Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00853

 

 

 

 

 

 

 

 

 

О- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/00121 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О- ХХК-ийн хариуцагч И- ХХК-д холбогдуулан гаргасан нийт 13 052 364 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн өмгөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь И- ХХК-ийн ачаа тээврийг 2015 оноос хойш тээвэрлэж ирсэн бөгөөд 2018 онд тус компанитай 2018/016 тоот тээврийн зуучийн үйлчилгээний гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу 2-3 тээвэрлэлт хийгдсэн байдаг. 2019 оны 8 сард Турк улсын Анталия хотоос тээвэрлэлт хийлгэхээр И- ХХК-ийн захиалгын дагуу манай компани 2 янзын үнийн саналыг тус компанийн захирал М.Энхболд руу и-мэйл хаягаар явуулсан бөгөөд Турк улсын Анталия хотоос бүтэн машин бүхий ачааны тээвэрлэлтийг зохион байгуулан 2019 оны 10 сарын 21-ний өдөр ачааг эвдрэл гэмтэлгүй, тоо ёсоор хүлээлгэн өгсөн. Тээврийн хөлс болох 12 950 ам.долларыг И- ХХК төлөх байснаас 9 850 ам.долларыг төлсөн бөгөөд тээврийн хугацааг хоцроосон гэх үндэслэлээр үлдэгдэл 3 100 ам.долларыг төлөхгүй гэж мэдэгдсэн. Гэвч хоёр компанийн хооронд хийгдсэн 2018/016 тоот тээврийн зуучийн үйлчилгээний гэрээнд тээвэр зуучлагч тал хугацаан дээр үүрэг хүлээгээгүй. Харин ачааны бүрэн бүтэн байдалд 100 хувь үүрэг хүлээсэн байдаг. Манай компанийн зүгээс И- ХХК-д удаа дараа эвийн журмаар шийдэх хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Иймд И- ХХК-иас 2018/016 тоот тээврийн зуучийн үйлчилгээний гэрээний дагуу тээврийн хөлс 3 100 ам.доллар, түүний алданги болох 1 550 ам.доллар буюу нийт 13 052 364 төгрөгийг гаргуулан манай компанийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И- ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд барилгын хуванцар металл цонх үйлдвэрлэн суулгах үйл ажиллагаа явуулдаг. О- ХХК нь манай байгууллагын гадаад ачаа тээврийг 2015 оноос өнөөдрийг хүртэл 8-9 удаа тээвэрлэлтийг хийж байсан. 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээ нь тээвэрлэлт хийгдэх бүрт хийгддэг гэрээ биш, зөвхөн ачааг гааль дээр авахад шаардагддаг, ерөнхий зүйл заалттай бөгөөд удаан хугацааны итгэлцлийг ашиглан уншиж танилцуулалгүйгээр хийсэн байдаг. Иймдээ ч 2 талд байдаг гэрээний хувь нь он сар өдөр зөрүүтэй, гэрээний дугаар нэг хувь дээр байдаг, нөгөө хувь дээр байдаггүй. Хамтын ажиллагаа эхэлсэн цагаас гэрээг үндэслэж биш зөвхөн үнийн саналыг үндэслэж тээвэрлэлт хийгдэж байсан. Тухайн үед Турк улсын Анталиа хотоос 40 тн контейнер бүхий ачааг дараах 2 нөхцөлтэйгөөр тээвэрлүүлэх үнийн саналыг авсан. Төмөр замаар, 30-35 хоног, 9 800 ам.доллар / 2019 оны 10 сарын 09 2019 оны 10 сарын 14 хооронд ирэх байсан/, машинаар, 19-24 хоног, 12 950 ам.доллар /2019 оны 9 сарын 28 2019 оны 10 сарын 03-ны хооронд ирэх байсан/. Бид хоёр дахь үнийн саналыг сонгосон гол шалтгаан нь хугацаа хожиж, барилга байгууламж дулаан авах хугацаанаас өмнө амжиж, нэг ч гэсэн барилгын цонх, тагтыг хийх зорилготой байсан. Ачаа хугацаандаа ирээгүй 18 хоног хоцорч 2019 оны 10 сарын 21-ний өдөр ирсэн. Ачаа хугацаа хоцорсон шалтгаан нь ямар нэгэн давагдашгүй хүчин зүйл тохиолдоогүй, хил гааль хааснаас болоогүй, харин ачааг тээвэрлэж буй машины жолооч үнэмлэхний зөрчилтэй Алтанбулагийн хил дээрээс буцсан байдаг. Иймд нэхэмжлэгч буюу О- ХХК нь энэ төлбөрийг манай байгууллагаас нэхэмжлэх үндэс байхгүй, хугацаа хоцроосон тээвэрлэгч байгууллагаас нэхэмжлэх ёстой. Мөн хугацаа хоцроосноос гадна ачаа хоцорч эхэлмэгц тээврийн мэдээ илгээхээ больсон. Мөн хариуцсан ажилтан Э.