Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 201/МА2021/00018

 

М Б М ХХК-ийн нэхэмжлэлтэй, холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 09-ний өдрийн 138/ШШ2021/00291 дугаар шийдвэртэй, М Б М ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 169 105 031 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Н.Тийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 05 сарын 27ы өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн төлөөлөгч Н.Т, түүний өмгөөлөгч В.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

Нэхэмжлэгч М Б М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ“...Манай компани нь Т ХХК-тай 2017 оноос эхлэн жил бүр цемент нийлүүлж, хамтран ажиллаж байна. Гэвч тус компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж манай компанид хохирол учруулж байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. ...Т ХХК нь манай компанитай 2017 оны 03 сарын 23-ны өдрийн МБМ2017019 тоот барьцаат дистрибьютерын гэрээ, түүнд оруулсан 2018 оны 10 сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулсан бөгөөд тус компани нь 2017-2018 оны хооронд байгуулсан гэрээний төлбөрийн үүргээс 2019 оны 03 сарын 23-ны өдрийн харилцан тооцоо нийлсэн актын дагуу 37 696 687.86 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Энэхүү төлбөрийг 2018 оны 12 сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгах хугацаатай байсан боловч Т ХХК-ийн 2019 оны 05 сарын 13-ны өдрийн 19/09 тоот албан бичгээр тус 37 696 687.86 төгрөгийг 2019 онд худалдан авах цементийн төлбөрт оруулан тооцож гэрээ байгуулах хүсэлтийг манай компанид ирүүлсэн. Бид хүсэлтийг хүлээн авч энэ дүнг доорх гэрээнд тусгасан. Манай компани Т ХХК-тай 2019 оны 05 сарын 07-ны өдрийн МБМ2019Б/072 тоот Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ (цаашид 2019 оны МБМ2019Б/072 тоот Цемент БЗХХАГ гэхбайгуулсан бөгөөд тус гэрээгээр ОРС-42,5 маркийн задгай цементийг худалдан авагч талын захиалгын дагуу худалдагч тал захиалгыг баталгаажуулснаар тухай бүр нь цементийг нийлүүлэхээр тохиролцсон. Ингэхдээ Цемент БЗХХАГ-ний цемент нийлүүлэх тусгай нөхцөлийн 3-т Худалдан авагч тал үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгийн үнэлгээний хэмжээний дотор эргэлттэйгээр цементийг худалдан авч болно. Барьцаа хөрөнгийн тохиролцсон үнэлгээнээс хэтрүүлэхгүй. Барьцаа хөрөнгийн тохиролцсон үнэлгээний дотор олгох цементийн төлбөрт тус гэрээний 1.1-д заасан 37 696 687.86 төлбөрийг оруулан тооцно. Мөн талууд тухайн сард нийлүүлсэн бүтээгдэхүүний тооцоо нийлсэн актыг тухайн сарын 30-ны өдрийн дотор үйлдэх бөгөөд төлбөр төлөгдөх нөхцөл нь талуудын тооцоо нийлсэн акт үйлдсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор байна гэж харилцан тохиролцсон болно. Энэхүү гэрээний дагуу ...Т ХХК нь 2019 оны 05 сарын 07-ны өдрөөс 2019 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 2005 тонн 308 270 000 төгрөгийн цементийг зээлээр худалдан авсан бөгөөд 2018 оны үлдэгдэл төлбөр болох 37 696 687.86 төгрөгийг оруулан тооцвол нийт 345 966 588 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн болно. Энэхүү төлбөрийн үүргээс тус компани 233 230 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 112 736 687 төгрөгийг 2019 оны МБМ2019Б/072 тоот Цемент БЗХХАГ-ний цемент нийлүүлэх нөхцөлийн 3-т заасан ...2019 оны 12 сарын 25-ны дотор төлж дуусгавар болгох... үүргээ биелүүлээгүй байна. Энэ дүнг талууд 2020 оны 08 сарын 20-ны өдрийн байдлаар тооцоо нийлж баталгаажуулсан. ...Т ХХК нь 2020 оны 07 30-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн төлбөрийг төлөөгүй учир 2019 оны МБМ2019Б/072 тоот Цемент БЗХХАГ-ний 4.8-д зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг хоног тутам тооцон төлүүлэх нөхцөл бүрдсэн. 2019 оны 12 сарын 25-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах байсан боловч төлөөгүй тул 2020 оны 08 сарын 31-ний өдрийн байдлаар тооцвол 249 өдрийн хугацаа хэтэрсэн байна. 112 736 687.86 төгрөгийн 0.3 хувиар тооцоход 1 өдрийн алданги 339 607.65 төгрөг болох бөгөөд үүнийг хугацаа хэтэрсэн 249 өдрөөр үржүүлбэл 84 562 305 төгрөгийн алданги болж байна. Алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж үзвэл үндсэн цементийн төлбөрийн үнийн дүнгийн 50 хувь буюу 56 368 343 төгрөгийн алданги болж байна. Иймд 2019 оны МБМ2019Б/072 тоот Цемент БЗХХАГ-ний үндсэн төлбөр болох 112 736 687.86 төгрөг, алданги 56 368 343 төгрөг, нийт 169 105 031.79 төгрөгийг хариуцагч Т ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна. Талуудын байгуулсан 2019 оны МБМ2019Б/072 тоот Цемент БЗХХАГ-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2019 оны 05 сарын 07-ны өдөр МБМ2019Б/072/01 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай гэрээг нэг талаас барьцаалагч М Б М ХХК, нөгөө талаас барьцаалуулагч иргэн Н.Т (РД: ЖЯ75011971)-тэй байгуулж, иргэн Н.Тийн өмчлөлийн ...үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

