Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00738

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/00303 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А-ийн хариуцагч М- ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Маргад-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М- ХХК-ийн захирал А.Б- нь 2018 оны 12 сард Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт ирж, манай компани нь Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын нөөцөд өвс нийлүүлэх тендерт шалгарсан тул өвс худалдан авах хүсэлтэй байна гэсэн. Бид харилцан тохирч нэг боодол өвсийг 4 000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулж, 6 000 боодол өвсийг Говь-Алтай аймаг руу ачуулсан. М- ХХК нь 6 000 боодол өвсний үнэ 24 000 000 төгрөгийг надад бүрэн төлсөн. Дараа нь буюу 2019 оны 1 сарын сүүлээр М- ХХК нь надаас дахиад өвс авахаар болж, нэг боодол өвсийг 4 000 төгрөгөөр тооцон, 3 800 боодол өвс худалдан авч, Ховд аймгийн Мянгад сумаас Говь-Алтай аймаг руу ачуулсан. М- ХХК нь нийлүүлсэн өвсийг хүлээн авсан атлаа 15 200 000 төгрөгийг надад төлөхгүйгээр яам руу бичиг явуулсан хариу ирээгүй, төсвийн тодотголоор шийдэж өгнө, санаа зоволтгүй, удахгүй өгнө гэх мэт шалтгаан хэлж өдийг хүрсэн. Иймд хариуцагч М- ХХК-иас 15 200 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.А- надад олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М- ХХК нь Ховд аймгийн Мянгад сумын иргэн Б.А-тэй харилцан тохиролцож, 2018 оны 12 сар, 2019 оны 1 сард өвс авч, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт нийлүүлсэн. Манай компани нь худалдан авсан өвсний үнийг бүрэн төлж барагдуулсан. Мон шугам энерго ХХК нь тус компанийн менежер ажилтай А.Б-эр дамжуулан, нэг боодол өвсийг 2 000 төгрөгөөр тооцон 3 000 боодол өвсийг иргэн Б.А-ээс худалдаж авахаар амаар тохиролцож ачуулсан. Гэтэл мэргэжлийн хяналтын газраас мал идэх боломжгүй, шаардлага хангахгүй өвс гэж акт тавьсан учраас өвсөө авахыг иргэн Б.А-эд мэдэгдсэн боловч аваагүй, өдийг хүрсэн. Тиймээс М- ХХК нь иргэн Б.А-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М- ХХК-иас 12 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-эд олгож, нэхэмжлэлээс 3 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч М- ХХК-иас 206 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А-эд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй, зөвхөн гэрч нарын мэдүүлгийг үндэслэсэн бөгөөд гэрч нар нь өвс хүргэж өгсөн үйл баримтыг мэдэхээс ямар гэрээний үндсэн дээр нийлүүлж байгаа, худалдан авагч нь хэн болох талаар огт мэдэхгүй хүмүүс юм. Мөн ачааны дагалдах бичиг баримтыг гаргаж өгөөгүй, хэнд хүлээлгэн өгсөн нь тодорхой бус байдаг. Өөрөөр хэлбэл гэрчүүдийн мэдүүлгийг нотолсон ямар ч бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагч М- ХХК нь иргэн Б.А-ээс 2018 оны 12 сард 6 000 боодол өвс авч, гэрээний үүргийг биелүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Харин 2019 оны 1 сард нийлүүлсэн гэх 3 800 боодол өвсний тухайд манай компани худалдан аваагүй Мон шугам энерго ХХК худалдан авсан өвс бөгөөд нуурын өнжмөл бүдүүн өвс буюу зэгс байсан тул захиалагч Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас тавьсан шаардлагад нийцээгүй, хүлээн авахаас татгалзсан. Энэ талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлтэд дурдсан. Нэхэмжлэгч Б.А- нь өөрөөс нь өвс авахаар Б.Б-тэй тохиролцсон гэдэг боловч энэ талаар хэрэгт ямар ч баримтгүй, түүнд М- ХХК-ийг төлөөлөх эрх олгогдсон эсэх нь тодорхой бус байдаг. Нэхэмжлэгч нь Мон шугам энерго ХХК-д нийлүүлсэн өвсөө тус компаниас нэхэмжлээгүй, М- ХХК-иас нэхэмжилж байгаа нь нийлүүлсэн өвснийх нь чанарын доголдолтой холбоотой юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч М- ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр нэр бүхий 5 хүнээс гэрчийн мэдүүлэг авсан байна. Тухайн гэрчүүд Говь-Алтай аймаг руу өвс тээвэрлэсэн гэх боловч нэхэмжлэгч Б.А-ийг хариуцагч М- ХХК-тай 2019 оны 1 сард худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нийт 3 800 боодол өвсийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн гэдгийг шууд нэрлэн зааж мэдүүлээгүй буюу гэрчүүдийн мэдүүлэг эргэлзээтэй байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг. Хариуцагч гэрээний зүйл болох 3 800 боодол өвсийг өмчлөлдөө шилжүүлэн аваагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эргэлзээгүй баримтаар нотлох үүрэгтэй.

 

Түүнчлэн хариуцагч М- ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ Мон шугам энерго ХХК нь манай компаниар дамжуулан нэхэмжлэгч Б.А-ээс өвс авсан гэх боловч мөн л уг тайлбараа баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлын үндэслэлээ бүрэн нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд талууд энэ талаар хангалттай мэтгэлцээгүй байна. Талуудын маргааны зүйл болж буй өвс хүлээлгэн өгсөн үйл баримтыг шүүхээс тодруулж, нэхэмжлэлийн шаардлага түүний эрх зүйн үндэслэлд дүгнэлт хийх учиртай.

 

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд талуудын хооронд үүссэн маргааны талаар дүгнэлт хийж, холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/00303 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Г.ДАВААДОРЖ