Хашбилгүүн холбоо тасарсан зэргээр манай ачааг үнэгүйдүүлсэн байдаг. Бид огт төлбөр төлөөгүй биш, эхний үнийн саналын хугацаанаас хоцорсон ч 9 800 ам.долларыг төлсөн бөгөөд энэ нь зохих ёсны төлбөр гэж үзэж байна. О- ХХК нь үнийн санал дээрх хугацаа, нөхцөлийг үндэслэлгүйгээр гааль ачаа авахад шаардагддаг гэж байгуулсан ерөнхий зүйл заалттай, хэт нэг талыг барьсан гэрээг ашиглан энэ төлбөрийг нэхэмжлэх үндэсгүй. Хэрэв О- ХХК нь гэрээн дээр тээвэр зуучлагч тал хугацаан дээр үүрэг хүлээгээгүй, харин ачааны бүрэн бүтэн байдалд 100 хувь үүрэг хүлээсэн гэж үзэж байгаа бол харилцагч байгууллагууддаа хугацаа авалгүйгээр тээвэрлэлтийн үнийн санал өгвөл ямар ч байгууллага тээвэр хийлгэхгүй нь ойлгомжтой. Иймд тээвэрлэлтийн нөхцөлд хугацаа маш чухал тул О- ХХК хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Мөн талуудын байгуулсан 2018/016 дугаар тээвэр зуучийн үйлчилгээний гэрээгээр талууд гэрээний гол нөхцөл болох үнийг тохироогүй, түүнчлэн уг гэрээний төлбөрийг төгрөгөөр биш ам.доллараар төлөхөөр гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн үндэслэлд хамаарах тул уг гэрээний дагуу шаардах үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И- ХХК-иас 8 701 576 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4 350 780 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 223 215 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч И- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 154 175 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг ноцтой зөрчиж, нэхэмжлэгчид ашигтай байдал бий болгон хэргийг хянан шийдвэрлэсэн. Хариуцагч тал 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч О- ХХК-ийн ажилтан Э.Хашбилгүүнээс ирүүлсэн и-мэйлд дурьдсан 9 800 ам.долларын тээвэрлэлтийн зардлыг хүлээн зөвшөөрсөн болохоо илэрхийлж 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр и-мэйл хүргүүлсэн. Энэхүү үнийн дүн бүхий тээвэрлэлт нь машинаар биш, төмөр замаар хийх тээвэрлэлт бөгөөд шүүхээс зохигчдын и-мэйл хаягт хийсэн үзлэгээр маш тодорхой болсон байдаг. /хх-56-57/ Гэтэл шүүх төмөр замаар хийлгэх тээвэрлэлтийн саналыг хариуцагч зөвшөөрч баталгаажуулсан байхад машинаар тээвэрлэлт хийлгэх саналыг хариуцагч сонгосон гэж, мөн хариуцагч талын зөвшөөрч баталгаажуулсан 9 800 ам.долларын тээвэрлэлтийн зардлыг шүүх 12 950 ам.доллараар баталгаажууллаа гэсэн нэхэмжлэгчийн и-мэйлд дурьдсан үг үсгийг хариуцагч зөвшөөрч баталгаажуулсан мэтээр нотлох баримтыг илтэд гуйвуулан тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн. И- ХХК-ийн хувьд 12 950 ам.долларын тээвэрлэлтийн зардлыг харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрсөн зүйл огтоос байдаггүй тул энэ талаар харилцан тохиролцсоныг нотолсон баримт хэрэгт байхгүй болно. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар тээвэрлэлтийн үнэ хөлсөө тохирохдоо урьдчилан бичгээр байгуулах ёстой байдаг. Нэхэмжлэгчээс и-мэйл ирүүлэхээс өмнө 9 800 ам.