Иймд ...хариуцагч Т ХХК-аас цементийн төлбөр 112 736 687.86 төгрөг, алданги 56 368 434 төгрөг, нийт 169 105 031 төгрөгийг гаргуулах буюу энэхүү төлбөрийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж, төлбөрийн үлдэх хэсгийг мөнгөн хөрөнгөөр гаргуулж М Б М ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компанид анх Т ХХК хамтран ажиллах санал тавьсаны дагуу хүсэлтийг хүлээн авч тус компанитай 2017 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ингээд 2017, 2018 оны Дистрибьютерын гэрээгээр талуудын харилцаа зохицуулагдсан. Талууд энэ хугацааны тооцоог нийлж үзэхэд үлдэгдэл төлбөр 37 696 687 төгрөг болсон ба энэ өглөгийн асуудлыг, харилцан зөвшилцөөд тооцоо нийлсэн актанд гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл Т ХХК нь үлдэгдэл төлбөр болох 37 696 687 төгрөгийг 2019 оны гэрээндээ оруулан тооцож өгнө үү гэсэн тухайн компанийн өөрийнх гаргасан хүсэлтийн дагуу манай компани хамтын ажиллагаагаа 2019 онд үргэлжлүүлж байсан. Ингээд 2019 оны Барьцаат зээлээр цемент худалдах худалдан авах гэрээний 1.1-т заасны дагуу үлдэгдэл 37 696 687 төгрөгийг 2019 оны гэрээний төлбөрийн үүрэгт шилжүүлсэн. Ингээд 2020 онд тооцоо нийлэхэд хариуцагч нь 112 736 687 төгрөгийг өглөгтэй гарч, энэ талаарх актад талууд харилцан гарын үсэг зурсан. ... Тооцоо нийлсэн акт нь гэрээний гол баримт бичиг мөн бөгөөд цемент нийлүүлэх, захиалга өгөх харилцаа ихэвчлэн гар утсаар хийгддэг байсан. Тиймээс үнийн өөрчлөлтийг эцсийн байдлаар тооцоо нийлсэн акт болон утсан хэлбэрээр баталгаажуулсан. Манай компанийн хувьд сар болгон цементийн нийлүүлэлт бүр дээр тооцоо нийлсэн акт үйлдэж Т ХХК руу хүргүүлж байсан. Гэтэл Т ХХК нь тооцоо нийлсэн акт үйлдэхээс татгалзаж, зайлсхийдэг байсан учраас манай компани өөрийн биеэр Дорнод аймаг руу очиж тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зуруулж баталгаажуулдаг байсан... Гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцож хүлээн зөвшөөрсөн. Иймд манай компанийн хувьд Иргэний хуулийн 174.1, 175.1, 232.4-т заасны дагуу үндсэн төлбөр болон алдангийн хамт, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна... гэжээ.

