжаар “...тус маргаантай хэрэг нь захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус хэрэг байх тул Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандах нь зүйтэй...” гэж захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Үүний дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч С.О нь Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “ажлаас буруу халагдсан тухай гомдлоо гаргажээ.

Нэхэмжлэгч талаас дээрх үйл баримтын талаар шүүхэд гаргасан тайлбартаа “...нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ажилтны хувьд ажлаас халагдсан тухай гомдлыг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан бөгөөд урьдчилан шийдвэрлэх журмыг хангахын тулд Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргасан. Төрийн албаны зөвлөлийн хариунд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу шүүхэд ханд гэсэн байсан. Хөдөлмөрийн тухай хуулинд мөн ямар шүүхэд гомдлоо гаргахыг заагаагүй. Сургууль цэцэрлэгийн эрхлэгч нарыг ажлаас халсан тухай гомдлыг Иргэний шүүх, Захиргааны шүүхийн аль алин нь хүлээн авч шийдвэрлэдэг практик байдаг тул Захиргааны хэргийн шүүхэд гомдлоо гаргасан... Ажлаас чөлөөлсөн шийдвэрийг авсан цагаасаа хойш би шат шатны байгууллагад нь гомдлоо гаргаад явсан тул гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлтэй гэж үзэж байна” гэж,

Хариуцагч тал дээрх үйл баримтын талаар шүүхэд гаргасан тайлбартаа “нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас буруу халагдсан тухай гомдлыг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Төрийн үйлчилгээний албан хаагчийн ажлаас халсан тухай гомдлыг хуульд зааснаар Иргэний шүүх харъяалан шийдвэрлэдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд зааснаар шүүх хүндэтгэн үзэх шалтгаантай байвал гомдол гаргах хугацааг сэргээх ойлголтыг тайлбарласан байдаг... Гэтэл энэ тогтоолд тайлбарласан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт нэхэмжлэгч С.Оийн дээрх шалтгаан хамаарахгүй байх бөгөөд хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. Шүүх хууль тайлбарласан тогтоолыг заавал хэрэглэх ёстой. Иймд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй” гэж тус тус маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болох тухай заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйлд заасан “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгохоор, харин хууль  мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж тайлбарласан боловч дээрх шалтгаанаас өөр хүндэтгэн үзэх шалтгаан байж болохгүй талаар тайлбарлаагүй байна.

Хэдийгээр хуулийн албан ёсны тайлбар нь аливаа хуулийн зүйл заалт буюу эрхийн хэм хэмжээнд туссан эрх зүйн харилцааны зохицуулалтыг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх зорилготой боловч хуулийн адил эрх зүйн эх сурвалж болдоггүй бөгөөд  Хөдөлмөрийн  тухай  хуулийг  тайлбарласан  Улсын  дээд шүүхийн тогтоолыг шүүх заавал шийдвэрийнхээ үндэслэл болгон хэрэглэх ёстой гэсэн заалт Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд тусгагдаагүй.

Иймд нэхэмжлэгч С.Оийн ажлаас буруу халсан тухай ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан цагаасаа хойш “ажилтныг ажлаас халсан тухай” гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдэд буюу Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн шүүхэд хандаж гомдлоо гаргасан үйл баримтыг хууль мэдэхгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэх боломжгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг сэргээн тогтоож, хэргийг энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх нэхэмжлэгч С.Оийн шүүхэд гаргаж өгсөн Төрийн албаны зөвлөл болон Захиргааны хэргийн шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж байсан тухай бичгийн баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан судалсны эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар өөрийн дотоод итгэлээр энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.

2. Нэхэмжлэгч С.О ажил олгогч буюу хариуцагч Г сумын Засаг даргын дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “...Ажил олгогч нь надтай хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулаагүй, мөн төсвийн хөрөнгийг хувьдаа ашиглаагүй байхад ашигласан мэтээр ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан гэж дүгнэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, мөн З  Ч.Б нь Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсэгт заасан Засаг даргын бүрэн эрх буюу аймгийн Боловсролын газрын санал дүгнэлтийг авалгүй хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлсэн тул ажлаас халсан нь үндэслэлгүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргадаг.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...С.О нь санхүү аудитын хяналт шалгалтаар санхүүгийн маш ноцтой зөрчил гаргасан нь Санхүүгийн хяналт, аудитын албаны тэмдэглэл, актаар тогтоогдсон, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл болсон тул ажил олгогчийн санаачилгаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд З д олгогдсон эрхийн хүрээнд аймгийн Боловсролын газрын санал дүгнэлтийг авах шаардлага байгаагүй...” гэж маргадаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг  өөрийн санаачилгаар цуцалж болох тухай заажээ.