доллараар төмөр замаар тээвэрлэлт хийлгэх болсноо харилцан зөвшөөрч, хариуцагчаас маргааш ачилт хийнэ үү гэсэн хариуг и-мэйлээр хүргүүлсэн бөгөөд шүүх үзлэг хийсэн атлаа нотлох баримтыг илтэд буруу зөрүү ойлгон ашигласан. Хэрэв нэхэмжлэгчийн ажилтан Э.Хашбилгүүнээс мэйл хаягаар ирүүлсэн тээвэрлэлтийн үнийн дүнгийн талаарх мэдээллийг гэрээний санал гэж үзэж байгаа бол Э.Хашбилгүүн нь нэхэмжлэгчийн ажилтан мөн эсэх, мөн байлаа гэхэд гэрээ байгуулах санал гаргах эрхтэй этгээд мөн болохыг нотлох баримт дээр үндэслэж дүгнэх ёстой. Гэтэл энэ талаар хариуцагч маргаж байхад нотлох баримт дээр үндэслэлгүй хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ. Мөн шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Талуудын байгуулсан тээврийн зуучийн үйлчилгээний гэрээний 2.1.5-д зууч нь үйлчлүүлэгчтэй бичгээр тохиропцсоны дагуу тээврийн хөлсийг уг гэрээний 3.1-д заасны дагуу нэхэмжилж авна гэж, 3.3.1-д Үйлчлүүлэгч нь тээврийн хөлс болон тухайн тээврийг зохион байгуулахад гарсан аливаа нэмэлт зардлыг урьдчилан бичгээр харилцан тохиролцсон үнэ тарифын дагуу ачаа эцсийн хүрэх өртөөнд хүрсэн өдөр төлнө гэж тээврийн үнэ хөлсний талаар зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, тээвэрлэлт хийхээр тохиролцсон тухай бүр талууд тээвэрлэлтийн үнэ хөлсийг урьдчилан бичгээр харилцан тохиролцож байгуулах ёстой. Өмнө нь ч талууд гэрээнд заасны дагуу тээврийн үнэ хөлсийг 2 талаасаа баталгаажуулж тэмдэг дардаг байсан болно. Дээрх хууль болон гэрээний зохицуулалтаас харахад талууд тээвэрлэлт хийх бүрдээ тээвэрлэлтийн үнэ төлбөр, хөлсийг цахимаар бус бичгээр урьдчилан харилцан тохиролцож байгуулсан байх ёстой бөгөөд бичгээр байгуулаагүй тохиолдолд тухайн гэрээг байгуулагдсан гэж тооцохгүй байхаар байна. Гэтэл шүүх 12 950 ам.доллар бүхий үнийн дүнг зөвшөөрөөгүй байхад зөвшөөрсөн мэт нотлох баримт дээр үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтаас харахад талууд хэдийгээр гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй ч Монгол Улсын нутаг дэвсгэрт үндэсний мөнгөн тэмдэгтээс бусад мөнгөн тэмдэгтээр үнэ тогтоохыг хориглосон хуулийн зүйл заалтыг зөрчихгүйгээр хуулийн хүрээнд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулах ёстой байсан. Талуудын байгуулсан гэрээ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасан зээл, мөнгөн хадгаламж, санхүүгийн эх үүсвэртэй холбоотой Монголбанкны зөвшөөрөлтэй гадаад валютаар хийж болох зөвшөөрөгдсөн гэрээ хэлцэл биш бөгөөд хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг шүүх анхааралгүй хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, И- ХХК-иас 8 701 576 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О- ХХК-д олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч О- ХХК нь хариуцагч И- ХХК-д холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт нийт 4 650 ам.доллар буюу 13 052 364 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ манай компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, И- ХХК-ийн ачаа тээврийг бүрэн хүлээлгэж өгсөн, талуудын байгуулсан гэрээгээр зуучлагч тал хугацаан дээр үүрэг хүлээгээгүй, ачааны бүрэн бүтэн байдалд үүрэг хүлээсэн гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч компани нь хугацаа хоцроосон тул үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй гэж маргасан байна.