Хариуцагч Т ХХК-ийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал Н.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...М Б М ХХК-тай 2017 оноос гэрээ байгуулан хамтарч ажиллаж байгаа бөгөөд тус компани нь 56 368 343 төгрөгийн алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй болно. Манай компани гэрээ байгуулснаасаа хойш 2017 онд 473 394 000 төгрөг, 2018 онд 286 676 000 төгрөг, 2019 онд 164 520 000 төгрөг, бүгд 924 590 000 төгрөгийн цементийн борлуулалт хийж өгсөн байна. Үүний нийт урамшуулал 5 хувиар гэж тооцвол 46 229 500 төгрөг болж байна. Эдгээр урамшууллаа тооцон гаргуулж аваагүй байгааг дурдах нь зүйтэй. 2017 оны 03 сарын 23-ны өдөр байгуулсан МБМ2017019 тоот гэрээний 3.2-т Дистрибьютер нь тухайн тоо хэмжээгээр барааг борлуулж чадаагүй бол дараа сар, дараа жилийн борлуулалтын тоонд нэмж тооцож болно гэж заасан байгаа. Эдгээр нөхцөл байдлуудаа дурдаж М Б М ХХК-ийн хуулийн зөвлөхтэй холбогдсон бөгөөд ...тодорхой үнийн дүн дээр зөвшилцөх санал явуулаад байгаа. Саналын дагуу шат шатны удирдлагууддаа танилцуулж, харилцан тохиролцож шийдвэрлэе гэж ярилцаад байгаа юм. Коронавируст халдварын улмаас тогтоосон хөл хорионы улмаас аль аль компанийн хувьд санхүүгийн хүндрэл ихтэй байгаагаас үүссэн маргааныг аль болох эвлэрлийн журмаар шийдвэрлүүлж, цаашдын хамтын ажиллагаа, үүсч болох эрсдлүүдээс сэргийлэх байр суурьтай байна.

... Манай компанийн хувьд 112 736 687 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2018 онд борлуулсан цементийн нийт үнийн дүнгээс 33 382 000 төгрөгийн үнийн зөрүү гарсан. 1 тонн цементний үнийг гэрээнд зааснаар 142000 төгрөгөөр бодох байтал өөр өөр өндөр дүнгээр тооцсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Уг 33 382 000 төгрөгийн үнийн зөрүүг 112 736 687 төгрөгөөс хасаж тооцвол 79 354 687 төгрөгийн үндсэн төлбөрийг төлөхөөр байна. Манай компани нэхэмжлэгч компанитай хамтран ажилласан 3 жилийн хугацаанд буюу 2017-2019 онуудад нийт 1 124 462 000 төгрөгийн үнэ бүхий цементийг борлуулж өгсөн. Ийм байхад 2019 оны тооцоо нийлсэн актыг үндэслэж манай компаниас алданги нэхэж байгаад үнэхээр харамсаж байна. Яагаад гэвэл үндсэн төлбөрийн 50%-тай тэнцэх хэмжээний алданги нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үнэхээр алданги нэхэж байгаа бол үндсэн гэрээн дээрээ манай компани цементийнхээ үнийг өөрчилсөн талаар албан бичгээр бидэнд мэдэгдэх ёстой байсан. Дан ганц манай компанийн хариуцлагагүй байдлаас шалтгаалж төлбөр төлөгдөөгүй байгаа юм биш. Тухайн үед уг цементийг Шинь Шинь ХХК-д борлуулсан байсан бөгөөд тус компанийн захирал нь хятад хүн байдаг учраас цар тахлын улмаас Монгол улсад ирэх боломжгүй болсноос үүдэж уг төлбөр төлөгдөөгүй өдийг хүрсэн. Өмнө 2017 онд байгуулсан гэрээг үндэслэж 17 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар манай компанид мэдэгдэж гэрээ хийж болсон хирнээ яагаад одоогийн энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд үлдэгдэл төлбөрийг бидэнд мэдэгдэж, нэмэлт гэрээ байгуулж болоогүй юм бэ? Мөн манай компани 112 736 687 төгрөгийн үнийн дүнг давсан барьцаа хөрөнгө байршуулсан байгаа. Тиймээс нэхэмжилж байгаа нийт үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд өмнөх хойшилсон шүүх хурал дээр үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч, алдангийн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх саналаа илэрхийлж байсан бол өнөөдрийн шүүх хурал дээр энэ байр суурь маань өөрчлөгдөж гэрээгээ мөрдөж гэрээнд заасан үнийн дүнг төлөх саналтай байна... гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 09-ний өдрийн 138/ШШ2021/00291 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт 163 840 031,79 /нэг зуун жаран гурван сая найман зуун дөчин мянга гучин нэгэн төгрөг далан есөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М Б М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 264 999,21 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны гэрээнд заасан барьцааны хөрөнгө болох:

- Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хангамжийн урд 6-р гудамж 02 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0614006759 дугаарт бүртгэлтэй, 00148788 дугаар гэрчилгээтэй, 60.5 м.кв талбай бүхий Бетон зуурмагийн узелын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хангамжийн урд 6-р гудамж 02 тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0614009521 дугаарт бүртгэлтэй, 000216010 дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 мгазар өмчлөх эрх,

-  Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хангамжийн урд 3-р гудамж 02 тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0614009440 дугаарт бүртгэлтэй, 000216011 дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 мгазар өмчлөх эрх,

-  Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хангамжийн урд 5-р гудамж 02 тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0614009438 дугаарт бүртгэлтэй, 000216009 дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 мгазар өмчлөх эрх,

-  Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хангамжийн урд 3-р гудамж 01 тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0614009439 дугаарт бүртгэлтэй, 000216013 дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 мгазар өмчлөх эрх,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хангамжийн урд 4-р гудамж 02 тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0614009522 дугаарт бүртгэлтэй, 000216014 дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 мгазар өмчлөх эрх,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хангамжийн урд 1-р гудамж 01 тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0614005081 дугаарт бүртгэлтэй, 00357704 дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 мгазар өмчлөх эрх,

-Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хангамжийн урд 1-р гудамж 02 тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0614005080 дугаарт бүртгэлтэй, 00357703 дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 мгазар өмчлөх эрх зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 138/ШЗ2020/03611 дугаартай захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болтол хэвээр байхыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 073 675 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 047 350 /нэг сая дөчин долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М Б М ХХК-д олгож,... шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Т давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, талуудын хооронд байгуулагдсан гэрээ, түүгээр тохиролцсон цементийн үнийг анхаарч үзэлгүй, нотлох баримтыг буруу үнэлснээс үндэслэл бүхий болж чадаагүй. Нэхэмжлэгч хариуцагч нар тохиролцон Иргэний хуульд нийцүүлж 2017.03.23-ны өдөр МБМ2017019 дугаартай “Дистрибьютерийн гэрээ”-г байгуулж 2018.10.01-ний өдөр дээрх “Дистрибьютерийн гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах тухай MCP 2017019/52 дугаартай гэрээг байгуулж, тус гэрээгээр дистрибьютер нь цементийн эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, бэлтгэн нийлүүлэгч нь гэрээний үргэлжлэх хугацаанд барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийн нийт 25 сая төгрөгийн үнэлгээнээс хэтрүүлэхгүйгээр үндсэн цемент зээлээр авах эрх дээр нэмэгдүүлэн цементийг нийлүүлэхээр 2019.05.07-ны өдөр МБМ2019Б/072 дугаартай “Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж дээрх гэрээний дагуу нийлүүлэлт хийгдэж явсан.