Ажил   олгогч  нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож  буй  шийдвэртээ  ажилтныг  чөлөөлөх  болсон  үндэслэлээ  тодорхой заасан,

 

 

Хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан байвал зохих бөгөөд ажилтныг ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байхыг шаарддаг.

Ажил олгогчийн шийдвэр буюу Г сумын Засаг даргын “С.Оийг ажлаас чөлөөлөх тухай” 2020 оны 9 сарын 11-ний өдрийн Б/14 дугаартай захирамжинд “Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох бусад хуулийн заалтуудыг зөрчиж, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь Дорнод аймгийн...Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020.08.26-ны өдрийн 25-01-27 дугаар тэмдэглэлээр нотлогдсон” гэх үндэслэлийг заасан байх ба захирамжийн үндэслэл болсон Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 25-01-27 дугаар “Дотоод аудитын дүнгийн тухай” тэмдэглэлээс харахад “...аудитын шалгалтаар 54 808 000 төгрөгийн зөрчил илэрсэн ба 28 155 000 төгрөгийн зөрчилд 5 акт гаргаж, 26 100 000 төгрөгийн зөрчилд 1 албан шаардлага хүргүүлж, бусад зөрчилд зөвлөмж өгч ажилласан. Тус байгууллага нь 61,5 хувь буюу “Их” эрсдэлтэй гэж үнэлэгдсэн...” талаар тус тус тусгасан байхаас гадна уг тэмдэглэлд дурдсан алдаа зөрчлүүд нь Санхүүгийн хяналт, аудитын улсын ахлах байцаагчийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 25-01-66, 25-01-67, 25-01-68, 25-01-69, 25-01-70 дугаар актуудаар тус тус тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч С.О нь улсын байцаагчийн дээрх актуудыг эс зөвшөөрч  актуудыг хүчингүй болгуулах тухай гомдлыг Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд 2020 оны 9 сарын 29-ний өдөр гаргасан боловч тэрээр уг нэхэмжлэлээс татгалзан нэхэмжлэлээ буцаан авсан тухай тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул шүүх дээрх улсын байцаагчийн актуудыг хүчинтэй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч С.Оийг Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д зааснаар төсвийн шууд захирагчийн хувьд дээрх Санхүүгийн хяналт аудитын албаны “Дотоод аудитын дүнгийн тухай” тэмдэглэл, улсын ахлах байцаагчийн актуудаар “төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг төсөвт төвлөрүүлээгүй, хүүхдийн хоолны зардлыг илүү зарцуулсан, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, төслөөр хэрэгжүүлэх хөрөнгийг худалдан авахдаа хуулийн дагуу тендер зохион байгуулаагүй, төслийн хөрөнгийг зориулалт бусаар өөрчлөн өөр төрлийн хөрөнгө худалдан авсан гэх зэрэг алдаа зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлуудаар хариуцагч Г сумын Засаг даргын нэхэмжлэгч С.Оийг санхүү болон хяналтын эрх бүхий байгууллагын шалгалтын тэмдэглэлээр холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, алдаа зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзсэнийг шүүх буруутгах боломжгүй юм.

Гэвч ажил олгогч Дорнод аймгийн Г сумын З  Ч.Б нь ажилтан буюу тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С.Отэй хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ байгуулаагүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хариуцагч Г сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 97 дугаартай албан бичиг зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй.

Зохигч талуудын тайлбараар нэхэмжлэгч С.О нь Дорнод аймгийн З тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан гэдгийг талууд үгүйсгэдэггүй боловч нэхэмжлэгчийн Дорнод аймгийн З тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ зэрэг бичгийн баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ажил олгогчтой урьд өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээ цаашид сунгагдан үргэлжилж байгаа эсэх, уг гэрээнд ажилтны сахилга, хариуцлагын асуудал хэрхэн тусгагдсан эсэх, ажилтны гаргасан ямар зөрчлийг ажлаас шууд халах зөрчилд тооцох, ямар зөрчлийг ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэх талаар талууд хэрхэн тохиролцсон болох нь тус тус тодорхойгүй байгаагаас шүүх нэхэмжлэгч С.Оийн гаргасан санхүүгийн дээрх зөрчлийг “ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” гэж дүгнэх боломжгүй байна.

Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8-д сумын З  нь хууль тогтоомжид заасан бол тухайн нутаг дэвсгэр дэх төсвийн байгууллагын ажилтанг холбогдох дээд байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх эрхтэйг, мөн Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т сумын З  ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн Боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх эрхтэй талаар тус тус заажээ.