 

Зохигчид 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тээврийн зуучийн үйлчилгээний гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч О- ХХК нь Монгол Улсад орж гарах экспорт, импортын тээврийг зохион байгуулж, зуучийн үйлчилгээ үзүүлэх, хариуцагч И- ХХК нь зуучийг үнэн зөв мэдээллээр хангаж, өөрийн захиалсан бараа, бүтээгдэхүүнийг хүлээн авч, төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, тээврийн зуучийн үйлчилгээний гэрээ зэргээр тогтоогджээ. /хх-ийн 40-41-р тал/

 

Талууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж тээврийн зуучийн үйлчилгээний гэрээг байгуулсан байх бөгөөд анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж зөв дүгнэсэн байна. Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасныг хэрэглээгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч О- ХХК нь гэрээгээр тохирсон хөлсийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч О- ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч И- ХХК-д машинаар /12 950 ам.доллар/ болон төмөр замаар /9 800 ам.доллар/ ирэх 2 үнийн саналыг хүргүүлсэн байх бөгөөд хариуцагч И- ХХК нь машинаар ирэх 12 950 ам.долларын үнийн саналыг сонгосон болох нь талуудын тайлбар, үзлэгийн тэмдэглэл болон гэрч М.Энхболд, Э.Хашбилгүүн нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна. /хх-36-37, 56-69, 93-99-р тал/. Түүнчлэн хариуцагч И- ХХК нь 2020 оны 1 сарын 28, 2020 оны 2 сарын 13, 2020 оны 3 сарын 16-ны өдрүүдэд нэхэмжлэгч О- ХХК-д 12 950 ам.долларын үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн тухай албан бичгүүдийг явуулж байжээ. /хх-н 19-21-р тал/ Иймд 12 950 ам.долларын тээвэрлэлтийн зардлыг хүлээн зөвшөөрсөн баримт хэрэгт байхгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Хариуцагч И- ХХК нь дээрх 12 950 ам.долларын үнийн саналыг баталгаажуулсны үндсэн дээр нэхэмжлэгч О- ХХК нь ачаа тээвэрлэсэн байх бөгөөд гэрээнд заасан хугацааг 18 хоногоор хэтрүүлсэн үйл баримт тогтоогджээ. Нэхэмжлэгч компани нь хугацаан дээр үүрэг хүлээгээгүй, ачааны бүрэн бүтэн байдалд үүрэг хүлээсэн гэх боловч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай юм.

 

Талуудын байгуулсан гэрээний 3.2-т зуучийн нэхэмжилсэн тээврийн хөлс болон бусад нэмэлт зардлыг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих мөнгөн дүнгийн 0.5 хувиар зуучид алданги төлнө гэж заасан боловч нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлсэн байх тул алданги шаардах эрхээ алдсан талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, 4 350 780 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 222 дугаар зүйлийн 222.1.1-т заасанд тус тус нийцжээ.

 

Иймд гэрээгээр тохиролцсон тээврийн хөлс болох 12 950 ам.доллараас хариуцагч И- ХХК нь 9 850 ам.долларыг төлж, үлдэх 3 100 ам.долларыг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул уг төлбөрийг нэхэмжлэл гаргах үеийн ам.долларын ханшаар тооцож, 8 701 576 төгрөг /3 100$ х 2806.96 = 8 701 576/-ийг хариуцагч И- ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгч О- ХХК-д олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо талуудын байгуулсан гэрээ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт ам.доллараар төлбөр гүйцэтгэхийг хориглосон гэжээ.

 

Гэвч Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2 дах хэсэгт Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно гэж заасан бөгөөд талууд гэрээний төлбөрийг ам.доллараар тохиролцсон нь хууль болон бусдын эрх ашгийг зөрчихгүй юм. Өөрөөр хэлбэл, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг чөлөөтэй тохиролцон хэлцэл хийхдээ хариу төлбөрийг ам.доллараар тохиролцсон нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх боломжгүй тул дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж шууд үзэх үндэслэлгүй юм. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/00121 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154 175 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Г.ДАВААДОРЖ