Талуудын хооронд анх гэрээ байгуулагдах бүртээ цементийн 1 кг тутам дахь үнийг гэрээ тус бүрт нарийвчлан тохиролцсон байх бөгөөд үнэ өөрчлөгдөх бол дахин шинэ гэрээ байгуулах журам, үнэ өөрчлөгдөх үндэслэл зэргийг гэрээгээр тохиролцсон байсан. Гэрээнд заасан үнээр цементийн үнийг бодох ёстой. Тооцоо нийлсэн актаар цементийн үнэд өөрчлөлт оруулж, энэ дүнгээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Гэрээнд заасан үнээр бодвол нийт 33 382 000 төгрөгийн зөрүү гарч байгаа ба үүнийг 112 736 687 төгрөгөөс хасаад үлдэгдэл 79 354 687 төгрөгийг гэрээнд заасан хэмжээний дагуу төлөхөд татгалзах зүйлгүй. Энэ талаар үндэслэл, тайлбараа анхан шатны шүүхэд гаргасан боловч энэ талаар анхаарч үзэлгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Алдангийн хувьд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас борлуулагдсан цементийн эргэн төлөлт хийгдэхгүй байгаа, энэ шалтгаан нь гэрээний 22.1-т заасан давагдашгүй хүчин зүйлд хамааралтай байх боломжтой гэж үзэж байна. Гэрээнд заасан гэж үзэж алданги төлөх болсон ч 79 354 687 төгрөгийнхөө хүрээнд л алданги төлнө гэж үзэж байна.

Гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Монцемент билдинг материалс” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан “худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 169 105 031 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1-4 дэх тал/

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд зохигчдын хооронд 2017 оны 03 сарын 23-ны өдөр МБМ2017019 дугаар бүхий “Дистрибьютерийн гэрээ”, 2018 оны 10 сарын 01-ний өдөр МСР2017019/52 дугаар бүхий Дистрибьютерийн гэрээнд “Нэмэлт өөрчлөлт оруулах” тухай гэрээ,   2019 оны 05 сарын 07-ны өдөр МБМ2019Б/072 дугаар бүхий “Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ” тус тус байгуулагджээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ “талуудын хооронд 2019 оны 05 сарын 07-ны өдөр байгуулагдсан гэрээнээс хойш  нийлүүлсэн цементийн үнийг 1тн-ыг нь гэрээнд заасан үнэ буюу 152 000 төгрөгөөр тооцож, хариуцагч төлөх үүрэгтэй.” гэж дүгнэсэн нь зөв байна./хх-ийн 42-47 дахь тал/

Зохигчдын хооронд 2017 оны 3 сарын 23-ны өдөр байгуулагдсан гэрээний 3.2-т заасны дагуу  2019 оны 05 сарын 07-ны өдөр хүртэл нийлүүлсэн цементийн үнийг 1тн-ыг 142 000 төгрөгөөр тооцож төлөхөөр талууд тохирсон байна.

Харин талуудын байгуулсан гэрээнд нийлүүлсэн цементийн үнийг 1 тн-ыг гэрээнд зааснаас өөрөөр 147 000, 146 000 төгрөг болгох тухай талуудын тохиролцоо гэрээнд тусгагдаагүй байх тул нэхэмжлэгч тал 2017 оны 03 сарын 23-ны өдрөөс 2019 оны 05 сарын 07-ны өдөр хүртэл нийлүүлсэн цементийн үнийг 1 тн-ыг 142 000 төгрөгөөр тооцож нэхэмжлэх эрхтэй юм.