Дээрх хуульд зааснаар ажил олгогч сумын З  ажилтан буюу тус сумын Ерөнхий болосролын сургуулийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө түүний ажлын үр дүнгийн хэрэгжилтийн талаар Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагын газрын саналыг урьдчилан авсны эцэст ажилтны гаргасан зөрчил нь түүний ажлын үр дүнгийн гэрээний хэрэгжилтэнд нөлөөлсөн эсэхийг харьцуулан дүгнэсний эцэст ажилтныг ажлаас нь чөлөөлөх үүрэгтэй.

Гэвч хариуцагч Г сумын З  нь хуульд заасан дээрх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь Дорнод аймгийн Боловсол, соёл урлагийн газрын даргын

2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаартай албан бичгээр тогтоогдож байхаас гадна хариуцагчийн төлөөлөгч нь тус газраас бичгээр санал дүгнэлт аваагүй талаар тайлбартаа дурдаж дээрх үйл баримтын талаар үгүйсгээгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Дорнод аймгийн Г сумын З  Ч.Б нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх тул нэхэмжлэгч С.Оийг урьд эрхэлж байсан ажил буюу Дорнод аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

3. Шүүх нэхэмжлэгч С.Оийг ажлаас нь чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэх үндэслэлээр түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон нөхөн гаргуулах зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь 2020 оны 11 сарын 18-ны өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлыг тус шүүхэд гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 486 781 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч талаас ажилгүй байсан хугацааны олговрыг шүүх хуралдаан болох өдрөөр буюу 2021 оны 7 сарын 26-ны өдрөөр дуусгавар болгон нийт 14 314 737.90 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэгчийн 2020 оны 01 сараас 9 саруудын цалингийн тодорхойлолтоос үзвэл нэхэмжлэгч  С.О нь 2020 оны 7-9 саруудад буюу сүүлийн гурван сард нийт 1 863 778 /үндсэн цалин, тогтмол нэмэгдэл, ажилласан жилийн нэмэгдлүүд багтсан/ төгрөгийн цалин авч, ажлын 33 хоног ажиллажээ.

Нэхэмжлэгч нь 2020 оны 4-6 саруудад авсан нийт цалингаар тооцон өөрийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг 65 364 төгрөгөөр тооцсон боловч шүүх нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу дагуу сүүлийн гурван сар буюу 2020 оны 7-9 саруудад авсан нийт цалин хөлсний нийлбэр дүнг тухайн хугацаанд жинхэнэ ажилласан ажлын өдрийн тоонд хуваан нэг өдрийн дундаж цалинг тодорхойлох нь зүйтэй гэж үзсэн болно. 

Иймд нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлс болох 56 478 /1 863 778:33 хоног/ төгрөгийг түүний ажилгүй байсан бүх хугацаа буюу 2020 оны 9 сарын 11ий өдрөөс 2021 оны 7 сарын 26ы өдрийг дуустал нийт 211 хоног/нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүд, сонгуулийн өдрийг хассан/-оор тооцон, ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11 916 858 төгрөгийг хариуцагч Г сумын Засаг даргын ажлын алба болох Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, дээрх шаардлагаас үлдэх  2 397 879 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч С.От олгох 11 916 858 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүд үүрэг болгох нь зүйтэй.

4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Дорнод аймгийн Г сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/14 дугаартай “С.Оийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай хэсгийг шүүх хангах боломжгүй байна.

Учир нь ажил олгогчийн дээрх шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх дээрх Б/14 дугаар захирамжийг заавал хүчингүй болгох шаардлагагүй тул нэхэмжлэгчийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл буюу ажлаас буруу халсан тухай гомдлыг шүүхэд гаргахдаа зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол улсын тэмдэгтийн хураамжийг тэр хэмжээгээр хариуцагчаар нөхөн төлүүлэхээр заажээ.

Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар үнэлж болохгүй нэхэмжлэл буюу ажлаас буруу халсны улмаас үндсэн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар ажилгүй байсан хугацааны олговор болох 11 916 858 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 205 620 төгрөг буюу нийт 275 820 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Оийг Дорнод аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11 916 858 төгрөгийг Дорнод аймгийн Г сумын Засаг даргын тамгын газраас

 

гаргуулан нэхэмжлэгч С.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Г сумын Засаг даргын 2020 оны 9 сарын 11-ний өдрийн Б/14 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай хэсэг болон ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагаас үлдэх 2 397 879.90 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч С.От олгох 11 916 858 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Дорнод аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүд даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч С.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Дорнод аймгийн Г сумын З ас улсын тэмдэгтийн хураамжинд 275 820 төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц, мөн 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авах 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                     

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.УРТНАСАН