Учир нь Дистрибьютерийн гэрээний 3.3-т “гэрээний 3.2-т заасан цементийн үнэ 2017 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй байна. Цементийн зах зээлийн үнэ 10-с дээш хувиар нэмэгдсэн тохиолдолд гэрээнд заасан үнийг харилцан тохиролцож, гэрээний нэмэлт өөрчлөлт оруулна.”, мөн гэрээний 17.2-т “Гэрээний хугацаа дуусгавар болохоос 1 сарын өмнө талуудын аль нэг нь гэрээг цуцлах, дуусгавар болгох санал гаргаагүй бол дахин 1 жилийн хугацаагаар сунгагдсанд тооцно.” гэж заасан байна.

Энэхүү гэрээний заалтаас үзэхэд зах зээлийн үнэ гэрээнд заасан 142 000 төгрөгөөс 10-с дээш хувиар нэмэгдсэн тохиолдолд талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн агуулгыг илэрхийлж байна.

Гэтэл анхан шатны шүүх өмнөх 2017 оны 03 сарын 23-ны өдөр байгуулсан гэрээний үлдэгдэл болох 37 696 688 төгрөгийг хэдэн төгрөгөөр хичнээн тн цементийн үнийг нэхэмжилж байгааг анхаарч үзэлгүйгээр хариуцагч тал зөвшөөрч дараагийн шинээр байгуулсан гэрээнд тооцохоор оруулсан гэсэн үндэслэлээр 37 696 688 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 05 сарын 07-ны өдрийн гэрээний 1.1, 1.2 дахь заалт болон хариуцагч талын нэхэмжлэгчид явуулсан албан бичгийн “үлдэгдэл тооцоог /37 696 688 төгрөгийг/ 2019 онд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд шилжүүлж өгнө үү.” гэсэн агуулга зэргээс үзэхэд талуудын хооронд гэрээнд заасан 1 тн цементийн үнэ 142 000 төгрөгийг ийм хэмжээгээр өөрчиллөө гэсэн талуудын хүсэл зориг нэгдээгүй, зөвхөн өмнөх гэрээний үлдэгдлийг дараагийн гэрээнд шилжүүлье гэсэн агуулга харагдаж байх тул гэрээнд заасан цементийн үнийг 1 тн-ыг 146 000, 147 000 төгрөгөөр өөрчилнө гэсэн баримт болж чадахгүй гэж үзнэ. 

Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2019 оны 05 сарын 07-ны өдрөөс өмнө авсан 1 тн цементийн үнийг 147 000, 144 000, 136 800, 155 000 гэх мэт янз бүрийн үнээр тооцож  тооцооны акт үйлдсэн, тэр үлдэгдлээ  37 696 688 төгрөг гэж тооцож оруулсан байна. /хх-ийн 95 дахь тал/

Иймд хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт болох баримтыг үндэслэн 2017 оны 03 сарын 23-ны өдрөөс 2019 оны 05 сарын 07-ны өдөр хүртэл нийлүүлсэн цементийн үнийг 1 тн-ыг 142 000 төгрөгөөр,  2019 оны 05 сарын 07-ны өдрөөс хойш нийлүүлсэн цементийн үнийг 1 тн-ыг нь 152 000  төгрөгөөр тооцож хариуцагчаар гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж  дүгнэв. /хх-ийн 95 дахь тал/

Иймээс үндсэн цементийн төлбөр 96 833 688 төгрөг, алданги 48 416 844 төгрөг, нийт 145 250 532 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 23 854 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч талаас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1073 675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч талаас 884 203 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Мөн анхан шатны шүүх хууль тогтоогчоос “Иргэний хууль” гэж тогтоосон хуулийн нэрийг “Монгол Улсын Иргэний хууль” гэж шийдвэрт алдаатай бичсэн нь буруу байх тул залруулж, зөвтгөх нь зүйтэй гэж үзнэ.

Хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381 990 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 09-ний өдрийн 138/ШШ2021/00291 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч “Т” ХХК-иас 145 250 532 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Монцемент билдинг материалс” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23 854 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, мөн 4 дэх заалтын “...  хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1047 350 төгрөг...” гэснийг “...  хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 884 203 төгрөг...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381 990 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

             

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

             ШҮҮГЧИД                                            Ж.ДОЛГОРМАА

                                                                                        З.ЭНХЦЭЦЭГ